Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00149

 

Ц.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00182 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр магадлалтай,

Ц.А ын нэхэмжлэлтэй,

Б.А ид холбогдох,

Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Тамирт олгосон 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.А ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Тунгалагтуяатай 2017.03.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоотод орших 2 өрөө орон сууцаа барьцаалан 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Барьцааны гэрээний 3.5-д барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхгүй бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна гэж тусгаж барьцааны гэрээг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ хураалгасан. Ингээд зээлийг төлөөд явж байтал 2017 оны 11 дүгээр сараас Тэмүүжин гэх залуу ирж байрыг суллаж өг гэхэд нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст очиж лавлахад орон сууцыг 2016.03.16-ны өдрийн 256 дугаартай нотариатчийн гэрчилсэн Ц.А аас Д.Тамирт өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр 2017.11.09-ний өдрийн 225 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах-худалдан авах гэрээ”-ээр өмчлөх эрх шилжсэн болохыг олж мэдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Д.Тамирт итгэмжлэл олгож байгаагүй юм. Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлөгч, төлөөлүүлэгчийг өөрийн биеэр байлцуулан, эрх үүргийг нь тайлбарлан нотариатын үйлдэл хийх ёстой атал, байлцуулахгүйгээр хууль зөрчиж итгэмжлэл хийсэн тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу 2016.03.16-ны өдрийн 256 дугаартай Чингэлтэй дүүргийн нотариатч Б.А ийн 116 дугаарт бүртгэн итгэмжлэл хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.А ын хүсэлтийн дагуу 2017.03.16-ны өдөр уг итгэмжлэлийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгснөө итгэмжлэл дээр дурьдан тусгасан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг төлөөлүүлэгч, төлөөлөгчийг байлцуулан эрх үүрэг, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан гэрчилсэн. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00182 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг баримтлан Ц.А аас Ү-2205014817 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Тамирт олгосон 2017 оны 03 сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож,

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А оос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.А аас Ү-2205014817 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Тамирт олгосон хариуцагч Б.А ийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарьн 24-ний өдрийн 182/ШШ2019/00182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 10-ны өдрийн 640 дүгээр магадлал нь “хууль буруу тайлбарласан”-аараа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байгаа тул эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Б.А  миний бие нь нэхэмжлэгч Ц.А ын өөрийнх нь хүсэлтийн дагуу Дугарын Тамирт олгосон итгэмжлэлийг гэрчлэхдээ уг итгэмжлэлээс гарах хууль зүйн үр дагавар, эрх үүргийг нь тайлбарлан нотариатын үйлдлийг хийсэн болно.

Ингэхдээ Ц.А  нь Д.Тунгалагтуяагийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан орон сууцыг худалдах болон бусад байдлаар захиран зарцуулах эрхийг яагаад Д.Тамир гэж өөр этгээдэд итгэмжлэл олгоод байгаа, үүний эцсийн хууль зүйн үр дагавар юу болох талаар ойлгож байгаа эсэхийг тайлбарласны эцэст ойлгосноо гэрчилж, итгэмжлэлд итгэмжлэгч гарын үсгээ зурсан зэрэг үйлдлүүд тухайн үед хийгдсэн.

Эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, талуудын гарын үсэг өөрсдийнх нь болохыг шинжилгээний байгууллага дүгнэсээр байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд гагцхүү нэхэмжлэгчийн “...би нотариат дээр Д.Тамиртай өөрийн биеэр очиж байгаагүй, түүнд ямар ч итгэмжлэл олгоогүй...” гэх утгатай үндэслэлд гол ач холбогдол өгч, Нотариатын тухай хуулийн 21, 31, 46 дугаар зүйлүүдийг буруу тайлбарласан.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотариатчийг: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1-ийн “гэрээ хэлцэл гэрчлэх”, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.3-ын “итгэмжлэл гэрчлэх” гэсэн 2 тусдаа төрлийн нотариатын үйлдэл хийснийг шийдвэр гаргах, нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийхдээ анхаарч үзсэнгүй. Тийм ч учраас Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд шүүх, тэр тусмаа давж заалдах шатны шүүх ихээхэн ач холбогдол өгсөн нь хууль ёсны бус шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Маргаж буй үйл баримт нь зээлдэгч-зээлдүүлэгч, барьцаалагч-барьцаалуулагч, итгэмжлэгч-итгэмжлэгдэгч нарын хэнээс ч зөвшөөрөл авах ёсгүй, хэний ч саад тотгоргүйгээр хийх бие биеэсээ үл хамаарах бие даасан эрх зүйн харилцаанаас үүссэн үйл баримт. Гэтэл үүнийг анхан шатны шүүх нотариатын үйлдэлтэй холбож дүгнэн шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тийм болохоор шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагаас илүү зүйлийг нотариатчаас шаардаж байгаа нь шүүхийн шийдвэрийн агуулгаас тодорхой харагдаж байна. Нотариатч уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгасан. Тухайн үед ийм зүйл байгаагүй бөгөөд ийм зүйл байсан эсэх нь ч хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх ийм дүгнэлт хийж байгаа нь намайг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг зөрчих ёстой гэж дүгнэснээс ялгаагүй болж байна.

Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлүүдэд нотариатын үйлдэл хийх үеийн “тэмдэглэл үйлдэх” нөхцөл журмыг тодорхой зааж өгсөн. Гэтэл 2 шатны шүүх хуулийн энэ шаардлагаас өөр шаардлагыг нотариатчид тавьж байгаа нь анхан шатны шүүхийн “...Нотариатч дээрх хууль, зааварт заасны дагуу ажилласан байдал харагдахгүй байна.”, давж заалдах шатны шүүхийн “...нотариатч нь тэдгээрт тайлбарласан гэх байдал түүнийг нотлох баримт нотариатч гаргаж чадахгүй байна...” гэж тус тус дүгнэснээс нь илт харагдаж байна.

Түүгээр ч зогсохгүй нэхэмжлэлийн шаардлага нь “нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар буюу “хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийг шийдвэрлэж байгаа мэт хандаж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулахын оронд харин ч улам бүр лавшруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн алхам болсон гэж үзэж байгаа тул

анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ц.А  нь Б.А ид холбогдуулан Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол, 30 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Тамирт олгосон 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нотариатч буюу хариуцагчийн нэрийг нэмж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан байна. 

Хариуцагч Б.А  шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Нотариатын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.А  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Тунгалагтуяатай “Зээлийн гэрээ” байгуулж, 15 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авахдаа өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30 дугаар байрны 40 тоот 2 өрөө орон сууцаа барьцаалан “Барьцааны гэрээ” байгуулсан. Зээлийг төлж байтал 2017 оны 11 дүгээр сард Тэмүүжин гэх залуу байр суллаж өг гээд байхаар нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст очиж лавлахад Ц.А  надаас Д.Тамирт олгосон орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг үндэслэж, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ээр миний байр бусдын өмчлөлд шилжсэн байна.

Би Д.Тамирт өөрийн байрыг захиран зарцуулах эрхийг олгосон ямар нэг итгэмжлэл үйлдээгүй, нотариатаар гэрчлүүлээгүй тул хууль зөрчиж гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.А  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...иргэн Ц.А ын хүсэлтийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр уг итгэмжлэлийг гэрчилсэн. Хуулийн дагуу үүсэх эрх зүйн үр дагаварыг тайлбарлаж өгсөн. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.-т  энэ хуулийн 46.2.-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзана, 46.2.3.-т агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4.-т үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх, 31 дүгээр зүйлийн 31.1.6.-д хуульд заасан бусад тохиолдолд нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана, 31.3.-т энэ хуулийн 31.1.-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйлчлүүлэгч буюу Ц.А  нь зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед нотариатч барьцааны хөрөнгийг гуравдагч этгээдэд захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нь ойлгомжгүй, түүнчлэн зээлийн үүрэг биелэгдээгүй тохиолдолд шүүхийн шийдвэргүйгээр барьцааны хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн, итгэмжлэлийн агуулга, түүнээс үүсэх үр дагаварт бодитой хандаж чадаагүй гэж үзэн, үйлчлүүлэгчийн дээрх нөхцөл байдал нь нотариатч хэлцлийг гэрчлэхээс татгалзах үндэслэлд хамаарч байхад итгэмжлэлийг гэрчилсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэн, нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Нотариатын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа үйл баримт, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, ойлгомжтой байх ёстой гэж үзэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт хариуцагчийн нэрийг тусгагдаагүй орхигдсныг нэмж, шийдвэрийн заалтыг найруулж өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, 63 дугаар зүйлд төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй талаар зааснаас үзэхэд бусдад өөрийгөө төлөөлөх эрх олгож буй итгэмжлэлээр төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагааг явуулах учиртай, энэ үндэслэлээр тус итгэмжлэлийг гэрчилж буй нотариатч хэлцлээс үүсэх хууль зүйн үр дагаврыг үйлчлүүлэгчид тайлбарлаж өгөх үүргийг хуулиар хүлээсэн байна.

Гэтэл нотариатч гэрээний талууд зээлийн гэрээ, түүний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсныг гэрчилсэн атлаа мөн тэр цагт барьцааны эд зүйлийг захиран зарцуулах эрхийг гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлүүлэгчээс түүний хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэхийг асууж тодруулаагүй, дээрх хэлцэл хууль зөрчсөн, түүний эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх боломжтой талаар эрх зүйн үр дагаврыг тайлбарлах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, итгэмжлэлийг гэрчлэхээс татгалзах нөхцөл байдал тогтоогдсон байхад гэрчилсэн үйл баримт тогтоогджээ.

Дээр дурдсан үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Нотариатын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.А ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД