Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00597

 

 

Э.Л, Н.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Л, Н.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГт холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Дарь- Эх 6 дугаар гудамж, 176 тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Г-2204010029 дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58 376 503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Л, Н.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2015 оны 4 дүгээр сард Капитал банкнаас 28 500 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлтийг 2015 оны 5 дугаар сараас хугацаа хэтрүүлж эхэлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.5.30-ны өдрийн 1870 дугаар захирамжаар нэхэмжлэгч нараас 24 616 265 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Зээл авахад эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь Эх 6 дугаар гудамж, 176 тоотод байрлах, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, Г-2204010029 дугаарт бүртгэлтэй 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан бөгөөд уг газар болон хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч нь 58 376 503 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгө үнэлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх газрын 2018.6.14-ний өдрийн мэдэгдэх хуудсыг 2018.6.15-ны өдөр хүлээн авсан. 2018.6.16, 17-ны өдрүүд нь бямба, ням гариг байсан тул ажлын өдөр буюу 2018.6.18-ны өдөр цаг хугацааны хувьд боломж байгаагүй учир үнийн саналаа өгч чадаагүй. Шийдвэр гүйцэтгэгч 2018.6.21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, 2018.8.13-ны өдөр дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж, 176 тоот хаягт байршилтай, 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын 18644312603967 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204010029 дугаарт бүртгэлтэй газрыг нийт 58 376 503 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч нар 2018.8.15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газарт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Уг хөрөнгөд үнэлгээ хийхэд 2018.8.1-ний өдрөөс болон 2018.12.1-ний өдрүүдэд засвар үйлчилгээ хийгдээд л явж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийг 2018.5.30-ны өдөр хураасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах хугацааг 2018.6.30-ны өдөр хүртэл тогтоох ёстой байсан бөгөөд үнийн санал авах мэдэгдлийг эд хөрөнгийг хурааснаас хойш 14 хоногийн дараа буюу 2018.6.14-ний өдөр үйлдсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан 1 сарын дотор гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.5.30-ны өдрийн 1870 дугаар захирамжаар Э.Л, Н.А нараас 24 616 265 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Л, Н.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Y-2204038525 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 248 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад үнийн санал ирээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 58 376 503 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НГт холбогдох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Дарь Эх 6 дугаар гудамж, 176 тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204010029 дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58.376.503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Л, Н.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Л, Н.А нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16264 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс гэр бүлийн зориулалттай газар болон хувийн сууцад дахин үнэлгээ хийлгүүлэхээр шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүх хөрөнгийн үнэлгээ бодитой эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Э.Л, Н.А нар нь хариуцагч НГт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Дарь- Эх 6 дугаар гудамж, 176 тоотод байрлах 226 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204010029 дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 58 376 503 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан ” гэж тайлбарлажээ. /хх-ийн 1-2, 45/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01870 дугаар захирамжаар төлбөр төлөгч Э.Л, Н.А нар нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл сар бүр  3 129 861 төгрөгөөр нийт 24 616 265 төгрөгийг төлж барагдуулахаар, хэрэв төлбөрийн хувиарыг  нэг удаа зөрчсөн тохиолдолд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц,тус хаягт байрлалтай 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 7-8, 50-52/

 

Төлбөр төлөгч Н.А, Э.Л нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дар- Эх 6 дугаар гудамж, 176 тоотод орших 226 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, /Г-000391413, Y-2204038525/, тус хаягт байрлалтай 248 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг /ГД: 000034392, Г-2204010029/ 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 18260291/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18260291/02 тоот тогтоолоор орон сууцыг хураажээ. /хх-ийн 46-49, 53, 57-64 /

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/10141 тоот мэдэгдлээр төлбөрт битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг төлбөр авагчтай харилцан тохиролцож 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэх мэдэгдлийг Э.Л, Н.А нарт хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдлийг хүлээн авсан, мэдэгдэлд заасан хугацаанд төлбөр авагчтай тохиролцоогүй, үнийн саналаа хүргүүлээгүй тул төлбөр авагч нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх саналыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны хөрөнгийг  шинжээчээр буюу мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 65-66, 110-111/

 

Нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ хөрөнгө үнэлэхэд тохиромжгүй аргыг хэрэглэсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Түүнчлэн, уг үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн баригдаж дуусаагүй, зах зээлд худалдан борлуулах бусад эд хөрөнгөтэй харьцуулах боломжтой эд хөрөнгө биш учир үнэлгээний компани буюу мэргэжлийн байгууллага тогтоосон журмын дагуу зардлын хандлагаар үнэлгээ хийснийг буруутгах боломжгүй, үнэлгээний байгууллага хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар ”хөрөнгийн үнэлгээ хийх” гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд ”үнэ цэнэ” гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар нэхэмжлэгч нар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах хугацааг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тогтоох ёстой байсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч тухай эд хөрөнгийг хураах тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/10141 тоот мэдэгдлээр, үнийн саналыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэхийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хугацаанд нийцнэ. Дээрх хуулийн заалт нь шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг хураасан, битүүмжилснээс хойш 1 сарын хугацааг хэтрүүлэлгүйгээр эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх, хугацааг хэтрүүлэхийг хориглосон, төлбөр төлөгч нараас үнийн санал авах хугацааг шууд 1 сараар тогтооход чиглэгдээгүй байна. /хх-63-65/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД