Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02094

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02094

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04189 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн

 

Хариуцагч К ХХК-д холбогдуулан гаргасан

 

Гэрээний үүрэгт 112,299,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өлзийжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2021/010 дугаартай нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ, чанар стандарт, үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч нь нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан. Х ХХК нь гэрээ байгуулснаас эхлэн К ХХК-д нийт 69,707 литр, 184,866,000 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөг төлсөн.

Талууд гэрээний 2.5-д зааснаар нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол алданги тооцохоор, мөн 2.2-т төлбөрийг сард нэг удаа 30 хоногийн дотор төлнө гэж тохиролцсон. Нэхэмжлэгч нь тухайн сард нийлүүлсэн түлшний нэхэмжлэхийг дараа сарын эхний долоо хоногт хариуцагчид өгч байсан. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 сарын төлбөрийн нэхэмжлэх илгээсэн. Гэрээний 2.2-т зааснаар 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлбөрийг төлөх байсан ч 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг төлж нийт 184,866,000 төгрөг төлөхөөс 110,000,000 төгрөг төлж, 74,866,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үүрэгтэй. Иймд үлдэгдэл төлбөр 74,866,000 төгрөг, алданги 37,433,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан. Өгөөмөр баян булаг ХХК нь хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-д цар тахал гарч байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдан барааны үнэ өсч, хил хаах зэрэг хүндрэлтэй байдал үүссэн. Мөн өдөр тутмын орлогоо татвар, түрээс, банкны зээл, ажилчдын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт зарцуулж хүнд нөхцөл байдалтай байсаар Х ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэлд дурдагдсан дизель түлшийг талууд өгч, авалцсан талаар баримт хэрэгт байдаггүй. Хэдий хэмжээний түлшийг хэзээ хүлээлцсэн болохыг тодорхой болгох шаардлагатай. Гэрээний үлдэгдэл төлбөр 74,866,000 төгрөг, алданги 37,433,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад зааснаар нийлүүлж буй дизель түлшний үнэ өөрчлөгдөх тохиолдолд 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх байсан. 2,250 төгрөгийн түлш 2,800 төгрөг болсныг мэдэгдээгүй, нийлүүлсэн түлшний тоо хэмжээний хувьд маргахгүй. Нийт төлбөрөөс 28,025,250 төгрөг хасах ёстой, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-аас 70,261,125 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс 42,037,875 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719,445 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 509,256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлээс 42,037,875 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Улаанбаатар хотод, хариуцагч Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан тул тухайн үед дизель түлшний үнэ өвлийн үнэд шилжиж 2,800 төгрөг болсныг албан бичгээр мэдэгдэх боломжгүй байсан. Иймд талуудын төлөөлөгчид 2021 оны 11-р сард утсаар харилцан мэдээлэл солилцож, хариуцагч өвлийн үнийг зөвшөөрч, тохиролцоонд хүрсэн. Хариуцагч зөвшөөрсөн тул нэхэмжлэгч 2021 оны 11, 12-р сард үргэлжлүүлэн түлш нийлүүлсэн. Хэрэв зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгч түлшийг үргэлжлүүлэн нийлүүлэхгүй байх, хариуцагч нэмэгдсэн үнээр авсан түлшээ буцаах зэрэг үр дагавар үүсэх байсан.

Хариуцагч үнэ нэмэгдсэнийг огт мэдээгүй гэдэг ч гэрээний 2.2-т зааснаар дараа сарын эхний долоо хоногт өмнөх сард нийлүүлсэн түлшний нэхэмжлэхийг сар бүр и-мэйлээр өгч, давхар хариуцагчийн төлөөлөгч Ж.Одонтунгалагт мэдэгдэж байсан. Иймд хариуцагч үнэ нэмэгдсэнийг мэдээгүй байх боломжгүй, нэмэгдсэн үнээр авсан түлшээ буцаах, үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгчид гаргаж байгаагүй. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн захирал Ж.Одонтунгалаг үндсэн төлбөр 74,800,000 гаруй төгрөг байгаа гэж мэдүүлсэн нь үнэ нэмэгдсэнийг хариуцагч зөвшөөрснийг нотлох баримт юм. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, үндэслэл зэргийг хуульд зааснаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Түлшний үнийг гэрээний хавсралтад 2,250 төгрөг гэж заасан. Талууд тохиролцсон тохиолдолд түлшний үнийг өвлийн үнэ, зуны үнэ гэж тусгах ёстой байсан. Гэрээний үнийн дүн өөрчлөгдсөн тохиолдолд бичгээр хэлцэл байгуулагдаж, гэрээний үнийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй тул хариуцагч анх тохирсон 2250 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна. 2021 оны 11 дүгээр сард дизель түлшний үнийг 2800 төгрөгөөр бодож, нэхэмжилсэн. Хариуцагч төлбөрийн хугацаа хоцроосон ч төлж байсан. Нэхэмжлэгч тохирсон үнийг нэмж нэхэмжлэл гаргасан тул хариуцагч дахин түлш аваагүй. Хариуцагч шүүх хуралдаанд зөвшөөрсөн гэж байна, өр төлбөрийг маргаагүй мөнгөн дүнд маргаж байгаа. Хариуцагч гэрээний дагуу хүлээн зөвшөөрч буй үнийн дүнгээ гаргасан. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Х ХХК нь хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хилийн хориг, хорио цээр, үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан санхүүгийн хувьд хүнд байдалд орж, төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Гэрээний 6.2-т давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаанд талууд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан. БНХАУ-д цар тахал гарч хилээ хаасан, барааны хомсдол, үнэ өссөн зэрэг нь манай компанийн үйл ажиллагаа алдагдсан ба энэ нь нийтэд илэрхий хүчин зүйл мөн. Энэ шалтгаанаар К ХХК-ийн орлого багассан тул Х ХХК-д төлөх ёстой 46,840,750 төгрөгийг төлж чадаагүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилсон. Уг хугацаанд талууд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан тул 23,420,375 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 23,420,375 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг хасаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Худалдан авагч гэрээний хавсралтад заасан зээлээр нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж гэрээний 2.5-д тодорхой заасан. Энэхүү заалт нь гэрээний хариуцлага юм. Хариуцагч нефтийн бүтээгдэхүүний үүргийг 30 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйн алданги тооцогдох нөхцөл үүссэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх ёстой алдангийг гэрээний үнийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцож нэхэмжилсэн, алданги төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. К ХХК нь хил гаалийн асуудал үүсэж, ямар бараа бүтээгдэхүүн хил дээр гацсаны улмаас төлбөр төлж чадаагүй талаарх баримтаа шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.    Нэхэмжлэгч Х ХХК нь нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээгээр үүрэгт 112,299,000 төгрөгийг хариуцагч К ХХК-аас нэхэмжилснээс хариуцагч 46,840,750 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.    Талууд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч стандартад нийцсэн дизелийн түлшийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч үнийг төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч 69,707 литр дизель түлшийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч 110,000,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй, харин гэрээний литр тутмын үнийг хэдэн төгрөгөөр тооцох болсон талаар маргасан байна.

 

4.    Нэхэмжлэгч нь нийлүүлсэн дизель түлшийг зуны үнээр 1 литр тутмыг 2,250 төгрөгөөр 18,752 литрийг, өвлийн үнээр 1 литр тутмыг 2,800 төгрөгөөр 50,955 литрийг тус тус тооцон нийт нийлүүлсэн түлшийг 184,866,000 төгрөг гэж тодорхойлж үүнээс хариуцагчийн төлсөн 110,000,000 төгрөгийг хасаж 74,866,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч дизель түлшний 1 литрийн үнийг 2,250 төгрөгөөр тооцохоор тохирсон, үнэ өөрчлөгдөөгүй гэжээ.

 

5.    Гэрээний 2.9-д дизель түлшний үнэ, тоо хэмжээг гэрээний хавсралтад зааснаар тохиролцон баталгаажуулна гэсэн ба хавсралтад 1 литр дизелийн түлшний үнэ агуулах нөхцөлөөр 2,250 төгрөг байна ... дизель түлшний үнэ өөрчлөгдөх тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд 5 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж талууд тохиролцжээ.

Нэхэмжлэгч 2021 оны 11, 12 дугаар сард хариуцагчид нийлүүлсэн 1 литр дизель түлшний үнийг 2,800 төгрөгөөр тооцох талаар хариуцагчид утсаар мэдэгдсэн гэж тайлбарлах боловч хариуцагч уг үнийн саналыг зөвшөөрсөн талаар баримтгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Энэ үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь тайлбараа нотлоогүй тул гэрээний 2.9 дэх хэсэгт зааснаар дизель түлшний үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй гэж үзнэ. Иймд хариуцагч нь гэрээнд заасан нөхцөл болох 1 литр тутам 2,250 төгрөг төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагчаас 46,840,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6.    Талууд гэрээний 2.2-т мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлж, мөн гэрээний 2.5-д зааснаар дизель түлшний үнийг сард нэг удаа төлөх үүргээ хэтрүүлсэн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцэж байна. Хариуцагч нь 2021 он 11 дүгээр сарын 10, 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөл зохих 137,154,000 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлбөл зохих 29,946,400 төгрөгийг 02 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлж хугацаа хэтрүүлсэн нь гэрээний 2.5-д зааснаар алданги төлөх үндэслэл болжээ.

 

7.    Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 48,840,750 төгрөгөөс алданги тооцож хариуцагчаас 23,420,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэсэн байна. Гэрээний 6.2-т заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлээгүй гэх татгалзлаа хариуцагч нотлоогүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Иймд алдангийн талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04189 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 368,139 төгрөг, хариуцагчаас төлсөн 275,100 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ