Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/02917

 

 

 

 

 

 

 

2022 06 22

101/ШШ2022/02917

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 байрлах, УСУГ  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, ХУӨ ХХК-д холбогдох

 

2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмжаргал, С.Отгонтуяа,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У ОНӨААТҮГазар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмжаргал, С.Отгонтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага Ж ХХК-тай 2001 оны 12 дугаар сараас эхлэн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан. Гэрээтэй ажиллаж байх хугацаанд тус хэрэглэгч нь гэрээний үүргийг байнга зөрчин усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөхгүй өр үүсгэж, 2011 онд 23,8 сая, 2016 онд 43 сая төгрөгийг тус тус төлөх шүүхийн шийдвэрүүд гарч байсан. Ж ХХК нь Х ХХК-д хөрөнгө шилжүүлсэн тул төлбөр тооцоог 2016 оны 5 дугаар сараас Х ХХК хариуцаж хийх болсныг Ж ХХК-д нягтлан бодогч ажилтай Д.Д мэдэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Х ХХК нь төлбөр тооцоог хариуцаж авснаас хойш дараах шинээр өр төлбөрийг үүсгэсэн. Үүнд 2016 онд 162,376 төгрөг, 2017 онд 1,553,599 төгрөг, 2018 онд 8,903,765 төгрөг, 2019 онд 25,402,942 төгрөг нийт 36,022,682.63 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Төлбөр төлөх асуудлаар тухай бүрд нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлудаа дараа хандаж шат дараатай арга хэмжээ авч өр төлбөрийг барагдуулах гэсэн боловч захирал Д.Д төлөхөөс татгалзаж байсан. Тус компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын зшиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл-өөс шийдвэр гаргаж 2019 оны 12 дугаар сарын 19-нөөс Х ХХК-ийн хариуцан ажилладаг орон сууцнуудын ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлсэн боловч үүссэн өр төлбөрийн асуудлыг шилжүүлээгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж өгөх талаар манай байгууллага хүсэлт гаргахад тус зөвлөл нь Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөмж болгосон.

Иймд 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682.63 төгрөгийг Х ХХК-иас гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Х ХХК-иас У нь усны төлбөр төлөөгүй гэдэг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Х-ийн захирал Д.Д миний бие 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны нэхэмжлэл буюу Х ХХК-иас өгсөн баримтуудыг нэг бүрчлэн шүүн үзлээ. Ингэхэд манай тооцоонд Ут төлбөр төлөхгүй бөгөөд Ж ХХК-ийн тооцоог Х ХХК дээр гаргасан. Суурь хураамжийг тооцолгүйгээр зөвхөн усын тооцоо гаргахад 2016 онд Х ХХК нь 1,015,060 төгрөг илүү төлөлттэй. 2017 онд 423,316 төгрөг илүү, 2018 онд 7,634,714 төгрөг дутуу, 2019 онд 9,129,433.2 төгрөг дутуу мэт харагдаж байна. Суурь хураамжийг оруулгын диаметрээр авдаг байтал яаж бичсэн нь тодорхой биш бүхэл тоо тавьсан байгаа нь Х ХХК-д зориудаар өр нэмэх үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Суурь хураамжийн зөрүү 2016 онд 4,830,800 төгрөг, 2017 онд 4,812,960 төгрөг, 2018 онд 3,372,960 төгрөг бүгд 13,016,720 төгрөгийг тус тус илүү бичиж инкассанд оруулсан байна.

Иймд манай Х ХХК нь Ут төлөх ямар нэгэн төлбөргүй болох нь тооцоогоор харагдаж байна. Тооцоо ийм бодит байгаа тул эдгээр тооцоонуудыг Мэргэжлийн хяналтын шалгалт оруулж хянуулан баталгаажуулах хүсэлтэй байна гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоонууд, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, 240265 тоот гэрээтэй Ж ХХК-ийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа Хаан уул-өргөө ХХК-ийн 2018 онд төлбөр барагдуулах график, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/1023 дугаартай албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00830 дугаартай шийдвэр, Х ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01/355 дугаартай албан бичиг, мөн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/454 дугаартай албан бичиг, 24026500 Ж ХХК-ийн аж ахуйн үнэ, хүн амын тарифын зөрүүг залруулах тооцоо, Тайлант сарын нэхэмжилсэн усны тооцоонд өөрчлөлт оруулах, Ус сувгийн удирдах газрын тооцооны хуудаснууд, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/201 дугаартай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/03206 дугаартай захирамж, Тооцооны үлдэгдлийн баталгаанууд, Төлөлтийн өдрийн тайлангуудыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн хариу тайлбар, Х ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, нэмэлт хариу тайлбар, Хаан банкны Төлбөр төлөгдөөгүй хэрэглэгчийн жагсаалт, Х ХХК-ийн 2016.05.01-нээс 2019.08.01-ний өдрийг хүртэлх хугацааны УСУГ-аас ирсэн нэхэмжлэхийн тооцоо, УСУГ-ийн нэхэмжилсэн тооцоо буюу Х ХХК-ийн тооцооны зөрүү, Х ХХК-иас илүү тооцсон суурь хураамжийн тооцоо-г хариуцагч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн баримт: Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У ОНӨААТҮГазар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682.63 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь манай тооцоонд Ут төлөх төлбөргүй бөгөөд Ж ХХК-ийн тооцоог Х ХХК дээр гаргасан, суурь хураамжийг тооцолгүйгээр зөвхөн усын тооцоо гаргахад 2016 онд Х ХХК нь 1,015,060 төгрөг илүү төлөлттэй, 2017 онд 423,316 төгрөг илүү, 2018 онд 7,634,714 төгрөг дутуу, 2019 онд 9,129,433.2 төгрөг дутуу мэт харагдаж байх бөгөөд суурь хураамжийг оруулгын диаметрээр авдаг байтал яаж бичсэн нь тодорхой биш бүхэл тоо тавьсан нь манай компанид зориудаар өр нэмэх үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

У ОНӨААТҮГазар нь Ж ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №240265 дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулсан байх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэлтэй, Ж ХХК-д холбогдох 2011 оны 11 дүгээр сараас 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэглэсэн усны төлбөр 20,576,552 төгрөг, 2014 оны 1, 2 дугаар сарын усны төлбөр 9,414,612 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 01-нээс 2015 оны 6 дугаар сарын 15-ны хүртэл хэрэглэсэн усны төлбөр 20,945,616 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хэрэглэсэн усны төлбөр 10,853,103 төгрөг, нийт 61,789,886 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд 101/ШШ2016/00830 дугаартай шийдвэрээр Ж ХХК-иас 43,024,174 төгрөгийг гаргуулж, Ут олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Х ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай Гэрээ шилжүүлэх тухай албан бичгийг Ут хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт Ж ХХК-ийн хүсэлтээр тус компанийн харьяалалд байгаа байруудын орон сууцны ашиглалт үйлчилгээг Х ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон тул Ж ХХК-ийн 240265, 250514 кодтой гэрээнүүдийг Х ХХК-д шилжүүлж өгнө үү. Ж ХХК-ийн өр, авлагын асуудлыг Х ХХК бүрэн хариуцаж, графикийн дагуу барагдуулан ажиллах болно гэжээ. /хх-28/

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/454 дугаартай албан бичгээр Ж ХХК-ийн хариуцаж буй орон сууцны барилгуудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх гэрээг тусгай зөвшөөрөлгүй Х ХХК-д шилжүүлэх асуудал нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчиж байгаа бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан тус зохицуулах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн хэдий боловч 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар Х ХХК нь тусгай зөвшөөрөлгүй ч Ж ХХК-ийн хариуцаж байсан байрнуудын орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж, тухайн цаг хугацаанд Ут зохих төлбөрийг төлж, холбогдох төлбөр тооцоог хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-30/

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/1023 дугаартай албан бичгээр ... 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х ХХК-ийн захирал Д.Дг байлцуулан хуралдаж, тус компанийн хариуцаж буй Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 22 дугаар хороонд байрлах 23, 24, 82, 38, 13а, 13б, 18б байруудын У ОНӨААТҮГазар, УБДС ТӨХК зэрэг байгууллагуудад үүссэн ус, дулааны өр төлбөрийг тухайн байгууллагууд өөрсдөө хариуцан, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, харин ашиглалт, засвар, үйлчилгээг 2019 оны 12 дугаар сараас ОСНААУГ ОНӨААТҮГ-т хариуцуулахаар тус тус шийдвэрлэсэн болно... гэжээ. /хх-18/

 

Эдгээрээс үзвэл Х ХХК нь 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд Ж ХХК-ийн хариуцан ажиллуулж байсан байрнуудын орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцаж, тухайн цаг хугацаанд Ут зохих төлбөр тооцоог хийж байсан байна.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2Хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэж заасан боловч дээрх нөхцөл байдлаас үүдэн У ОНӨААТҮГазар болон Х ХХК-ийн хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч Х ХХК нь Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 22 дугаар хороонд байрлах 23, 24, 82, 38, 13а, 13б, 18б байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулж байсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Х ХХК нь оршин суугчдаас усны хэрэглээний төлбөрийг авч, нэгтгэн Ут төлж, улмаар тус компани нь уг төлбөрийн тодорхой хэсгийг өөрийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Х ХХК нь 2019 онд нийт 39,628,170.97 төгрөг төлөхөөс 14,225,228.65 төгрөгийг төлж, 25,402,942.3 төгрөгийн, 2018 онд 34,456,075.20 төгрөг төлөхөөс 25,552,310 төгрөгийг төлж, 8,903,765.2 төгрөгийн, 2017 онд 35,555,599.11 төгрөг төлөхөөс 34,002,000 төгрөгийг төлж, 1,553,599 төгрөгийн, 2016 онд 162,376 төгрөгийн, нийт 36,022,682.63 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн болох нь Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо-нуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд тооцооны үлдэгдлийн баталгаануудыг ирүүлсэн байх бөгөөд эдгээр баримтын заримд нь Х ХХК-ийн тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан, заримд нь гарын үсэг зурахаас татгалзсан, зарим төлбөр тооцоог зөвшөөрнө гэх бичилтүүдийг хийж байсан байна. /хх-45-54/

 

Хариуцагч нь Ж ХХК-ийн тооцоог Х ХХК дээр гаргасан, суурь хураамжийг тооцолгүйгээр зөвхөн усны тооцоо гаргахад 2016, 2017 онд илүү төлөлттэй, 2018, 2019 онд дутуу төлөлттэй мэт харагдаж, суурь хураамжийг оруулгын диаметрээр авдаг байтал яаж бичсэн нь тодорхой биш бүхэл тоо тавьсан байгаа нь Х ХХК-д зориудаар өр нэмэх үйл ажиллагаа явагдсан, суурь хураамжийн зөрүү 2016 онд 4,830,800 төгрөг, 2017 онд 4,812,960 төгрөг, 2018 онд 3,372,960 төгрөг бүгд 13,016,720 төгрөгийг тус тус илүү бичиж инкассанд оруулсан, хүчин төгөлдөр бус 2015 оны 44 дүгээр тогтоолын дагуу үнэ тарифийг тооцсон гэх тайлбарыг гаргаж байх боловч үнэ тарифтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/03206 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар буюу зохигчид төлбөрийг тооцсон аргачлалын хувьд маргаж байна, энэ асуудлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар зохицуулах зөвлөлд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай тогтоолын хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээний үүргийн маргаан тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зөвлөмжийг У ОНӨААТҮГазарт өгсөн байх ба Х ХХК нь үнэ тарифтай холбоотой тогтоолын хүчин төгөлдөр байдлын талаар тайлбар, татгалзал гаргаж байх боловч уг тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд заасны дагуу гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч У ОНӨААТҮГазарт нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах эрхтэй ба, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хариуцагч Х ХХК нь хүлээсэн, энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

У ОНӨААТҮГазар болон Х ХХК-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн 240265 тоот гэрээтэй Ж ХХК-ийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа Хаан уул-өргөө ХХК-ийн 2018 онд төлбөр барагдуулах график-т Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 43,024,174 төгрөг ороогүй болно гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Ж ХХК-ийн энэхүү шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөр нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 36,022,682.63 төгрөгийн шаардлагад ороогүй байна, мөн талууд удаа дараа тооцоо нийлсэн акт үйлдэхэд хариуцагч нь зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байсан байх боловч тухайн цаг хугацаанд дээр дурдсанчилан дээд шатны байгууллагад нь хандаагүй байна.

 

Мөн хариуцагч нь хариу тайлбартаа мэргэжлийн хяналтын шалгалт оруулж хянуулах хүсэлтэй гэх агуулга бүхий хүсэлтийг дурдсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах зэрэг хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаагүй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,063.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 338,063.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682.63 /гучин зургаан сая хорин хоёр мянга зургаан зуун наян хоёр төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ОНӨААТҮГазарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,063.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 338,063.41 /гурван зуун гучин найман мянга жаран гурван төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ОНӨААТҮГазарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ