Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 141/шш2022/00227

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******-” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: “...Манай байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Мал хамгаалах санд 333,033,200 төгрөг төлөхөөр болсон бөгөөд шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш өөрийн байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлого болон санхүүгийн байдлаас хамааран тодорхой хэмжээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажиллаж байгаа билээ. Гэвч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр компанийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхэд хууль зөрчиж ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулж буйг таслан зогсоож шийдвэр гүйцэтгэгчийн, эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль түүний үндсэн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах үүргийг хүлээдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвхөн шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан үндэслэл журмын дагуу, гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн тус шүүхэд гаргаж өгсөн тайлбарт хариуцагч нь Мал хамгаалах сан төлбөр авагчтай “******* ” ХХК төлбөр төлбөр төлөгчтэй шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа боловч мөн хэрэгт авагдсан баримтаар төлбөрийг Очирбат овогтой өмчлөлийн эд хөрөнгөөр барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүний хувийн өмч халдашгүй байх бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу хувийн өмчид халдах боломжтой байхаар зохицуулалтай байдаг ба хариуцагч байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдэл гэж үзэж байна. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөөс тэргүүн ээлжинд төлбөрийг гаргуулах ажиллагааг хийх ёстой байтал төлбөр төлөгч байгууллагын үүсгэн байгуулагч гэсэн үндэслэлээр хүний хувийн эд хөрөнгөд үндэслэлгүйгээр халдсан нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “өмчлөлдөө буюу эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх, олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөр хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд “******* ” ХХК нь өөрийн нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуулийн этгээдийн хувьд төлбөр төлөгчөөр тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.5 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байх ба Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу компани өөрийн бүх эд хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу хариуцлага хүлээх этгээд нь “*******-” ХХК байхад хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу компанийн эд хөрөнгө хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө гэж тодорхой зааглагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэж заасан тул хувьцаа эзэмшигчээс төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч Компанийн дүрэмд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тодорхой заасан, Завхан аймгийн төрийн санд жил бүр компанийн эд хөрөнгө болон санхүүгийн байдлын талаарх тайланг хүргүүлж, компанийн эд хөрөнгийн өөрчлөлтийг бүртгүүлсэн байгаа нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй буюу хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө нь хуулийн этгээдийн эд хөрөнгөөс тодорхой зааглагдсан байгаа нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны харьяа “Мал хамгаалах сан”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******-” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 343.063.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурджээ. Төлбөр төлөгч “*******-” ХХК-ийн нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь 2019 оны 04 дүгээр сарын 19-нд ШШГЕГ-аас төрийн байгууллагуудын лавлагааны системээс авсан лавлагаа, 2019 оны 04 дүгээр сарын 22-нд арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх мэдэгдэл, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/322 дугаар албан тоотоор Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “*******-” ХХК-ийн үүсгэн байгуулсан баримт бичиг, компанийн дүрмийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/219 дүгээр албан тоотоор ШШГЕГ-ийн мэдээлэл лавлагаа дүн шинжилгээний тасагт лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/220 дугаар албан тоотоор Гаалийн ерөнхий газарт лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/221 дүгээр албан тоотоор Завхан аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн лавлагаа зэргээр “*******-” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкнууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн үүсгэн байгуулагч О. өмчлөлийн Ү0916000009, , , , дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн ******* сумын 2-р баг, ******* хэсэг, боомтод тус тус байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 19130049/32 дугаар тогтоолоор битүүмжлэх ажиллагааг явуулсан байна. Төлбөр төлөгч “*******-” ХХК-ийн “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны харьяа “Мал хамгаалах сан”-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01 ний өдрийн 2017/Y/26 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, ******* /ШЖ680722017/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037475 дугаартай дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1/161001, гудамж, 39 дүгээр байрны 100 тоотод байрлах 87,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууц нь ******* овогт ******* /ШЖ680722017/-ийн өмч /нэг хүний өмч/ болох нь дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2021 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 19130049/02 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19130049/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Баян Модот” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 190.168.400 /нэг зуун ерэн сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун/ төгрөгөөр үнэлсэн үнээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Манай байгууллага Ковид-19 цар тахал болон дэлхий дахинд болж буй дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон бөгөөд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очиж шүүх хуралдаанд биечлэн оролцох санхүүгийн боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхэд бичгээр гаргаж өгсөн нэмэлт тайлбарын хүрээнд нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд “*******-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл,”*******-” ХХК-ийн №******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2022/09281 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4/610 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4-141/12210 дугаартай мэдэгдлийн хуулбар, “*******-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

Хариуцагч талаас шүүхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/453 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн б/361 дугаартай “Зарим хүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх олгох тухай” тушаалын хуулбар, “Мал хамгаалах сан”-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/Y/26 дугаартай ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №2017/Y/26 дугаартай ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн №2017/Y/26 тоот гэрээний барьцааны гэрээ, дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрийн баруун бүс-1, /16100/, гудамж 39 дүгээр байрны 100 тоотод байршилтай 87,5 м.кв гурван өрөө байрны № дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*******-” ХХК-ийн дүрмийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 8/2198 дугаар албан бичгийн хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/455 дугаар албан бичгийн хуулбар, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон банк”, “Кредит банк”, “Худалдаа хөгжлийн банк”-ны төлбөр төлөгчийн дансны мэдээллийн лавлагаанууд, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 19130049/08, 19130049/09, 19130049/10, 19130049/11, 19130049/12, 19130049/13,19130049/14, 19130049/15 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолуудын хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22130072/01, 19130019/32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Завхан аймгийн ******* сумын ******* баг суурийн боомтод байрлах 54 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000207372 дугаартай гэрчилгээний хуулбар, 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн №000207554 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн №000207297 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 800 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 494 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22130072/02, 19130049/33 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Төрийн байгууллагын лавлагаа мэдээллийн системээс авсан “*******-” ХХК болон О. холбоотой лавлагаа, мэдээллүүд, “*******-” ХХК-ийн эд хөрөнгийн болон хаягийн лавлагаанууд, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр төлөгчийн Хаан, Хас, Голомт, Төрийн банкнууд дахь данс шалгасан тэмдэглэл, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай “*******-” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамж, 50 дугаартай гүйцэтгэх хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19130049 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, О. газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Харин хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх нотлох баримт цуглуулаагүй болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг төлөөлж 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 07-өдрийг хүртэлх хугацаанд , түүнээс хойш ******* оролцох эрхтэй болох нь “*******-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22/14 дугаартай шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр, хариуцагч талыг төлөөлж шийдвэр гүйцэтгэгч Л. оролцох эрхтэй болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/453 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “*******-” ХХК нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан “шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана” гэж заасны дагуу “*******-” ХХК нь ийнхүү тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр компанийн өмчлөлийн эд хөрөнгөөс бус миний хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхэд хууль зөрчин ноцтой халдаж байгаа үйлдэл...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал нь “...Төлбөр төлөгч “*******-” ХХК-ийн нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн үүсгэн байгуулагч О. өмчлөлийн Ү0916000009, , , , дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн ******* сумын 2-р баг, ******* хэсэг, боомтод тус тус байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 19130049/32 дугаар тогтоолоор битүүмжлэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч “*******-” ХХК-ийн “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны харьяа “Мал хамгаалах сан”-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01 ний өдрийн 2017/Y/26 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037475 дугаартай дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1/161001, гудамж, 39 дүгээр байрны 100 тоотод байрлах 87,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нэг хүний өмч буюу О. өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд 2021 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 19130049/02 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19130049/03 дугаар тогтоолоор хөрөнгийн битүүмжилж, хураан хөрөнгийн үнэлгээний “Баян Модот” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 190.168.400 төгрөгөөр үнэлсэн бөгөөд албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж мэтгэлцжээ.

Шүүх “*******-” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан нь “*******-” ХХК-д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/Ү/26 дугаартай “ ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй  байгуулах зээлийн гэрээний үүрэг 343,063,080 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд ирүүлж, тус шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Зохигч талууд эвлэрлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 80.033.200 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 70.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900019044 дансанд төлөх, алданги болох 110.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан нь “*******-” ХХК-тай  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/Ү/26 дугаартай “ ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй  байгуулах зээлийн гэрээ”,  уг гэрээний барьцааны гэрээгээр дүүргийн 20-р хорооны үйлдвэрийн баруун бүс-1 гудамж 39-р байрны 100 тоот, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум 5-р баг Ац модны сайрын аманд байрлалтай 42м2 шатахуун түгээх станц, уг аманд байрлалтай 10,000м2 газар зэргийг барьцаалсан байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учир тус шүүхэд ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19130049 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлжээ.

Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “*******-” ХХК-ийн нийт хөрөнгө нь төлбөрийн шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22130072/01, 19130049/32 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “*******-” ХХК-ийг үүсгэн байгуулагч О. өмчлөлийн Завхан аймгийн ******* сумын ******* багийн боомтод байрлалтай улсын бүртгэлийн Ү0916000009 дугаартай 800 м.кв шатахуун түгээх станц, агуулах, улсын бүртгэлийн дугаартай 494 м.кв үйлдвэрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай 54 м.кв харуулын байр, граж, улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв оффисын зориулалттай байр, улсын бүртгэлийн дугаартай 63 м.кв ажилчдын байрыг тус тус битүүмжилсэн байна.

Нэхэмжлэгч тал нь дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийх ажиллагааг зохицуулсан бөгөөд хуулийн 44.3-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, 44.4-т “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал буюу төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн дээрх явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш эсвэл энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг шийдвэрлэсэн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгч буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуулийн зохицуулалттай байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22130072/01, 19130049/32 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “*******-” ХХК-ны эд хөрөнгийг битүүмжилсэн талаар компанийн захирал О.т тус өдрөө мэдэгдсэн болох нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22130072/02, 19130049/33 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, тухайн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй байна. Түүнчлэн дээрх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан эсэх, хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хугацаа сэргээлгэсэн эсэх талаарх ямар нэгэн нотлох баримт шүүхэд  шүүхэд ирүүлээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь “*******-” ХХК-ийн  өмчлөлийн эд хөрөнгөөс бус О. хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийж байгаа мөн түүнчлэн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гаргаж, хуулийн этгээдэд хамааралгүй эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байна гэж тайлбарлажээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “ Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ...” гэж,  9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл *******-” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй, компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.000.000 /нэг сая/ төгрөг, компанийн нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, арилжааны банкнууд дахь дансны үлдэгдэл 0 төгрөг, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, үнэт цаас бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан “*******-” ХХК-ийг үүсгэн байгуулсан шийдвэр, тус компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, төлбөр төлөгчийн данс шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд О. нь “*******-” ХХК-ийг үүсгэн байгуулсан шийдвэр, тус компанийн дүрэмдээ компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаж тусгаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл  “*******-” ХХК-ийг үүсгэн байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэр, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “*******-” ХХК-ийн дүрмээр тухайн компанийг үүсгэн байгуулагч нь гүйцэтгэх захирал О. байх бөгөөд компанийг үүсгэн байгуулахад түүнээс өөр хувь нийлүүлсэн этгээд байхгүй буюу тухайн компани нь нэг гишүүнтэй, компанийг үүсгэн байгуулсан дээрх шийдвэр болон дүрмээр хувьцаа эзэмшигчийн тухайн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаж тусгаагүй байх тул “*******-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал О. нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр тухайн компанийн өр төлбөрийг хариуцах үүрэг хүлээхээр байна.

Нэхэмжлэгч “*******-” ХХК нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст нь төлбөр төлөгчийн  эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зэрэг ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч тал нь шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хамт шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан хэдий ч энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй, хэрэгт энэ талаарх  нотлох баримт цугларч бүрдээгүй байх тул энэхүү шаардлагын талаар шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байхад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 786 дугаартай төлбөр авагч “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан”, төлбөр төлөгч “*******-” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “*******-” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлбөр авагч “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан”, төлбөр төлөгч “*******-” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*******-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ