Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01549

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01549

 

 

“У” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/02917 дугаар шийдвэртэй,

“У” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

“Ху” ХХК-д холбогдох,

Усны үйлчилгээний төлбөрт 36,022,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмжаргал, С.Отгонтуяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай байгууллага “ЖМБО” ХХК-тай 2001 оны 12 дугаар сараас эхлэн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан

“ЖМБО” ХХК нь “Ху” ХХК-д хөрөнгө шилжүүлсэн тул “Ху” ХХК 2016 оны 5 дугаар сараас хариуцаж төлбөр хийх болсон. “Ху” ХХК нь төлбөр тооцоог хариуцаж авснаас хойш дараах шинээр буюу 2016 онд 162,376 төгрөг, 2017 онд 1,553,599 төгрөг, 2018 онд 8,903,765 төгрөг, 2019 онд 25,402,942 төгрөг, нийт 36,022,682 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна.

Тус компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс шийдвэр гаргаж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс “Ху” ХХК-ийн хариуцан ажилладаг орон сууцнуудын ашиглалт үйлчилгээг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн боловч үүссэн өр төлбөрийн асуудлыг шилжүүлээгүй.

Иймд 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682 төгрөгийг “Ху” ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани Ут төлбөр төлөх үндэслэлгүй. “ЖМБО” ХХК-ийн гаргасан төлбөр тооцоог “Ху” ХХК дээр гаргасан.

Суурь хураамжийг тооцололгүй, суурь хураамжийг оруулгын диаметрээр авдаг байтал яаж бичсэн нь тодорхой биш бүхэл тоо тавьсан байгаа нь “Ху” ХХК-д зориудаар өр нэмсэн үзэж байна. Суурь хураамжийн зөрүү 2016 онд 4,830,800 төгрөг, 2017 онд 4,812,960 төгрөг, 2018 онд 3,372,960 төгрөг бүгд 13,016,720 төгрөгийг тус тус илүү бичиж оруулсан байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Ху” ХХК-аас 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөр болох 36,022,682 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГазарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ху” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 338,063 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГазарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь “Ху” ХХК-тай гэрээ байгуулаагүй бөгөөд анхан шатны шүүх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй биш, “У” ОНӨААТҮГ-ын нэхэмжилсэн нэхэмжлэл нь усны суурь хураамжийг авахдаа айл өрхийн хураамжаар бус аж ахуйн нэгжийн тооцоогоор тооцоолсон. Мөн айл өрхөөс 1 м.куб усыг 600 төгрөгөөр тооцох атал манай компаниас аж ахуйн нэгжийн тооцоогоор буюу 1200 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Үнийн дүнгийн зөрүү төлбөр учраас манай компани төлөх боломжгүй.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: “ЖМБО” ХХК-тай 2001 онд “У” ОНӨААТҮГ-тай цэвэр усаар хангах, хэрэглээний бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан. 2016 онд “ЖМБО” ХХК-ийн гэрээг “Ху” ХХК шилжүүлж авсан. Тухайн өр төлбөр нь 2016-2019 онд үүссэн байдаг. Үүргийг биелүүлээгүй бол гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хариуцагчийн гаргасан гомдол нь манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “У ОНӨААТҮГ нь хариуцагч “Ху” ХХК-д холбогдуулан усны үйлчилгээний төлбөрт 36,022,682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “ЖМБО” ХХК-ийн хариуцаж байсан байруудын орон сууцны ашиглалт үйлчилгээг “Ху” ХХК-д шилжүүлснээр усны хэрэглээний төлбөрийг хариуцагч байгууллага 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон атлаа хариуцагчийн харьяалалд хамаарах байруудад ногдох усны төлбөрийн суурь хураамжийн талаар талууд маргаж буй тохиолдолд уг үйл баримтыг хэрхэн яаж тодорхойлсон байдлыг тодруулах учиртай. Өөрөөр хэлбэл, уг суурь хураамжийг талууд харилцан тогтоох боломжгүй бөгөөд гуравдагч этгээдээс тогтоосон хэмжээ хязгаарын дотор гэрээний үнэ тогтоогдох учиртай.

 

4. Энэ талаар тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/02917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,064 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА