Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0260

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмарсүрэн

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 118/ШШ2023/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 118/2022/0031/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 118/ШШ2022/0004 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүхийн дүгнэсэн сумын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн боловч Улиастай сумын 2023 оны төлөвлөлт хүртэл эмнэлгийн зориулалттай газар байдаггүй.

Улиастай суманд эмнэлгийн зориулалттай газар өгөхгүй байсан учир арга буюу Улиастай сумаас 10 км зайтай хээр талд буюу Алдархаан сумын нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай газар эзэмшихээр болсон. Тэр газар нь эмнэлгийн барилга барих ямар ч боломжгүй нэгдсэн цахилгаан, халаалт, цэвэр ус, бохирын инженерийн шугам сүлжээгүй газар эзэмшүүлснээс болж 2020 оны 09 дүгээр сард манай Алдархаан суманд барьсан эмнэлгийн барилга шатаж, манай эмнэлэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Улиастай сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 6 эмнэлэг баригдахаар ойрын хугацаанд 4 эмнэлэг барихаар төлөвлөгдсөн байдаг. Сумын тухайн жилийн төлөвлөгөөнд хэзээ ч эмнэлгийн зориулалтаар газар төлөвлөдөггүй. Төлөвлөдөггүй газрын буюу эмнэлгийн зориулалттай газар төлөвлөгөөнд байхгүй байхад бид яаж эмнэлгийн зориулалттай газрын дуудлага худалдаанд оролцох юм, ямар ч боломжгүй.

Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгуулах тухай” А/442 дугаар захирамж, түүний хавсралтын 6 дахь хэсгээр Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

3.2. Мөн Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/245 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол баг, С.Шагж аваргын 11-1145Б тоот хаягт 2,000 м.кв газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар “О” ХХК-д Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтыг үндэслэн эзэмшүүлсэн байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. “О” ХХК-иас “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.1. Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/45 дугаар захирамжаар нэхэмжлэгч “О” ХХК-д Улиастай сумын Богдын гол баг, С.Шагж аваргын 11-1145Б тоот хаягт байршилтай 2000 м.кв газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, мөн өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000024905 дугаа гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгожээ.

2.2. Улмаар Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжаар нэхэмжлэгч  “О” ХХК-д олгосон газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгоогүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн үндэслэл зааж хүчингүй болгосон байна.

3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж тус тус заасан.

3.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 31 дүгээр тогтоолын хавсралтаар Завхан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталсан байх ба тогтоолын 3-д “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгасан байна.

3.2. Уг тогтоолын хавсралтад “Аймгийн хэмжээнд нэгдсэн 1 эмнэлэг, сум дундын 4 эмнэлэг, 19 сумын эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлөвлөлтийн хугацаанд хүн амын өсөлтийг даган ойрын хугацаанд 3 эмнэлэг, дундын хугацаанд 6 эмнэлэг, хэтийн хугацаанд 14 эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн”, эмнэлгийн хэрэгцээт байдлын үнэлгээний хүснэгтэд “хэтийн төлөвлөлтийн хугацаа /2033 он/-д Завхан аймгийн Улиастай суманд 1 эмнэлэг” гэснээс үзвэл тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уялдуулан хариуцагч Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “О” ХХК-д эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар газар олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

4.1. Хариуцагч Засаг дарга “О” ХХК-д эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр уг газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа явуулаагүй, өөрөөр хэлбэл тухайн газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж тайлбарлаж байгаа ч ийм ажиллагаа хийгдээгүй байхад тухайн үед дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох ёстой байсан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэл зааж, эзэмшүүлсэн газраа хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасантай нийцэхгүй байна.

4.2. Учир нь нэхэмжлэгчид 2020 онд газар эзэмшүүлэх захирамж гарсан хэдий ч 2021 онд гэрээ байгуулагдаж гэрчилгээ авсан, нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээнд заасан зөрчил гаргаагүйгээс гадна хариуцагч Газрын тухай хууль тогтоомж зөрчиж газар эзэмшүүлсэн, мөн аливаа этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч Завхан аймгийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжаа Газрын тухай хуулийн холбогдох заалт, Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх бодлогын хүрээнд гаргасан байх бөгөөд нөгөө талаас нэхэмжлэгчийн “...тус эмнэлэг нь 2007 онд байгуулагдсан. 2020 оны 9 сард эмнэлгийн барилга шатаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор 40 гаруй алба хаагчид ажлын байргүй болсон...” талаарх газар эзэмших хүсэлтэд үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан тухайн газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байхад “О” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болжээ.

5. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7-д “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” гэж тус тус заасан.

5.1. Хариуцагчаас нийт 24 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсан Газрын тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн эсэх талаар маргаан бүхий 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтад тодорхой заалгүй, өөрийн хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 118/ШШ2023/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ