Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/04189

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 12

101/ШШ2022/04189

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 тоотод байрлах, Х ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, К констракшн ХХК /регистрийн дугаар /-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 112,299,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Э.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Э.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №2021/010 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч нь хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ, чанар стандарт, үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч нь нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээний нөхцөлийн дагуу төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. Талуудын дээрх тохиролцооноос харахад нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжтой юм. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хариуцагчид нефтийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнд:

Хугацаа

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт дүн /НӨАТ-тай/

1.

2021 оны 10 сар

5350 литр

2250 төг

12,037,500 төг

2.

2021 оны 11 сар

13402 литр

2250 төг

125,116,500.00 төг

33915 литр

2800 төг

3.

2021 оны 12 сар

17040 литр

2800 төг

47,712,000.00 төг

Нийт дүн

69,707 литр

184,866,000 төг

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сард гэрээ байгуулснаас эхлэн он дуустал 3 сарын хугацаанд нийт 184.866,000 төгрөгийн үнийн дүн бүхий 69,707 литр дизель түлш хариуцагчид нийлүүлсэн бөгөөд хариуцагч нь бүтээгдэхүүний төлбөрийг удаа дараа шаардуулж байж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч нь мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги 37,433,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Талууд гэрээний 2.5-д ...нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө, гэрээний 2.2-т худалдан авагч төлбөрийг сард нэг удаа төлөх ба 30 хоногийн дотор төлнө гэж тус тус тохиролцсон. Нэхэмжлэгч нь тухайн сард нийлүүлсэн түлшний нэхэмжлэхийг дараа сарын эхний долоо хоногт багтаан хариуцагчид өгч байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 сарын төлбөрийн нэхэмжлэхийг илгээсэн. Гэрээний 2.2-т заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор дээрх төлбөрөө төлөх байсан ч хугацаа хэтрүүлэн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг төлж нэхэмжлэгчид төлөх нийт 184,866,000 төгрөгнөөс 110,000,000 төгрөг төлж 74,866,000 төгрөгний өглөгтэй үлдсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээн авсан түлшний үнийг гэрээнд заасан хугацаанд, нэхэмжлэхэд нэхэмжилсэн үнийн дүнгээр, бүрэн гүйцэд төлөх үүргээ одоо болтол биелүүлээгүй тул гэрээний 2.5 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 74,866,000 төгрөгийн 50 хувь болох 37,433,000 төгрөгөөр тооцон алдангийг нэхэмжилсэн болно.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К констракшн ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 112,299,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

2. Хариуцагч К констракшн ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"К констракшн ХХК нь Х ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Манай байгууллага нь хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Бүгд найрамдах Хятад ард улсад байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц бараа материалын үнийн өсөлт болон хил хаах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Шинэ жилээс хойш өдөр тутмын орлогоо татвар, түрээс, банкны зээл, ажилчдын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт асар хүнд байдалд байсаар Х ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур бий болсон үнийн өсөлт, хил хаагдах асуудал гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд саад учруулж, биелүүлэх боломжгүй болсоныг дурьдах нь зүйтэй. Х ХХК гэрээний үлдэгдэл төлбөрт 74,866,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Х ХХК нь нэхэмжлэлд дурдагдсан дизель түлшийг талууд өгч, авалцсан талаар баримт хэрэгт байдаггүй ба хэзээ хүлээлцсэн болон хэдий хэмжээний түлш хүлээлцсэнийг тодорхой болгох шаардлагатай байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 74,866,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Х ХХК гэрээний алдангийн төлбөрт 37,433,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. БНХАУ-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц бараа материалын үнийн өсөлт болон хил хаах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Шинэ жилээс хойш өдөр тутмын орлогоо татвар, түрээс, банкны зээл, ажилчдын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт асар хүнд байдалд байсаар байгаа тул Х ХХК-иас тооцсон 37,433,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад зааснаар нийлүүлж буй дизель түлшний үнэ өөрчлөгдөх тохиолдолд нэхэмжлэгч нь бидэнд 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх байсан бөгөөд 2250 төгрөгийн түлш 2800 төгрөг болсоныг мэдэгдээгүй, нийлүүлсэн түлшний тоо хэмжээний хувьд маргахгүй, нийт төлбөрөөс 28,025,250 төгрөгийг хасах ёстой, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХХК-ийн №СоС-1, №СоС-2, №СоС-3, №СоС-4 дугаартай нэхэмжлэх, Бор.авлага-К ХХК дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/010 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, №2021/010 тоот гэрээний хавсралт, итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, Х ХХК-ийн №СоС-1, №СоС-2, №СоС-3 дугаартай нэхэмжлэх, Бор.авлага-К ХХК дансны хуулга, Х ХХК-ийн №алданги 1 нэхэмжлэх, 2021 оны 10, 11, 12 дугаар сарын шатахуун олгосон карт болон түлшний падануудыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж, хариуцагч нь К констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч К констракшн ХХК-д холбогдуулан 2021/010 тоот гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 74,866,000 төгрөг, алданги 37,433,000 төгрөг, нийт 112,299,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч К констракшн ХХК нь нийлүүлж буй дизель түлшний үнэ 2250 төгрөгөөр анх тохирсон, харин энэхүү үнэ 2800 төгрөг болж өөрчлөгдсөнийг бичгээр мэдэгдээгүй, нийлүүлсэн түлшний тоо хэмжээний хувьд маргахгүй, нийт төлбөрөөс 28,025,250 төгрөгийг хасах ёстой, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс гэрээний үүрэгт 46,840,750 төгрөг, алданги 23,420,375 төгрөг, нийт 70,261,125 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч К констракшн ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №2021/010 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдаж, талуудын хооронд зээлээр нефтийн бүтээгдэхүүн олгох, түүний төлбөрийг төлөх, бараа нийлүүлэх ба төлбөр төлөх хугацаа, нийлүүлэлт ба төлбөрийн хугацаа хожимдуулснаас тооцох алдангийн хэмжээг тогтоох, нефтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийг хавсралтаар тохирч, энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай хийсэн байна.

 

Дээрх гэрээний хавсралтад Худалдан авагч нь 2021 оны 10 дугаар сард худалдагчаас шаардлагатай хэмжээгээр дизелийн түлшийг авна, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1 литр дизелийн түлшний үнэ нь агуулах нөхцлөөр 2250 төгрөг байна, нийлүүлж буй дизель түлшний үнэ өөрчлөгдөх тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тохирсон байна.

 

Х ХХК нь гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 дугаар сард 5350 литр, 11 дүгээр сард 47,317 литр, 12 дугаар сард 17,040 литр, нийт 69,707 литр түлшийг К констракшн ХХК-д нийлүүлсэн болох нь Х ХХК-ийн №СоС-1, №СоС-2, №СоС-3 дугаартай нэхэмжлэх, 2021 оны 10, 11, 12 дугаар сарын шатахуун олгосон карт болон түлшний падаануудаар тогтоогдож байх бөгөөд энэхүү тоо хэмжээний хувьд зохигчид маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т ... Худалдан авагч тал худалдан авсан түлшний төлбөрийг сард нэг удаа төлөх ба 30 өдрийн дотор төлнө гэж заасны дагуу хариуцагч К констракшн ХХК нь 2021 оны 10, 11 дүгээр сард нийлүүлсэн түлшний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, харин 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг К констракшн ХХК нь Х ХХК-д төлсөн, өөр төлөлт хийгдээгүй болох нь Бор.авлага-К ХХК дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч К констракшн ХХК нь гэрээний дагуу төлбөрийг сард нэг удаа төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Х ХХК нь нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж, түлш нийлүүлэлтийг зогсоосон, хариуцагч нь ийнхүү гэрээ цуцалсаны хувьд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

6. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад зааснаар нийлүүлж буй дизель түлшний үнэ өөрчлөгдөх тохиолдолд нэхэмжлэгч нь бидэнд 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх байсан бөгөөд 2250 төгрөгийн түлш 2800 төгрөг болсоныг мэдэгдээгүй ... гэж түлшний үнийн хувьд маргасан, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нь ...үнийн өөрчлөлттэй холбоотой имэйлийг хариуцагчид явуулаагүй ... гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.9-д Талууд нефть бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээг энэхүү гэрээний Хавсралтад заасны дагуу харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулна. Дараа сард буюу дараа нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээг энэхүү гэрээнд хавсаргах протоколоор тухай бүрд нь тохиролцон тогтоож байх болно гэж, уг гэрээний Хавсралтын 2-т 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1 литр дизелийн түлшний үнэ нь агуулах нөхцлөөр 2250 төгрөг байна, 3-т Нийлүүлж буй дизель түлшний үнэ өөрчлөгдөх тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тус тус зохигчид харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн дизель түлш нийлүүлсэн нэхэмжлэхээс үзэхэд 2021 оны 10 дугаар сард 5350 литр түлшийг 2250 төгрөгөөр, 2021 оны 11 дүгээр сард 13,402 литр түлшийг 2250 төгрөгөөр, 33,915 литр түлшийг 2800 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сард 17,040 литр түлшийг 2800 төгрөгөөр тус тус тооцсон байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдах цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс нийлүүлэх дизелийн түлшний 1 литрийн үнэ нь 2250 төгрөг байхаар, энэхүү 2250 төгрөгийн үнэ өөрчлөгдөх тохиолдолд худалдагч тал Х ХХК нь худалдан авагч К констракшн ХХК-д 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэхээр тохиролцсон байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар үнийн өөрчлөлттэй холбоотой буюу 2250 төгрөгийн түлш нь 2800 төгрөг болсоныг гэрээнд заасны дагуу мэдэгдээгүй байна.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь нийлүүлж буй дизель түлшний үнэ өөрчлөгдсөнтэй холбоотой мэдэгдлийг хариуцагчид бичгээр мэдэгдээгүй байх тул бүх нийлүүлсэн түлшийн 1 литрийн үнийг 2250 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нийт 69,707 литр дизель түлшийг 2250 төгрөгөөр тооцоход 156,840,750 төгрөг гарч байх ба хариуцагчийн төлсөн 110,000,000 төгрөгийг хасч, 46,840,750 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

7. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.5-д Худалдан авагч нь энэхүү гэрээний хавсралтад тодорхойлогдсон худалдагчийн зээлээр нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг 2.2-т заасан хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцэж байх бөгөөд хариуцагч нь гэрээний 2.2-т заасан төлбөрийг сард нэг удаа төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь алданги шаардсан нь үндэслэлтэй.

 

Зохигчид гэрээнээс татгалзсан /түлш нийлүүлсэн сүүлийн өдөр 2021.12.05, эсхүл төлбөр төлсөн 2022.02.22-ний өдөр/-аас хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 46,840,750 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү гарч байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй бөгөөд алдангид 23,420,375 /46,840,750 : 2/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

8. Хариуцагчийн ... БНХАУ-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц бараа материалын үнийн өсөлт болон хил хаах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, шинэ жилээс хойш өдөр тутмын орлогоо татвар, түрээс, банкны зээл, ажилчдын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт төлж, асар хүнд байдалд байсаар байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэх тайлбар нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл алданги нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хариуцлага, нөгөөтэйгүүр энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь үнийн өсөлтийн хувьд нийтэд илэрхий, зах зээл дээр дизель түлшний үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч дизель түлшний үнийн өсөлттэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн зохицуулалтад нэхэмжлэгчийн энэхүү тайлбар хамаарахгүй, зохигчид өөрийн тайлбар, татгалзал, үндэслэлээ дээр дурдсанчилан өөрсдөө нотлох үүргээ хэрэгжүүлэх учиртай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 719,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 70,261,125 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 509,256 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч К констракшн ХХК-иас 70,261,125 /далан сая хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 42,037,875 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 509,256 /таван зуун есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ