| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2022/00480/и |
| Дугаар | 133/ШШ2022/00537 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2022/00537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГАА-ийн Б сумын ЗД-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Б сумын 1-р баг, ““ТШХ”” ХХК-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6.134.709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181.245 төгрөг, алданги 55.412 төгрөг нийт 6.371.366 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Д.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргыг төлөөлж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ТШХ”” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан. Сумын засаг даргатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 25-ны өдөр дууссан бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Б сумын Сум хөгжүүлэх санд хохирол учирсан байна. Б сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд “...”ТШХ” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрд учирсан хохирлыг нэхэмжилж, төрийн ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ. Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга Я.Мятав, ““ТШХ”” ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2018/01 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээл барьцааны гэрээ” байгуулагджээ. ““ТШХ”” ХХК нь 10,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэхээр авсан байна. Зээлийн гэрээний дагуу зээл эргэн төлөх сүүлчийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна. Гэвч зээлдэгч ““ТШХ”” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөгийг төлөөгүй байна. Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг энэ хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар ““ТШХ”” ХХК-иас 6,371,366 төгрөгийг гаргуулж Б сумын Төрийн сан банк дахь 100050455401 тоот дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д “Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Пркурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжинд зааснаар ““ТШХ”” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төрийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ТШХ” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан юм. Ингээд төмс манжин тариалсан юм. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүчтэй хар шуурга болж Говь-Алтай аймгийн Б сумын нутаг дэвсгэр дээр 20 тонны контейнер унаж, 100 гаруй гэр нурж байгалийн онц аюултай үзэгдэл болж, улмаар миний төмс ашиглах боломжгүй хөлдөж устсан байсан. Ингээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас тахьсан 12 тонн ногоо бүгд хөлдөж зээл төлөх боломжгүйд хүрсэн тул нэхэмжлэж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад тэтгэвэр, тэтгэмж, орлого байхгүй. Мөн төсөл хөтөлбөр болон зээлд сум хөгжлийн санд өртэй тул хамруулдаггүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг төлөх боломжгүй. Би зээл авсан учраас эргүүлэн төлөх талаар ойлгож байсан. 2019 оны 05 дугаар сард 4,500,000 төгрөг төлсөн. Тэгээд үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлөх боломжгүй болсон гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар:
-ГАА-ийн Б сумын ЗД аймгийн Прокурорын газарт гаргасан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/75 дугаартай хүсэлт,
-2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 218/01 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ,
-зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
ГАА-ийн Б сумын ЗД 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/132 дугаартай албан бичиг,
ГАА-ийн Б сумын ЗД 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/62 дугаартай “Зээл олгох тухай” захирамж,
-2018 оны 07 дугаар сарын 26-ны төлбөрийн хүсэлт,
-”ТШХ” ХХК-ийн зээлийн төлөлт,
-Ургацын өгөөж төсөлийн материалын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-”ТШХ” ХХК-ийн ГАА-ийн Б сумын ЗД Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 785 дугаартай улсын бүртгэлийн лавлагаа,
-Дугарсүрэн овогтой Бадамдоржийн 0127182 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний ГАА-ийн Б сумын ЗД Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэлийн ГАА-ийн Б сумын ЗД Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар зэргийг ирүүлжээ.
4. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар: Говь-Алтай аймаг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 201 дугаартай албан бичиг, гэрэл зураг зэргийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ГАА-ийн Б сумын ЗДшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга нь тус аймгийн прокурорын газарт 2022 оны 05 дугаар сарын 31-ний өрийн 1/75 дугаартай хүсэлтдээ ...”ТШХ” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээл эргүүлэн төлөх хуваарьт хугацаанд зээлээ төлөөгүй байна. Зээлээ төлж дуусгах хугацаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 6,371,366 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг байна. Нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцуулах хүсэлт гаргасны дагуу Говь-Алтай аймгийн прокурорын газар нь зээлдэгч ““ТШХ”” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.П-т 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/849 дугаартай итгэмжлэлээр олгожээ.
7. Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга нь “ТШХ” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2018/01 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээг байгуулан 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 3 хувийн, сарын 0.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд хоног тутамд ногдох хүүгийн 0.5 хувьтай тэнцүү байхаар харилцан тохиролцсон, гэрээний зүйл 10.000.000 төгрөгийг шилжүүлэн олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, төлбөрийн баримт, зохигчдын харилцан зөрүүгүй тайлбар зэргээр тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч ГАА-ийн Б сумын ЗД-ын хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь “ТШХ” ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг, нийт 6,371,366 төгрөг (зургаан сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь ... зээлдэгч “ТШХ” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөгийг төлөөгүй байна. Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж, шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөө явсан хойгуур шуурга болж, зоорины дээвэр, дулаалгыг салхи авч, 2 хоногийн дараа ирэхэд төмс хөлдөж, илжрэн цаашид ашиглах боломжгүй болсон байсан. Б сумд байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн хүмүүст тусламж ирсэн. Гэтэл намайг үүнд хамруулаагүй. Тийм учраас байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдэг утгаар нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлж өгнө үү... гэж маргажээ.
9. Зохигч зээлийн гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй, уг гэрээ талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
10. Маргаан бүхий гэрээний хувьд гэрээний зүйл нь мөнгө байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, хэрэгт авагдсан зээлийн гэрээнд 2.2-т жилийн 3 хувь, сарын 0.5 хувь, 2.3-д Зээл, хүүний эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд хоног тутамд ногдох хүүгийн 0,5 хувьтай тэнцүү байна гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай олгосон зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
11. Хариуцагч “ТШХ” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа ... байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүү 6,371,366 төгрөгийг төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Давагдашгүй хүчин зүйл нь Иргэний хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний нөхцөлд хамаарах ойлголт бөгөөд мөнгөн зээлийн хувьд зээлийн гэрээний нөхцөлд давагдашгүй хүчин зүйлийн ойлголт хамаарахгүй, зээлийг тогтоосон хугацаанд буцаан төлөх нь зээлдэгчийн хуульд заасан үндсэн үүрэг юм. Иймд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, тодорхой хэмжээгээр хасаж тооцох боломжгүй юм.
12. Иймд хариуцагч “ТШХ” ХХК-иас зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг нийт 6,371,366 (зургаан сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг Говь-Алтай аймгийн Б сумын сум хөгжүүлэх санд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “ТШХ” ХХК-иас 116,892 /нэг зуун арван зургаа найман зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ТШХ” ХХК-аас сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн үлдэгдэл 6,134,709 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 181,245 төгрөг, алданги 55,412 төгрөг, нийт 6,371,366 (зургаан сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Б сумын сум хөгжүүлэх санд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “ТШХ” ХХК-иас 116,892 /нэг зуун арван зургаа найман зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН