Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/04728

 

 

 

 

 

 

 

 

                                              2022        11          09

                     101/ШШ2022/04728

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух Алтан ураг овогт Ж.Э /Регистрийн дугаар 0/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух Алтан ураг овогт Б.Б /Регистрийн дугаар 0/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух Боржигин овогт А.Г /РД:0/,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 47,512,312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М, хариуцагч А.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Э нь хүү Б.Б-ийн хамт 2013 оны 05 сарын 25-ны өдөр А иХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслийн өргөө хотхоны 100/2 дугаар байрны 6 давхарын 76,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,950,000 төгрөгөөр, нийт 149,448,000 төгрөгөөр худалдан авсан. Уг гэрээг гүйцэтгэгч компанийн борлуулалтын менежер А.Гтай байгуулж, урьдчилгаа 70,000,000 төгрөгийг 2013 оны 08 сарын 21-ний өдөр бэлнээр төлж орон сууцанд нүүж орсон. Үлдэгдэл 69,448,000 төгрөгийг Хаан банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж, уг мөнгө дээр хувиасаа 10,000,000 төгрөгийг нэмж 2013 оны 09 сарын 24-ний өдөр 79,448,000 төгрөгийг А иХХК-ийн Хаан банк дахь дансанд төлж, байрны төлбөрийг 100 хувь төлж уг байрыг худалдан авсан билээ. Ийнхүү бид байрандаа нүүн орж амьдарсаар ирсэн бөгөөд 2017 оны 09 сард манай Хүслийн өргөө хотхоны оршин суугчаас уг байрыг м.кв-ыг нь 1,550,000 төгрөгөөр худалдан авсан байсныг мэдээд тухайн үед гүйцэтгэгч компанид хандаж яагаад орон сууцны үнийг ийм их хэмжээгээр зөрүүтэй болохыг асууж лавлахад А иХХК-ийн менежер А.Г нь надад 1 м.кв нь 1,550,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 1,950,000 төгрөгөөр зарж дундаас нь мөнгө завшиж миний урьдчилгаанд өгсөн 70,000,000 төгрөгөөс А иХХК-д 39,344,000 төгрөгийг 2013 оны 09 сарын 28-ны өдөр банкаар шилжүүлж, үлдсэн 30,656,000 төгрөгийг хувьдаа авсан байна. Миний бие энэхүү хууль бус, залилангийн шинжтэй асуудлаар А иХХК-д хандаж гомдолоо хэлэхэд компани мэдэхгүй, бид таньтай уг орон сууцыг 1 м.кв-ыг 1,550,000 төгрөгөөр худалдсан гэж орон сууц захиалгын гэрээний хуулбарыг өгсөн болно. Миний бие Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ асуудлаар гомдол гаргаж А.Г-ыг залилангийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж өгсөн боловч тус дүүргийн прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг 2019 оны 02 сарын 11-ний өдөр хаасан. Тухайн үед борлуулагчаар ажиллаж байсан А.Г нь надад 1 м.кв-ын 1,950,000 төгрөгөөр худалдсан гэрээг өгч, 1 м.кв-ын 1,550,000 төгрөгийн гэрээг надаас нууж, компанид өгсөн байна. Намайг А.Г нь хууран мэхэлж, илүү 31 сая төгрөгөөр хохироосонд маш их гомдолтой байна. Энэхүү 30,650,000 төгрөгийг иргэн А.Г тухайн үед компанийн нэрийг барьж өөртөө хувьдаа завшиж авсан тул иргэн А.Гас илүү төлсөн төлбөрөө буцаан гаргуулах хүсэлтэй байна. Банкнаас зээл авсанаас хойш сар бүр 580,000 төгрөгийг төлж ирсэн. Бид 1 м.кв-ыг нь 1,950,000 төгрөгөөр тооцон 69,448,000 төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатай авч, 5 жил 5 сарын хугацаанд 28,595,343 төгрөгийг төлсөн байна. Хэрэв 1 м.кв-ыг 1,550,000 төгрөгөөр тухайн үеийн байр, компанийн ханшаар зөв үнээр нь худалдан авсан бол 38,740,000 төгрөгийн зээл 7 жил 5 сар төлөх ёстой байсан. Иймд 5 жил 5 сар төлсөн, өнөөдөр 2 жилийн дараа буюу 2021 онд дуусах байсан. А.Г-ынхууль бус үйлдлээс болж миний бие үндэслэлгүйгээр банкнаас их хэмжээний зээл авч тэр хэмжээгээр банкинд олон жил хүү илүү төлж хохирсон байна. 5 жил 5 сарын илүү төлсөн хүүг бодож үзэхээр 16,856,312.62 төгрөг болж байна. Энэхүү хохирол нь тухайн үед хариуцагч намайг залилж илүү төлбөр авсаны улмаас учирсан. Иргэний хуулийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй. 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Э болон хүү Б.Бнар нь урьдчилгаа 70,000,00 төгрөгийг А.Гд бус, харин тухайн барилгыг барьсан А иХХК-д өгсөн бөгөөд гэрээг А.Г бус харин А иХХК-тай байгуулсан билээ. Гэтэл гэрээ байгуулаагүй А.Г нь урьдчилгаа 70,000,000 төгрөгийг 100 хувь гэрээний нөгөө тал болох гүйцэтгэгч А иХХК-ийн дансанд тушаах байтал тушаалгүйгээр 70,000,000 төгрөгөөс А иХХК-д 39,344,000 төгрөгийг шилжүүлж, дундаас нь 30,656,000 төгрөгийг хувьдаа авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн 30,656,000 төгрөгийг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас банкинд төлсөн хүү 16,856,312 төгрөг, нийт 47,512,312 төгрөгийг А иХХК болон А.Г нараас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Бид нар А.Г гэдэг хүнтэй биш А иХХК-тай гэрээ байгуулсан. А иХХК-д нэхэмжлэгчийн төлсөн төлбөр 100 хувь орсон баримт өнөөдөр байж байх ёстой. Тэгвэл бид нар маргахгүй. Гэтэл өнөөдөр 30 сая төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тэгэхээр А иХХК үүргээ зөрчөөгүй байгаа учраас бид энэ компаниас татгалзаж байна. Дунд нь нэг хүн завшчихаж байгаа юм. Өнөөдөр өөрөө захирал нь болсон байна. Үндсэн шаардлага гэрээний үүрэг гэхээсээ илүү үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг асуудал. А.Г гэдэг хүн Ж.Эийн захиалгын мөнгийг компанид шилжүүлэлгүй дундаас нь завшсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Гас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүслийн өргөө орон сууцны хотхоныг барьж эхлээд 2012 оны 5 дугаар сараас орон сууцны захиалгаа 1 м.кв-ын үнийг 1,550,000-2,200,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж эхэлсэн. 2013 оны 08 сард Монгол Улсад анх удаа ипотекийн зээл олгож эхэлсэнтэй холбоотойгоор орон сууцны эрэлт ихтэй байсан ба манай хотхоны байрлал, зах эээл эрэлт болон давхраасаа хамаараад 1 м.кв-ын үнэ нь 1,800,000-2,200,000 төгрөгөөр захиалга авч байсан. Мөн үүнтэй холбоотойгоор өмнө нь захиалга өгсөн зарим захиалагч нар байрны захиалгын гэрээний захиалагчийн нэр солих, талбай, байршил, давхар өөрчлөх хүсэлтүүд гаргаж, боломжтой тохиолдолд бид шийдвэрлэж өгч байсан. Үүний нэг нь Л.О гэдэг захиалагч бөгөөд тэрээр байр ашиглалтад орох үед өмнө нь захиалсан орон сууцаа давхрыг нь дээшлүүлж шинээр гэрээ байгуулах, өмнө нь байгуулсан гэрээний дагуу авсан байраа худалдан борлуулах хүсэлтээ илэрхийлж тус болохыг хүссэн. Ингээд хамгийн дээд талын 12 давхрын 3 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,800,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулаад, 2012 оны 05 сарын 25-ны өдөр 1 м.кв -ыг 1,550,000 төгрөгөөр тооцож захиалгын гэрээ хийгдсэн. Төлөлт хийгдээд явж байсан 3 өрөө орон сууцаа 2013 оны 8 дугаар сард компанийн орон сууцаа борлуулж байсан ханш болох 1 м.кв-ыг 1,950,000 төгрөгөөр авах хүн олоод өгөөч гэсэн санал тавьсан юм. Энэ үед Ж.Э манай компани дээр ирж орон сууц сонирхоход түүний хүсэлд нийцэх, ипотекийн шаардлагыг хангахуйц 3 өрөө байр байхгүй байсан учир дээрх Л.Оийн саналыг түүнд тавьсан юм. Тэрээр тухайн саналыг сонсоод байрыг нь үзээд, эргэж хариу өгье гээд явсан. Тэгээд эргэж холбогдоод дээрх нөхцөлийг буюу 2012 оны 05 сарын 25-ны өдөр хийгдсэн 1 м.кв нь 1,550,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг тухайн үеийн 2013 оны 08 сарын компанийн орон сууц борлуулж байсан ханштай ижил 1 м.кв-ыг 1,950,000 төгрөгөөр тооцож авах, мөн Л.Оийн анхны гэрээ болох 1,550,000 төгрөгийн захиалгын гэрээний захиалагчийн нэрийг Ж.Э нэрээр сольж хийгдэнэ гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн ба тэрээр харин ипотекийн зээлд хамрагдахын тулд 1 м.кв 1,950,000 төгрөгийн захиалгын гэрээ нэмж хийж өгөхийг хүссэн. Л.О 2012 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байсан тул захиалагчийн нэр солигдож компанитай энэ гэрээний дагуу тооцоо хийгдэж дууссан. Ингээд 2013 оны 08 сарын 21-ний өдөр Ж.Э урьдчилгаа 70,000,000 төгрөгийг бэлнээр авч ирэн, гэрээ хийж, үлдэгдлийг нь ипотекийн зээлээр төлнө гэсэн. Тэр 70,000,000 төгрөгийг нь Ж.Эийн ипотекийн зээл бүтэх эсэх нь эргэлзээтэй байсан тул хэрэв зээл нь бүтэхгүй тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл үүсдэг тул миний бие дээрх мөнгийг компанийн байранд бэлнээр нь хадгалж байсан юм. Ж.Эийн ипотекийн зээл бүтэж 79,448,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр нь манай компанийн дансанд орж ирсэн тул, гэрээний дагуу компанид төлөх нийт 1,550,000*76.64=118,792,000 төгрөгөөс 79.448.000 төгрөгийг төлөгдсөн тооцож, бэлнээр хадгалж байсан 70,000,000 төгрөгөөс 39,344,000 төгрөгийг компанид орлогод авч, үлдэгдэл болох 30,658,000 төгрөгөөс Л.Оийн 12 давхарт авсан орон сууцных нь төлбөрийн үлдэгдэл болох 17,237,500 төгрөгийг төлүүлээд, үлдсэн 13,418,500 төгрөгийг бэлнээр Л.От хүлээлгэж өгсөн. Аль алинд нь ашигтай, хялбараар шийдэхэд нь тусалсан. Би талуудын хэн алиных нь хэрэгцээ шаардлагад нийцүүлж компанийн өмнөөс туслалцаа үзүүлснийхээ төлөө хохирол амсах хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд бидний дэмжлэгтэйгээр банкны ипотекийн зээлд хамрагдсан, аливаа гэрээг сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн зарчмыг удирдлага болгож байгуулдаг тул Ж.Эийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж банкинд зээлээ төлөх учиртай. Нэгэнт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл, түүний хүүг төлсөн явдал нь надад хамаагүй. Миний хүлээх үүрэг биш. Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орон сууц захиалгаар бариулах гэрээ, кассын орлогын ордер, Төрийн банк ХХК-ийн орлогын баримт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 529 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хаан банк ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, ,

3.2 хариуцагчаас гаргасан Төрийн банк ХХК-ийн тодорхойлолт, орлогын мэдүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд, сэтгүүлүүд, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар Иргэдийн орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тогтоол, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай тогтоол, А иХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001 тоот тогтоол, хавсралт, төлбөр төлөх календарчилсан хуваарь,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Голомт банк ХХК-ийн тодорхойлолт, дансны хуулга, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, хувь хүний орлогын албан татварын тайлан,  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,  орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар, орон сууц захиалгаар бариулах гэрээ, кассын орлогын ордер, мөнгөн шилжүүлгийн баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,  цалингийн тодорхойлолт, итгэмжлэл, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Хаан банк ХХК-ийн тодорхойлолт, зээлийн шийдвэрийн хураангуй, гэрч Л.Оийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Э, Б.Бнар нь хариуцагч А.Гд холбогдуулан орон сууцны төлбөрөөс хувьдаа завшсан 30,656,000 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас банкнаас их хэмжээний зээл авч хохирсон банкны зээлийн хүү 16,856,312 төгрөг, нийт 47,512,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Хариуцагч А.Г нь орон сууцны төлбөрөөс өөртөө авч завшсан зүйл байхгүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 3. Нэхэмжлэгч Ж.Э нь А иХХК-тай 2013 оны 05 сарын 25-ны өдрөөр огноолсон 57/2013 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслийн өргөө хотхоны 100/2 дугаар байрны 6 давхарын 76,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,950,000 төгрөгөөр, нийт 149,448,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Уг гэрээг 2012 оны 05 сарын 25-ны өдрөөр огноолсон ч бодитоор талууд 2013 оны 08 сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан үйл баримтыг хэн аль нь тайлбарласан. /1хх-175/

 

3.1 Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Э нь орон сууцны урьдчилгаанд 70,000,000 төгрөгийг бэлнээр, Хаан банк ХХК-тай ипотекийн зээл байгуулж 69,448,000 төгрөгийг зээлдэн авч, мөн 10,000,000 төгрөгийг нэмж нийт орон сууцны төлбөрт 149,448,000 төгрөгийг бүрэн төлж, хүү  Б.Б-ийн хамт маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1хх-14, 114-124/

 

3.2 Нэхэмжлэгч Ж.Э нь 3 өрөө орон сууцны үнэ болох 149,448,000 төгрөгөөс тооцуулан Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2013 онд 1,551,810 төгрөгийн орон сууцны татварын хөнгөлөл, чөлөөлөлтийг эдэлсэн байна. /хх1-105-155/

 

3.3 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”...А иХХК-ийн 1 м.кв-ыг 1,550,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан орон сууцыг тус компанийн менежерээр ажиллаж байсан А.Г бидэнд 1 м.кв-ыг 1,950,000 төгрөгөөр худалдсан гэрээ байгуулж, компанид 1 м.кв-ыг 1,550,000 төгрөгөөр тооцсон гэрээг өгч, уг мөнгөн дүнгээр тооцоо хийж, зөрүү мөнгө болох 30,656,000 төгрөгийг хувьдаа авч завшсан. Анхнаасаа 1,550,000 төгрөгөөр худалдсан байсан бол банкнаас их хэмжээний зээл авч хохирохгүй байсан” гэж тайлбарласан.

 

3.4 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...2012 оны 05 сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцыг анх Л.О гэх иргэн 1 м.кв-ыг 1,550,000 төгрөгөөр захиалсан байсан. Энэ үед орон сууц ашиглалтад ороогүй, баригдаж эхэлж байсан. Орон сууц ашиглалтад орсоны дараа буюу 2013 оны 08 дугаар сард анхны захиалагч Л.О нь ирж байраа үзээд 6 давхарт нар тусахгүй юм байна, давхраа дээшлүүлж 12 давхар болгомоор байна гэх хүсэлт тавьсан. Тухайн үед байр ашиглалтад орсон байсан тул байрны үнэ нэмэгдсэн таны анх захиалсан 1,550,000 төгрөгөөр давхар дээшлэх боломжгүй гэхэд тэрээр миний 6 давхарт захиалсан байрыг одоогийн ханшнаас арай бага үнэ 1,950,000 төгрөгөөр ч хамаагүй зарж өгөөд зөрүү мөнгийг 12 давхар руу оруулаад өгөөч гэж гуйсан. Яг энэ үед Ж.Э нь манайд ирж байр үзээд авах хүсэлт гаргасан. Би Л.Оийн захиалсан 6 давхарын байрыг үзүүлж 1,950,000 төгрөгөөр зарна гэхэд тэрээр авахыг зөвшөөрч гэрээ байгуулсан. Ингээд зөрүү мөнгийг нь Л.Оийн давхар дээшлүүлсэн 12 давхарын мөнгө рүү оруулж, илүү гарсан мөнгийг нь Л.От өгсөн. Үүнийг Ж.Э мэдэж байсан. Манай компани хятадын компани бөгөөд тухайн үедээ би Монгол хүмүүсээ орон сууцтай болгохын тулд Л.О болон Ж.Э нарт аль алинд нь тусалсанаас өөрөөр хувьдаа мөнгө авсан зүйлгүй. Ж.Эийн байр авахаар ирсэн үед буюу 2013 оны 08 дугаар сард манай орон сууц болон ойр орчмын орон сууцны үнэ 1 м.кв нь 2,000,000-2,200,000 төгрөг болсон байсан” гэж маргасан.

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан үзэхэд хариуцагч А.Г-ыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхээргүй байна. Тодруулбал,

 

4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Л.Оээс “...Би 2012 оны 05 дугаар сард А  ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ хийж 100 дугаар байрны 6 давхарт 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,550,000 төгрөгөөр захиалсан. Энэ байр 2013 оны 07 дугаар сүүлээр ашиглалтад орсон. Би хөдөө яваад ирсэн чинь манай захиалсан 6 давхарын хажууд байр баригдаад өдөр гэрэл асаах шахам харанхуйвтар болсон байсан. Манай охин тухайн үед яг төрчихсөн байсан. Айлууд нь дөнгөж орж эхэлж байсан. Тэгээд компани руугаа яваад борлуулагч охин /А.Г/ дээр очоод эгч нь 6 давхрын байраа дээшээ болгомоор байна, нар харахаар болгомоор байна гэж санал тавьсан. Тэгэхэд байргүй болсон байгаа би асууж судалж өгье, одоо 12 дугаар давхарт 3 өрөө байна гэхдээ лифт гарахгүй гэсэн. Тэгээд би гэр бүлийнхэнтэйгээ орж үзээд орохоор болсон. 6 давхарын байр ашиглалтад орох үед 1,800,000-2,200,000 төгрөг болсон байсан. Сүүлд би компанийн охинтой ярилцаад 12 давхрын байр руу намайг оруулаад, манай байрыг 2 сая хүрэхгүй байсан ч хамаагүй солиод өгөөч гэсэн. Тэгээд надад байрыг 1 м.кв-ыг 1,950,000 төгрөгөөр зарахаар боллоо гэсэн. Нэг их удаагүй шийдэгдээд би одоо охиныхоо байгаа байрыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр авсан. Би компанид урьдчилгаанд 50,980,000 төгрөг өгсөн байсан. Банкнаас 49,000,000 төгрөгийн зээл гаргуулсан. 12 давхрын байр 68,95 м.кв ба лифт гардаггүй болохоор 1,800,000 төгрөгөөр авсан, нийт 124,110,000 төгрөг болсон. А.Г 6 давхрын байрыг зараад үүнээс гарсан мөнгөөр 12 давхрын байрны зөрүүгээ тооцуулаад, илүү гарсан 13,000,000 төгрөгийг А.Г надад бэлнээр өгсөн. 2013 оны би 6 давхрын байраа 12 давхар болгох хүсэлт гаргах үед байр ашиглалтад орчихсон байсан. 6 давхрын байрыг хэн авахыг би мэдэхгүй тул борлуулаг охинд хандсан. надаас биш борлуулагч охиноос л байрыг хүмүүс асууна. А.Г надад 6 давхрын байрыг 1,950,000 төгрөгөөр зарж байгаагаа хэлсэн. Тухайн үед байр ашиглалтад орсон байсан болохоор үнэ нь 2 сая гарсан байсан” гэж мэдүүлсэн. /2х-183-187/

 

4.2 Нэхэмжлэгч Ж.Эийг 2013 оны 08 дугаар сард А иХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулах үед 2012 оны 09 сараас 2013 оны 12 сарын хооронд А иХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан маргааны зүйл болох орон сууцны 1 м.кв-ын үнэ нь 2,000,000 төгрөгөөс 2,200,000 төгрөгийн ханштай байсан болох нь, Барилга.мн сэтгүүлд хэвлэгдсэн шинэ орон сууцны үнэ ханшийн мэдээллээр тогтоогдсон. /1хх-178-211/

 

4.2.1 Мөн хариуцагчаас Э.Э-тэй2013 оны 08 дугаар сард гэрээ байгуулсан тухайн цаг хугацаанд өөр захиалагч нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн. Эдгээр гэрээнээс үзэхэд маргаан бүхий орон сууцны талбайн үнэ 1 м.кв-ыг 1,950,000-2,150,000 төгрөгөөр худалдсан байна. /2хх-9-22/

 

4.2.2 Түүнчлэн А иХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 001 тоот тогтоолоор Хүслийн өргөө орон сууцны цогцолборы урьдчилсан борлуулалтын журмыг  баталж, иргэдээс захиалга өгсөн хугацаагаар нь  орон сууцны 1 м.кв талбайг 2012.05.01-2012.05.30-ны хооронд 1,550,000 төгрөг, 2012.06.01-2012.06.30-ны хооронд 1,600,000 төгрөг, 2012.07.01-2012.07.30-ны хооронд 1,650,000 төгрөг, 2012.08.01-2012.08.30-ны хооронд 1,700,000 төгрөг, 2012.09.01-2012.09.30-ны хооронд 1,750,000 төгрөг, 2012.10.01-2012.10.30-ны хооронд 1,800,000 төгрөг, 2012.11.01-2012.11.30-ны хооронд 2,000,000 төгрөг, наран талдаа байрнуудын үнийг 2,500,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. /2х-164-167/

 

4.3 Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нарыг орон сууц захиалах үед “... орон сууцны 1 м.кв-ыг  1,550,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан орон сууцыг 1,950,000 төгрөгөөр худалдан борлуулж хохироосон” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

4.4 Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 76.64 м.кв орон сууцны анхны захиалагч Л.О нь 1 м.кв-ыг 1,550,000 төгрөгөөр захиалж, урьдчилгаанд 50,980,000 төгрөгийг А иХХК-д төлсөн байсан. Тэрээр захиалсан орон сууцны давхрыг 12 давхар руу 68.95 м.кв орон сууцаар сольж шилжүүлэхдээ лифт гардаггүй, техникийн өрөөний хажууд байгаа орон сууц гэдгээр 1 м.кв-ыг 1,800,000 төгрөг, нийт 124,110,000 төгрөг төлөх байсан байна. Ингээд анх төлсөн байсан 50,980,000 төгрөг дээр банкнаас 48,800,000 төгрөгийн зээлийг гаргуулан авч нийт 99,780,000 төгрөгийг бодитоор төлж, үлдэх 24,330,000 төгрөгийг өмнөх захиалсан 6 давхрын орон сууцыг Ж.Эт худалдсан үнээс тооцуулсан байна. /2хх-78-80/

 

Хариуцагч А.Г нь Ж.Эийн нийт төлсөн 149,448,000 төгрөгөөс 118,792,000 төгрөгийг нь А иХХК-д орон сууцны үнэд тооцон, үлдэх төлбөрийг нь Л.Оийн сүүлд авсан 12 давхрын орон сууцны төлөгдөөгүй зөрүү төлбөрт тооцуулан, илүү гарсан 13,000,000 төгрөгийг Л.От бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

 

4.5 Хариуцагч А.Гас гаргасан Монгол иргэдийнхээ орон сууц авах нөхцлийг нь бүрдүүлж өгсөн. Хэрвээ Л.О 6 давхрын байраа 12 давхар руу шилжүүлэх бол өмнө байгуулсан гэрээгээ заавал цуцлах байсан. Хэрвээ гэрээг цуцалсан бол гэрээнд зааснаар компанид торгууль төлж байж цуцлах байсан. Энэ үед Ж.Э нь орон сууцны үнэ ханш 2,000,000-2,200,000 төгрөг байсныг мэдэж байсан тул 1,950,000 төгрөгөөр худалдан авах нь түүнд ашигтай байсан тул Л.Оийн өмнө байгуулсан гэрээний үнээр компанид төлбөр төлж, зөрүү мөнгийг Л.О авах байсныг анхнаасаа мэдэж гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй, уг тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй.

 

4.6 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “...Л.О нь 1,550,000 төгрөгөөр захиалсан байрыг Ж.Эт мөн адил 1,550,000 төгрөгөөр худалдах байсан” гэх тайлбар үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримтаар Л.Оийг 2012 онд гэрээ байгуулах үед орон сууц ашиглалтад ороогүй байсан, Ж.Эийг 2013 оны 08 сард орон сууц худалдан авах үед орон сууц ашиглалтад орсон байсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдсон. Барилга байгууламж ашиглалтад ороогүй байсан үеийн зах зээлийн үнэ, ашиглалтад орсоны дараах зах зээлийн үнэ нэмэгддэг нь нийтэд илэрхий бөгөөд энэ нь Барилга.мн сэтгүүлд тусгагдсан үнийн мэдээллээр нотлогдсон. /1хх-222-224/

 

4.7 Үүнээс үзэхэд хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Ж.Э, Б.Бнараас үндэслэлгүйгээр орон сууцны гэрээний төлбөрт илүү мөнгө өөртөө авч ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба А иХХК нь гэрээгээр тохирсон орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн талаар маргаагүй, орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг компанийн данс руу бүрэн шилжүүлээгүй, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр уг асуудал нь нэхэмжлэгч нарт хамааралгүй асуудал байна. 

 

4.8 Мөн хариуцагчаас гаргасан “...Л.Оийн анхны гэрээ болох 1,550,000 төгрөгийн захиалгын гэрээний захиалагчийн нэрийг Ж.Э нэрээр сольж хийгдэнэ гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн ба тэрээр харин ипотекийн зээлд хамрагдахын тулд 1 м.кв 1,950,000 төгрөгийн захиалгын гэрээ нэмж хийж өгөхийг хүссэний дагуу гэрээ байгуулсан” гэх тайлбар гаргасанд нэхэмжлэгч нар маргаж байх боловч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.  Ийм учраас талууд бодитоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, Л.Оийн өмнө байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний нэр сольж компанид өгөх учраас уг өдрөөр мөн гэрээг байгуулсан байна.

 

4.8.1 Хэргийн 219-221 дүгээр талд авагдсан 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон гэрээ нь нэхэмжлэгч орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд татварын байгууллагад өгөхдөө огноог 2013 он болгож засч өгсөн гэрээ байна.

 

5. Нэхэмжлэгч нар нь Хаан банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж 69,448,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлж авсан, тухайн үед байрыг компанийн ханшаар, зөв үнээр буюу 1 м.кв-ыг 1,550,000 төгрөгөөр худалдан авсан бол 38,740,000 төгрөгийн зээл 7 жил 5 сар төлөх ёстой байсан, хариуцагч А.Г-ынхууль бус үйлдлээс болж банкинд олон жил хүү илүү төлж хохирсон тул 5 жил 5 сарын хүү 16,856,312 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан нэхэмжилсэн.

 

5.1 Гэвч дээр дурдсанаар хариуцагч А.Г нь компанид шилжүүлсэн мөнгийг хувьдаа завшсан, 1 м.кв-ын үнэ 1,550,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан орон сууцыг 1,950,000 төгрөгөөр худалдан борлуулж хохироосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар банкинд зээлийн төлбөр илүү төлж хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.Гас орон сууцны төлбөрөөс хувьдаа завшсан 30,656,000 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас банкнаас их хэмжээний зээл авч хохирсон банкны зээлийн хүү 16,856,312 төгрөг, нийт 47,512,312 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Э, Б.Бнарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,000 /312,000+243,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

8. Бусад:

            8.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Л.Оээс мэдүүлэг авах өдөр, цагийг зохигчдоос давхардсан ажил, хурал байгаа эсэхийг хэн алинаас нь тодруулж, тэдгээрийн боломжтой гэх 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 30 минутад товлосон. Гэрчээс мэдүүлэг авах товлосон өдөр, цагт нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрчээс асуух асуултаа шүүхэд хүргүүлнэ гэсэн боловч асуулт ирүүлээгүй. Иймд шүүх нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр гэрчээс хууль сануулж мэдүүлэг авсан болно. /2х-182/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А.Гд холбогдох 47,512,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Э, Б.Бнарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.БЯМБАЖАРГАЛ