Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00640

 

Ц.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00182 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Аид холбогдох,

 

Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Тунгалагтуяатай 2017.03.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоотод орших 2 өрөө орон сууцаа барьцаалан 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн.Барьцааны гэрээний 3.5-д барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхгүй бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна гэж тусгаж барьцааны гэрээг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ хураалгасан. Ингээд зээлийг төлөөд явж байтал 2017 оны 11 дүгээр сараас Тэмүүжин гэх залуу ирж байрыг суллаж өг гэхэд нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст очиж лавлахад орон сууцыг 2016.03.16-ны өдрийн 256 дугаартай нотариатчийн гэрчилсэн Ц.Ааас  Д.Тт өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр 2017.11.09-ний өдрийн 225 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжсэн болохыг олж мэдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Д.Тт итгэмжлэл олгож байгаагүй юм. Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлөгч, төлөөлүүлэгчийг өөрийн биеэр байлцуулан, эрх үүргийг нь тайлбарлан нотариатын үйлдэл хийх ёстой атал, байлцуулахгүйгээр хууль зөрчиж итгэмжлэл хийсэн тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу 2016.03.16-ны өдрийн 256 дугаартай Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Аийн 116 дугаарт бүртгэн итгэмжлэл хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Аын хүсэлтийн дагуу 2017.03.16-ны өдөр уг итгэмжлэлийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгснөө итгэмжлэл дээр дурьдан тусгасан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг төлөөлүүлэгч, төлөөлөгчийг байлцуулан эрх үүрэг, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан гэрчилсэн. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг баримтлан Ц.Ааас Ү-2205014817 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Тт олгосон 2017 оны 03 сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаж буй үйл баримт нь барьцаалагч-барьцаалуулагч, итгэмжлэгч-итгэмжлэгдэгч нарын хэнээс ч зөвшөөрөл авах ёсгүй бие биеээс үл хамаарах, хамаарвал зөвхөн барьцаалагчийн хүсэл зоригоос хамаарах өөр хоорондын бие даасан эрх зүйн харилцаанаас үүссэн үйл баримт. Гэтэл шүүх нотариатын үйлдэлтэй холбож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Аид холбогдуулан 256 дугаартай нотариатч Б.Аийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн, бүртгэлийн 116 дугаарт бүртгэн, итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2/

 

Нэхэмжлэгч Ц.А нь “Д.Тт 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ямар ч итгэмжлэл олгоогүй, Д.Ттай хамт нотариатч дээр очиж байгаагүй, нотариатчийн үйлдэл нь нотариатын үйлдэл хийх заавар, хууль зөрчсөн, төөрөлдүүлж, тайлбарлаж өгөхгүйгээр бичиг баримтад гарын үсэг зуруулжээ” гэж шаардлагаа үндэслэсэн. / хх-1-2/ Хариуцагч нь “ нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдөр үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгсөн” гэж мэтгэлцсэн бөгөөд татгалзлаа хэвлэмэл гэрээний загвар дээр нэхэмжлэгч гарын үсгээ зурсан нөхцөл байдлаар үндэслэжээ. / хх-11/

 

Ц.А нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээл, барьцааны гэрээг Д.Тунгалагтуяатай байгуулж, зээл авсан, мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ц.Алтанзулаас Д.Тт 30-р байрны 40 тоот орон сууцыг “зээлийн барьцаанаас чөлөөлөх, гэрчилгээг хүлээн авах, худалдах, бэлэглэх” эрх олгосон итгэмжлэлд нэхэмжлэгч гарын үсгээ зурсан, уг баримтад буй гарын үсэг Д.Тын гарын үсэг мөн байх боломжтой талаар шинжээч тогтоосон, уг орон сууцад Ц.А дангаар бүртгэлтэй гэх үйл баримтууд тогтоогджээ. / хх-5, 73-76, 53-54, 13 /

 

Зохигчид  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн, бүртгэлийн 116 дугаарт бүртгэн,  итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хийх үед уг ажиллагаа хууль болон заавар журмын дагуу явагдсан эсэх, нэхэмжлэгч гарын үсэг зурсан бичиг баримтынхаа агуулга, эрх зүйн үр дагаврыг ойлгосон эсэх, хүсэл зоригийн дагуу уг хэлцлийг байгуулсан эсэхэд маргаж байна.

 

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх, талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тодорхой дарааллаар нягтлан шалгаж, мөн хуулийн 46.6 дахь хэсэгт зааснаар гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулах үүрэгтэй юм. Хуульд заасан гэрээ байгуулахтай холбоотой нөхцөл, шаардлага хянагдаагүй бол нотариатч Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзах учиртай.

 

Нотариатч нь гэрээ хэлцлийн эхийг боловсруулж, талуудын харилцан эрх тэгш, тэнцвэрт байдлыг хангахаас гадна, хэлцлийг гэрчлэхдээ баримт бичигт шударга бус, нөгөө талын эрх ашгийг хохироосон нөхцөл тусгагдахаас сэргийлэх, мөн хэлцлийн агуулга, үндэслэл, нөхцөл, эрх зүйн үр дагавар, эрсдэлийг тайлбарлах үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх юм. Гэтэл тухайн хэрэгт нотариатч дээрх үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн байдал хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй. Зөвхөн хэвлэмэл, нэг загварын баримтад гарын үсэг зуруулсныг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт заасан “нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулах”, мөн хуулийн 46.10 дахь хэсэгт заасан “гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгөх”, “хэлцлийн үр дагаврыг талуудад тайлбарлаж өгөх” үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, нотариатын үйлдэл хийх зааврын 2.1 дэх хэсэгт нотариатч нь үйлчлүүлэгчийн хийлгэх гэж байгаа үйлдэл, үйлчилгээний хөлс, зардлыг түүнд тайлбарлаж өгөх, 2.3 дахь хэсэгт үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлэхээр байна. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн, эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийг биечлэн ирүүлж, тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг зуруулах юм.

 

Нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар итгэмжлэл гэрчлэхдээ төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарласан гэх байдал түүнийг нотлох баримтыг нотариатч гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтууд, хэлцэл хийгдсэн байдал, итгэмжлэл олгогдсон байдлыг, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд дурдаж байгаа нөхцөл байдлуудтай харьцуулан үзвэл талуудын хооронд Ц.Ааас орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл олгох хүсэл зориг байсан гэх, тэрийг нотариатчаас тодруулсан гэх байдал няцаагдаж байна. Харин шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд нотариатчийн нэр буюу хариуцагч талыг шүүхийн шийдвэрт тусгаагүй орхисныг тогтоох хэсгийн нэг дэх заалтад нэмж өөрчлөлт оруулж тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Ааас Ү-2205014817 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Тт олгосон хариуцагч Б.Аийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД