Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/04291

 

 

 

 

 

 

 

2022 10 17

101/ШШ2022/04291

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 тоотод оршин суух, Х.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30 тоотод оршин суух, Д.Н-т холбогдох

 

24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт,

Хариуцагч Д.Н,

Гэрч Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Ц нь хариуцагч Д.Нтай 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, гэрээний дагуу 24,000 ам.долларыг бэлнээр 25 хоногийн хугацаатай, хүүгүй олгосон. Энэ тухай талууд гараар гэрээ бичиж баталгаажуулсан бөгөөд Д.Н нь өөрийн санаачлагаар зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн Ү-0 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлалтай 38 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээл төлөх хүртэл нэхэмжлэгчид хадгалуулсан байна. Хариуцагч Д.Н нь ХЗХ-д төлөх зээлийн өртэй байсан тул Х.Ц нь өөрийн дүү Х.Эын гуйлтаар 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 12,000 ам.долларыг өгч, Д.Нын зээл нь хаагдаж, улмаар барьцаагаа чөлөөлүүлсэн байдаг. Энэхүү зээлсэн мөнгө болох 12,000 ам.доллар дээр нэмж, Д.Нын хүссэний дагуу, мөн өөрийн өмчлөлийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь авчирч өгсөн тул итгээд нэмж 12,000 ам.долларыг бэлнээр нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн. Ингээд эдгээрийг нэгтгээд 24,000 ам.долларын гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлж зээлийн мөнгийг тухайн өдрөө бэлэн хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийг Х.Э гэрчлэх болно. Түүнчлэн хариуцагч Д.Н нь зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөлт хийгээгүй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, шалтаг тоочсоор өнөөдрийг хүрээд байна.

Иймд хариуцагч Д.Наас Зээлийн гэрээ-ний үүрэгт 24,000 ам.доллар буюу Монгол банкны өнөөдрийн ханшаар (2022.05.19 өдрийн албан ханш 3,116.80 төгрөг) 74,803,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Х.Цгаас 24,000 ам.доллар огт зээлж аваагүй. Яагаад гэвэл ийм гэрээ хийсэн боловч бодитоор мөнгө өгөөгүй, би гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь ГЭМБЛ ХЗХ-оос зээл аваад 33,997,106 төгрөгийг төлж чадаагүй явж байхад нэхэмжлэгч Х.Цгийн төрсөн дүү Х.Э нь намайг таньдаг. Энэ найз маань дээрх ХЗХ-ны өрийг миний өмнөөс өөр хүнээр төлүүлсэн юм. Үүний дараа Х.Ц, Х.Э нар нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр чи энэ дээр гарын үсэг зурчих, нөгөө 33 саяын тооцоо ийм болсон гэж хэлэхээр нь л гарын үсэг зурсан. Би ГЭМБЛ ХЗХ-д миний өмнөөс зээл төлсөн тэр хүнд л төлнө. Х.Цгаас 24,000 ам.доллар аваагүй. Миний бие Х.Цгийн дүү Х.Этай хамтарч ажиллахаар тохирч би өөрийн орон сууцаар хөрөнгө оруулсан, Х.Этай л ярьж байсан болохоос би Х.Цг мэдэхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн баримт, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Х.Цгийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, 000916278 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчтэй байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн нэмэлт хариу тайлбар, Хаан банк-интернэт банкны харилцагчийн дансны хуулгыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрч Х.Эаас авсан мэдүүлэгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Ц нь хариуцагч Д.Нт холбогдуулан 24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Д.Н нь Х.Цгаас 24,000 ам.долларыг огт зээлж аваагүй, түүний дүү Х.Этай хамтран ажиллах зорилготой байсан, миний ХЗХ-д төлөх зээлийг Х.Э нь миний өмнөөс өөр хүнээр төлүүлсэн байсан, тэр хүнд нь мөнгийг нь төлнө зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.Цгийн дүү Х.Э /гэрч/ нь хариуцагч Д.Нын гуйлтын дагуу 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 12,000 ам.долларыг авч, улмаар валютын ченж дээр очиж, тухайн үеийн ханшаар монгол мөнгөнд хөрвүүлэн ченжийн данснаас ГЭМБЛ ХЗХ-д Д.Нын төлөх зээлийн төлбөр болох 33,997,106 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Х.Эын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Монгол банкнаас зарласан ханшын мэдээллээс үзэхэд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн АНУ долларын ханш 2848,67 төгрөг байсан байх ба 12,000 ам.долларыг тооцвол 34,184,040 төгрөг байна.

(https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2022&vMonth=5&vDay=19)

 

ГЭМБЛ ХЗХ-нд хариуцагч Д.Нын төлөх зээл төлөгдсөнөөр зээлийн барьцаанд байсан түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээ 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон, уг орон сууцны гэрчилгээг хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Х.Цд эх хувиар нь өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч Д.Н нь өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг эх хувиар нь нэхэмжлэгч Х.Цд өгсөн шалтгаан нь Х.Эаар дамжуулан Х.Цгаас авсан өмнөх 12,000 ам.долларын зээл дээр нэмж, 12,000 ам.долларыг зээлж, нэгтгэн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нийт 24,000 ам.долларын зээлийн гэрээг талууд байгуулж, зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг борлуулж, зээлийг барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ шаардаж байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зааснаар хариуцагч Д.Нын хувьд ГЭМБЛ ХЗХ-ноос авсан зээлээ төлж барагдуулан, өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хэрэгцээ, шаардлага байсны үндсэн дээр өөрийн танил Х.Эаар дамжуулан нэхэмжлэгчээс зээл авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

 

Д.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэмж 12,000 ам.долларыг зээлж бэлнээр аваагүй, Х.Этай хамтран ажиллах зорилгоор өөрийн орон сууцаар хөрөнгө оруулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч гэрч Х.Э мэдүүлэхдээ ...2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би болон Х.Ц, Д.Н нар хамт байлцаж, Д.Н өөрөө гараар зээлийн гэрээг бичиж, 12,000 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн, баталгаа болгож эгч Х.Ц нь Д.Нын орон сууцны гэрчилгээг эх хувиар нь авсан, орон сууцаа барьцаанд тавьсан учраас итгээд нэмж зээл олгосон ... гэж мэдүүлсэнээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд тэрээр өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Д.Н нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ... Х.Э нь намайг таньдаг, энэ найз маань дээрх ББСБ-ын өрийг миний өмнөөс өөр хүнээр төлүүлсэн ... гэсэн атлаа ГЭМБЛ ХЗХ-нд миний төлөх зээлийн төлбөрийг төлсөн ченжид би буцаан төлбөрийг төлнө гэх зэргээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...хэмжээгээр ...тооцно гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар буюу ам.долларыг 3,116.80 төгрөгөөр тооцож 24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 532,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Наас зээлийн төлбөрт 24,000 ам.доллар буюу 74,803,200 /далан дөрвөн сая найман зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Цд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас улсын тэмдэгтийн хураамжид 532,000 /таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/17006 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ