Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0529

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 3 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00529                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мхолбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагвадорж, хариуцагч М.Ц, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Цын хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, сар бүр 1,0 сая төгрөг өгч байгаад үлдсэн 4,5 сая төгрөгийг сүүлийн сард өгөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. М.Ц нь 3 сар буюу 3,0 сая төгрөгийг хүүгүй өгсөн. Өгч чадахгүй гэж эхний 4 сарын мөнгөнөөс бусад үлдэгдэл 6,500,000 өгөлгүй хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Атай 2017 оны 5 сард манай компьютерын газар ажилладаг Баярбаатар найзаар нь дамжуулж танилцсан. Тухайн үед Г.А нь манай ажил дээр цаг авч сууж өөрийнхөө ажлыг хийдэг байсан тул танилцаад дээр байгаа оффисийн өрөөг 1 жил үнэгүй суугаад 2 ширхэг компьютер өгөх саналыг би тавьж, оронд нь 8 газарт автозогсоолын зураг 24 айлын 3 загварын хаус хорооллын 3D зураг зуруулахаар тохиролцсон. Оффисийн өрөөгөө 700,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Тал мөнгөөр нь 350,000 төгрөг сард бодоод цахилгааны тооцоог нь бас надаас гараад 1,600,000 төгрөгөөр 1 компьютер авч өгөөд тухайн үеийн ханшаар 1,0 сая төгрөгөөр тооцож 1 компьютер сэлбэж өгөөд 2017 оны 12 сард дуусгахаар тохиролцсон. Тэгээд 2018 оны 6 сарын 30 хүртэл тохирсон юмаа хийж өгөхгүй явсаар байгаад би түрээслэж байсан байрнаасаа гэрээнээсээ өмнө хөөгдөж гарсан. Тэгээд Ат “одоо тохирсон хугацаа дууссан, энэ хугацаанд чамаас би ямар нэг ажил аваагүй учраас одоо зээлсэн мөнгөө өгөх боломжгүй” гэж хэлсэн. Энэ яриа 2018 оны 7 сард болсон. Тэнд надтай хамтарч тоглоомын газар ажиллуулж байсан Алтаннаран, Баярбаатар, А бид байсан. Тэгээд тохиролцоод салсан. Сард цахилгааны төлбөр, түрээсийг нэмбэл /350,000 түрээс дээр цахилгааны төлбөр 40,000/ 390,000 төгрөгийг 12 сараар тооцоход 4,680,000 төгрөг болон компьютерын 2,600,000 төгрөг нийлээд 7,280,000 төгрөг болж байгаа. Манай тоглоомын газар хаагдахаас өмнө би удаа дараа Ат ажлаа дуусгаж өг гэхэд яг маргаашнаас гээд өөр ажил хийж байгаад 2018.06.24-27-нд өөр ажил хийхээр явцгаасан. 9,500,000 төгрөгийн зээлийг авснаас хойш 5,0 сая төгрөг төлсөн, 4,5 сая төгрөг төлөөгүй байгаа. А надад 7,280,000 төгрөг төлөх ёстой гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 9,500,000 төгрөг зээлж авсан. 5 сарын хугацаанд сар бүр 1,0 сая төгрөг өгөх байсан. 2 дугаар сард бэлнээр 1,0 сая төгрөгийг хүүтэй хамт, 3 дугаар сард 2,0 сая төгрөг, 4 дүгээр сард 1,0 сая төгрөг, 5 дугаар сард 1,0 сая төгрөг бэлнээр төлсөн. 6 дугаар сараас би төлөөгүй. Г.А бид нарын хооронд итгэлцэл байсан учраас гарын үсэг зуруулаагүй. 2,0 сая төгрөгөө нэхэмжилж байгаа нь мессенжерээр харилцаж байснаар нотлогдоно. 4, 5 дугаар сард төлөөгүй гэж байна, хэрвээ тийм байсан бол тухайн сард мөнгө нэхэмжилж байсан зүйл байх байсан. Би төлөөд явж байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.А нь М.Цт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь 6 дугаар сараас хойш зээлийн төлбөрт 4,500,000 төгрөг төлөөгүй, 4, 5 дугаар сард төлбөрийг төлсөн гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, сар бүр 1,000,000 төгрөгөөр 5 сарын хугацаанд төлөх, үлдэх 4,500,000 төгрөгийг сүүлийн сард төлөх нөхцөлтэй зээлдүүлэн, гэрээ байгуулж, нотариатаар батлуулжээ.

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан хуулийн шаардлагад талуудын тохиролцоо нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийг тохиролцсон хугацаанд зээлийн үлдэгдлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Хариуцагч нь хүү төлсөн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь хүүний хувьд маргаагүй, нэхэмжлээгүй байх бөгөөд М.Ц нь 2 дугаар сард 1,000,000 төгрөг, 3 дугаар сард 2,000,000 төгрөг буцаан төлсөн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Харин 4 дүгээр сард хариуцагч төлсөн гэж, нэхэмжлэгч төлөөгүй гэж маргаж байгаа боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлд эхний 4 сарын мөнгөнөөс бусдыг төлөөгүй гэж дурдсан байх тул төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч М.Цаас 2018 оны 5 дугаар сард төлөх 1,000,000 төгрөг, үлдэх төлбөр 4,500,000 төгрөгийн хамт нийт 5,500,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 118,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2017 оны 5 дугаар сард хийсэн хэлцлийн талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт   заасныг баримтлан М.Ц зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, Г олгож, шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 118,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ