Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/03225

 

 

             

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч “БХАҮН” ААТҮГ

           

 Хариуцагч “ҮӨБ” ХХК-д холбогдох

 

 Нэхэмжлэлийн шаардлага 30.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “БХАҮН” ААТҮГ, хариуцагч “ҮӨБ” ХХК-д холбогдуулан 30.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         2.Нэхэмжлэгч “БХАҮН” ААТҮГ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

         Б, ’ҮӨБ’’ ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “С” цэвэр усны үйлдвэрт  0.5 литрийн цэвэр усны хуванцар савны хуруу шилний бэлдэц, бөглөө нийлүүлэх гэрээ байгуулсан.

         Гэрээний дагуу Батлан хамгаалах аж үйлдвэрийн харьяа “Соёмбот” цэвэр усны үйлдвэрт ‘’ҮӨБ’’ ХХК нэг бүрийн үнийг 121 төгрөгөөр тооцож, сая ширхэг 0.5 литрийн хуванцар савны хуруу шилний бэлдэц, нэг бүрийн үнийг арван төгрөг наян мөнгөөр тооцож 0.5 литрийн хуванцар савны бөглөө нийлүүлэх болсон.

          Манай нэхэмжлэлийн шаардлага “С” цэвэр усны үйлдвэрт 0.5 литрийн хуванцар савны хуруу шилний бэлдэц, бөглөөг бэлтгэн нийлүүлэх 2020 оны 0113  дугаартай гэрээний үүргийн биелэлтэд  ‘’ҮӨБ’’ ХХК-аас 30.250.000 төгрөг гаргуулах.

           Энэ нь 2020 онд талуудын байгуулсан гэрээний дагуу төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хуулийн дагуу өөрийн харьяа “Соёмбот” цэвэр усны үйлдвэрт 0.5 литрийн цэвэр усны хуванцар савны хуруу шилний бэлдэц авахаар тендер зарласан. 

          Ингээд ‘’ҮӨБ’’ ХХК-ийг шалгаруулж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээг байгуулсан.

          Хариуцагч компани гэрээнд зааснаар 1.000.000 ширхэг 0.5 литрийн хуванцар савны хуруу шил, 1.000.000 ширхэг бөглөө нийлүүлэхээр болсон.

           Байгууллага гэрээнд заасан тоо ширхэгийн дагуу сав, бөглөөг хүлээж авсанд маргахгүй.

           Тухайн үед дэлхийн нийтээр коронавирусийн халдвар тархаж, манай улсад халвдар гарч, хатуу хөл хорио тогтоосоны улмаас үйлдвэрлэлээ явуулж чадаагүй.

            Ингээд хөл хорио тавигдаж хэвийн ажиллах боломж бүрдэн 2021 оны 5 дугаар сард үйлдвэрлэлээ явуулахад нийлүүлсэн бэлдэцийг сав болгон үлээх төхөөрөмжид хийхэд савны ёроол цайрч, цагаан болж хувирах, үлээгдэхгүй байх зэргээр цэвэр ус савлах боломжгүй болж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсны улмаас доголдол, хорогдол их гарсан.

            Энэ талаар хариуцагчид 2021 оны 05 дугаар сард мэдэгдэхэд компанид менежер ажилтай н.А байгууллага дээр ирж, шалгаад ирье гээд 1000 ширхэг цэвэр усны хуванцар хурууны шилний бэлдэцээс нэг шуудайг авч яваад эргэж мэдээлэлгүй, хариу байхгүй, утсаа авахгүй сураггүй болсон.

            Мөн компанийн захирал н.Ат хэлэхэд бас хариу өгөхгүй болохоор нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 129, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 155 дугаартай Албан бичгүүдийг хүргүүлж, утсаар тухай бүрт мэдэгдсэн.

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд нийлүүлсэн барааг техникийн тодорхойлтод зааснаар өнгө, жин хэмжээ, эрүүл ахуйн шаардлага хангасан хуруу шил, бэлдэц нийлүүлэх тухай заасан.

             Эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд гэрээний дагуу зөрчлийг арилгуулах, нийцүүлэх талаар шаардсан боловч өдийг хүртэл ‘’ҮӨБ’’ ХХК хариу өгөөгүй байна.

             Хариуцагчийн нийлүүлсэн 1.000.000 ширхэг бэлдэцээс 25 хувь буюу 250.000 ширхэг 0.5 литрийн цэвэр усны савны хуруу шилний хорогдол гарсан бөгөөд нийт мөнгөн дүн болон нэгж үнээр тооцоход 30.250.000 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

   Мөн манайх үйлдвэртээ 1.5 литр болон 0.5 литрийн бэлдэцүүдээр жижиг ус савлаж хийн дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Өөр ус, ундаа хийдэггүй.

   Энэ талаар нийлүүлэгч компани мэдэж байгаа. Үйлдвэрт байгаа 1.5 литрийн бэлдэцийг Монгол улсад хийдэг ба 0.5 литрийн бэлдэцийг манай улс хийдэггүй, БНХАУ-аас нийлүүлдэг.

    Иймээс 0.5 литрийн бэлдэц дуусаж, тендер зарлаж, хариуцагчтай нийлүүлэх гэрээг хийж захиалсан.

   Шүүхээс “С” үйлдвэр дээр очиж үзлэг хийхэд бүх зүйл ил харагдаж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгасан байсан.

    Энэ хоёр бэлдэц өөр өөр газар хийгдэж, хоорондоо сав, бөглөө таарахгүй бэлдэцүүд тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

    Мөн хариуцагчийн авч явсан 1000 ширхэг бэлдэцийн үнийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй.

   Хариуцагч бэлдэцийг “Воаяж”-ийн үйлдвэрт шалгуулна гэж авч яваад хариу байхгүй, шалгуулсан, шалгуулаагүй нь мэдэгдэхгүй эргүүлж авчирч өгөөгүй сураггүй болсон тул гэрээний тусгай нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу доголдлыг арилгах үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

    Тэрээр хариуцагчийн маргаж байгаа “чанар” гэдэг зүйл бэлдэцийг төхөөрөмжид оруулж үлээлгэхтэй хамааралгүй.

Дээрх асуудал тухайн савны бэлдэцэд ус савлахад хүний биет хортой юу, үгүй юу? гэдэг талаарх дүгнэлт.

Түүнээс бүх бэлдэцийг нэг бүрчлэн үлээлгэж шалгаж авах боломжгүй, авлаа гэж бодоход тухайн савнуудад ус хийж үйлдвэрлэж ашиглах боломжгүй бөгөөд чанарын стандартыг хангахгүй. Ер нь байх боломжгүй асуудал шүү дээ, гэжээ.

  

         3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдаж тухайн бараа материалыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн.

Хүлээн авсан тухай хүлээлцсэн “Нотломж” нэртэй баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Энэхүү хүлээлцсэн нотломжоор зөрчил дутагдал гараагүй чанарын шаардлага хангасан бэлдэцийг үйлдвэрийн шугамаар шалгахад хэвийн байсан гэсэн баталгаа.

Барааг тоолж хүлээн авсан гэдгийг дурдаж мөн зургийг хавсаргасан.

Манай тал гэрээний дагуу бөглөө, бэлдэц нийлүүлсэн тоо ширхэгийн талаарх нэхэмжлэгчийн тайлбартай маргахгүй.

Мөн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг хавсаргасан.

Энэ хугацаанд нэхэмжлэгчийн доголдолын талаар нэхэмжлэл гаргах хугацаа дууссан. 1000 ширхэг бэлдэцийг авсан гэдэг тул тайлбаргүй.

Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сараас эхлэн үйлдвэрт оруулж ирсэн гэсэн.

Тухайн агуулахад барааны үлдэгдэл байсан. Хэдэн ширхэгийг үйлдвэрт оруулсан, хэдэн ширхэгийг ашиглаагүй талаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл манайхаас нийлүүлсэн бараа яг доголдолтой эсэх талаар нотлоогүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бараа материалын доголдол гэдгийг нотлохын тулд хичнээн хэмжээний барааг санхүү дээр бүртгэгдсэн, хэдэн ширхэгийг үйлдвэрт оруулсан санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй.

Үүнийг нэхэмжлэгч нотлох шаардлагатай. Бараа материал доголдолтой гэдгийг нотлоход хангалтгүй гэж үзэж байна, гэжээ.

     

          4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт:

 

Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Р усны савны бэлдэц хүлээн авсан тухай нотломж”, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 202000 дугаартай “Цэвэр усны бэлдэц нийлүүлэх тухай гэрээ дүгнэсэн протокол”, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/00 дугаартай “С” цэвэр усны үйлдвэрт 0,5 литр цэвэр усны савны хуруу шил, бөглөө бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай “БХАҮН” ТӨААТҮГ-ын албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “БХАҮН” ТӨААТҮГ-ын Албан бичиг, “БХАҮН” ААТҮГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын Батлан хамгаалах сайдын Б/0 дугаартай “Н.Э томилох, цалинжуулах тухай” тушаал, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл”, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Бараа материалын товчоо тайлан”, Үзлэгийн тэмдэглэл, цэнхэр өнгийн усны савны бэлдэц, цагаан өнгийн усны савны бэлдэц,

 

Хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.А олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.А олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Э.О олгосон “Итгэмжлэл”,

 

Шүүхийн журмаар “Н” ХХК-ийн Магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудсыг өгчээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

         2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р “Хариуцагчийн нийлүүлсэн бэлдэц, бөглөөний тоо, төлбөр шилжүүлсэн талаар маргаангүй. 0.5 литрийн цэвэр усны хуванцар хурууны шилний бэлдэцийг үйлдвэрлэлийн төхөөрөмжид үлээлгэхэд доголдол гарсны улмаас нэхэмжлэгч хохирч байгаа тул 250.000 ширхэг бэлдэцийн үнийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болоогүй. Хариуцагчийн нийлүүлсэн бэлдэц доголдолтой байсан” гэж тайлбарлав.

 

         3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Гэрээ биелэгдсэн, нийлүүлэлт хийгдсэн, төлбөр төлөгдсөн. Мөн нотломж бичгээр чанарын шаардлага хангасан бэлдэц нийлүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.

 

         4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

           

         5.Нэхэмжлэгч “БХАҮН” ААТҮГ, хариуцагч “ҮӨБ” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Соёмбот” цэвэр усны үйлдвэрт 0.5 литрийн цэвэр усны савны хуруу шил, бөглөө бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, 0.5 литрийн цэвэр усны савны хуруу шил 1.000.000 ширхэг,  нэгж үнэ 121 төгрөг, бөглөө 1.000.000 ширхэг, нэгж үнэ 19 төгрөг 80 мөнгөөр тооцон 140.800.000 төгрөгийн өртөгтэйгээр бэлдэц нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ хийгдсэн нь талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

       6.Иймээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний үнийг дүнг нэхэмжлэгч байгууллага шилжүүлж, хариуцагч хүлээн авч, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлсэн талаар хэн аль нь маргахгүй байна.

 

       7.Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.

 

       8.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бичгийн нотлох баримт, талуудын тайлбараас харахад, хариуцагчийн бэлтгэн нийлүүлсэн 0.5 литрийн цэвэр усны савны хуруу шилийн бэлдэц догодолтой болон доголдолгүй байсан эсэхэд мэтгэлцэж харин бөглөөний нийлүүлтэнд зохигчид маргаагүй болно.

 

       9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж хуульчилжээ.

 

      10.Тодруулбал мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

 

      11.Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын хариуцагчид явуулсан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 155, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Албан бичиг мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч компанийн менежер Б.Ат 0.5 литрийн цэвэр усны савны хуруу шилний доголдолын талаар 2021 оны 05 дугаар сард үйлдвэрлэл эхлэхэд мэдэгдэхэд манай байгууллага дээр биечлэн ирж, 1000 ширхэг буюу нэг шуудай хуруу савны бэлдэцийг “Вояаж” дээр шалгуулаад ирье гэж авч яваад хариу байхгүй, 1000 ширхэг бэлдэц байхгүй сураггүй болсны улмаас бид компанид энэ тухай албан бичгээр мэдэгдэл хүргүүүлсэн” гэх тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар хариуцагч доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн нь нотлогдож байна.

 

     12.Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч чанар стандартын шаардлага хангасан бараа нийлүүлсэн гэх тайлбарыг гарган маргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа өөрөө цуглуулах, бүрдүүлэх, нотлох эрхийг шүүх олгосон боловч хэрэгжүүлээгүй, 1000 ширхэг бэлдэц авснаа зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

 

     13.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” мөн талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг заасан байх бөгөөд тухайн цаг үед дэлхий нийтээр коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Монгол улсад бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон үйл явдал нийт илэрхий баримт учраас нотлох шаардлагагүй гэж шүүх дүгнэж мөн хариуцагч 1000 ширхэг бэлдэцийг шалгаж үзэхээр 2021 оны 05 дугаар сард авч явснаа тайлбараараа үгүйсгээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

      14. Хавтас хэргийн 120, 121 дүгээр хуудсанд авагдсан Сангийн яамны 2018 оны 100 дугаартай “Тушаал”-ын хавсралтаар батлагдсан “Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл” нэртэй 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, агуулах 003-усны үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн усны үйлдвэрт хүснэгтийн 2, 4 дүгээр багананд бичигдсэн нийлбэр дүн 297.990 ширхэг 0.5 литрийн цэвэр ус, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1,5 дугаар багананд бичигдсэн дүн 416.725 ширхэг 0.5 литрийн цэвэр ус нийт 714.715 ширхэг цэвэр ус үйлдвэрлэcэн нь бичгийн нотлох баримтаар нь тогтоогдож байна.

 

       15.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дахь хэсэгт “хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ” гэж, зохигчдын байгуулсан ерөнхий гэрээний 2 дугаар зүйлд 0.5 литрийн цэвэр усны савны хурууны шилний нэгж үнийг 121 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн үйлдвэрт хэрэглэгдэх боломжгүй болсон доголдолтой 250.000 ширхэг бэлдэцийг 250.000 х 121 төгрөг= 30.250.000 төгрөг болсныг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

       16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас 30.250.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 309.200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ҮӨБ” ХХК-аас 0.5 литр цэвэр усны савны хуруу шилний бэлдэцийн үнэ 30.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БХАҮН” ААТҮГ олгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 309.200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА