Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00058

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00058

 

 

,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/03436 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,т холбогдох,

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36И байр, 14 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012598 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Э.Энхтайвангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1 Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36И байр, 14 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012598 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна.

Сууцыг анх барьцаалах үед 300,000,000 гаруй төгрөгөөр үнэлэгдсэн,үүнээс хойш ам.долларын ханш өсөж, төгрөгийн ханш суларч зах зээлийн үнэ өссөн байхад барьцаанд тавьсан үнээс багаар үнэлэгдэж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

Орон сууцны нэг өмчлөгч болох Б.Энхбаяр 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ба өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Үнэлгээчин хуулийн дагуу ажиллаж зах зээлийн үнэлгээг тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Цэцгээгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Үл хөдлөх эд хөрөнгө 2010 онд 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан ба үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад 2010 оны үнэлгээнээс багаар үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн.

3.2. Тухайн хөрөнгийн хамтран өмчлөгч хүү Б.Энхбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ба өв нээгдэж, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Энхтайваны төлөөлөгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга

4.1. Орон сууцыг зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн гэсэн тайлбараа нотлоогүй, ямар ч баримтгүй, хуулийн үндэслэлгүйгээр зөвхөн өөрийн үзэмжээр үнэлгээг бага тогтоосон гэх тайлбар гаргасан. 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууц барьцаалсан гэрээ байгуулахад тухайн орон сууц 30,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба одоогийн зах зээлийн үнийг 136,800,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн орон сууц нь 29 м.кв талбайтай хуучны угсармал орон сууц бөгөөд үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй юм.

4.2. Тухайн орон сууцны өмчлөх эрхийн асуудлыг шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэхгүй тул хамтран өмчлөгч Б.Энхбаяр нас барсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад хамааралгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,т холбогдох Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 36И байр 14 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012598 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Батдэлгэрийн Энхзулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т заасан үндэслэл нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчдийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж буй үйлдэл юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно" гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид хөрөнгийн үнэлгээний талаар санал гаргах эрхтэй буюу тус эрхийг залгамжлан авсан этгээд ч мөн адил санал гаргах эрхтэй болно. Тодруулбал, тус үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Энхбаяр нас барсан хэдий ч түүний хөрөнгийн үнийн талаар санал гаргах эрх нь хэвээр байгаа буюу түүний өв залгамжлагчид тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл түүнтэй холбоотой бүх эрх нь өвлөгдөнө. Б.Энхбаярын өв нээгдэж, түүний өв залгамжлагч тогтоогдох гэж байгаа буюу түүний өв хүлээн авагч нь тодорхой болоогүй, өвийн талаар эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад өвийн зүйл болох эрхийн бүртгэлийн Ү-2205012598 дугаартай, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 14 тоот, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцтай холбоотойгоор өөр ямар нэгэн ажиллагаа явагдах ёсгүй. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах гэж буй хөрөнгийн өмчлөгчдөөс саналыг нь бүрэн аваагүй байж үнэлгээг тогтоож, албадан борлуулах хүртэлх ажиллагааг хийсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж буй үйлдэл байхад түүнийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж үзэж байгааг эс зөвшөөрч байна.

6.2. "... нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн гэсэн тайлбартайгаа холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ" гэснийг эс зөвшөөрч байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2022 оны 10-р сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн байх тул түүнд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг минь хүлээж аваагүй болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зах зээлийн үнээс хэт хямд үнэлгээтэй гаргасан талаарх нөхцөл байдлыг тодруулах гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй, хангаагүй байж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм.

6.3. "... Энэ нэхэмжлэлийг 2022 оны 5-р сарын 04-ний өдөр гаргасан байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна" гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04-р сарын 26-ны өдрийн 4-142/8702 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигтэй танилцаад хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 05-р сарын 03-ны өдрөөс өмнө 2022 оны 5-р сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дахин хянан шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.4-т заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10-р сарын 12- ны өдрийн дугаар 102/ШШ2022/03436 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас татгалзал, тайлбар гаргаагүй болно:

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Э.Энхтайваны төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Хуульд зааснаар давж заалдах гомдлыг 14 хоногийн дотор бичгээр гаргах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авсан байх ёстой бөгөөд шүүхийн шийдвэрийг хэзээ авч, хэзээ гомдол гаргасан нь хэргийн материалаас харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг баримтлан хянаж үзэх ёстой. Нэхэмжлэгч талаас 135,000,000 төгрөгийг биш гэж үзсэн тохиолдолд нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх болон миний зүгээс нэхэмжлэгчийн нотлох эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болоогүй. Үнэлгээний асуудалд жишиг үнэлгээч нарын саналууд байсан бөгөөд тухайн хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө ямар хэмжээтэй болохыг харгалзаж, өндөр үнэлгээгээр буюу 135,000,000 төгрөгөөр тогтоогдсон. Тухайн орон сууц нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо буюу модны 2-т байрлалтай байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36И байр, 14 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05132 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлага 63,600 ам.доллар буюу 141,205,992 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,, төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 36И байр 14 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012598 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж гүйцэтгээгүй үүргийг хангуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03040 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 257 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байна. /хх 8, 37-41/

2.б. Дээрх шийдвэрийг хариуцагч ,,,,,,,,,,,,, сайн дураар биелүүлээгүйгээс ,,,,,,,,,,,,,,, нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2021/08124 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0577 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хураан авч, дахин төлбөр төлөх хугацаа тогтоожээ./хх 26,29/

2.в. Дээрх хугацаанд төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүйгээс хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч ,,,,,,,,,,,,,аас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, өмчлөгч Г.Цэцгээгээс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үнийн санал авсан байх ба уг саналыг төлбөр авагч Э.Энхтайван хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх 52, 55-56/

2.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/102 дугаар тогтоолоор шинжээч томилсон./хх 58/

 

3. Нэхэмжлэгч дээрх сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн хамтран өмчлөгч нас барсан, өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах байсан гэх үндэслэл заан маргажээ..

3.а. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох орон сууцны гадна болон дотоод байдалтай танилцаж хөрөнгийн чанар, барилгын хийц, дотоод засал, ашиглалтын түвшинг үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгийг байршил, зориулалт, ашиглалтад орсон хугацаа ойролцоо, хийц, талбайн хэмжээ ижил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан тухайн хөрөнгүүдийн байршлын сул тал, насжилт, дотоод засал, зохион байгуулалтын тохируулгыг хийж зах зээлийн жишиг үнийн хандлагаар орон сууцны зах зээлийн үнийг 136,800,000 төгрөгөөр тогтоосон байна. Зах зээлийн жишиг үнийн хандлага гэдэг нь ижил төстэй хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлийн өгөгдлийг харгалзан үзэж харьцуулалт хийж үнэ цэнэ тогтоодог. Энэхүү үнэлгээг тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна./хх 60-70/

3.б. Анхан шатны шүүхээс Барьцаа хөрөнгө буюу албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /төлбөр төлөгчөөс бусад/ нас барсан нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох /түдгэлзүүлэх, хойшлуулах/ үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчөөс бусад өмчлөгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан оролцогч биш бөгөөд тухайн этгээд нас барсан нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцуулах үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө хэнд өвлөгдөх, үүнээс хамааран үүсэх эрх, үүргийг тодорхойлсны дараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах ба энэ үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах байсан гэх тайлбар үндэслэлгүй болно. Иймд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Энхбаяр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нас барсан нь тухайн ажиллагааг явуулахад саад болохгүй юм.

 

4. Давж заалдах гомдлын талаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах гэж буй хөрөнгийн өмчлөгчдөөс саналыг бүрэн аваагүй байж үнэлгээг тогтоосон, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дахин тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

4.а. Дээр дурдсанаар төлбөр төлөгчөөс бусад өмчлөгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан оролцогч биш бөгөөд үнийн саналыг өмчлөгчөөс аваагүй, үнэлгээг буруу гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нас барсан өмчлөгчийн өв залгамжлагчаас үнийн санал аваагүйгээс үнэлгээ буруу болсон гэж дүгнэх боломжгүй.

4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчид 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үнэлгээний талаар мэдэгдсэн байна. Тус өдрөөс гомдол гаргах хугацааг тооцож үзвэл 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргажээ.

 

5. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/03436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД