Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/00152

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13 210/МА2023/00152

 

 

* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04291 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *

Хариуцагч *

24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч  хариуцагч * , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: * нь * тай 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 24,000 ам.долларыг бэлнээр 25 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. * нь өөрийн өмчлөлийн Ү-2204004506 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 3 дугаар байрны * тоот хаягт байрлалтай 38 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээл төлөх хүртэл * д барьцаалсан. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгийг тухайн өдрөө бэлэн хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийг * гэрчлэх болно.

Хариуцагч * нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд хариуцагч * аас зээлийн гэрээний үүрэгт 24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь * гаас 24,000 ам.доллар зээлж аваагүй. Гэрээ байгуулсан боловч бодитоор мөнгө өгөөгүй. Гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь * Х-оос авсан 33,997,106 төгрөгийн зээлийг төлж чадаагүй явж байхад нэхэмжлэгч * гийн төрсөн дүү * нь миний өмнөөс өөр хүнээр төлүүлсэн. Үүний дараа * , * нар нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр чи энэ дээр гарын үсэг зурчих, нөгөө 33 саяын тооцоо ийм болсон гэж хэлэхээр нь гарын үсэг зурсан. Би * Х-д миний өмнөөс зээл төлсөн * т төлнө. Миний бие * гийн дүү * тай хамтарч ажиллахаар тохиролцож, өөрийн өмчлөлийн орон сууцаар хөрөнгө оруулсан. * тай ярьсан болохоос * г мэдэхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * аас зээлийн төлбөрт 24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч * д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * аас улсын тэмдэгтийн хураамжид 532,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч * д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Хариуцагч * миний бие Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгч авах, өөрийн эрх ашгийг өмгөөлүүлэх эрхтэй. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүх хурал товлогдсон боловч хариуцагч би өмгөөлөгч авна. Манай өмгөөлөгч 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ирнэ гэж хурал хойшлуулсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч тал гэрч оролцуулах хүсэлт гаргасныг хангаж хурал хойшилсон. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд манай өмгөөлөгч ар гэрийн гачигдлын улмаас оролцох боломжгүй тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Анх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэн * гийн гэрт гар бичмэлээр 12,000 ам.доллар авсан, төгрөгөөр 33,997,106 төгрөг гэж баримт үйлдсэн. Үүнийг 1 жилийн дараа, нөгөө мөнгө чинь ийм боллоо, чи ингээд бичих гэсний дагуу би 24,000 ам.доллар гэж бичиж өгсөн нь миний алдаа боллоо. Гар бичмэл хийж өгсөн боловч бодит байдал дээр нэмж 12,000 ам.доллар аваагүй. Гэрч худал мэдүүлэг өгсөн.

4.3. Шүүх * ын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх шийдвэр гаргасан байна. Хариуцагч * миний бие * гаас 24,000 ам.доллар аваагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. * миний би * Х-нд 33,997,106 төгрөгийн зээлээ өөр нэг хүнтэй утсаар ярьж төлүүлсэн. Би тэр хүнд 33,997,106 төгрөг төлөх ёстой. Гэтэл эгч * , дүү * нар өөр хүний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж надаар 24,000 ам.доллар төлүүлэхээр ханджээ. Би одоо өвчтэй, ах, дүү нараасаа эм, тарианы мөнгө дансаар авдаг учир данс хаалгахыг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн гомдлын шаардлагад нийцсэн хэмжээний улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч * г нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж амаар хэлснээс бичгийн баримт авчраагүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хариуцагчийн эрхийг хангаагүй зүйл байхгүй. Тухайн хуралд хариуцагч нотлох баримт санал болгох хүсэлт гаргаагүй. Гэрчийн мэдүүлгүүд хэргийн бусад баримтууд болон хэрэгт авагдсан үйл баримтуудтай тохирсон. Мөн зээл олгох үеийн 2 шалтгааныг гэрч гэрчилдэг. 2021 оны гэрээнд хүүгийн талаар тохирсон боловч нэхэмжлэл гаргах үед тухайн гэрээг алга болгосон талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэл гаргах үед тухайн гэрээг олоогүй учраас 2 дахь гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан. 2 дахь гэрээ байгуулах үед анх байгуулсан гэрээг өөртөө хадгалагдаж байна гэж итгэсэн учир хүү хүчинтэй гэж нэхэмжлэгч бодсон. Харин нэхэмжлэл гаргах үед тухайн гэрээ олдоогүй учир өмгөөлөгчид хандаж энэ гэрээгээр хүү нэхэмжлэл эрхтэй талаар тодруулж асуухад хүүгийн талаар 2 дахь гэрээнд тусгаагүй учир хүү нэхэмжлэх эрхгүй, та үндсэн зээлээ авах эрхтэй гэж нэхэмжлэл гаргасан учраас хүү нэхэмжлэгдээгүй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч * нь хариуцагч * т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1 * нь * гаас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12,000 ам.доллар зээлдэн авч түүнийгээ валютын арилжаанд хандан төгрөгт хөрвүүлж, 33,997,106 төгрөгийг * Х-нд зээл төлбөрт шилжүүлсэнийг гэрч * мэдүүлжээ. /хх87-92/

3.2Улмаар нэхэмжлэгч нь дээрх олгосон зээл дээр нэмж 12,000 ам.долларыг хариуцагчид зээлдүүлсэн бөгөөд талууд хоёр зээлийг нэгтгэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичмэл баримт үйлджээ. Уг баримтад ...2022 оны 04 дүгээр сарын 05-нд 24,000 ам.доллар зээлсэн ба энэхүү зээлийг 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр төлж барагдуулах болно. Хэрэв төлбөр барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204004506 дугаартай гэрчилгээтэй орон сууцыг борлуулж зээлийг барагдуулна. гэж тусгасан байна. /хх-5/

3.3 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээний агуулгыг дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 24,000 ам,долларыг хариуцагчид хүлээлгэн өгсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Хариуцагч * нь зээлсэн мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч * нь зээлийн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

6.Хариуцагчаас ...24,000 ам.долларыг бодитоор аваагүй, * тай хамтран ажиллах зорилгоор орон сууцаар хөрөнгө оруулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

7. Иймд анхан шатны шүүх хариуцагч * аас зээлийн гэрээний үүрэгт 24,000 ам.доллар буюу 74,803,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * д олгохоор шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрч * ын мэдүүлгийн зохигчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг болон зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, иргэний хэрэг үүсгэснээс 4 сар, 20 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж, хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.

8.2. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч * гийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгчид хурлын тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд ирэх боломжгүйтэй холбоотой хүсэлт болон холбогдох баримтыг өмгөөлөгч шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримтын шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн өмгөөлүүлэх эрхээр шүүх хангаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

8.3.Түүнчлэн, хариуцагч нь давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэлийн үнийн дүнгээс 33,997,106 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин үлдэх 40,806,094 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэснийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 370,081 төгрөг төлсөн зөв байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН