| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2022/0031/З |
| Дугаар | 118/ШШ2023/0004 |
| Огноо | 2023-01-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 118/ШШ2023/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Одчим ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмарсүрэн
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл
Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Рэнчинбямба
Хариуцагч Завхан аймгийн Засаг даргад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Рэнчинбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Одчим ХХК нь тус аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн Одчим ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ” нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одчим ХХК нь ... 2007 онд мэдрэл, дотрын чиглэлээр 20 хүн нэгэн зэрэг хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай эмнэлгийг байгуулсан ба 2012 оноос хэвтэн эмчлүүлэгчдийн орны тоогоо нэмэгдүүлэн 40, 2021 оноос 50 ортойгоор үйл ажиллагаагаа 16 дахь жилдээ явуулж байна. Нийт 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн албан хаагчидтай, 2009 оноос хойш 5 удаа магадлан итгэмжлэгдэж, Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээний дагуу эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдийг хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одчим ХХК нь ... төрийн чиг үүргийг /нийгмийн даатгалын болон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай/ гэрээгээр гүйцэтгэж ирсэн. Тус эмнэлэг нь ... 2018 онд Улиастай суманд газар хүссэн боловч шийдвэрлэж өгөөгүй ба Алдархаан сумын нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай газар эзэмшүүлэхээр болсон. ... 2020 оны 9 сард тус эмнэлгийн барилга шатаж эмнэлэг үйл ажиллагаа явуулах байргүй болсон ... тул аймгийн Засаг даргад зайлшгүй стандартын шаардлага хангасан цахилгаан, халаалт, цэвэр ус, бохир ус зайлуулах шугам сүлжээтэй эмнэлгийн барилга барих газрын хэрэгцээ шаардлагаа тавьж албан тоотоор хүсэлт хүргүүлсэн. ... Завхан аймгийн Засаг дарга шинээр хороолол үүсч буй Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэх хотхоны урд талд эмнэлгийн барилгыг барих зөвшөөрөл олгож, 2020 оны 11 сарын 20-ны өдрийн А/425 тоот захирамжаар Газрын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтуудыг үндэслэж 2000 квадрат метр газрыг Эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх бодлогын хүрээнд эзэмшүүлсэн болно. ... Хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжид аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй гэж үндэслэлгүй захирамж гаргасан байна. Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 31.3.2-т заасны дагуу аймгийн ИТХ-ын 2017 оны 31 тоот тогтоолоор батлагдсан Завхан аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 2020-2022 он /ойрын хугацаанд барих 3 эмнэлгийн 1-ийг Улиастай суманд барихаар мэргэжлийн байгууллагуудтай санал солилцож шийдвэрлэсэн бөгөөд Улиастай сумын хүн амын тоо, халдварт бус өвчлөлийн өсөлт зэргийг харгалзан шийдвэрлэсэн. Тус захирамж гарснаас хойш хүйтний улирал эхэлж барилга угсралтын ажил хийх боломжгүй болж, хавар 4 дүгээр сараас эхлэн эмнэлгийн эзэмшилд олгосон газрын хязгаарлалтын цэгийг заалгахаар ГХБХБГ-т удаа дараа очиход /шинэ/ Завхан аймгийн Засаг дарга хүлээж бай, шийдвэрүүдийг нягтална, зарим нэгийг хүчингүй болгоно гээд явсаар 1 жил гаруй болсон. Энэ хугацаанд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгээгүй бөгөөд газрын төлбөр төлөх ямар нэгэн баримт бичиг, мэдэгдэл өгөөгүй тул төлөх боломжгүй байсан. Мөн гэрээг дүгнэх талаар ч ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй болно. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/442 тоот захирамжийн үндэслэлд: 1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ... Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг авсан байх ба Улиастай сумын 2038 он хүртэл мөрдөх Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд 2020, 2022 он хүртэл буюу ойрын хугацаанд 3 эмнэлгийн газар олгогдохоор төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу эзэмшсэн болно. /Ерөнхий төлөвлөгөөний холбогдох хэсгийг хавсаргав./ ... 4.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэх үндэслэлийг авсан боловч энэхүү заалт нь газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг газрын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйгээрээ зөрчсөн байвал хэрэглэхээр байх ба тухайн газрыг өмнө хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй, ямар нэгэн иргэн хуулийн этгээдэд өмнө эзэмшүүлж ашиглуулсан зүйл огт байхгүй, бусдын эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхардаж олгогдоогүй. ... 6. Мөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмыг дурдсан боловч Газрын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй яг алийг нь зөрчсөн талаар шалган тогтоогоогүй. ... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлүүлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ хариуцагч бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна. ... Мөн 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл 2 байгууллагатай түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж, эмнэлгийн стандартад нийцүүлэхийн тулд засвар хийж, засварын зардал болоод түрээсийн төлбөрөөр 2 гаруй жил хохирч байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийг 2022 оны 10 сарын 24-ний өдөр дүү А.Мягмарсүрэнгээр дамжуулан хүлээн авсан болно. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн Одчим ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Засаг дарга нь өөрийн гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгосон асуудал байгаа. 2020 оны 11 сарын 20-ны өдөр А/425 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2-т заасныг үндэслэж гаргасан байна. Захирамжийн агуулга нь Улиастай сумын Богдын гол багт газар эзэмших хүсэлт гаргасан Одчим ХХК-д эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх бодлогын хүрээнд хавсралтад заасан газрыг эзэмшүүлсүгэй гэсэн байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө төрийн үйлчилгээ. Одоо ч гэсэн энэ байгууллага төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа. Нийгмийн даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч төрийн эрүүл мэндийн чиг үүргийг өөрсдөө гэрээний дагуу гүйцэтгэж байгаа аймгийн нэгдсэн эмнэлгийн дараа орох том бүтэцтэй хувийн эмнэлэг байгаа. Үйлчилгээгээ иргэн хүнд үзүүлээд үзүүлсэн үйлчилгээний төлбөрөө нийгмийн даатгалын байгууллагаас авдаг. Энэ байгууллагын байр яагаад шатсан гэхээр Алдархаан сумд тухайн барилгыг барьсан газар нь инженерийн шугам сүлжээ бүхий стандарт нормын газар биш байсан учраас шатсан. Тийм учраас аймгийн Засаг даргад газар олгож өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасан. Хүсэлтдээ энэ талаар тодорхой бичсэн. Үүнийг аймгийн Засаг даргаас үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилготойгоор газрыг эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай хүрээнд хүргэх бодлогын хүрээнд олгосон. Тэгэхээр үүнийг төрийн чиг үүргийг гүйцэтгэхтэй холбоотой гэж үзэж байна. Хоёрдугаарт, аймгийн Засаг даргаас захирамж гаргаад, захирамжийн дагуу гэрээ байгуулагдаад, гэрчилгээ олгогдоод, эрх үүрэг тайлбарласан байгаа. Энэ гэрээнд заасан эрх үүргийг ямар нэг байдлаар зөрчсөн асуудал огт байхгүй. Гуравдугаарт, аймгийн газар зохион байгуулалтын 2038 он хүртэл хэрэгжих ерөнхий төлөвлөгөөнд орсон байгаа. Уг төлөвлөгөөнд ойрын хугацаанд 4 эмнэлэг, дунд хугацаанд 6 эмнэлэг, хэтийн хугацаанд 14 эмнэлэг барина гэж төлөвлөсөн. Тийм учраас тухайн газрыг олгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, тухайн газартай холбоотой аймгийн Засаг даргын захирамж гараад захирамжийн хүрээнд хийгдсэн ажлыг хэсэг хугацааны дараа аймгийн Засаг дарга захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Хүчингүй болгосноор газар эзэмших боломжгүй болсноос үүдэж хохирол хор уршгийн асуудал яригдана. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд төсөл сонгон шалгаруулалтаар төрийн эрүүл мэндийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжид газар олгосныг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одчим ХХК-д эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгох талаар мэдэгдлийг 2022 оны 6 дугаар сард Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн утсаар мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг явуулж, хариу тайлбараа ирүүлэх талаар утсаар мэдэгдсэн. Гэвч Одчим ХХК-ийн захирал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирж мэдэгдлээ гардаж аваагүй. Мөн хариу тайлбараа ирүүлээгүй байна. Одчим ХХК-д эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмаар олгогдохоор байсан. Дуудлага худалдаа явуулах журмыг зөрчиж олгосон байна. Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжийн Одчим ХХК-д холбогдох хэсгийг Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Засгийн газрын 216 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн. Улиастай сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжийг хүчингүй болгох бүрэн үндэслэл болж байна. Иймд аймгийн Засаг даргын 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж өгөхийг хүсье. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт дурдагдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт нь газар эзэмшигчээс хамаараагүй, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл гэж харж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Одчим ХХК нь Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас Одчим ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамж түүний хавсралтын 6 дахь хэсгээр Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн Одчим ХХК-д хамаарах үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам гэж тодорхойлж Одчим ХХК-д Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжаар 2000 кв.м газрыг Газрын тухай хуулийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа явуулаагүй, 33.4-т зааснаар Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад эзэмшүүлсэн тул уг үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх тул шүүх энэ хүрээнд дүгнэлт хийх нь зүйтээ байна.
3.2 Нэхэмжлэгч Одчим ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Улиастай сумын нутагт эмнэлгийн зориулалтаар шугам сүлжээнд холбогдох боломжтой газар эзэмшүүлнэ үү” гэсэн хүсэлтийг гаргаснаар Завхан аймгийн Засаг даргаас “боломжтой газар сонгож газар олгоё” гэж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Эрдэнэцэцэгт цохож, аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол баг, С.Эрдэнэцэцэг аваргын 11-1145Б тоот хаягт 2000 кв.м газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар Одчим ХХК-д Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтыг үндэслэн эзэмшүүлсэн байна.
3.3 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтад “хувийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих ...” гэжээ.
3.4 Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Завхан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталсан ба уг төлөвлөгөөний 149 дүгээр хүснэгтээр Эмнэлгийн хэрэгцээт байдлыг үнэлгээг тодорхойлж Улиастай суманд Оношилгооны төв эмнэлгийг хэтийн хугацаанд барихаар буюу 2033 онд төлөвлөсөн боловч газрын байршлыг тодорхойлоогүй бөгөөд өөрөөр энэхүү ерөнхий төлөвлөгөө болон ерөнхий төлөвлөгөөний газрын зургийн цомогт эмнэлгийн зориулалттай газрын төлөвлөлт тусгагдаагүй байна.
3.5 Түүнчлэн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Улиастай сумын Богдын гол багт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх болон дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын ангилалд нэхэмжлэгч Одчим ХХК-д эзэмшүүлсэн Улиастай сум, Богдын гол баг, С.Шагж аваргын 11-1145Б тоот хаягт байрлах, нэгж талбарын 8109012996 дугаар бүхий 2000 кв.м газрын төлөвлөлтийг батлаагүй байна.
3.6 Хэдийгээр аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй ч уг асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй ба Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан газрын харилцааны талаар сумын Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг Одчим ХХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны А/425 дугаар захирамжид үндэслэсэн нь буруу байна.
4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг тодорхойлсон ба 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”.
4.1 Монгол улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан "Газар ..., эзэмшүүлэх, ..., дуудлага худалдаа явуулах журам"-ын 2.1.1-д “дуудлага худалдаанд оруулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар ..., эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байна”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ”... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан ба Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Одчим ХХК-д дээрх хууль, журмын заалтыг зөрчиж А/425 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.
4.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... хүчингүй болгоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Одчим ХХК-д газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан журмын дагуу үүсээгүй, Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг зөрчиж Одчим ХХК-д газар эзэмшүүлсэн тул тус захирамжийг аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хуульд нийцэж байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтээ байна.
4.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А/442 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, 24.4-т заасан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэг, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж маргаж байх боловч энэ нь маргаан бүхий А/442 дугаар актыг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй байна.
4.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжаар Одчим ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар төрийн эрүүл мэндийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж гэх нөхцөлөөр газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байх боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж заасан, мөн А/425 дугаар захирамжийн үндэслэлд төсөл сонгон шалгаруулах үндэслэл дурдагдаагүй тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Одчим ХХК-ийн “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас Одчим ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Одчим ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР