Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 109/2016/0009/з |
Дугаар | 221/МА2017/0203 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0203
“Онолтмөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Онолт мөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1., 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актын зөрчил тус бүрт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн хяналт шалгалт хийгдэх үйл ажиллагаа буюу татварын албаны дотогш чиглэсэн процесс ажиллагааг үнэлж дүгнэх замаар татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзжээ.
Татвар төлөх нь Үндсэн хуульд зааснаар "үндсэн үүрэг" байдаг. Энэ үүргийн биелэлтэд татварын алба, татварын улсын байцаагч татварын хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийн хүрээнд хяналт тавьж ажилладаг.
Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Ч.Өвгөнхүү нар тус аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн Онолт мөнх ХХК-ийн 2012.01.01 -2013.12.31 -ний өдрийг дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд Цагдаагийн байгууллагад 100000662 дугаар татварын улсын байцаагчийн дүгнэлтийг шилжүүлсэн.
Цагдаа, прокурорын байгууллагаас тус хэргийг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т "Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэснийг үндэслэл болгон татварын улсын байцаагчийн дүгнэлтийг акт болгосон.
Энэхүү татварын улсын байцаагчийн дүгнэлтийг акт болгож үйл явц анх томилолт, удирдамж авч хяналт шалгалт хийсэн үйл ажиллагааны шууд үргэлжлэл мөн.
Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч дүгнэлтийг акт болгоход дахин хяналт шалгалтын томилолт, удирдамж үйлдэхгүйгээр хуулиар ногдуулсан татварыг төлүүлэх, захиргааны хариуцлага хүлээлгэх эрхтэй.
Ийм учраас Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасан "татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх", мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үндэслэл хамаарахгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолд “татварын улсын байцаагчийн актын зөрчил тус бүрт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн хяналт шалгалт хийгдэх үйл ажиллагаа буюу татварын албаны дотогш чиглэсэн процесс ажиллагааг үнэлж дүгнэх замаар татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзсэн” гэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 531 дүгээр магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгээгүй учир өмнө энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан шалтгаан арилаагүй байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 531 дүгээр магадлалдаа “шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал болон маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан төлбөрийг буруу гэж үзсэн хууль зүйн үндэслэл, хэм хэмжээг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаагүй” гэсэн үндэслэлийг зааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх Санхүүгийн анхан шатны баримт, прокурорын тогтоол, хяналт шалгалт явуулах удирдамж, томилолт зэргийг хэрэгт авч, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийсэн боловч дээрх баримтуудад үндэслэн татварын актаар тогтоосон зөрчил, талуудын маргаж буй үндэслэл тус бүрд холбогдох дүгнэлтийг хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан зөрчил арилаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж зааснаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг үнэлж дүгнэлгүй зөвхөн удирдамж, томилолтод дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Тиймээс өмнө нь давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 121 дүгээр зүйлийн 121.3.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад энэ шалтгаан арилаагүй буюу шүүх “хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа” шийдвэртээ тусгаагүй нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т зааснаар энэ хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан процесс нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул актыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан ... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээ биш хэргийн нэг тал буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон хэрэг байна. Энэ нь шүүхээс уг хэргийн нөгөө тал буюу хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гаргаж буй тайлбар, үндэслэлд дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэх шалтгаан болохгүй.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “захиргааны актыг гаргасан процесстой” холбогдох үндэслэлээр хязгаарласан гэж үзэх боломжгүй, тийм тайлбар баримт хэрэгт байхгүй. Нөгөө талаар, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөвхөн процессын үндэслэлээр гаргасан хэмээн үзэж хэргийг шийдвэрлэх нь уг процессын алдаа гэх үндэслэл тогтоогдохгүй тохиолдолд захиргааны актын агуулгын талаар маргаж буй бусад үндэслэлүүдээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахад хүргэх юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ