Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ2023/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын услын байцаагч нарын хооронд үүссэн төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,  хариуцагч *******, ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч *******, *******, ******* нарт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч ******* нь Нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгож эхэлжээ.

2.2. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...нийгмийн даатгалын сангаас болон цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, илэрсэн зөрчлийг арилгах...” зорилго бүхий хяналт шалгалт хийх удирдамж баталж, тус хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулсан байна.

2.3. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалт хийх явцад ******* нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохдоо сурсан хугацааг оруулан тооцож тэтгэвэр тогтоолгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь зүйлийг зөрчсөн гэж үзэж 2019 онд авсан тэтгэвэр 3608709 төгрөгийг буцаан төлүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай акт тогтоосон.   

2.4. Нэхэмжлэгчээс ******* дугаартай актын талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргаж, актыг хүчингүй болгох үндэслэлгүй болох талаар хариуг 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн ******* тоот албан бичгээр хүлээн авснаар шүүхэд ханджээ.  

        

            Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1987 оны 6 дугаар сард Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар анги төгсөж, ******* сумын ******* нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тушаалаар тус нэгдэлд туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Энэ талаар анх Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж, тус шүүхийн 2014 оны 9 сарын 29-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр миний ажилласан жилийг тогтоохдоо 1987 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл сургуульд сурч байсан хугацааг ажилласан жилд тооцож оруулан тогтоосон байсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсээс надад өндөр насны тэтгэвэр тогтоосон. Тэтгэвэр тогтоосон тул би сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөхөө зогсоосон. Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг яаж тогтоосныг би мэдэхгүй. Би 2019 оны эхний 3 сарын тэтгэврийг төлнө. 2019 оны 4 сараас 12 сар дуустал хугацааны тэтгэврийг буруутай нийгмийн даатгалын байцаагчаар төлүүлнэ үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

3.2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 29-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр 1987 оноос 1989 он хүртэл, мөн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрээр 1989 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд нийт 2 жил 11 сар 30 өдөр малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байдаг.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу  холбогдох материалаа бүрдүүлэн 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нөхөн даатгалд хамрагдаж нийт 11 жил шимтгэл төлөгдсөнөөр тооцсон. 2010 оны 01 сарын 01-ний өдрөөс 2010 оны 4 сарын 01-ний өдөр хүртэл, 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлж нийт 6 жил 2 сар 29 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Эдгээр улсад ажилласан байдал, нөхөн даатгалд хамрагдсан байдал, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцоход улсад нийт 20 жил 02 сар, 28 өдөр ажилласан байсан.

            ******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэх хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж 2018 оны 12 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан ба түүний хүсэлт, дээр дурдсан баримтуудыг үндэслэн 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоосон.

            Нийгмийн даатгалын хэлтсийн дотоодын хяналтын шалгалт 2-3 жилд 1 удаа хийгддэг. Энэ удаад хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, батлагдсан удирдамжийн дагуу 2018 оноос хойш тогтоогдсон тэтгэврийн хувийн хэргийг шалгахад нэхэмжлэгч *******гийн 10 жилийн сурагч байсан хугацааг нь малчнаар ажилласан хугацаанд оруулан тогтоосон зөрчил илэрсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2/520 дугаар чиглэл дээр “... системийн хэмжээнд иргэдийн бүрдүүлэн өгч буй шүүхийн шийдвэрт зөрчил гарч байна. Шүүх иргэдийн ажилласан жилийг буруу тогтоосон шийдвэр гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг аймгийн архивын эх баримттай тулгаж шалга” гэсний дагуу нэхэмжлэгчийн материалыг архивын материалтай тулган шалгахад архиваас Ховд аймгийн *******  сумын нэгдлийн даргын 32 тоот тушаалаар малчнаар ажиллуулах тушаал гарч ирсэн. Ингээд нэхэмжлэгчийг дуудаж уулзаж анх тэтгэвэр тогтоолгохдоо 20 жил 2 сарын хугацаагаар тэтгэвэр тогтоосон, таны сурсан хугацааг хасахад 19 жил 9 сар болж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хүүхдийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй болсон талаар хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэх зохицуулалт тусгагдсан. Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хувьд 4 хүүхдэд ноогдох жилийг нэмж 2020 оноос тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдсэн.

Нэхэмжлэгч нь одоо өндөр насны тэтгэвэр авч байгаа. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг зөв гаргуулаагүйгээс болж өөрөө хохирсон.

Иймд нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авсан тэтгэврээ манай байгууллагад буцааж төлөхөөс өөр аргагүй болж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа : Өндөр насны тэтгэвэр авч буй иргэд нь хууль бус баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож байгаатай холбоотой нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах зорилгоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр удирдамжийн дагуу тус хэлтсийн даргын 2022 оны 4 сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ховд аймагт өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд өмнө нь улсад ажиллаж байсан эсэх, ямар ажил эрхэлж байсан талаар Ховд аймгийн Архивын тасгийн баримтуудтай тулгаж хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтын хүрээнд ******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн илгээлтийн эзэн болж нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар ажиллахаар томилогдсон болох нь тогтоогдсон. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн” байх шаардлагыг хангаагүй тул акт тогтоосон гэв.

 

3.4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн ******* сумын сургуулийн сурагч байсан хугацааг улсад ажилласан хугацаанаас хасаж тооцвол улсад ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь нийт 19 жил 7 сар 07 өдөр байдаг.

 Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан “20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн” байх шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж зааснаар *******гийн анх тэтгэвэр тогтоож олгосон 2019 оны 01 сараас 2019 оны 12 сарыг дуустал олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэх зохицуулалт тусгагдсан. Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хувьд 4 хүүхдэд ноогдох жилийг нэмж 2020 оноос тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдсэн. Улмаар нэхэмжлэгч нь одоо өндөр насны тэтгэвэр авч байгаа. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг зөв гаргуулаагүйгээс болж өөрөө хохирсон. Иймд нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авсан тэтгэврээ манай байгууллагад буцааж төлөхөөс өөр аргагүй болж байгаа.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээр мөнгийг төлүүлж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчаас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг гардан авснаас хойш гомдлоо хуульд заасан хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргаж урьдчилан шийдвэрлүүлж хариу авсаны дараа шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч маргаан бүхий актны төлбөрөөс 2019 оны 1-р сард авсан тэтгэвэр 198709 төгрөг, 2-р сард авсан тэтгэвэр 508709, 3-р сард авсан тэтгэвэр 111291 төгрөг нийт 818709 төгрөгийг төлөхөө илэрхийлж, 4 сараас 12 сард ноогдох 2790000 төгрөгийн тэтгэвэрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж хүчингүй болгуулахаар шаардлагаа тодруулсан.

4. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээс  2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталсан “Тэтгэвэрийн тогтоолт олголтыг шалгах шалгалтын удирдамж”-ын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх хугацаанд шинээр тогтоосон болон нас барсан, зогсоогдсон тэтгэвэрийн хувийн хэргийг шалгажээ.

5. Хяналт шалгалтаар “шүүхийн шийдвэрээр ажилласан байдлаа тогтоолгохдоо сурсан хугацааг оруулан тооцож эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг илүү авсан гэх 2019 оны тэтгэвэрийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар акт тогтоожээ.  

6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “... Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслахад өөрт нь хууль тогтоомжид заасан тэтгэвэр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн...” гэж тодорхойлсон ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, насны шаардлагаас хамаарч үүсэхээр байх ба эмэгтэй хүний хувьд дээрх 2 шаардлагаас гадна төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхдийн тооноос хамаарч өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох боломжтой байна.

7. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргажээ.

Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар ******* сумын нэгдлийн бригадын туслах малчнаар 1987 оноос 1989 оны хооронд ажиллаж байсныг хугацаа Сум дундын 25 дугаар шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд малчнаар  ажилласныг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00 дугаар шийдвэрээр тус тус тогтоосон 2 жил 11 сар 30 хоног, нөхөн даатгалд хамрагдсан 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 11 жил, сайн дурын даатгал төлсөн 2010 оны  1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 2 сар 29 өдөр, 2013  оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 5 жил 11 сар 30 хоног нийт 20 жил 2 сар 28 өдөр гэж тогтоож, нас 50, 1989,1990,1992,2000 онд төрүүлсэн 4 хүүхэдтэй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.”гэж заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоосон. 

8. Хариуцагчаас “нэхэмжлэгч нь шүүхэд ажилласан байдлаа тогтоолгохдоо сургуульд сурч байсан хугацаагаа оруулан тооцуулсан, тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргахдаа энэ талаар тайлбарлаж хэлээгүй буруутай” гэж, нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хэрхэн тооцож тэтгэвэр тогтоох нь нийгмийн даатгалын байгууллага мэдэх ёстой, тухайн үед надад хэдсэн бол зохих шаардлагыг хангуулсаны дараа тэтгэвэрээ тогтоолгох боломжтой байсан” гэж тус тус тайлбарлаж маргана.

9. Нэхэмжлэгч нь 1986-1987 оны хичээлийн жилд ******* сумын сургуульд суралцаж байсан байдлаа нуусан эсхүл худал мэдүүлээгүй бөгөөд тус сумын нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тушаалаар илгээлтийн малчнаар ажиллах болсноо илэрхийлсэн. Харин тус нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоосон Сум дундын 25 дугаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр  шийдвэрт 1987 оноос 1989 оны хооронд гэж сургуульд сурч байх хугацааг оруулан тооцсон. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг ******* сумын нэгдлийн бригадад туслах малчнаар 1987 оноос 1989 оны хооронд ажилласаныг тогтоохдоо 32 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлсэн байна.  

10. Хариуцагч нар акт тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-дтэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэг /Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй./-т заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж заасныг үндэслэл болгосон атлаа нэхэмжлэгчийг өргөдөлдөө хувийн байдлын мэдээллээ тодорхой бичээгүй, шүүхийн шийдвэрээр суралцаж байсан хугацааг ажилласан жилийг  оруулан тооцсоныг залруулаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

11. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тэтгэвэр тогтоолгоход боловсролын баримт бичиг бүрдүүлэхээр заагаагүй, өргөдөлд тусгах асуудлыг тухайлан зохицуулаагүй бөгөөд тэтгэвэрийг байцаагч нь өргөдөл болон өргөдөлд хавсаргасан баримтуудыг нягтлан шалгаж, шаардлагатай асуудлыг тодруулах үүрэгтэй.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй.”,110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. гэж тус тус заасан тул ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрт заасан хугацааг өөрчлөх, дахин тогтоох талаар маргах үндэслэлгүй ч нэхэмжлэгчийн ерөнхий боловсролын сургууль төгсөөд илгээлтээр малчнаар ажилласан хугацааг тодорхойлсон баримт илэрхий тодорхой байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд  тэтгэвэрийн байцаагч нь уг баримтыг үндэслэн тэтгэвэрийг тогтоох эсэхийг шийдвэрлэх боломжтой.

13. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацаанаас ерөнхий боловсролын сургуульд сурч байсан 5 сар 9 хоногийг хасч тооцоход 19 жил 9 сар болж “20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх” шаардлагыг хангахгүй, харин 3 сарыг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээр байхад бүтэн жилийн тэтгэвэрийг илүү авсан гэж тооцож акт тогтоосон нь бодит нөхцөлд  тохироогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй.

14. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-д “Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.” гэж зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсхүл зохих өөрчлөлтийн талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй байхад уг үндэслэлд хамаатуулан акт тогтоосон нь хууль бус гэж дүгнэв.

15. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд “... Нийгмийн даатгалын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчмыг баримтлана…, 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар актын хавсралтын 2019 оны 4 сараас 12 сард ноогдох 2790000 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

16. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 1.1, 2, 4 дэх  хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******гийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар актын хавсралтын 2019 оны 4 сараас 12 сард ноогдох тэтгэвэр 2790000 /хоёр сая долоон зуун ерэн мянган/ төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс/-ээс 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНГЭРЭЛ