Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/04314

 

 

 

Нэхэмжлэгч: Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.А-д холбогдох

21,555,500 төгрөг гаргуулах үндсэн, 2,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч, өмгөөлөгч Ж.Буджав, гэрч Б.Бямба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Чнь шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие өөрийн эзэмшлийн хашаандаа 35м.кв хувийн сууц бариулахаар*******тай 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Гэрээгээр ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 30 хоног болон байшин барихад шаардагдах материалыг оруулан тооцож ажлын нийт хөлсийг 15.000.000 төгрөгөөр гэрээгээр тохирсон юм. Би гэрээ хийсэн өдрөө бэлэн бусаар Хаан банкны 000 тоот дансанд 9.000.000 төгрөгийг хажуу хашааны Бадгай гэх хүүхдээр шилжүүлсэн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг ажил дууссаны дараа өгнө гэж гэрээнд заасан байсан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа эхлэх байсан боловч корона вирусийн улмаас улс орон даяар хөл хорио тогтоогдсон юм. Энэ хооронд гүйцэтгэгч О.А нь надаас 1.000.000 төгрөг өгөхийг хүсэж өөрийн данс руу шилжүүлэн авсан. Үүнээс хойш 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр наадмаас өмнө байшинг дуусгаж өгнө гэж хэлээд гүйцэтгэгч О.А ажлаа эхлүүлсэн. Гүйцэтгэгч О.А нь хийх ажил нь дуусаагүй байхад надаас үлдэгдэл 6.000.000 төгрөгийг хэд хэд хувааж авсан. Би АТМ ашиглаж мөнгө авч, шилжүүлж мэдэхгүй учир гүйцэтгэгч О.А итгэн банкны картаа өгч явуулдаг байсан.Гүйцэтгэгч О.А нь миний картаас: 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 05 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 3,300,000 төгрөгийг материал авмаар байна гэж авсан. 06 дугаар сарын 11-ний өдөр 813,000 төгрөгийг аавын гэр үерт автсан гэж хэлээд авсан. Мөн бэлнээр 05 дугаар сарын 21-ний өдөр пийшингийн мөнгө 300,000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр гэрлийн мөнгө 80,000 төгрөгийг авсан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр би хүлээсэн үүргийн дагуу ажил гүйцэтгэгч О.А нийт 22,493,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн байна. Гүйцэтгэгч О.Ань гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу ажлын үр дүн нь доголдолтой үүнийг нь тухайн цагт нь хэлэхэд уурлаж загнаж, доголдлыг арилгадаггүй байсан. Мөн гүйцэтгэсэн ажлаа бүрэн гүйцэтгэж ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгөлгүй хаяж явсан юм. Иймд гүйцэтгэгч О.А дээрх 22,493,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлснийг дараах байдлаар тодорхойлсон.Миний бие 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч О.А Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.Тус гэрээний дагуу ажил гүйцэтгэгч О.А30 хоногийн хугацаанд 0 .кв амины орон сууцны байшин барьж дуусгаж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба бид өөр ямар нэгэн байдлаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй буюу нэмэлт хэлцэл огт хийгээгүй.Захиалагчийн зүгээс гэрээ байгуулагдах үед ажлын хөлсний урьдчилгаа 9,000,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн ба гэрээний нийт ажлын хөлс 15,000,000 төгрөгийг билээ. Гэтэл хариуцагч О.А надаас бэлэн болон бэлэн бусаар нийт 22,793,000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг.Гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгчид үүргээ зохих ёсоор шударгаар, хугацаандаа хийж гүйцэтгэхийг удаа дараа сануулж хэлсээр байтал биет байдлын доголдолтой хүн суурьшин амьдрах аюултай ба чанар муутай материалаар ажлыг дутуу хийж орхисон. Гэрээний хугацаа дууссанаас хойш 43 хоног хүлээж цөхрөөд арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан ба одоог хүртэл биет байдлын доголдолтой хэвээр л байна.Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар№1 Шинжээчийн дүгнэлтээр ...Гэрэлтүүлгийн тэжээлийг татахдаа хэмжээ алдаж үзэмгүй тэгш бус хийгдсэн, далдлуулагчийг дутуу тайрч дотор цахилгааны утсыг ил гаргасан, хаалганы суултыг тэгш бус нээх хаахад саадтай, үүдний амбаараас байшин руу орох хэсэгт шалны ажил дутуу хийгдсэн.Гадна тэжээлийн хамгаалсан бүрээстэй гадна орчинд зориулагдсан кабелиар гүйцэтгэх шаардлагатай. Уг барилгад газардуулга төлөвлөөгүй байна. шалны плитаны ажлыг гүйцэтгэхдээ түвшин зөрөөтэй, плита хоорондын заагийг тэгш бус гүйцэтгэсэн нь нотлогддог.Өндөр настай эмгэн би биет байдлын доголдолтой барилга байгууламжийн дүрэм норм, стандартыг зөрчсөн дутуу барилга байгууламжид амьдрах боломжгүй б өгөөд амь насанд аюултай гэж үзэж байна.Хариуцагч О.А 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор ажлыг хийж дуусгах үүрэгтэй байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргэ зөрчиж, биет байдлын илт доголдолтой байгууламж босгосонд гомдолтой байна.Хариуцагч О.А гэрээ ба хууль зөрчсөн шударга бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч би хөрөнгө мөнгөөрөө их хохирч зардал гарсаар байна.

Иймд хариуцагч О.АИргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 7,793,000 төгрөгийг, энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар 53,5 хувийн гүйцэтгэлтэй буюу биет байдлын доголдолтой хөрөнгөд гэрээний дагуу нийт хөлс болох 15,000,000 төгрөгөөс хувь тэнцүүлэн үнийн дүнгийн 46.5 хувь болох 6,975,000 төгрөгийг, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 3.8-п зааснаар 6,975,000 төгрөгийн 50 хувь болох 3,487,500 төгрөгийг, 227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заанаар өмгөөлөгчийн зардал 3,300,000 төгрөг нийт 21,555,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Чнэхэмжлэлтэй 22,493,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч дараах тайлбарыг гаргаж байна. О.А Ц.Ч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр бид 15,000,000 төгрөгөөр 35 м.кв хувийн сууцыг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барьж дуусгахаар харилцан тохиролцсон. 3 дугаар сарын 30-ны өдөр Чимэгмаа миний данс руу 9,000,000 төгрөг материалын мөнгө болгож шилжүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 5-ны өдрөөс корона вирусийн халдвар тархсаны улмаас УОК-оос бүх нийтийн хөл хориог тогтоож, хот доторх хөдөлгөөнийг хязгаарласан. Дээрх хугацаанд нэмж барилгын материал авч чадахаа больж ажил гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, хугацааг хойшлуулсан. 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн барилгын материалыг 100 айл, Цайз худалдааны төвийн дэлгүүрүүдээс татаж авч, тээвэрлэж буулгаж, ажлыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлсэн. Хувийн сууц барих талбай анх биднийг очиход хоосон байсан. Ажлыг эхлүүлэхдээ би өөрийн төрөл садангийн хүн болох Х.Н, Л.Х , Л.Н, Н.Ннартай хамтарч ажиллаж, ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон. 5 дугаар сарын 20-ны өдөр барилгыг барьж, гаднах ажлыг дуусган 90 хувийн гүйцэтгэлтэй байхад захиалагч байшинг будуулахгүйгээр гадна талыг өөрчилж, блок хаус болгож захиалгаа өөрчилсөн, ингэж өөрчилсөнтэй холбоотой нэмэлт ажлын хөлс, барилгын материалын зардал гарах талаар өөрт нь хэлж байсан. 6 дугаар сарын 15-ны өдөр барилгын гадна, дотор ажил дууссан. Сүүлийн ажлууд болох ханан пийшинг хийж, 50 хувьтай гүйцэтгэлтэй явагдаж байхад Ц.Ч дэлгүүртээ бараа материал татахад зээл хөөцөлдөж байна, барилгын ажлын хэсэг хугацаанд зогсоох саналыг гаргасан зээлээ бүтээхээр дутуу байгаа ханан пийшингийн ажил, үүдний амбаарын дээврийн ажлуудыг гүйцээлгэж, нэмэлт ажил хийлгүүлэх хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Үүнээс хойш Ц.Ч надтай холбогдохгүй удсан тул би залгаж дутуу ханан пийшингээ дуусгая өөр ажил эхлэх гэж байна гэж ярихад хүлээж бай гэж хоёр ч удаа буцаасан дахин холбогдож би өөр ажил эхэллээ гэж мэдэгдэхэд ажлаа хийж бай, эмээ нь холбогдоно гэсэн. Ц.Ч дахиж надтай ажил гүйцэтгэх гэрээний талаар яриагүй, хамт ажиллаж байсан хүмүүс ханан пийшинг дуусгах гээд очих гэхээр байж бай гээд хийлгээгүй. 7 дугаар сарын 18-ны өдөр над руу тус шүүхээс залгаж Ц.Ч нэхэмжлэлийн талаар мэдэгдсэн. Ингээд би захиалагчийг ажлаа дуусгах сонирхолгүй байгаа талаар мэдсэн. Уг хувийн сууцыг барихад дараах бараа материалыг худалдан авсан.

1.Суурь: Гадсан суурьтай гадас турба 224кг-1000=224,000

2. Шал: Шал болон суурь бетонд 2 портер хайрга 2-90,000=180,000

3. 1тн цемент-260,000

4. Шал панер: 13ш-80,000=1,040,000

5. Банз: 3куб-580,000=1,740,000

6. Осбо хавтан: 22ш-30,000=660,000

7. Ш/нуруу банз: 2куб 2-н банз 2*240,000=480,000

8. Дээврийн төмөр: 38,4м-5500=211,200, Шрүп-24,000, Малгай төмөр 40,000

9. Дотор дулаалга: Хөөсөнцөр 10-н зузаантай 3-боодол-120,000=360.000

10. Шилэн хөвөн орос 5-боодол-60,000=300,000

11. Цонх: 1,5*1,5=2,25 2 ширхэг 4,5мк-140,000=630,000

12. Дотор хаалга: 2ш-210,000=420,000

13. Гадна пасад: 4 боодол 5 см зузаан нягт сайн 4-210,000=840,000

14. Булан тор 16ш-5000=80,000

15. Хар замаск 30уут-7000=210,000

16. Гадна эмульс-120,000, Пегмент 2ш-18,000=36,000

17. Дотор аргилит хавтан: Хана 22ш-16,000=352,000 Тааз 15ш-16,000=240,000

18. Ам дарагч 40ш-6000=240,000 Булан 10ш-7000=70,000

19. Шал паркет: 35мк-18,000=630,000 Бэлэн түс, залгаа, булан 180,000

20. Цонх болон хаалганы ирмэг булан 6-6000=36,000

21. Дотор цахилгаан: Дотор монтаж утас 210м-100=210,000

22. Дотор унтраалга 2ш-4000=8000

23. Арзитек залгуур 2ш-4000=8000

24. Утас далдлагч 14ш-4500=63,000,

25. Гал хамгаалагч 2ш-5500=11,000,

26. Хайрцаг 1ш-12,000,

27. Тоосго: 500ш-500=250,000,

28. 80тай шруф 24ш-2500=60,000, 50тай шруф 24ш-2500=60,000, 30тай шруф 24ш-2500=60,000,

29. Тээврийн зардалд: 50,000*6=300,000 төгрөг. Нийт үнэ: 10,645,000. Үлдэх 4,335,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан.

Мөн захиалагч тал 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэмэлтээр дараах ажлуудыг хийлгэсэн.

1.Гадна тал: Блок хаус 56мк 1мк үнэ-45,000=2,520,000, 3*3 прус мод 5боодол 42,000=210,000, Орос панер 4ш-50,000=200,000, Бууны сум 50тай 6-3000=18,000 /Нийлбэр үнэ/=2,948,000

2. Үүдний амбаар: 2м куб-280,000=560,000, Дээврийн төмөр = 120,000 5*7 прус 2ш-50,000=100,000, шал 60*60 хавтан 150,000 төгрөг, Орос панер 1ш-50,000=50,000 /Нийлбэр үнэ/=980,000

3. Дотор лангуу: Хавтан 6ш-55,000=330,000 Хавтан ирмэг наах 45м-1000=45,000 Хавтан зүсвэрийн хөлс 30,000 шруф болон булган төмөр 80,000, лангуу угсралт 300,000, ар панер 17,000-4=68.000, Ногоон хавтан 2ш-60,000=120,000 ирмэг наалт зүсвэр 45,000 /Нийлбэр үнэ/=1,018,000

4. Төмөр хаалга: 2ш-180,000=360,000 Цонхны төмөр хаалт 2ш-150,000=300,000 /Нийлбэр үнэ 660,000 Нэмэлтээр хийлгэсэн ажлын материалын үнэ 5,606,000 төгрөг болсон. Нэмэлтээр хийлгэсэн ажлын бараа материалын мөнгийг Ц.Ч өөрөө банкны картыг надад өгч захиж авчруулж байсан. Дээрх бүх бараа материалуудыг авсан баримтуудыг хавсаргаж хүргүүлэв. Хариуцагч О.А би ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаанд нь биет байдлын доголдолгүй, зориулалтаар ашиглах боломжтой ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагчийн хүсэлтийн дагуу түүний шаардлагад нийцүүлэн барилгын хэмжээ, материал, хугацаанд өөрчлөлт орсон ажлыг бүрэн дуусгах хугацаа хойшилсон нь захиалгагчаас шалтгаалсан. Иймд би дээрх төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч Э.Ариунсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Талууд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 35м.кв талбай бүхий хувийн сууцыг бариулахаар тохиролцсон. Хариуцагч О.А нь таньж мэддэг хүмүүстэйгээ нийлж бригад болж, хамтарч ажилладаг. О.А нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй этгээд байгаа. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр болгож өөрчилсөн. 2021 оны 04 дүгээр сард бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотой байшин барих ажил зогссон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээн дээр 15,000,000 төгрөг тохиролцсон ба үүнээс 9,000,000 төгрөг нь бараа материал, 6,000,000 төгрөг нь ажлын хөлс гэж тохиролцсон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний явцад захиалагч талаас байшингийн м.кв-г нэмж, анх амины орон сууц бариулах байсан бол үйл ажиллагаа явуулах зорилготой байшин болж хувирсан. Үүнд: лангуу, үүдний амбаар, пилта, цонхны хаалт, байшингийн гадна суурийг орос рек мод болгуулахаар өнгө үзэмжид өөрчлөлт оруулах явцыг талууд ажил гүйцэтгэх гэрээ явагдаж байхад тохиролцсон. Хийсэн ажил нэмэгдсэнтэй холбоотой О.А нь Ц.Ч картнаас тодорхой мөнгийг авсан байдаг. Яагаад картнаас нь мөнгө авсан бэ гэхээр Ц.Ч АТМ ашиглаж мэддэггүй байсан учраас О.Ань Ц.Ч данснаас мөнгө авсан энэ талаар маргахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний явцад талуудын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн. Мөн ажил гүйцэтгэх явцад тогны асуудал гарч, захиалагч талаас барилгын материалуудыг бэлдээгүйн улмаас цааш ажил гүйцэтгэх боломжгүй болсон.******* нь байшин болон дээвэр, шалны пилтаны ажлыг тус тус хийж гүйцэтгээгүй орхисон. Нэхэмжлэгч тал тухайн орон сууцыг ашиглаад, тэндээ үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Хариуцагч нь *******гаас авсан төлбөртөө зохих ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг дутуу авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ... О.А би Ц.Ч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр бид 15,000,000 төгрөгөөр 35 м.кв хувийн сууцыг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барьж дуусгахаар харилцан тохиролцсон. Барилгын ажлыг дуусгаж биет байдлаар ашиглах боломжтой болгож байшинг барьж өгсөн. Захиалагч анх сууцыг захиалахдаа гаднах өнгийг будуулж, Г хэлбэрийн сууц, гадсан суурьтай байхаар зураглал гаргаж өгсөн. Гэтэл 5 дугаар сарын 20-ны өдөр байшингийн хэмжээг томруулж, Г хэлбэрийн хоосон зайг болиулж томруулсан, гаднах өнгийг будахаар хөөсөн пасад хийж, будахад бэлэн болгосон байхад блок хаусаар өнгөлөхөөр болгож өөрчилсөн. Мөн нэмэлтээр үүдний амбаар 2-ыг бариулж, сууцанд лангуу, тавиур хийлгэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан эрхийг эдэлж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Гаднах өнгийн блок хаус болгох ажлын хөлсөнд 1,400,000 төгрөг, 2 үүдний шар өнгө бүхий амбаар бариулсан ажлын хөлс 600,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэмэлт ажлуудыг хийлгэх талаар үүрэг өгсөн үеэс ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нэмэгдэх талаар захиалагчид хэлж байсан. Нэхэмжлэгч нар өндөр настай, асран хамгаалах хүүхэд байхгүй болохоор нь нэмэлт ажлын хөлсийг авахгүй, ажлын хөлсгүй хийж өгөхөөр төлөвлөж байсан. Гэтэл захиалагч Ц.Ч ажил гүйцэтгэх гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж, төлбөр нэхэмжилж байгаа тул уг сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд .... Тухайн үед барилгын гадна талд өөрчлөлт оруулж мөн үүдний амбаар хийх талаар ярилцаж байхад гүйцэтгэгч О.А нь ажлын хөлс нэмж авах талаар огт яриагүй. Нэмэлт барилгын ажил явагдаж байх үед гүйцэтгэгч О.А нь маш их доголдолтой ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухай бүрт нь ажил гүйцэтгэгч О.А доголдлыг арилгуулахаар шаардлага тавьдаг байсан боловч шаардлагыг хүлээж авдаггүй байсан. Гүйцэтгэгч О.А хийсэн ажлын үр дүн доголдолтой, барилга бүрэн гүйцэт дуусаагүй, биет байдлаар ашиглах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

7. Нэхэмжлэгчид шүүхэд: иргэний үнэмлэхийн лавлагаа(1хх-ийн4), ажил гүйцэтгэх гэрээ(1хх-ийн6-11),хаан банкны хуулга(1хх-ийн12-13),гэрэл зураг(1хх-ийн14-68),шинжээчийн дүгнэлт(1хх-ийн154-169) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн

8.Хариуцагч талаас шүүхэд:зарлагын баримт(1хх-ийн83-95) эх хувь гаргаж өгсөн.

9. Шүүхээс зохигчдын хүсэлтээр: шинжээчийн дүгнэлт (1хх-ийн129-135), гэрч Х.Нямсүрэн, Б.Бямбаа нараас шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг зэгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 10,462,500 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 11,093,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг шаардлага 2,000,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч шүүхэд анх ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас хохирол 22,493,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаас 21,555,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр ..хариуцагч О.А 35м.кв талбайтай хувийн сууц бариулахаар тохирсон. Гэтэл хариуцагч, хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, биет байдлын доголдолтой дутуу орхисон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,793,000 төгрөгийг, биет байдлын доголдолтой хөрөнгөд гэрээний дагуу төлсөн хөлс 15,000,000 төгрөгийн 50 хувь болох 6,975,000 төгрөгийг, алданги 3,487,500 төгрөгийг, өмгөөлөгчийн зардал 3,300,000 төгрөг нийт 21,555,500 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа өөрчилсөн.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...Анх байшинг бариулахдаа хувийн сууцын зориулалттай байснаа болиод дэлгүүрийн зориулалтай болгож, хэлбэрийг өөрчилсөн. Нэмэлтээр лангуу, амбаар, гадна талыг рек модоор хийлгэх, болсон. Нэхэмжлэгчээс авсан мөнгөн дүн дээр маргахгүй, цахилгааны утсыг өөрсдөө бэлдэж өгөх ёстой атал авч өгдөггүй, түүнчлэн материалын зардлын мөнгө дутсан тэтгэврийн зээл авна гэж ажил гүйцэтгэхэд нэлээн хугацааг алдсан.Мөн дэлхийн нийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио ажил гүйцэтгэхэд нөлөөлсөн. Дутуу ажлыг хийгээд дуусгаад өгье гээд очихоор хийлгэхгүй гээд маргадаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ... нэхэмжлэгч хувийн сууц бариулахаар тохирсон атлаа дэлгүүрийн зориулалттай болгохоор байшингийн хэлбэрийг өөрчилсөн. Нэмэлтээр байшингийн хоёр талд үүдний амбаар, дэлгүүрийн лангуу, цонхны хаалт, байшингийн гадна талыг рек модоор хийлгэхээр тохирсон. Дээрх нийт ажлын хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

6. Нэхэмжлэгч Ц.Ч анх байшинг бариулахдаа нэг талд нь амьдрах нэг талд дэлгүүр ажиллуулахаар тохирч нэмэлт ажлыг хийсэн. Гэхдээ ажлын хөлс өгнө гэж тохироогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

8.    Үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,793,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

8.1. Зохигчид Баянзүрх дүүрэг   дүгээр хороо,   зөрлөг   дугаар гудамж,   тоот хаягт байрлалтай Ц.Ч өмчлөлийн газарт Г-хэлбэрийн, нэг давхар 35.м.кв талбайтай бүхий хувийн сууцыг бариулахаар харилцан тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч О.А нь гэрээнд заасны дагуу 30 хоногийн дотор ажлыг гүйцэтгэж Ц.Ч хүлээлгэн өгөх, захиалагч материалын зардал 9,000,000 төгрөг, ажлын хөлс 6,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудаас гаргасан тайлбар, дээрх бичгийн гэрээ, гэрээний хавсралтаар тус тус тогтоогдсон. (1-ххийн 9-11)

8.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

8.3. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

8.4. Захиалагч Ц.Ч бэлэн болон бэлэн бусаар 22,793,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн Хаан банкны 00 данснаас 20,798,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн Хаан банкны 00 дансанд шилжүүлсэн болох нотлогдсон, хариуцагч нь нэхэмжлэгчээс дансаар мөнгө авсан үйл баримтын талаар маргаагүй. (1-ххийн 12-13)

8.5. Харин талууд гэрээний зүйл болох ажлын үр дүнд доголдол үүсэх болсон шалтгаан, нөхцөлийн талаар маргаж, нэхэмжлэгч Ц.Ч ....ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас доголдол үүссэн тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн болон өөрт учирсан хохирол, гэрээнд зааснаар алданги зэрэг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч******* ...байшингийн зураглал хэлбэр дүрсийг өөрчилсөн, нэмэлтээр гэрээнд тусгаагүй ажлыг гүйцэтгэхэд материалын зардал дутсан. Нэхэмжлэгч тэтгэврийн зээд авч материалын мөнгийг өгнө, цар тахлын улмаас хөл хорио тогтоосны улмаас хугацаа алдсан. Дутуу ажлыг хийж гүйцэтгэхээр очихоор маргаан үүсгээд ажлыг хийлгэдэггүй, цахилгааны утас авч өгөөгүй зэргээс улмаас доголдол үүссэн гэж тус тус тайлбарлаж маргасан.

8.6. Шүүх зохигчдын хүсэлтээр талуудын маргааны зүйл болох барилгыг зураглалын дагуу гүйцэтгэсэн эсэх, стандартын дагуу ажлыг гүйцэтгэсэн эсэх доголдол үүссэн эсэх, нэмэлтээр ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэх, гүйцэтгэсэн эсэх, хувийн сууцын талбайн хэмжээг тодорхойлон тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан.

8.7.Шинжээч Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн захиалагчийн хяналтын инженер М.Т , Г.Бнарын дүгнэлтэд ...Үндсэн барилга батлагдсан зураг, төсөл байхгүй тул хариулт өгөх боломжгүй, үндсэн барилгын гадна ханын гүйцэтгэл-90%, дотор заслын ажил-60%, шувуу нурууны дээврийн ажил-85%, дээврийн дотор талын барилгын ажил-80%, таазны ажил-85%, үүдний амбаарын ажил 60%, пийшингийн өрлөгийн ажил 50%, барилгын цокл хэсэг блокон өрлөгөөр халхлагдсан тул суурийн тэгш эсэх, гадсан суурийн стандартын дагуу угсрагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. шал, шалны плита, хаалга, дотор цахилгааны монтажийг ажлыг стандартын дагуу гүйцэтгээгүй болно гэж дүгнэсэн. Шинжээчээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд талууд танилцаж, маргаагүй. (1-ххийн 106-133)

8.8. Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг харьцуулан үзвэл гүйцэтгэгч нь барилгын батлагдсан зураглалын дагуу ажлыг гүйцэтгээгүй, байшингийн хэлбэрийг өөрчилснөөс ажлын гүйцэтгэлийн доголдол үүссэн байна.

8.9. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 7,793,000 төгрөгийг үндэслэлгүй авсан гэж маргаж шаардсан.

8.10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

8.11. Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь хөрөнгийн эзний зөвшөөрлийг үүргийн суурь хэлцлийн замаар аваагүй, зөвшөөрөл олгосон ч энэ нь хүчин төгөлдөр бус байгаа тохиолдлыг ойлгоно.

8.12. Маргааны үйл баримтаас үзэхэд Ц.Ч О.А нарын хооронд хувийн сууц бариулахаар харилцан тохиролцож, тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагджээ.

8.13. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүйгээр 7,793,000 төгрөгийг авсан гэж шаардсан боловч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхгүй.

8.14. Нэхэмжлэгч хариуцагчаас 7,793,000 төгрөгийг шаардах үндэслэлээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.

8.15.Иймд хариуцагч үндэслэлгүйгээр олж авсан гэх 7,793,000 төгрөгийн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй, доголдолтой ажлын доголдлыг арилгуулахаар нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээнд заасан ажлын хөлс 15,000,000 төгрөгийн 50 хувь болох 6,975,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

9.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн ажлыг нэрлэн зааж гүйцтгэсэн хувийг дурдсан. Дээрх шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. (1-ххийн 106-133)

9.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

9.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж заасан.

9.4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний:

2.1. гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Хувийн сууц 35м.кв;

3.1.гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 15,000,000 төгрөг байна;

3.3.хөлс төлөх хугацаа: урьдчилгаа 9,000,000 төгрөгийг 2021.03.23-д шилжүүлнэ. Үлдэгдэл 6,0000,000 төгрөгийг ажил дууссаны дараа шилжүүлнэ;

3.5.1. ажил гүйцэтгэх хугацаа: 2021.03.29-2021.04.29-нийг хүртэл 30 хоног;

3.6. Ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журам:гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхдөө энэ талаар баримт үйлдэж хүлээлцэнэ. Баримтад фото зураг хавсаргаж, гэрээний талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчинтэй. Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгнө.

3.7. Эд хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөхөд тээврийн зардал гарах эсэх: гүйцэтгэгч хариуцна.

3.8. гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.

5.1. Ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг ажил гүйцэтгэгч хариуцна.

5.7. Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс/ хариуцах үүрэгтэй.

6.2. Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй.

-Ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцтэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах,эсхүл шинэ ажил гүйцэтгүүлэх,

-Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцтэгч ямар нэгэн арга хэсжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэх,

-Ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор ажлыг шинээр гүйцэтгэж шинэ үр дүнг захиалагчид шилжүүлсэн бол өмнө нь шилжүүлсэн зүйлээ буцааж авах,

-Захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээн аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх,

6.6.Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэхээс өнө гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн ажлын үр дүн устсан гэмтсэн тохиолдолд би болох эрсдэлийг ажил гүйцэтгэгч хариуцна.

7.2. Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226-д зааснаар нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

8.2. талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж тохиролцжээ.

9.5. Хариуцагч ... захиалагч барилгын хийц өөрчилснөөс нэмэлт зардал гарсан, нэхэмжлэгч тэтгэврийн зээл хөөцөлдөж байна. гэснээр хугацаа алдсан, мөн цар тахалтай холбоотой хөл хорио тавигдсан.Цахилгааны утсыг авч өгөөгүй, ажлыг гүйцэтгэж дуусгахаар очиход, маргаан үүсгээд ажил хийлгээгүй гэж тайлбарлаж маргадаг.

9.6. Хэрэгт хариуцагч талаас 14,154,600 төгрөгийн үнэ бүхий Зарлагын баримт-ыг шүүхэд гаргаж өгсөн.Дээрх баримтад дурдагдсан нэр төрлийн материалыг нэхэмжлэгчийн хувийн сууц барихад хэрэглэсэн гэж хариуцагч тайлбарладаг. Гэвч уг баримтад бичигдсэнээр худалдан авсан бараа материалын огноо 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох, уг баримтад худалдан авагчийн нэр бичигдээгүй тул шүүх үнэлэх боломжгүй. (1хх-ийн 83-95)

9.7. эхэмжлэгч дутуу хийсэн ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг удаа дараа хариуцагчаас шаардсан, хариуцагч хүлээн авахгүй, ажлыг гүйцэтгээгүй улмаас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэж тайлбарладаг.

9.8. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй.  гэж зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул захиалагч үүргийн харилцааг цаашид дуусгавар болгожээ.  

9.9. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д гүйцэтгэгч нь барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх, 40.1.12-т барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

9.10.  Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг доголдолгүй гэнэ, 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж заасан. Талуудын байгуулсан гэрээнд ажлын үр дүнгийн чанарын талаар тусгайлан заагаагүй тул гүйцэтгэгч нь захиалагчаас барилгын хэлбэрийг өөрчлөх саналыг хүлээн авч, өөрчилсний улмаас тохирсон зориулалтаар ашиглагдах боломжтой ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

9.11.Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг харьцуулан үзвэл гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлгүй, ажлын төсөв зохиогүй, төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй улмаас захиалагч гэрээнээс татгалзсан байна.

9.12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь илэрсэн доголдлыг хариуцагчаар арилгуулах арга хэмжээ авсан боловч ажлын үр дүнгийн доголдол засагдаагүй, учирсан доголдол хэвээр байгаа болох нь Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд тодорхой үр дүнд хүрээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

9.13. Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг харьцуулан үзвэл гүйцэтгэгч нь ...Үндсэн барилга батлагдсан зураг, төсөл байхгүй тул хариулт өгөх боломжгүй, үндсэн барилгын гадна ханын гүйцэтгэл-90%, дотор заслын ажил-60%, шувуу нурууны дээврийн ажил-85%, дээврийн дотор талын барилгын ажил-80%, таазны ажил-85%, үүдний амбаарын ажил 60%, пийшингийн өрлөгийн ажил 50%, барилгын цокл хэсэг блокон өрлөгөөр халхлагдсан тул суурийн тэгш эсэх, гадсан суурийн стандартын дагуу угсрагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй, шал, шалны плита, хаалга, дотор цахилгааны монтажийг ажлыг стандартын дагуу гүйцэтгээгүй гэж шинжээчийн дүгнэсэн дүгнэлтэд дурдагдсан ажлыг хийж гүйцэтгээгүй болох тогтоогдсон гэж үзэв.

9.14. Хэдийгээр гэрээний зүйлийг талууд харилцан тохиролцож өөрчилж нь үйлчилгээ явуулах зориулалттай болгохоор тохиролцсон боловч хариуцагч уг ажлын үр дүнг иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл хугацаанд цахилгааны монтажийн ажлаас бусад шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ажлыг хариуцагч гүйцэтгэх боломжтой байхад нэхэмжлэгчийг тэтгэврийн зээл авах, цахилгааны утсыг авч өгөөгүйн улмаас хугацаа алдсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

9.15. Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэсэн ажлыг доголдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6,975,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.

10. Алданги 3,487500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

10.1.Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний:

         3.5.1.-д ажил гүйцэтгэх хугацаа: 2021.03.29-2021.04.29-нийг хүртэл 30 хоног,

         3.8.-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохирчээ.

10.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

10.3.Хариуцагч цар тахал ковидын улмаас хөл хорио тогтоосон, нэхэмжлэгч барилгын хийцэд өөрчлөлт орсноос материалын зардал хүрэхгүй тэтгэврийн зээл авч өгнө гэснээр хугацаа алдсан гэж тайлбарладаг.

10.4.Зохигчдын хооронд тохиролцсон гэрээг байгуулсан гэх 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарснаас хойш тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан цахилгааны монтажийн ажлаас бусад ажлыг гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

10.5. Иймд хариуцагчаас Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д зааснаар алданги 3,487500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзэв.

11.Өмгөөллийн хөлс 3,300,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

11.1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д ......шүүхэд гомдол гаргах, ....өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. гэж хуульчилсан.

11.2. Нэхэмжлэгч Ц.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч   нартай хүсэл зоригоо илэрхийлж гэрээний агуулгыг тодорхойлон чөлөөтэй байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчимд нийцсэн, үйлчлүүлэгч өмгөөлөгч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэж үзэв.

11.3. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ. гэж зааснаар өмгөөлөгч нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, үйлчлүүлэгч нь гэрээгээр тохирсон өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс төлөх үүргийг хүлээнэ.

11.4. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлж, Ц.Ч гэрээнд тохирсон өмгөөллийн хөлсийг төлж, тэдгээрийн хооронд гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа дуусгавар болох учиртай.

11.5. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь нэр бүхий өмгөөлөгч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэрээ байгуулсан хэдий ч өмгөөлөгчид хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй.

11.6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмгөөлөгчид хөлс төлсөн гэх өөрийн тайлбар, нэхэмжлэлэийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох эрхээ алдсан гэж үзэхээр байна.

11.7. Иймд өмгөөллийн хөлс 3,300,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

12. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 7,793,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,300,000 төгрөг нийт 11,093,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.А ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6,975,000 төгрөг, гэрээний 3.8.-д зааснаар алданги 3,487,500 төгрөг нийт 10,462,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

13. 2,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

13.1. Хариуцагч О.А гэрээнд зааснаар ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгч барилгын хийцийг өөрчилж, нэмэлтээр дэлгүүрийн лангуу, цонхны хаалт, байшингийн гадна талыг рек модоор өнгөлөх ажлыг хийлгэсэн хөлсөнд 1,400,000 төгрөг, үүдний 2 амбаар бариулсан хөлсөнд 600,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

13.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 346.2-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж заасан.

13.3. Зохигчид барилгын хэлбэр хийцийг өөрчлөх, гүйцэтгэгч нэмэлтээр ажил гүйцэтгэхээр тохиролцсон бол талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээн-д нэмэлт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх, захиалагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх үүрэгтэй.

13.4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар гэрч Б.Бямбаа, Х.Нямсүрэн нарын мэдүүлгээр хариуцагч дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч хариуцагчийг дээрх ажлыг үр дүнд маргаагүй тул хариуцагч шаардах эрхтэй.

13.5. Иймд Ц.Ч 2,000,000 төгрөгийг гаргуулж О.А олгож, сөрөг шаардлагыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232,6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.А ас 10,462,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчЦ.Ч  олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,093,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,сөрөг шаардлагад Ц.Ч 2,000,000 төгрөгийг гаргуулж О.А олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 681,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг шаардлагад урдчилан төлсөн хураамж 15,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Ч гаргуулж О.А олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Т.ГАНЧИМЭГ