Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03295

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03295

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо тоотод оршин суух Х овогт Р А /РД:, утасны дугаар: /

 

Хариуцагч:  Баянгол дүүрэг 9 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Б Т /РД:  , утасны дугаар:  /

 

Зээлийн гэрээний үүрэгт 39,190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч Б.Тд холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагчийн хүсэлтээр бизнесийн өдөр бүрийн орлогоосоо өөрийнхөө боломжийн хэмжээгээр мөнгө зээлэхээр болж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 102 удаагийн шилжүүлгээр 43,190,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн.

 

1.2. Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөр төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 39,190,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч нь алжаал тайлах төв ажиллуулж байсан, уг төвийн хамгаалалтын ажлыг хариуцан хамтран ажиллахаар тохирч, 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл ажилласан.

 

2.2. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс зээл болон өөр бусад утгаар хүлээж авсан мөнгө нь хамтран ажилласны үр шим. Дээрх хугацаанд нэхэмжлэгчээс нэг төгрөг ч зээлж аваагүй.

 

2.3. 2021 оны 9 дүгээр сараас караоке ажиллуулж эхэлж байхад нэхэмжлэгч хамтран ажиллах санал тавьж, хамтран ажиллахаар болсон ба шинэ ажилтай болгосонд баярлалаа гэж 2022 оны 1 дүгээр сард 10,000,000 төгрөгийг машин аваарай гэж өгсөн. Үүнийгээ нэхээд байхаар нь 2022 оны 3 сард 4,000,000 төгрөг өгсөн. Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.   

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хариуцагчтай харилцаж байсан вайбар чатын хуулга, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /I-ХХ-8-105, 209- 231, 233-249 дүгээр тал, II-ХХ-ийн 13-20 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Төрийн банкны дансны хуулга, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчтэй харилцсан вайбар чатын хуулга /I-ХХ-ийн 116-155, 164-208 дугаар тал/

 

5. Шүүх зохигчийн хүсэлтээр хоорондоо харилцаж байсан viber чатад үзлэг хийсэн тэмдэглэл /II-ХХ-ийн 9-10 дугаар тал/

 

6. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Н.М-с гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. / I-ХХ-ийн 4-8 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь банкны зээлээ төлөх зорилгоор их хэмжээний мөнгө зээлэх хүсэлт гаргасан ба ийм хэмжээний мөнгө байхгүй тул өдөр бүрийн орлогоосоо мөнгө зээлэхээр болсон. Зээлийн хэмжээ болон хугацааг тохироогүй бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 102 удаагийн шилжүүлгээр 43,190,000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 39,190,000 төгрөгийг шаардаж байна.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчтэй 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл хамтран ажилласан ба түүний ажиллуулж байсан алжаал тайлах төвийн хамгаалалтыг хариуцан ажиллуулах, орлогоо хувааж авахаар тохирч, ажлынхаа үр шимийг олж авсан, нэхэмжлэгчээс нэг төгрөг ч зээлж аваагүй. 2021 оны 9 дүгээр сараас караоке ажиллуулж байхад нэхэмжлэгч нь мөн хамтран ажиллах санал тавьж, хамтран ажиллахаар болсон ба ажилтай болгосонд баярласан гээд 10,000,000 төгрөгийг машин ав гэж өгсөн, буцааж нэхээд байхаар нь 4,000,000 төгрөг өгсөн. Бид хувийн харилцаатай байсан бөгөөд сүүлд үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.    

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Р.Аын данснаас 2020 оны 8 дугаар сарын 20, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд 610,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 4,475,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 11,105,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 7,390,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 4,685,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 5,495,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 80,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 01, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд 80,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 380,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1,130,000 төгрөг нийт 45,530,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдов. Үүнээс нэхэмжлэгч нь 43,190,000 төгрөгийг “зээл” гэсэн утгаар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн ба 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 4,000,000 төгрөгийг хасч 39,190,000 төгрөг гаргуулна гэжээ. Энэхүү шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарласан байна.

 

Талуудын дансны хуулгыг нэгтгэж үзвэл нэхэмжлэгчээс хариуцагчид 45,530,000 төгрөг шилжүүлснээс “зээл” гэсэн утгаар 39,500,000 төгрөг, бусад утгаар 6,030,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /I-ХХ-ийн 66, 68, 76-81, 82-102, 105, 116-139, 146-148, 212-213, 221-223, 231, II-ХХ-ийн 15, 17 дугаар тал/

 

Дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар хариуцагч маргаагүй бөгөөд харин зээлж аваагүй, нэхэмжлэгчийн ажиллуулж байсан алжаал тайлах төвийн хамгаалалтыг хариуцан хамтран ажиллаж байсан ба өдөр бүрийн орлогоо хувааж авахаар тохирсоны дагуу хүлээж авсан мөнгө гэж маргав.

 

Аливаа гэрээг байгуулсан гэж үзэх, байгуулсанд тооцох нөхцөлийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан.   

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Энэхүү гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч 2 талын харилцан нийцсэн саналын үндсэн дээр буюу нэг тал нь мөнгө зээлэх, эсвэл зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргасныг нөгөө талын хүлээн зөвшөөрсөн /хүлээн авсан/ хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагддаг болохыг хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь үүрэг хүлээсэн хэлцэл. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бодитоор хөрөнгийг шилжүүлснээр байгууллагддаг гэрээ биш юм. Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг зээлдүүлэгч зээлийг бодитоор олгосноор зээлээ буцаан шаардах эрхтэй болохыг тодорхойлсон хэм хэмжээ гэж ойлгоно. Иймд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэх хүсэл зориг байсан эсэх, энэхүү хүсэл зориг хэрхэн илэрхийлэгдсэн болохыг тогтоох шаардлагатай.  

 

Зээлийн гэрээгээр зээлийн хэмжээ болон хугацаа тохироогүй гэж нэхэмжлэгч тайлбарласан байна. Зээлийн гэрээгээр хугацаа тохироогүй бол ийм гэрээний зээлдэгчийн гол үүрэг нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Энэ талаар Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зохицуулсан. Иймд хүүгүй, хугацаагүй зээлийн гэрээний онцлог нь зээлдүүлэгч хэдийд ч зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь зээлийг нэн даруй буцаан төлөх үүрэгтэй ба энэхүү үүрэг нь зээлдүүлэгчийн зээлээ төлөхийг шаардахаас хамаарч байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг банкны өмнө хүлээсэн 2 зээлийн гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор зээл авах хүсэл зориг илэрхийлсэн гэх ба гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ нэхэмжлэгчээр /зээлээр/ төлүүлж байгаа этгээдээс зээлийг буцаан төлөхийг шаардсан даруй авах боломжгүй бодит нөхцөл байдал байгааг мэдсэн атлаа, мөн хариуцагчид хэдий хэмжээний мөнгийг хэдий хүртэл хугацаанд өгөх болохоо мэдэхгүйгээр урт хугацаанд тогтмол /2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарыг дуустал сар бүр 1-2 хоногийн зайтай/  мөнгө зээлж байсан гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байх ба энэхүү үйлдэл нь зээлийн гэрээний мөн чанар болон агуулгад нийцэхгүй байна.  

 

Мөн хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Н.М “Б.Т нь харуул хамгаалалтын ажлыг нь хариуцаж байгаа гэсэн, хорооллын салбарт нь ажиллаж байсан, би хэд хэдэн удаа хамт гарч байсан. ...Р.А, Б.Т хоёулаа хамтран ажиллаж байгаа гэж хэлж байсан” гэж мэдүүлсэн байх ба уг мэдүүлэг болон нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх ямар нэг баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Гэрч нь хариуцагчийн ажиллаж байсан газарт очиж байсан, зохигчийг хамтран ажиллаж байсан гэх мэдээллийг тэдний хэн алинаас нь сонссон болохоо мэдүүлсэн байх ба энэ талаарх мэдээллийг гэрчид өгөөгүй болохоо, түүний мэдүүлэг бодит байдалд нийцээгүй болохыг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ. /II-ийн ХХ-ийн 5-8 дугаар тал/

 

Талууд хоорондоо харилцаж байсан вайбар чатын мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн, уг мэдээллийн агуулгыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг баримтад хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэх, нэхэмжлэгч нь зээлээ төлөхийг шаардсан агуулга бүхий мэдээлэл авагдаагүй байна. Харин хариуцагч өөрт нь 10,000,000 төгрөгийн асуудал хамаатай, үүнээс 4,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч 6,000,000 төгрөг шаардаж байгаа агуулга бүхий мэдээлэл байх ба уг ярианаас хойш 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдов. /I-ХХ-ийн 146, 164, 237-239 дүгээр тал, II-ХХ-ийн 17 дугаар тал/    

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл 10,000,000 төгрөгөөс бусад мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн хооронд 33,190,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 33,190,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь 10,000,000 төгрөгийг машин ав гэж нэхэмжлэгч өгсөн гэж тайлбарладаг боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, үүнээс 4,000,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардаж байсан үйл баримтыг үндэслэн 10,000,000 төгрөгийн хэмжээнд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Тгээс 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р Ад олгож, нэхэмжлэлээс 33,190,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА