Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02134

 

 

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02134

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04314 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 21,555,500 төгрөгийг гаргуулах үндсэн, 2,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч Ж.Буджав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, татгалзал, тайлбарын агуулга: Өөрийн эзэмшлийн хашаандаа 35 м.кв хувийн сууц бариулахаар Б-тай 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 30 хоног ба байшин барихад шаардагдах материалыг оруулан тооцож ажлын нийт хөлсийг 15,000,000 төгрөгөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээ хийсэн өдрөө 9,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийг ажил дууссаны дараа өгөхөөр гэрээнд заасан байсан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа эхлэх байсан боловч цар тахлын улмаас хөл хорио тогтоосон юм. Тухайн үед Б- нь нэхэмжлэгчээс 1,000,000 төгрөг өгөхийг хүссэн учраас түүний данс руу шилжүүлэн авсан.

Б- 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр наадмаас өмнө байшинг дуусгаж өгнө гэж хэлээд ажлаа эхлүүлсэн. Гүйцэтгэгч Б- нь хийх ажил нь дуусаагүй байхад надаас үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хэд хэд хувааж авсан. Нэхэмжлэгч А- Б-д итгэн банкны картаа өгч явуулдаг байсан. Б- материал авна гэж хэлээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3,300,000 төгрөгийг авсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 813,000 төгрөгийг аавын гэр үерт автсан гэж хэлээд авсан. Мөн бэлнээр 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр пийшингийн мөнгө 300,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрлийн мөнгө 80,000 төгрөгийг авсан.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 22,793,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн байна. Хариуцагч Б- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу ажлын үр дүн нь доголдолтой талаар хэлэхэд доголдлыг арилгаж өгөөгүй. Мөн гүйцэтгэсэн ажлаа бүрэн гүйцэтгэж ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгөөгүй.

Иймд хариуцагч Б-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,793,000 төгрөг, 53,5 хувийн гүйцэтгэлтэй буюу биет байдлын доголдолтой хөрөнгөд гэрээний дагуу нийт хөлс болох 15,000,000 төгрөгөөс хувь тэнцүүлэн үнийн дүнгийн 46.5 хувь болох 6,975,000 төгрөгийг, алданги 6,975,000 төгрөгийн 50 хувь болох 3,487,500 төгрөгийг, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн зардал 3,300,000 төгрөг нийт 21,555,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн үед барилгын гадна талд өөрчлөлт оруулж мөн үүдний амбаар хийх талаар ярилцаж байхад гүйцэтгэгч Б- ажлын хөлс нэмж авах талаар огт яриагүй. Нэмэлт барилгын ажил явагдаж байх үед гүйцэтгэгч Б- ажлыг доголдолтой хийсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр талууд 15,000,000 төгрөгөөр 35 м.кв хувийн сууцыг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барьж дуусгахаар харилцан тохиролцсон. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс цар тахлын улмаас хөл хориог тогтоож, хот доторх хөдөлгөөнийг хязгаарласан. Дээрх хугацаанд нэмж барилгын материал авч чадахаа больж ажил гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, хугацааг хойшлуулсан.

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн барилгын материалыг татаж авч, тээвэрлэж буулгаж, ажлыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барилгыг барьж, гаднах ажлыг дуусган 90 хувийн гүйцэтгэлтэй байхад захиалагч байшинг будуулахгүйгээр гадна талыг өөрчилж, блок хаус болгож захиалгаа өөрчилсөн, ингэж өөрчилсөнтэй холбоотой нэмэлт ажлын хөлс, барилгын материалын зардал гарах талаар хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилгын гадна, дотор ажил дууссан.

Сүүлийн ажлууд болох ханан пийшинг хийж, 50 хувьтай гүйцэтгэлтэй явагдаж байхад А- дэлгүүртээ бараа материал татахад зээл хөөцөлдөж байна, барилгын ажлын хэсэг хугацаанд зогсоох саналыг гаргасан зээл аваад дутуу байгаа ханан пийшингийн ажил, үүдний амбаарын дээврийн ажлуудыг гүйцээлгэж, нэмэлт ажил хийлгүүлэх хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Үүнээс хойш 2 удаа А-тай утсаар ярьсан боловч, эргээд холбогдоно гээд яриагүй, хамт ажиллаж байсан хүмүүс ханан пийшинг дуусгах гээд очиход хийлгээгүй. Гэтэл гэнэт шүүхээс залгаж нэхэмжлэл ирсэн талаар мэгдэгдсэн. Уг хувийн сууцыг барихад нийт 10,645,000 төгрөгийн барилгын материал авсан, үлдэх 4,335,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан.

Мөн захиалагч тал 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмэлтээр лангуу, үүдний амбаар, төмөр хаалга, гадна талын блок хаус зэрэг ажлуудыг хийлгэсэн ба материалын үнэ 5,606,000 төгрөг болсон. Нэмэлтээр хийлгэсэн ажлын бараа материалын мөнгийг А- нь банкны картаа Б-д өгч, захиж авчруулж байсан. Мөн ажил гүйцэтгэх явцад цахилгааны асуудал гарч, захиалагч талаас барилгын материалуудыг бэлдээгүйн улмаас цааш ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Б- нь байшин болон дээвэр, шалны плитаны ажлыг тус тус хийж гүйцэтгээгүй орхисон. Хариуцагч нь А-гаас авсан төлбөртөө зохих ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг дутуу авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиалагч анх сууцыг захиалахдаа гаднах өнгийг будуулж, Г хэлбэрийн сууц, гадсан суурьтай байхаар зураглал гаргаж өгсөн. Гэтэл 5 дугаар сарын 20-ны өдөр байшингийн хэмжээг томруулж, Г хэлбэрийн хоосон зайг болиулж томруулсан, гаднах өнгийг будахаар хөөсөн фасад хийж, будахад бэлэн болгосон байхад блок хаусаар өнгөлөхөөр болгож өөрчилсөн. Мөн нэмэлтээр үүдний амбаар 2-ыг бариулж, сууцанд лангуу, тавиур хийлгэсэн. Гаднах өнгийн блок хаус болгох ажлын хөлсөнд 1,400,000 төгрөг, 2 үүдний шар өнгө бүхий амбаар бариулсан ажлын хөлс 600,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232,6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Б-аас 10,462,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,093,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагад А-гаас 2,000,000 төгрөгийг гаргуулж Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 681,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг шаардлагад урьдчилан төлсөн хураамж 15,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А-гаас гаргуулж Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б- анх А-гийн хоосон хашаанд 40 м.кв бүхий хувийн сууцыг барьж өгсөн. Бодит байдал дээр бидний барьсан байшин хүн амьдрах боломжтой, 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа. Пийшингийн өрлөг дуусаагүйгээс болж дотор засал, байшингийн дээвэр бүрэн дуусаагүй байгаагаа хүлээн зөвшөөрнө.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдож, дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд 53.5 хувийн гүйцэтгэлтэй баригдсан гэж дурдагдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь өмнө байшингийн гүйцэтгэлийг 90 хувьтай байгааг хүлээн зөвшөөрч үнэлгээ тогтоолгосон байдаг. Мөн хариуцагчийн хийж дуусгах ажлын жагсаалтыг А- өөрөө нэрлэн зааж, уг ажлуудыг хийлгэхээр эвлэрч байсан. Ажил гүйцэтгэх гэрээний явцад захиалагч тал нэмэлтээр пийшингийн ажил хийлгэхээр болсон тул байшингийн дээвэр бөглөөгүй, дотор засал дуусгах боломжгүй болсон. Захиалагч нэмэлтээр уг ажлыг захиалж хийлгээгүй бол аль хэдийнээ байшинг бариад дуусгах боломжтой байсан.

Анх гэрээгээр тохирсон ажлууд бүгд 90 хувиас дээш хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Монголын хөрөнгө хохирол үнэлгээчдийн холбоо-гоор барилгын нийт үнэлгээг гаргаж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч шүүхэд нотлох баримтаар өгсөн. Уг дүгнэлтийг ч мөн хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бууруулж байсан. Нэхэмжлэгч үнэлгээг гаргахдаа үнэлгээчинг байшин дээр аваачиж байгаад гаргуулсан гэж тайлбарлаж энэ бол бодит үнэлгээ гэж маргадаг. Энэ үнэлгээгээр байшингийн нийт үнэлгээг 17,699,012 төгрөг байна гэж тооцож байсан.

Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэлийн хувийг гаргасан, харин дээрх дүгнэлтээр хөрөнгийн нийт үнэлгээг гаргасан. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэлийн хувь дээр маргаагүй, харин ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн мөнгөндөө дүйцэхүйц ажил хийлгээгүй үйл баримтад маргадаг. Гэтэл шилжүүлсэн мөнгөнд тохирох бараа материал байшинд орсон талаарх дүгнэлт хэрэгт хавсаргагдсан байна. \хх-156-164\

Нэхэмжлэлийн шаардлагад ажил гүйцэтгэх гэрээний дагуу алданги 3,487,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр барилгын ажил эхэлж 2021 оны 8 сарын эхээр барилгын материал дутаж барилгын ажил зогссон. Нэхэмжлэгч материал аваад дуудна гэж хэлээд ажлыг зогсоосон. Энэ талаар гэрч Х.Нямсүрэнгийн мэдүүлэгт байгаа. Энэ хүртэл хугацаанд бидний хооронд гэрээтэй холбоотой маргаан гараагүй.

Нэхэмжлэгч нь 2 дугаар шаардлагаараа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр хуульд татгалзал гэж тодорхойлсон ч ажил гүйцэтгэх уг гэрээний хувьд татгалзал биш цуцлалт яригдаж байна гэж ойлгож байна.

Харин алданги бол талуудын гэрээний дагуу хүлээж буй үүрэг. Нэхэмжлэгч 2021 оны 9 сард нэхэмжлэл гаргахдаа өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Нэгэнтээ гэрээг цуцлах шаардлагыг аль хэдийн гаргаж, гэрээг цуцалсан атлаа гэрээний дагуу үүрэг шаардах эрхгүй байна гэж үзэж байна. Иймд алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажлаа цааш үргэлжлүүлж чадахгүй болсон шалтгаан нь захиалагч талаас болсон. Захиалагч ажил гүйцэтгэх материалаар хангаагүй, барилгын талбайд оруулахгүй удаа дараа хойшлуулсаар барилгын ажил зогссон. Энэ талаарх үйл баримт гэрч Нямсүрэнгийн мэдүүлгээр нотлогдоно. Өөрөө хэлбэл, ажил гүйцэтгэж чадаагүй нь захиалагч талын буруугаас болсон тул гэрээний дагуу алданги төлөх үндэслэлгүй юм. Хариуцагч талаас байшингийн засварын ажлыг дуусгаад өгье, нэмэлт ажлын хөлсийг төлбөл эвлэрье гэдэг саналыг удаа дараа тавьж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв шийдвэрлэсэн. Барилга хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт нь тухайн барьсан барилга байгууламжийн биет байдлын доголдолттой холбоотой гарсан. Гэрээнээс татгалзаж байгаа болохоо хангалттай илэрхийлсэн. Хөл хориотой холбоотой гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж мөн өдрөөс гэрээний 30 хоногийн хугацаа үйлчилж эхэлсэн. Иймд гэрээний хугацаа буюу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг бэлэн болгох байсан хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох байсан. Тухайн барилга байгууламжийн м.кв 40 м.кв байсан гэж хариуцагч талаас хэлдэг гэтэл хэрэгт авагдсан баримтаар 35 м.кв гэдэг нь тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохирол, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 21,555,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэмэлт ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 өдөр 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь А-гийн өмчлөлийн газарт 35 м.кв талбай бүхий 1 давхар хувийн сууцыг 30 хоногийн хугацаанд барих, захиалагч нь ажлын хөлс 15,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна /1хх 10-11/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

3.1 Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний хэрэгжих хугацаа хойшилж байсан боловч нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолоос шалтгаалан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандаж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан байна. Талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээн дээр маргаж буй боловч ажлын үр дүнгийн доголдол байгаа дээр хариуцагч маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдсон байна /1хх 130-134/.

 

3.2 Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан, үүнтэй холбоотой хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйг залруулж өөрчлөлт оруулна.

Өмнө дурдсанаар ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотойгоор захиалагч нь гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр хариуцагчийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүн нь 50-90 хувийн гүйцэтгэлтэй болохыг тогтоосон, уг дүгнэлттэй талууд маргаагүй /1хх 130-134/.

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ, доголдлын шинж чанар, арилгах хэмжээг харгалзан хариуцагчийг гэрээгээр тохирсон ажлын 60 хувийг хийж гүйцэтгэсэн гэж үзэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх ажлын үр дүнгийн доголдлын хохирлыг 6,975,000 төгрөгөөр тооцсоныг ажлын үр дүнгийн 40 хувиар тооцож 6,000,000 төгрөг болгон өөрчилнө. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотой хохирол шаардах эрхийн хуульд заасан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүйг залруулсан өөрчлөлт оруулж байна.

 

3.3 Гэрээний 3.8 дахь хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Ажлын үр дүнг доголдолгүйгээр гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл анзын тохиролцоо үйлчилнэ. Анхан шатны шүүхийн хариуцагчаас алданги гаргуулсан хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэхдээ гүйцэтгээгүй ажлын үр дүнг харгалзан 3,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагчийн зүгээс гэрээ цуцалсны хохиролд алданги тооцогдохгүй гэж маргаж буй боловч гэрээ цуцлах хүртэлх хугацааны алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болно.

 

4. Иймд хариуцагч Б-аас 11,093,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 9,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилж, холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсэгт гомдол гараагүй тул эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг хасч, 343.1 гэсний дараа 355 дугаар зүйлийн 355.1 гэж нэмж, 10,462,500 гэснийг 9,000,000 гэж, 11,093,000 гэснийг 12,555,500 гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтын 681,075 гэснийг 158,950 гэж өөрчилж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ