Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02096

 

 

 

 

 

 

 

 

2022 12 09 210/МА2022/02096

 

 

Р.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03295 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 39,190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Тгийн хүсэлтээр бизнесийн өдөр бүрийн орлогоосоо өөрийн боломжийн хэмжээгээр мөнгө зээлэхээр болж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 102 удаагийн шилжүүлгээр 43,190,000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Т нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөр төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 39,190,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Р.А нь алжаал тайлах төв ажиллуулж байсан, уг төвийн хамгаалалтын ажлыг хариуцан хамтран ажиллахаар тохирч, 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс зээл болон өөр бусад утгаар хүлээж авсан мөнгө нь хамтран ажилласны үр шим. Дээрх хугацаанд нэхэмжлэгчээс нэг төгрөг ч зээлж аваагүй. 2021 оны 09 дүгээр сараас караоке ажиллуулж эхэлж байхад Р.А хамтран ажиллах санал тавьж, хамтран ажиллахаар болсон ба шинэ ажилтай болгосонд баярлалаа, машин аваарай гэж 2022 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөгийг өгсөн. Үүнийгээ нэхээд байхаар нь 2022 оны 03 дугаар сард 4,000,000 төгрөг өгсөн. Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тгээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Ад олгож, нэхэмжлэлээс 33,190,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Тгээс 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ад олгож шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх өртэй этгээдэд мөнгө зээлдэх, ийнхүү зээлэхдээ хугацаагүй зээлдэх нийт хэмжээ тодорхойгүй, урт хугацаанд олон дахин зээлдэх нь бодит байдалд байх боломжгүй, ийм байх нь зээлийн гэрээний мөн чанар, агуулгад нийцэхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь урт хугацаанд бага багаар мөнгө зээлэх асуудлыг хуулиар хориглоогүй, зээл авч буй этгээд өртэй байсан ч зээлж болохгүй гэж хуульд заагаагүй.

4.б. Мөн зохигчдыг хамтарч ажиллаж байсан тухай мэдүүлсэн гэрч Н.Мөнхболдын мэдүүлэг бодит байдалд нийцээгүй гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч талуудын хооронд зээлийн харилцаа, дансны гүйлгээний талаар огт мэдэхгүй, хэрхэн хамтран ажилладаг, цалин мөнгөний асуудлын талаар ч тодорхой мэдүүлэг өгөөгүй. Хамтран ажилладаг гэсэн нь зээлийн харилцаа үүссэнийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

4.в. Мөн хоорондоо харилцсан чатад нэхэмжлэгч тал илүү их мөнгө нэхэмжлэх талаараа бичсэн. Ихэвчлэн өөр асуудлын талаар ярилцсан. Зээлийн талаар бичээгүй нь зээл олгоогүй гэх үндэслэл болохгүй.

4.г. Нэхэмжлэгч яагаад зээл гэсэн гүйлгээ хийх болсон талаар, эдгээр гүйлгээ нь зээл биш бол юу болох талаар шүүх дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Хариуцагч өөрийнх нь дансанд орсон зээл гэсэн гүйлгээнүүдийг өөр үүргийн гүйцэтгэл байсныг нотолж чадаагүй. Өөр гэрээний үүрэг эсэх, эсвэл хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх зэргийг дүгнэх ёстой.

4.д. Хариуцагч мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн, 39,500,000 төгрөгийг зээл гэсэн утгатай гүйлгээгээр авсан. 4 сар гаруй хугацаанд хамгаалагч хийсэн гэх бөгөөд дээр дурдсан хэмжээний өндөр цалин хөлс авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн хувьд сүүлд шилжүүлсэн 10,000,000 төгрөг нь бэлэглэлийн гэрээгээр шилжигдсэн гэж үзэж байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрчийн чадамжийн талаар ямар нэг тайлбар, татгалзал гаргаагүй, асуулт асууж, хүлээн зөвшөөрч оролцсон атлаа уг асуудлаар давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх зээлийн гэрээ биш гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Учир нь аливаа гэрээ талуудын хүсэл зоригоос хамаардаг. Гүйлгээний хувьд зөвхөн зээл гэж бичигдсэн. Хугацааны хувьд өдөр тутамд өөр үнийн дүнгээр шилжүүлсэн байгаа. Хариуцагчаас өнөөдөр надад мөнгө шилжүүлж өг гэх ямар нэг тохиролцоо хийгээгүй. Энэ нь талуудын хооронд бичсэн вайбэр (viber) зэргээр бичигдсэн зурвасуудаар нотлогддог. Тухайн үед шилжүүлсэн үнийн дүн, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, прокурорын тогтоол зэргээр талууд хамтран ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

6.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Б.Т нь 2021 оны 09 дүгээр сараас караоке ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ үеэр нэхэмжлэгч Р.А нь хамтран ажиллах санал тавьсан ба шинэ ажилтай болгосонд баярлан 2022 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд ажил хэргийн таарамжгүй харилцааны улмаас удаа дараа түрээсийн болон бусад хэлбэрээр мөнгө шаардаж эхлэхэд нь 4,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Гэтэл шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч Р.Ад хандан 10,000,000 төгрөг зээлэх тухай санал гаргаж байгаагүй. Иймээс 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрчийг чадамжгүй гэж хэлээгүй, харин тухайн асуудлыг мэдэхгүй байсан гэж тайлбарласан. Баярласнаа илэрхийлж, бэлэглэсэн гэх үйл баримтыг хариуцагч тал нотлоогүй. Зээлийг хүлээн зөвшөөрч, эргэн төлөлтийг хийсэн үйл баримтыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Үлдэгдэл төлбөрөө шаардсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлэглэлийн гэрээ гэж хүлээн зөвшөөрч байгаагүй. Иймд гомдол үндэслэлгүй байх тул хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч Б.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл аваагүй, шилжүүлсэн мөнгө нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

3.Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу бүх талаас нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөс талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

4.Р.А нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 43,190,000 төгрөгийг Б.Тд, Б.Тгээс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг Р.Ад тус тус шилжүүлсэн ба зохигчид энэ үйл баримтыг маргаагүй байна.

 

5.Зохигчдын маргааны зүйл нь нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн эсэх асуудал байна.

 

6.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан дансны хуулгад Р.А нь Б.Тгийн дансанд 30,400,000 төгрөгийг зээл гэсэн гүйлгээний утгаар, үлдэх 12,790,000 төгрөгийг орлого, tuul, para, 1 зэрэг гүйлгээний утгаар тус тус шилжүүлжээ. (хэргийн 1 дэх хавтас 14-105, 116-155)

 

7.Дээрх шилжүүлгүүдийг талуудын хамтран ажиллах гэрээтэй холбоотой гэж хариуцагч татгалзсан ба хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

7.а. Алжаал тайлах төвд хариуцагчийн ажилласан хугацаанаас нэхэмжлэгчийн мөнгөн шилжүүлэг хийсэн хугацаа зөрүүтэй буюу илүү байгааг харьцуулж дүгнээгүй. Тодруулбал, хариуцагчийн тайлбараар, талуудын хамтын ажиллагаа 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилж дууссан байх тул 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жил 7 сарын хугацаанд хийгдсэн мөнгөн шилжүүлгийг хамтын ажиллагаатай холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй.

7.б. Мөн гэрч Н.Мөнхболд нь Р.А, Б.Т нар хамтын ажиллагааны ашиг орлогоо хуваадаг эсэх талаар, Б.Тгийн дансны гүйлгээний талаар тодорхой зүйл мэдэхгүй гэж мэдүүлснийг шүүх анхаараагүй. Аливаа этгээд иргэний эрх зүйн хэд хэдэн харилцаанд зэрэг орох боломжтой бөгөөд гэрчийн мэдүүлэг нь талуудын хооронд хамтран ажиллахаас өөр харилцаа нэгэн зэрэг үүсч болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй. (хэргийн 2 дахь хавтас 5-8 дахь тал)

7.в. Шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн зохигчдын вайбэр (viber) сүлжээгээр харилцсан зурваст нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн талаар дурдагдсаныг нэхэмжлэлийн үнийн дүн 39,190,000 төгрөгт хамааруулан дүгнэх үндэслэлгүй. (хэргийн 2 дахь хавтас 9-10 дахь тал)

 

8.Үүнээс гадна Р.Ааас зээл гэсэн гүйлгээний утга бүхий 30,400,000 төгрөгийн шилжүүлгийг Хаан банк ХХК-аар гүйцэтгүүлсэн бөгөөд төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсноор гүйлгээний утга хамаардаг тул түүгээр мөнгөн хөрөнгө шилжүүлэгчийн хүсэл зориг илэрхийлэгдэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн үйлдэлд дүн шинжилгээ хийх замаар хүсэл зоригийн илэрхийллийн утгыг тайлбарлана.

 

9.Дээр дурдсаныг харьцуулан дүгнэхэд, зээл гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 30,400,000 төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй, хариуцагчийн шилжүүлсэн 4,000,000 төгрөг хасагдах ба Р.А нь үлдэх 26,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Б.Тгээс буцаан шаардах эрхтэй. Харин бусад утгаар хийгдсэн 12,790,000 төгрөгийн гүйлгээ нь энэ үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын уг хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй.

Мөн хариуцагчийн хувьд, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан нь үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 26,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03295 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 6,000,000 гэснийг 26,400,000 гэж, 33,190,000 гэснийг 12,790,000 гэж, 2 дахь заалтын 110,950 гэснийг 289,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Р.Аын төлсөн 353,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тгийн төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД   Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА