Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/03506

 

 

 

 

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/03506

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Г-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2022 оны 02 сарын 18-ны өдөр иргэн Б.*******тай 0098 дугаар зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр 22,385,000 төгрөгийг 18 сарын хугацаатай буюу 2022 оны 02 сарын 18-ны өдрөөс 2023 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 2 хувийн хүүтэй төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээгээр зээлдэгч Б.******* нь үндсэн зээл болон хүүгийн хамт сар бүрийн 20-нд 1,493,126 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн хугацаанд нь төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа зээлдэгч Б.*******гаас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, хүүгийн хамт шаардах эрхтэй байна. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд хүүг тооцож үзвэл сарын 447,700 төгрөг, үүнээс төлөөгүй 4 сарын хүү 1,790,******* төгрөгийн хүүг зээлдэгчээс шаардаж байна. Иймд хариуцагч Б.*******гаас *******,*******,******* төгрөг гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 12 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

Зээлийн гэрээ /хэргийн 5 дугаар тал/

Орлогын мэдүүлэг, зарлагын мэдүүлэг /хэргийн 6, 7 дугаар тал/

Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 8 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа зээлдэгч Б.*******гаас төлөгдөөгүй үндсэн зээл, хүүгийн хамт ******* ******* ******* төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн... гэж тайлбарласан ба

 

3. хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.******* 2022 оны 02 сарын 18-ны өдөр 22 385 000 төгрөгийг 1 сарын 2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хариуцагч Б.*******д зээлдүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, Хаан банкны зарлагын мэдүүлэг, Богд банкны орлогын мэдүүлэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-6 дугаар тал/

 

6. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.3 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, хууль зөрчөөгүй Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хэлцэл хүчин төгөлдөр хүчин төгөлдөр байна.

 

8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

9. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч мөнгийг зээлдэгч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд, хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

10. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т бэлэн бусаар Богд банкны ******* тоот дансанд 2022 оны 02 сарын 18-ны өдөр мөнгийг зээлдүүлэгч шилжүүлэхээр тохиролцсон ба нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлсэн нь 2022 оны 02 сарын 21-ны өдрийн Богд банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/

 

11. Зээлийн гэрээний 3.6-д нийт хугацааны үндсэн зээл болон хүүгийн хамт сар бүр 1 493 126 төгрөгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор гэрээний хугацаа дуустал бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 

12. Хариуцагч үндсэн зээл болон хүүгийн төлбөрт сар бүр 1 493 126 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн ...өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

13. Мөн гэрээний дээрх зөрчлийг арилгах, төлбөрөө тохирсон хугацаандаа төлөхийг нэхэмжлэгч хариуцагчид сануулж мэдэгдэж байсан нь нэхэмжлэгчийн ...удаа дараа зөрчлийг арилгах буюу зээлийг хугацаандаа төлөх талаар шаардаж, мэдэгдэж байсан боловч ...удахгүй төлнө, өгнө... гэх тайлбарыг өгдөг байснаа сүүлдээ гар утсаа авахаа больж холбоогүй болсон... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

14. Энэ нь хариуцагч ...мөнгийг тохирсон хугацаанд тохирсон хүүгийн хамт эргүүлэн төлөх... хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

15. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

16. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт ******* ******* ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

17. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 06 сарын 28-ны өдөр гардуулсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар, баримт хүсэлт ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу зохигчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./хэргийн 11, 21-22 дугаар тал/

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

19. 2022 оны 6 сарын 10-ны өдрийн 0408 дугаар нэхэмжлэгчээс О.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт ******* ******* ******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278 830 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 сарын 18-ны өдрийн 102/ШЗ2022/12366 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ