Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00111

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00111

 

 

***-, ***- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ***-, ***- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ****--д холбогдох,

Зээлийн гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тус дуусгавар болсонд тооцуулах тухай үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 20,742,972 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч ***-, ****-, ***- бид гурав ****--аас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн В10020032501 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 19,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Гэтэл зээлдэгч нарын хооронд мөнгөний маргаан үүсээд авсан зээлийг буцаан зээлдүүлэгч ****--ийн эзэмшлийн Хаан банк дахь төгрөгийн 5123058637 дансанд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс хойш 8,111,017 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл ****- өнөөдрийг хүртэл зээлийг хаахгүй хүү, алданги бодож, барьцаа эд хөрөнгийг худалдан борлуулж зээл төлүүлнэ гэж байнга дарамтлан сүрдүүлэх болсон. Иймд зээлдэгч ***-, ****-, ***- болон зээлдүүлэгч ****- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн В10020032501 тоот зээлийн гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх F10020032501 тоот гэрээ, зээлийн барьцааны С10020032501/2 тоот гэрээнүүдийг тус тус дуусгавар болсонд тооцож өгнө үү. Хариуцагч зээлд буцаан төлсөн мөнгийг ****-, ****- нартай нэхэмжлэгч ***-гийн хамтран авсан зээлийг төлүүлснийг зөвшөөрөхгүй. Тэр зээлийн асуудал тусдаа байтал энд төлсөн мөнгийг суутгаж авсан.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Иргэн ***-, ***- нар ****--тай 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр В10020032501 тоот зээлийн гэрээ, Р10020032501 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, С10020032501/1 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд NHW/200128628 арлын дугаартай 28-61 УБЦ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин, улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, 493 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг барьцаалж, иргэн ***-д олгосон 19,000,000 төгрөгийг ***-гийн 5019625416 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч нар нь ****--ийн эзэмшлийн Хаан банк дахь 5123058637 дугаар дансанд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байна. ***- нь ****-, ****-, ****-, ****- нартай хамтран манай ****--аас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр В17082342 тоот зээлийн гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Уг зээлийн хугацаа хэтэрсэн байсан тул ***- В17082342 тоот зээлийг хаахын тулд дахин манай ****--аас ***-, ****-, ***- нартай хамтран 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр В10020032501 тоот зээлийн гэрээг байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг авсан. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлсөн гэх 17,000,000 төгрөгийг ***- нь 5019625416 тоот данснаасаа ****-, ****-, ****-, ****-, нартай хамтарч авсан В17082342 тоот зээл рүү ****--ийн Хаан банк дах 5123058637 тоот данс руу төлөлт хийсэн байна. Тухайн өдөр шилжүүлсэн 17,000,000 төгрөгийг өмнөх зээлд төлөлт хийсэн. Иймд зээлийн гэрээ дуусгавар болоогүй.

Иймд ***-, ****-, ***- нар нь сайн дурын үндсэн дээр В10020032501 тоот зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийн зээл авсан. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай ****--ийн Хаан банк дахь 5123058637 дугаар дансанд В10020032501 зээлийн төлөлт болох 17,000,000 төгрөгийн гүйлгээ орж ирээгүй байх тул иргэн ***-, ***- ****- нарын нэхэмжлэлтэй манай ****--д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Хариуцагч ****--аас нэхэмжлэгч ***-, ***- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 20.742.972 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Иргэн С.Адъяа, ***- нар ****--тай 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр В10020032501 тоот зээлийн гэрээ, Р10020032501 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, С10020032501/1 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд NHW/200128628 арлын дугаартай 28-61 УБЦ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 65 гудамж, 11 а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, 493 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг барьцаалсан.

Уг зээлийг зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны В10020032501-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 7 сараар сунган зээлийн нөхцөл өөрчлөн байгуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийн гэрээний 10.2-д заасны дагуу зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас нь өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 17,169,481 төгрөг, зээлийн хүү 3,455,871 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,620 төгрөг, нийт 20,742,972 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 20,742,972 төгрөгийг гаргуулан ****--д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г-2201031046 дугаартай 493 м.кв талбай бүхий өмчлөлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, NHW/200128628 арлын дугаартай 28-61 УБЦ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг бодитоор гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн хамтран зээл авсан 2017 оны зээлд 29,785,000 төгрөг төлөөгүй, энэ нь ****-ын түүнээс өмнөх зээл. Олон зээл учраас зээлийн гүйлгээний утга, дансны дугаар анхнаасаа өөр өөр байгаа.

 

4. Нэхэмжлэгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

****- 2017 оны зээлийн гэрээний хувьд үндсэн зээлдэгч байсан. Уг зээлд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ****-оос 29,785,000 төгрөгийг төлснөөр гэрээ дуусгавар болсон байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19,000,000 төгрөгийн зээлийг авсан тэр өдөртөө буцаан уг мөнгийг шилжүүлсэн байхад 2017 оны нэгэнт хаагдсан зээлд төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний нэмэлт өөрчлөлтийг цар тахлын үед зурчих гээд зуруулсныг нэхэмжлэгч бүрэн ойлгоогүй байдаг. Тэрээр өмнөх 2017 оны зээл хаагдаагүй үлдэгдэлтэй гэж ойлгоод төлөөд яваад байсан байдаг. Мөнгөө төлж байгаа хүн хариуцагч байгууллагын дансыг ялгах боломжгүй. Нэгэнт нэхэмжлэгч 2020 оны энэ зээлийг бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****--д холбогдуулан талуудын хоорондох 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ тус тус дуусгавар болсныг тогтоолгож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ***-, ***- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас 16,628,977 төгрөг гаргуулж, хариуцагч ****--д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,113,995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ***-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, нэгж талбарын 18634310576797 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 65 дугаар гудамж, *** тоот хаягт байрших, 493 м.кв талбай бүхий газар, түүний эзэмшлийн 28-61 УБЦ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээс тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,950 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,873 /261,723+78,950+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 311,294 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тооцогдох өр төлбөрийг бодохдоо үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүү 7,348,844 төгрөг нийт 26,348,844 төгрөг болсон гэж үзсэн нь уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэвийн төлөлттэй, төлөлтийн ямар нэгэн зөрчилгүй байдлаар тооцжээ. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн бодит үлдэгдлээс тооцон боддог. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү нь үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон гаргадаг, зээлийн хөрөнгийг ашигласны төлөө зээлдүүлэгчид өгч буй зээлийн үнэ болно. Иймээс В10020032501 тоот зээл нь эргэн төлөлтийн хуваарийн зөрчилтэй байсан тул анхан шатны шүүхийн зээлийн хүү бодсон аргачлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дэлхий дахинд тархсан Ковид-19 халдварын улмаас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1 дэх хэсэгт заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасны дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан бөгөөд бусад бүх төрлийн зээлийн хүүг зогсоох, хөнгөлөх талаар хууль болон тогтоол, шийдвэр гараагүй. ****- нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. Харин дээрх хугацаанаас өмнө болон хойших хугацаанд нэмэгдүүлсэн тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ****--д олгох 16,628,977 төгрөг дээр нэмж зээл олгосон өдрөөс хойш буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдлээс бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүү 3,527,082 төгрөгийг олгож нийт 20,156,059 төгрөгийг ****--д олгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч ***-, ***- нар нь ****--д холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг дуусгавар болсонд тооцуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 20,742,972 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ***-, ****-, ***- нар нь ****--тай В10020032501 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 19,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцож, мөн өдөр С10020032501/2 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байна. /хх 3-11/

 

2.а. Дээрх барьцааны гэрээгээр ***-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201031046 дугаартай, нэгж талбарын 18634310576797 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 65 дугаар гудамж, *** тоот хаягт байрших, 493 м.кв талбай бүхий газар, түүний эзэмшлийн 28-61 УБЦ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулахаар тохиролцсон байна. /хх 6-11/

 

2.б. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч ***-гийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, гэрээ байгуулагдсан үйл баримтад зохигчид маргаагүй байна.

 

3. Түүнчлэн, ****- нь нэхэмжлэгч ***- нь иргэн ****-, ****-, ****-, ****- нартай хамтран байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн В17082342 дугаартай зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцож, барьцааны болон фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулжээ. /хх 100-110, 137-141/

 

3.а. Нэхэмжлэгч ***-гаас өөрийн Хаан банкны дансаар хариуцагч байгууллагын 5123058637 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн өдөр 17,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

4. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч ***- нь 2020 оны 19,000,000 төгрөгийн зээлээс өмнө ****-, ****-, ****-, ****- нартай хамтран 2017 онд авсан 25,000,000 төгрөгийн зээлтэй байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх хоёр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт төлбөр төлөх дансны дугаар, гүйлгээний утгыг тодорхойлсон байна.

 

4.а. Нэхэмжлэгч ***-гийн 2017 оны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлийг Хаан банк дах 5123043880 тоот дансанд, харин 2020 оны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт Хаан банкны 5111553501 тоот дансанд тус тус төлөхөөр, гүйлгээний утгыг зээл төлөлт, регистрийн дугаар, мөн гэрээний дугаараар бичихээр заажээ.

 

5. Хэрэгт 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ****-оос өөрийн Хаан банкны 5113088937 тоот данснаас хариуцагч ****--ийн гэрээнд тодорхойлсон 5123043880 тоот данс руу 29,785,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан байна. /хх 123/

 

5.а. Нэхэмжлэгч тал дээрх мөнгөн дүнгээр 2017 оны зээлийг хаасан байсан гэж, харин хариуцагч тал уг мөнгөн дүн түүнээс өмнө авсан зээлд төлсөн дүн гэж маргасан байна.

 

5.б. Хариуцагч тал 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн байгууллагын 5123058637 тоот дансанд буюу нэхэмжлэгч ***-гаас 2017 болон 2020 оны зээлийн гэрээний данснаас өөр дансанд төлөгдсөн нийт 19,000,000 төгрөгийг аль зээлийн үүрэгт тооцох талаар тодруулалгүйгээр өмнөх 2017 оны 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон гэж тайлбарласан байна.

 

5.в. Хариуцагч талаас үндсэн зээлийн үлдэгдэл 17,169,481 төгрөг, хүү 3,455,871 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,620 төгрөг, нийт 20,742,972 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн төлсөн 9,132,954 төгрөгийн дүнд маргаагүй байна.

 

6. Анхан шатны шүүхээс, хариуцагчийн шаардсан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүү 7,348,844 төгрөг, нийт 26,348,844 төгрөг төлөхөөс төлөгдсөн 9,132,954 төгрөгийг хасч үлдэх 16,628,977 төгрөгийг нэхэмжлэгч ***-, ***- нараас гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

6.а. Хэрэгт хоёр зээлийн гэрээ авагдсан, тэдгээрийн талууд өөр өөр байгаа тохиолдолд шүүхийн зүгээс тус тусад нь эрх зүйн дүгнэлт хийх буюу зээлийн гэрээ тус бүрийн үүргийг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэл, болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байжээ.

 

6.б. Түүнчлэн, зээлдэгч хэд хэдэн зээлтэй тохиолдолд аль зээлийн гэрээний үүргийг түрүүлж гүйцэтгэхээ өөрөө сонгох эрхтэй байхад зээлдүүлэгч нь зээлдэгчээс төлсөн мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр 2017 оны зээлийн гэрээний үүрэгт тооцсонд шүүхийн зүгээс эрх зүйн дүгнэлт өгөх нь маргааныг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

7. Давж заалдах шатны шүүхийн зүгээс дээр дурдсан асуудалд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэж болох боловч нэгдүгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй, хоёрдугаарт анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим-ын хүрээнд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,384 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ