Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00639

 

Г.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00529 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Цт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагвадорж, хариуцагч М.Ц, түүний өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүсэлтээр 2018.01.03-ны өдөр 9 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, сар бүр 1 000 000 төгрөг өгч байгаад үлдсэн 4 500 000 төгрөгийг сүүлийн сард өгөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. М.Ц нь 3 сар буюу 3 000 000 сая төгрөгийг хүүгүй өгсөн. Үлдэгдэл 6 500 000 өгөлгүй хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ат оффисийн өрөөг 1 жил үнэгүй ашиглах, 2 ширхэг компьютер өгөх саналыг, оронд нь 8 газарт авто зогсоолын зураг 24 айлын 3 загварын хаус хорооллын 3D зураг зуруулахаар тохиролцсон. Оффисийн өрөөгөө 700 000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Сард 350 000 төгрөгөөр бодоод цахилгааны тооцоог нь 1 600 000 төгрөг, 1 ширхэг компьютер 1 000 000 сая төгрөгөөр тооцож 1 компьютер сэлбэж өгөөд 2017 оны 12 сард дуусгахаар тохиролцсон. Нэхэмжлэгч 2018.6.30 хүртэл тохирсон ажлаа хийж өгөхгүй явсаар байгаад хариуцагч түрээслэж байсан байрнаасаа гэрээнээсээ өмнө хөөгдөж гарсан. Тэгээд Г.Ат “одоо тохирсон хугацаа дууссан, энэ хугацаанд чамаас ямар нэг ажил аваагүй учраас одоо зээлсэн мөнгөө өгөх боломжгүй” гэж хэлсэн. Энэ яриа 2018 оны 7 сард болсон. Тэнд надтай хамтарч тоглоомын газар ажиллуулж байсан Алтаннаран, Баярбаатар, А нар байсан.  Сард цахилгааны төлбөр, түрээсийг нэмбэл 390 000 төгрөгийг 12 сараар тооцоход 4 680 000 төгрөг болон компьютерын 2 600 000 төгрөг нийлээд 7 280 000 төгрөг болж байгаа. Тоглоомын газар хаагдахаас өмнө Г.Ат ажлаа дуусгаж өг гэхэд яг маргаашнаас гээд өөр ажил хийсээр байгаад, 2018.06.24-27-нд өөр ажил хийхээр явцгаасан. 9 500 000 төгрөгийн зээлийг авснаас хойш 5 сая төгрөг төлсөн, 4,5 сая төгрөг төлөөгүй байгаа. А нь хариуцагчид 7 280 000 төгрөг төлөх ёстой. Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 9 500 000 төгрөг зээлж авсан. 5 сарын хугацаанд сар бүр 1 сая төгрөг өгөх байсан. 2 дугаар сард бэлнээр 1 сая төгрөгийг хүүтэй хамт, 3 дугаар сард 2 сая төгрөг, 4 дүгээр сард 1 сая төгрөг, 5 дугаар сард 1 сая төгрөг бэлнээр төлсөн. 6 дугаар сараас төлөөгүй. Г.А бид нарын хооронд итгэлцэл байсан учраас гарын үсэг зуруулаагүй. 2 сая төгрөгөө нэхэмжилж байгаа нь мессенжерээр харилцаж байснаар нотлогдоно. 4, 5 дугаар сард төлөөгүй гэж байна, хэрвээ тийм байсан бол тухайн сард мөнгө нэхэмжилж байсан зүйл байх байсан. Мөнгийг төлөөд явж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хиад боржигин овогтой Мэнд-Амарын Цаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 500 000 төгрөг гаргуулан, Боржигон овогтой Ганболдын Ат олгож, шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 118 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлын үндэслэлийг нотлох чухал ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэх гэрчийг  асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Хэргийн оролцогчийн мэтгэлцэх боломжийг хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд хийгдсэн тохиролцоо, төлбөр тооцоо нийлсэн үйл баримтын талаар гэрчлэх гэрчүүд болох н.Алтаннаран, н.Баярбаатар нарыг асуулгах шаардлагатай талаар амаар болон бичгээр тайлбар гаргаж байсан. Шүүх хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч М.Цт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  6 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 9-11 /

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, сар бүр 1 000 000 төгрөгөөр 5 сарын хугацаанд төлөх, үлдэх 4 500 000 төгрөгийг сүүлийн сард төлөх нөхцлийг тохиролцжээ. /хх-3/

 

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, агуулгыг өөрсдөө тодорхойлсон, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү тогтоосон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-22-23/

 

Талууд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэнд, хүү нэхэмжлэхгүй байгаа зэрэг үйл баримтад маргаангүй. Мөн М.Ц нь 2 дугаар сард 1 000 000 төгрөг, 3 дугаар сард 2 000 000 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон, зохигч төлбөл зохих төлбөрийн хэмжээний талаар маргаж байна. /хх-18-20/

 

Хариуцагч нь 4 дүгээр сард зээл төлсөн гэж маргаж байгаа, бичгээр гаргасан нэхэмжлэлд эхний 4 сарын мөнгөнөөс бусдыг төлөөгүй гэж дурдсан байгааг анхан шатны шүүхээс харьцуулан дүгнэснийг зөв гэж үзнэ. /хх-21-23/

 

Иймд хариуцагч М.Цаар 2018 оны 05 дугаар сард төлөх 1 000 000 төгрөг, үлдэх төлбөр 4 500 000 төгрөгийн хамт нийт 5 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бусад үүргээр харилцан тооцож дуусгавар болгосон гэх агуулгатай тайлбар гаргасан ч энэ талаар нотлох баримтгүй, сөрөг нэхэмжлэл гараагүй. Хариуцагч М.Ц нь нэхэмжлэгчтэй холбоотой гэрээний үүрэг, биелэгдээгүй өөр төлбөрийн асуудал байгаа гэж үзэж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгааг шүүхийн шийдвэрт дурдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД