Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2020/01385

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01385

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01181 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Э-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй хариуцагч А.Г-, А- ХХК-д холбогдох

Орон сууцны төлбөрөөс хувьдаа завшсан, илүү төлсөн 30 656 000 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас банкнаас их хэмжээний зээл авч хохирсон зээлийн хүү 16 856 312 төгрөг, нийт 47 512 312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э-, Б.Б-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э- нь хүү Б.Б-гийн хамт 2013 оны 05 сарын 25-ны өдөр А- ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслийн өргөө хотхоны 100/2 дугаар байрны 6 давхарын 76,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 950 000 төгрөгөөр, нийт 149 448 000 төгрөгөөр худалдан авсан. Уг гэрээг гүйцэтгэгч компанийн борлуулалтын менежер А.Г-тай байгуулж, урьдчилгаа 70 000 000 төгрөгийг 2013 оны 8 сарын 21-ний өдөр бэлнээр төлж орон сууцад нүүж орсон. Үлдэгдэл 69 448 000 төгрөгийг Хаан банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж, уг мөнгө дээр хувиасаа 10 000 000 төгрөгийг нэмж 2013 оны 09 сарын 24-ний өдөр 79 448 000 төгрөгийг А- ХХК-ийн Хаан банк дахь дансанд төлж, байрны төлбөрийг 100 хувь төлж уг байрыг худалдан авсан.

Ийнхүү байрандаа нүүн орж амьдарсаар ирсэн бөгөөд 2017 оны 09 сард манай Хүслийн өргөө хотхоны оршин суугчаас уг байрыг м.кв-ыг нь 1 550 000 төгрөгөөр худалдан авсан байсныг мэдээд тухайн үед гүйцэтгэгч компанид хандаж яагаад орон сууцны үнийг ийм их хэмжээгээр зөрүүтэй болохыг асууж лавлахад А- ХХК-ийн менежер А.Г- нь 1 м.кв нь 1 550 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 1 950 000 төгрөгөөр зарж дундаас нь мөнгө завшиж урьдчилгаанд өгсөн 70 000 000 төгрөгөөс А- ХХК-д 39 344 000 төгрөгийг 2013 оны 09 сарын 28-ны өдөр банкаар шилжүүлж, үлдсэн 30 656 000 төгрөгийг хувьдаа авсан байна. Энэхүү хууль бус, залилангийн шинжтэй асуудлаар А- ХХК-д хандаж гомдлоо хэлэхэд компани мэдэхгүй, бид таньтай уг орон сууцыг 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр худалдсан гэж орон сууц захиалгын гэрээний хуулбарыг өгсөн болно. Цагдаагийн хэлтэст энэ асуудлаар гомдол гаргаж А.Гантулгыг залилангийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж өгсөн боловч тус дүүргийн прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг 2019 оны 02 сарын 11-ний өдөр хаасан.

Тухайн үед борлуулагчаар ажиллаж байсан А.Г- нь надад 1 м.кв-ын 1 950 000 төгрөгөөр худалдсан гэрээг өгч, 1 м.кв-ын 1 550 000 төгрөгийн гэрээг надаас нууж, компанид өгсөн байна. А.Г- нь хууран мэхэлж, илүү 31 000 000 төгрөгөөр хохироосонд маш их гомдолтой. Энэхүү 30 650 000 төгрөгийг иргэн А.Г- тухайн үед компанийн нэрийг барьж өөртөө хувьдаа завшиж авсан тул иргэн А.Г-ас илүү төлсөн төлбөрөө буцаан гаргуулах хүсэлтэй байна.

Банкнаас зээл авсанаас хойш сар бүр 580 000 төгрөгийг төлж ирсэн. Бид 1 м.кв-ыг нь 1 950 000 төгрөгөөр тооцон 69 448 000 төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатай авч, 5 жил 5 сарын хугацаанд 28 595 343 төгрөгийг төлсөн байна. Хэрэв 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр тухайн үеийн байр, компанийн ханшаар зөв үнээр нь худалдан авсан бол 38 740 000 төгрөгийн зээл 7 жил 5 сар төлөх ёстой байсан. Иймд 5 жил 5 сар төлсөн, өнөөдөр 2 жилийн дараа буюу 2021 онд дуусах байсан. А.Гантулгын хууль бус үйлдлээс болж миний бие үндэслэлгүйгээр банкнаас их хэмжээний зээл авч тэр хэмжээгээр банкинд олон жил хүү илүү төлж хохирсон. Илүү төлсөн хүүг бодож үзэхээр 16 856 312 төгрөг болж байна. Энэхүү хохирол нь тухайн үед хариуцагч намайг залилж илүү төлбөр авсаны улмаас учирсан. А.Г-ас нийт 47 512 312 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүслийн өргөө орон сууцны хотхоныг барьж эхлээд 2012 оны 5 дугаар сараас орон сууцны захиалгаа 1 м.кв-ын үнийг 1 550 000-2 200 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж эхэлсэн. 2013 оны 08 сард ипотекийн зээл олгож эхэлсэнтэй холбоотойгоор эрэлт ихтэй байсан ба манай хотхоны байрлал, зах эээл эрэлт болон давхраасаа хамаараад 1 м.кв-ын үнэ нь 1 800 000-2 200 000 төгрөгөөр захиалга авч байсан.

Мөн үүнтэй холбоотойгоор өмнө нь захиалга өгсөн зарим захиалагч нар байрны эахиалгын гэрээний захиалагчийн нэр солих, талбай, байршил, давхар өөрчлөх хүсэлтүүд гаргаж, боломжтой тохиолдолд бид шийдвэрлэж өгч байсан. Үүний нэг нь Л.О- гэдэг захиалагч бөгөөд тэрээр байр ашиглалтад орох үед өмнө нь захиалсан орон сууцаа давхрыг нь дээшлүүлж шинээр гэрээ байгуулах, өмнө нь байгуулсан гэрээний дагуу авсан байраа худалдан борлуулах хүсэлтээ илэрхийлж тус болохыг хүссэн. Ингээд хамгийн дээд талын 12 давхрын 3 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 800 000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулаад, 2012 оны 05 сарын 25-ны өдөр 1 м.кв -ыг 1 550 000 төгрөгөөр тооцож захиалгын гэрээ хийгдсэн. Төлөлт хийгдээд явж байсан 3 өрөө орон сууцаа 2013 оны 8 дугаар сард компанийн орон сууцаа борлуулж байсан ханш болох 1 м.кв-ыг 1 950 000 төгрөгөөр авах хүн олоод өгөөч гэсэн санал тавьсан юм. Энэ үед Ж.Э- манай компани дээр ирж орон сууц сонирхоход түүний хүсэлд нийцэх, ипотекийн шаардлагыг хангахуйц 3 өрөө байр байхгүй байсан учир дээрх Л.О-ийн саналыг түүнд тавьсан юм. Тэрээр тухайн саналыг сонсоод байрыг нь үзээд, эргэж хариу өгье гээд явсан. Тэгээд эргэж холбогдоод дээрх нөхцөлийг буюу 2012 оны 05 сарын 25-ны өдөр хийгдсэн 1 м.кв нь 1 550 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг тухайн үеийн 2013 оны 08 сарын компанийн орон сууц борлуулж байсан ханштай ижил 1 м.кв-ыг 1 950 000 төгрөгөөр тооцож авах, мөн Л.О-ийн анхны гэрээ болох 1 550 000 төгрөгийн захиалгын гэрээний захиалагчийн нэрийг Ж.Э- нэрээр сольж хийгдэнэ гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн ба тэрээр харин ипотекийн зээлд хамрагдахын тулд 1 м.кв 1 950 000 төгрөгийн захиалгын гэрээ нэмж хийж өгөхийг хүссэн. Л.О- 2012 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байсан тул захиалагчийн нэр солигдож компанитай энэ гэрээний дагуу тооцоо хийгдэж дууссан. Ингээд 2013 оны 08 сарын 21-ний өдөр Ж.Э- урьдчилгаа 70 000 000 төгрөгийг бэлнээр авч ирэн, гэрээ хийж, үлдэгдлийг нь ипотекийн зээлээр төлнө гэсэн. Тэр 70,000,000 төгрөгийг нь Ж.Э-ийн ипотекийн зээл бүтэх эсэх нь эргэлзээтэй байсан тул хэрэв зээл нь бүтэхгүй тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл үүсдэг тул миний бие дээрх мөнгийг компанийн байранд бэлнээр нь хадгалж байсан юм. Ж.Э-ийн ипотекийн зээл бүтэж 79 448 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр нь манай компанийн дансанд орж ирсэн тул, гэрээний дагуу компанид төлөх нийт 1 550 000*76.64=118 792 000 төгрөгөөс 79 448 000 төгрөгийг төлөгдсөн тооцож, бэлнээр хадгалж байсан 70 000 000 төгрөгөөс 39 344 000 төгрөгийг компанид орлогод авч, үлдэгдэл болох 30 658 000 төгрөгөөс Л.О-ийн 12 давхарт авсан орон сууцных нь төлбөрийн үлдэгдэл болох 17 237 500 төгрөгийг төлүүлээд, үлдсэн 13 418 500 төгрөгийг бэлнээр Л.О-т хүлээлгэж өгсөн.

А- ХХК-ийн хувьд энэ хэрэг маргаанд хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй. Бид өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан Ж.Э-тэй гэрээ байгуулсан. Ж.Э-ийн орон байртай болсон нөхцөлтэй адил нөхцөл байдлууд хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд тухай бүрд нь бидний зүгээс захиалагч нартаа ашигтайгаар шийдвэрлэж байсан. Тухайн үед ипотекийн зээл батлагдсантай холбоотойгоор ипотекийн шалгуур болох улсын комисс хүлээн авсан, анхны бүртгэл хийгдээгүй, 80 м.кв-аас доош орон сууцны эрэлт эрс нэмэгдэж олдохгүй байсан цаг үе, тэр тусмаа 3 өрөө байр бол их эрэлттэй байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г-ас орон сууцны төлбөрөөс хувьдаа завшсан, илүү төлсөн 30 656 000 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас банкнаас их хэмжээний зээл авч хохирсон банкны зээлийн хүү 16,856,312 төгрөг, нийт 47,512,312 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч А- ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 230 төгрөг, 242 231 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 1538 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хувьдаа завшсан 30 656 000 төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй, энэ талаар нэг ч баримт хэрэгт байхгүй, хариуцагч энэ мөнгийг яасан талаарх баримтыг гаргаж өгөөгүй, 30 000 000 төгрөгийг О- гэж хүнд хувааж талыг нь банкаар, талыг нь бэлнээр төлсөн гэж тайлбартаа хэлдэг боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, гэрчээр Оюунцэцгийг оролцуулахаас хариуцагч татгалзсан.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх баримтыг огт харгалзан үзээгүй, 2012, 2013 оны үед тухайн орон сууц нь 1 м кв нь 1 700 000-аас 2 200 000 төгрөгийн хооронд зарагдаж байсан нь зараар тогтоогдож байна гэсэн хийсвэр дүгнэлт өгч нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, нотлох баримт зөв үнэлээгүй шийдвэр болсон.

Нэхэмжлэгчийг хуурч, илүү төлбөр авсаны улмаас нэхэмжлэгч үндэслэлгүйгээр банкнаас их хэмжээний зээл авч, хүү төлж хохирсонд гомдолтой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч Ж.Э-, Б.Б- нар нь хариуцагч А.Г-д холбогдуулан орон сууцны төлбөрт илүү төлсөн, мөн А.Гантулгын хууль бус үйлдлээс болж банкнаас их хэмжээний зээл авч хохирсон хүү нийт 47 512 312 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 34, 2хх73/

Ж.Э- нь А- ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон 57/2013 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслийн өргөө хотхоны 100/2 дугаар байрны 6 давхарын 76,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 950 000 төгрөгөөр, нийт 149 448 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 70 000 000 төгрөгийг бэлнээр төлж, Хаан банкнаас авсан орон сууцны ипотекийн зээл 69 448 000 төгрөг дээр 10 000 000 төгрөгийг нэмж, төлбөрийг бүрэн төлсөн, орон сууцыг эзэмшилдээ авч, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогджээ. /1хх175/

Мөн дээрх орон сууцыг 1 м.кв талбайг 1 550 000 төгрөгөөр захиалан худалдаж авсан гэх гэрээ хэрэгт авагджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас мөнгө авсан гэх О-ийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргажээ. /2хх48/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг шүүх хэрэгжүүлнэ.

Нэхэмжлэгч мөнгийг хүлээн авсан гэх О-ийг гэрчээр оролцуулах боломжтой гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүднээс гэрчээс мэдүүлэг авах, нотлох баримтыг бүрдүүлэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч хууль гэрээний алинаар нь шаардлага гаргаж байгаагаас хамаарч хэрэглэвэл зохих хуулийн заалт нь тодорхой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрчийг асуух ажиллагаа нь зөвхөн шүүхээс гүйцэтгэвэл зохих ажиллагаа бөгөөд хэргийн оролцогч өөрөө цуглуулах, гаргах боломжгүй юм.

Талууд гэрээний үүргийн биелэлт болох мөнгөн хөрөнгийг хэнд хүлээлгэн өгсөн, гэрээний зүйлийн үнэ хэд болох тухайд маргаантай байна. Уг үйл баримт бүрэн, эргэлзээгүй тогтоогдоогүй, талууд зөрүүтэй тайлбарлаж байгаа нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2020/01181 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД