Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/03436

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/03436

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо   тоотод оршин суух Б овогт Б Э /РД: /

 

Хариуцагч:  Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Н Ш Ш Г

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 17 дугаар хороо тоотод оршин суух Х овогт Г Ц /РД: /

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Э Э /РД:  /

 

Баянгол дүүрэг *тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Н, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эы төлөөлөгч О.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Цд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэн шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг *тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Тухайн орон сууцыг анх барьцаалах үед 300 гаруй сая төгрөгөөр үнэлэгдсэн ба үүнээс хойш долларын ханш өсч, төгрөгийн ханш суларч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад барьцаанд тавьсан үнээс багаар үнэлэгдэж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

 

1.2. Орон сууцны нэг өмчлөгч болох Б.Э 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ба өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэгдтэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Үнэлгээчин хуулийн дагуу ажиллаж зах зээлийн үнэлгээг тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэсэн байна.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ц дараах тайлбарыг гаргасан байна.

 

3.1. Үл хөдлөх эд хөрөнгийг 2010 онд 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан ба үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад 2010 оны үнэлгээнээс багаар үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн.

 

3.2. Тухайн хөрөнгийн хамтран өмчлөгч хүү Б.Э нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ба өв нээгдэж, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дараах тайлбарыг гаргав. 

 

4.1. Орон сууцыг зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн гэсэн тайлбараа нотлоогүй, ямар ч баримтгүй, хуулийн үндэслэлгүйгээр зөвхөн өөрийн үзэмжээр үнэлгээг бага тогтоосон гэж тайлбар гаргасан байна. 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууц барьцаалсан гэрээ байгуулахад тухайн орон сууц 30,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба одоогийн зах зээлийн үнийг 136,800,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй. Учир нь: нэхэмжлэгчийн орон сууц нь 29м2 талбайтай хуучны угсармал орон сууц бөгөөд үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй юм.

 

4.2. Тухайн орон сууцны өмчлөх эрхийн асуудлыг шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэхгүй тул хамтран өмчлөгч Б.Э нас барсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад хамааралгүй.  

 

 5. Нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/142/8702 дугаартай албан тоот, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05132 дугаартай захирамж, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01206 дугаартай захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/01055 дугаартай шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03040 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-142/11040 дугаартай албан тоот, Б.Э, Ш.Б нарын нас барсны бүртгэлийн гэрчилгээ,  /ХХ-ийн 7-17, 29, 112, 113 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг  нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 32-75 дугаар тал/

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ц, Б.Э нараас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг *тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг “зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн өмчлөгч нас барсан ба өв залгамжлалын асуудал шийдвэрлэх хугацаанд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах байсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Үнэлгээчин хуулийн дагуу үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05132 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн шаардлага 63,600 ам.доллар буюу 141,205,992 төгрөгийг хариуцагч Б.Э төлөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг *тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг албадан худалдах замаар гүйцэтгээгүй үүргийг хангуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03040 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 257 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байна.  

 

Дээрх шийдвэрийг хариуцагч Б.Э сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2021/08124 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0577 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хураан авч, дахин төлбөр төлөх хугацаа тогтоожээ.

 

Тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно” гэж заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч Б.Эаас 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, өмчлөгч Г.Ц-с 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үнийн санал авсан байх ба уг саналыг төлбөр авагч Э.Э зөвшөөрөөгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон үйл баримт тогтоогдов.

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэмжээ, хязгаарын хүрээнд албадлагын арга хэрэглэн гүйцэтгэж, зөрчигдсөн эрх ашгийг бодитоор сэргээх зорилготой байдаг. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгэх хугацааг хойшлуулах ба эдгээрээс бусад тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоохыг хориглоно. Иймд барьцаа хөрөнгө буюу албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /төлбөр төлөгчөөс бусад/ нас барсан нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох /түдгэлзүүлэх, хойшлуулах/ үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчөөс бусад өмчлөгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан оролцогч биш бөгөөд тухайн этгээд нас барсан нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцуулах үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн “үл хөдлөх эд хөрөнгө хэнд өвлөгдөх, үүнээс хамааран үүсэх эрх, үүргийг тодорхойлсоны дараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах ба энэ үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах байсан” гэсэн тайлбар үндэслэлгүй болно. Иймд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Э нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нас барсан нь тухайн ажиллагааг явуулахад саад болохгүй. Дээрх ажиллагаанууд хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох орон сууцны гадна болон дотоод байдалтай танилцаж хөрөнгийн чанар, барилгын хийц, дотоод засал, ашиглалтын түвшинг үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, ашиглалтад орсон хугацаа ойролцоо, хийц, талбайн хэмжээ ижил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан тухайн хөрөнгүүдийн байршлын сул тал, насжилт, дотоод засал, зохион байгуулалтын тохируулгыг хийж зах зээлийн жишиг үнийн хандлагаар орон сууцны зах зээлийн үнийг 136,800,000 төгрөгөөр тогтоосон байна. Зах зээлийн жишиг үнийн хандлага гэдэг нь ижил төстэй хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлийн өгөгдлийг харгалзан үзэж харьцуулалт хийж үнэ цэнэ тогтоодог. Энэхүү үнэлгээг тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг “зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн” гэсэн тайлбартайгаа холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулсан байх ба үнэлгээний талаарх гомдлыг нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор гаргах эрхтэй байна. Энэ нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг *тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА