Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2022/00033/И |
Дугаар | 183/ШШ2022/02607 |
Огноо | 2022-09-16 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2022/02607
2022 оны 09 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2022/02607 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дүгээр байр, К яам /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 445 тоотод оршин суух, Ч овогт Ж.С /РД:000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний барьцаа 11 966 304 төгрөгийг гаргуулах,
Хариуцагч: Х дүүрэг, 0 тоотод оршин суух, Ч овогт Ж.С /РД:00000000/-гийн сөрөг нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 1 дүгээр байр, К яам /РД:0000000/-д холбогдох
Гражийн хаалганы үнэ болох 14 608 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К яам нь хариуцагч Ж.С-д холбогдуулан барьцаа 11 966 304 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Монгол улсад суугаа К яам нь Монгол Улсын иргэн Ж.С-той 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу Х дүүрэг, 2 тоот хаягт байрлах 388.57 кв.м талбай бүхий орон сууцыг хөлслөгч буюу К улсын Элчин сайдын яам нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 1 /нэг/ жилийн хугацаанд хөлсөлж, нэг сарын төлбөрт 4 200 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн дагуу хөлслүүлэгч Ж.Солонгод барьцаа хөрөнгөд 4 200 ам.долларыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн байдаг. Харин гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Хөлслүүлэгч нь дэнчинг дараах тохиолдолд хөлслөгчид буцаан олгоно: (а) энэхүү гэрээний хугацаа дууссан буюу түүнээс өмнө дуусгавар болж, орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөнөөс хойш ажлын 10 хоногийн дотор...” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж, хөлслөгч нь орон сууцыг тавилгын хамт хөлслүүлэгч Ж.С буюу түүний эрх олгосон этгээд Г.Б-р (хөлслүүлэгч Ж.С-н нөхөр болно)-т 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь орон сууцыг ийнхүү зохих журмын дагуу хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөлслүүлэгчийн шилжүүлсэн 4 200 ам.долларыг буцаан олголгүйгээр өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хөлслүүлэгчид удаа дараа албан бичгээр мэдэгдэж, шаардсан боловч өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийг буцаан олгохгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн хариуцагч Ж.С барьцаа хөрөнгө болох 4 200 ам.доллар буюу 11 996 304 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Талууд орон сууц хөлслөх гэрээг байгуулсан, гэрээнд зааснаар хөлсийг төлсөн, гэрээний хугацаа дуусч орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн байхад барьцаа болох 4 200 ам.долларыг өгөхгүй байгаа. Гэрээний 3.4-д зааснаар нэхэмжлэгч шаардаж байгаа, барьцааг өгөх талаар хариуцагч Ж.С-д түүний гэрээнд дурдсан хаягаар нь мэдэгдлийг хүргүүлж байсан, түүний өөрийнх нь зөвшөөрснөөр нөхөрт нь орон сууцыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл хүлээн аваагүй гээд байгааг зөвшөөрөхгүй гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.С нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Х дүүргийн 0 тоот хаягт байрлах орон сууцыг хөлслүүлэхээр К яамтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Ж.С нь анх тухайн орон сууцыг худалдах зар өгсөн байсан боловч Элчин сайдын яамнаас хөлслөх санал ирүүлсэн бөгөөд ажилтан (албан тушаалыг мэдэхгүй байна) А нь "бид удаан хугацаанд хөлслөн суух тул тавилга хэрэгсэл тавьж өгөөч, гэрээгээ 1 жилээр хийгээд цаашид сунгаад явна” гэсэн тул худалдахаа больж, удаан хугацаанд хөлслүүлнэ гэсэн итгэлээр тухайн орон сууцыг маш их мөнгө гаргаж тохижуулсан. Тухайлбал, гал тогоо болон зочны өрөөний хооронд тусгаарлагч хаалга хийх, мастер унтлагын өрөөнд шинээр угаалгын өрөө гаргах, хоёр дугаар давхрын угаалгын өрөө бүрд хүссэн тоноглолыг суулгах гэх мэт ажлуудыг хийсэн. Сангийн ажлуудыг хийхийн тулд шинээр хоолой гаргах болон өрөөний хана, шал бүхэлдээ хуулагдах шаардлага үүсэж, байсан. Удаан хугацаанд үргэлжлүүлэн хөлсөлнө гэсэн хүлээлтээр уг хүсэлтүүдийг бүгдийг нь биелүүлж байсан. Гэвч Элчин сайдын яамнаас гэрээг сунгаагүй бөгөөд 1 жил хөлсөлсний эцэст гэрээгээ дуусгавар болгох мэдэгдэл ирсэн. Элчин сайдын яамнаас анх гэрээ байгуулахдаа маш найрсаг харилцаж байсан тул дипломат хүн амлалтдаа хүрэх байх гэсэн итгэл найдвараар хүссэн бүх засвар өөрчлөлтийг хийж, их хэмжээний зардал гарган орон сууцыг тохижуулсан. Тухайн үед худалдан авсан эд зүйлсийн жагсаалтыг хөлслөгч талд хүргүүлсэн ба бид хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн гаргаж өгөх болно. Элчин сайдын яам нь гэрээний хугацаа дуусахад орон сууцыг Ж.С-д хүлээлгэж өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууц, дагалдах тавилга, бусад зүйлсийг хүлээлцээгүй байгаа. Элчин сайдын яамны ажилчдыг байрнаас гарсны дараа Ж.С-н зүгээс орон сууцыг биечлэн шалгаж үзэхэд эвдэрч гэмтсэн эд зүйлс олон байсан. Энэ талаар Элчин сайдын яаманд мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээгүй аваагүй байж миний эсрэг нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Хөлслөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх болохоо баталж хөлслүүлэгчид орон сууц хөлслөх нэг сарын төлбөр болох 0 ам.долларын барьцааг төлнө. Барьцаа гэрээ дуусгавар болмогц хөлслөгчид буцаан олгоно. Хөлслөгч, хөлслөгчийн гэр бүл, хөлслөгчийн гэрт зочилсон хүмүүсээс шалтгаалж орон сууцад гэмтэл учирсан тохиолдолд хөлслөгч нь барьцаанаас хохирлоо төлж, үүгээр хязгаарлахгүйгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан байдаг. Миний зүгээс байр хүлээлцэж, эвдэрсэн эд хөрөнгийг засаж өгөхийг Элчин сайдын яамнаас удаа дараа шаардсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй тул барьцаа хөрөнгийг буцаан өгөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Ж.С нь өөрийн өмчлөлийн Х дүүрэг, 2 тоот хаягт байрлах орон сууцыг худалдахаар төлөвлөж, зар тавьсан байсан бөгөөд Элчин сайдын яамнаас холбогдож, орон сууцыг хөлслөх саналыг анх тавьсан. Ингээд талууд ярилцаад Элчин сайдын яамнаас удаан хугацаанд хөлсөлнө гэсэн тул Ж.С нь саналыг хүлээн авч, Элчин сайдын яамтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, тэдний хүсэлтийн дагуу орон сууцанд маш их хэмжээний засвар өөрчлөлтийг хийж, хүлээлгэн өгсөн. Яг гэрээ байгуулах болоход Элчин сайдын яамнаас 1 жилийн хугацаатай байгуулаад, үргэлжлүүлээд сунгаад явъя гэсэн. Нэхэмжлэгчийн хувьд Кувейт улсыг төлөөлөн Монгол Улсад ажиллаж байгаа Элчин сайдын яам гэдэг талаас нь хүндэтгэн үзсэн, итгэсний үндсэн дээр өөрөөсөө их хэмжээний хөрөнгө оруулалт хийн байж, орон сууцаа хөлслүүлсэн. Ингээд Орон сууц хөлслөх гэрээгээр тохиролцсон 1 жилийн хугацаа 2020 оны 08 сарын 23-ны өдөр дуусахад Элчин сайдын яамнаас гэрээг сунгахгүйгээр, байрнаас гарах болсноо хэлсэн. Элчин сайдын яам анх тохиролцсон тохиролцооноос буцсан ч нэхэмжлэгчийн хувьд ойлгон хүлээн авсан боловч Элчин сайдын яам нь орон сууцыг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй энэ талаарх Гэрээний 6.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээр, байрыг орхиж явсан. Элчин сайдын яамнаас орон сууцыг орхин явсны дараа нэхэмжлэгч орж шалгахад дараах зүйлс тус тус эвдэрсэн байсан. Үүнд: гражийн хаалганы мотор эвдэрсэн, унтлагын өрөөний орны дээд талын таазны гоёлын хүрээ эвдэрсэн, паркетан шал эвдэрсэн, 2 унтлагын өрөөний хаалгыг эвдээд, өөр ручки хийсэн, түрхүүргүй (түлхүүр сольсон), ус буцалгагч эвдэрсэн. Энэ талаар Элчин сайдын яаманд удаа дараа мэдэгдэж, орон сууцыг хүлээлгэн өгөхийг шаардсан боловч огт арга хэмжээ аваагүй байж барьцаа хөрөнгийг шаардаж нэхэмжлэл гаргасан байсан.
Элчин сайдын яамны ажилчдын эвдсэн гражийн хаалгыг өнөөдрийг хүртэл засаагүй, эвдрэлтэй хэвээр байгаа бөгөөд энэхүү хаалганд Ти энд Жи ХХК-аас үнийн санал авахад 14 608 000 төгрөг болж байна. Энэ талаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Энэхүү гэрээг зөрчсөний улмаас хөлслөгч нь хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан аливаа хохирлыг хариуцна." болон 4.2 дахь хэсэгт "... Орон сууцыг зориулалтын бусаар ашигласан эсхүл гэмтээсэн тохиолдолд нөхөн төлбөр, засварыг хөлслөгч хариуцна." гэж тус тус заасан байдаг. Дээрхээс үзвэл, хөлслөгчөөс шалтгаалан орон сууцад учирсан аливаа эвдрэлийн (хэвийн элэгдэл, хорогдол орохгүй) засварын зардлыг хөлслүүлэгчид төлж барагдуулах үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсан эвдрэл, гэмтлээс гражийн хаалгыг солиулахад шаардагдах зардлыг нэхэмжилж байгаа бөгөөд бусад эвдрэл, гэмтэл, хохирол болох паркетан шал эвдсэн, таазны гоёлын хүрээ эвдсэн гэх мэт эвдрэлийг засах зардлыг нэхэмжлэхгүй байхаар шийдсэн болно. Иймд Монгол улсын Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн Монгол Улс дахь Кяамнаас орон сууц хөлслөх хугацаандаа эвдсэн гражийн хаалгыг солих зардал буюу гражийн хаалганы үнэ болох 14 608 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон орон сууцны хөлсийг хариуцагчид бүрэн төлж, гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж түүний өмчлөлийн орон сууцыг хөлсөлсөн. К яамны аливаа үйл ажиллагаагаа тус орон сууцад эрхлэн явуулаагүй ба харин орон сууцад өөрийн албан үүргийг Монгол Улсад гүйцэтгэж байсан 1 дипломатч амьдарч байсан. /Уг орон сууцад түүний 1 гэрийн үйлчлэгчээс өөр бусад хэн нэгэн этгээд нэвтэрдэггүй байсан./ Түүнээс биш хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан шиг К яамны ажилчид уг орон сууцад байрлаж, ажиллаж, амьдарч байгаагүй, түүнчлэн аливаа эвдрэл гэмтэл учруулаагүй болно. Нэхэмжлэгч талаас гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, хөлслүүлэгч буюу түүний гэр бүлийн хүн болох иргэн Ганбаярын Батбаярт /өөрийгөө хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүн гэж мэдэгдэж байсан/ 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг аливаа эвдрэл гэмтэлгүйгээр хүлээлгэн өгсөн ба энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай, тодорхой нотлогдоно. Тиймээс сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг орон сууцад эвдрэл гэмтэл гаргасан гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн тэрээр бид нарт удаа дараа мэдэгдэж, шаардлага тавьсан гэх нь мөн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас бид нарт энэ талаар мэдэгдэж байгаагүй харин ч нэхэмжлэгч нь түүнээс орон сууцны барьцаа төлбөрийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч харамсалтай нь нэг ч удаа хариу өгөөгүй болно. Ийм ч учраас бид уг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан ба хэрэв орон сууцад хариуцагчийн дурдаж байгаа шиг эвдрэл гэмтэл гарсан бол тэрээр зохих журмын дагуу шүүхэд биднийг хандахаас өмнө нэхэмжлэл гаргах байсан нь тодорхой юм. Иймд хариуцагчийн гаргасан орон сууц хөлслөх хугацаандаа эвдсэн гражийн хаалганы зардал болох 14 608 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн.
5.Нэхэмжлэгчээс төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орчуулгын хамт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн К яамнаас Б.Б-д олгосон итгэмжлэл, орчуулгын хамт, A-ийн пасспортын хуулбар, M-ийн дипломат үнэмлэхний хуулбар, Гадаад харилцааны яамны пэйж хуудсанд буй постны хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Residential house rental гэх гэрээний хуулбар /англи хэл дээрх/, Ж.С-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Ү-2206024407 дугаарт бүртгэлтэй Ж.С-н үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/118 тоот Монгол улс дахь К яамнаас Ж.С-д илгээсэн албан бичиг /англи хэл дээрх, монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/136 тоот Монгол улс дахь Кяамнаас Ж.С-д илгээсэн албан бичиг /англи хэл дээрх, монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 144 тоот Монгол улс дахь К яамнаас Ж.С-д илгээсэн албан бичиг /англи хэл дээрх, монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ж.С-с Монгол улс дахь К яаманд илгээсэн бичиг, Мэдэгдэл гэх бичиг, шуудангийн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Монгол улс дахь К яамны мөнгө шилжүүлсэн баримт, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн О.Ц, Б.Б нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол улс дахь К яамны нотлох баримт гаргаж өгсөн албан бичиг /англи хэл, монгол хэлээр/, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/118 тоот албан бичгийн хуулбар /англи хэл, монгол хэлээр/, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/136 тоот албан бичгийн хуулбар /монгол хэл, англи хэлээр/, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 144 тоот албан бичгийн хуулбар /монгол хэлээр/, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгийн хуулбар /монгол хэлээр/, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгийн хуулбар /монгол хэлээр/, Ж.С-оос ирүүлсэн “Байр хүлээн авсан тухай” албан бичиг /англи хэл, монгол хэлээр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар /хх-ийн 3-37, 51, 76-87, 100-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Ж.С-оос Г.Н-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №22/093 тоот Нэхэмжлэх гэх албан бичиг, М-03-ҮАЖ-02 тоот Үнийн саналын маягт, Ти Энд Жи ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, хавсралт, гэрэл зургууд, Ү-2206024407 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрэл зургууд гэсэн баримтуудыг /хх-ийн 42, 47, 62, 97-98, 102-103, 148-153, 156-163-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Г.Б-г гэрчээр дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 137-139/ хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Монгол улс дахь К яамны нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ж.С-н нэхэмжлэгч Монгол улс дахь К яаманд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.С-с орон сууцыг хөлслөх гэрээ дуусгавар болж, орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч барьцаа болох 4 200 ам.доллар буюу 11 966 304 төгрөгийг буцаан өгөхгүй байгаа гэж гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Монгол улс дахь К яамыг орон сууцыг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй, орон сууцыг хөлслөх хугацаандаа эд хөрөнгөд гэмтэл учруулсан тул барьцаа болох 4 200 ам.долларыг буцаан өгөх үүрэггүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Ж.С нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууц хөлслөх хугацаандаа гражийн хаалгыг эвдсэн тул түүнийг шинээр авч сууриулуулах, хаалга солих зардал буюу гражийн хаалганы үнэ 14 608 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч Монгол улс дахь К яам нь хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа эвдрэл гэмтэл учруулаагүй, энэ талаар гэрээнд зааснаар шаардаж мэдэгдэж байгаагүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Монгол улс дахь К яам нь хариуцагч Ж.С-той 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Ж.С-ийн өмчлөлийн Х дүүргийн 2 тоотод байрлах 388,57 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар нэг сарын төлбөр 4 200 ам.доллараар хөлслөхөөр харилцан тохиролцсон болох нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
7.Талуудын маргааны зүйл нь орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар болон барьцааг буцаан өгөх, эд хөрөнгөд эвдрэл учруулсан эсэх талаар маргаж байх бөгөөд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан болон гэрээний хугацаан дахь хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй байна.
Мөн зохигч талууд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээг /Residential house rental/ англи хэл дээр байгуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж зааснаар гэрээний англи хэл дээрх хувь буюу монгол хэл дээрх орчуулгыг шүүхэд ирүүлсэн, талууд орчуулгын талаар маргаагүй болно.
8.Зохигч талууд Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан талаараа маргаагүй, нэхэмжлэгч гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, эзэмшиж байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууц хөлслөх гэрээний үүргээ зөрчиж, гэрээний хугацаа дуусч, орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн байхад барьцаа болох 4 200 ам.долларыг буцаан өгөхгүй байх тул гэрээний 1.3, 3.4-д зааснаар гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч орон сууцыг гэрээний 6.2а-д зааснаар зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, орон сууцанд эвдрэл гэмтэл учирсан тул гэрээний 1.3, 3.3-д зааснаар барьцаа 4 200 ам.долларыг буцаан өгөх үүрэггүй, орон сууцыг хөлслөх гэрээг байгуулахад нэхэмжлэгчийн хүсэлтээр завсар хийж, эд зүйлс авч тавьсан гэж маргасан.
Талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 1.3-д “Барьцаа: хөлслөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх болохоо баталж хөлслүүлэгчид орон сууц хөлслөх нэг сарын төлбөр болох 4 200 ам.долларыг барьцааг төлнө. Барьцааг гэрээ дуусгавар болмогц хөлслөгчид буцаан олгоно. Хөлслөгч, хөлслөгчийн гэр бүл, хөлслөгчийн гэрт зочилсон хүмүүсээс шалтгаалж орон сууцад гэмтэл учирсан тохиолдолд хөлслөгч нь барьцаанаас хохирлоо төлж, үүгээр хязгаарлахгүй хариуцлага хүлээнэ”, 3.4-д “хөлслүүлэгч нь Барьцааг дараах тохиолдолд хөлслөгчид буцаан олгоно. Үүнд: а/энэхүү гэрээний хугацаа дууссан эсхүл гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болж, орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгснөөс хойш ажлын 10 /арав/ хоногийн дотор, эсхүл б/энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд хөлслүүлэгч хөлслөгчийн эсрэг сүүлийн үлдэгдэл нэхэмжлэл гаргасныг барагдуулснаас хойш ажлын 10 /арав/ хоногийн дотор” гэж харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д “гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ”, 233.2-д “гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцаа 4 200 ам.доллар буюу 11 966 304 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэв.
Гэвч хариуцагч нь Орон сууц хөлслөх гэрээний 3.3-д “хөлслүүлэгч нь хөлслөгчөөс шалтгаалан орон сууцанд учирсан аливаа эвдрэлийн /хэвийн элэгдэл, хорогдол орохгүй/ завсарын зардлыг нөхөхийн тулд зохих хэмжээний мөнгийг Барьцаанаас суутгах эрхтэй. Хөлслүүлэгч нь суутгасан дүнг тооцоход гарсан бодит зардлыг баримтжуулсан нотлох баримтыг үндэслэн хөлслөгчөөс хөлслүүлэгчид учирсан аливаа хохирол болон бодит төлбөрийг нөхөхийн тулд Барьцаанаас суутган авна” гэж зааснаар барьцааг буцаан өгөх үүрэггүй гэж тайлбарласан.
Мөн Орон сууц хөлслөх гэрээний 6.2-д “гэрээний хугацаа дуусгавар болсон эсхүл энэхүү гэрээг цуцласны дараа хөлслөгч нь а/орон сууцыг нэн даруй анхны байдалд нь оруулж, хөлслүүлэгчид цэвэрхэн хөлслөх боломжтой нөхцөлд хүлээлгэн өгөх” үүргээ биелүүлээгүй зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, орон сууц нь эвдрэл гэмтэлгүй байх ёстой, хүлээлгэн өгөөгүй байж барьцаа шаардаж байгаа нь үндэслэлгүй, 6.1-д “хэрэв орон сууцыг хүлээлгэн өгөхөөр товлосон өдрөө аливаа шалтгааны улмаас хүлээлгэн өгөх боломжгүй тохиолдолд тухайн орон сууцыг хөлслөгчид хүлээлгэн өгөх хүртэл хүлээлгэн өгөх өдөр хойшлоно” гэж зааснаар хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д “эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө” гэж заасан.
Хариуцагчийн төлөөлөгч нь орон сууцыг хүлээн аваагүй, хэрэгт авагдсан албан бичиг, мэдэгдлүүд, шуудангийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 34-р хуудсанд авагдсан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “байшинг миний гэр бүлийн хүн Г.Б /ЕВ80050712/ хүлээн авна. Ж.С” гэсэн нь хариуцагчийн гарын үсэг биш, хэргийн 33-р хуудсанд авагдсан Мэдэгдэл гэх баримтад гэрч Г.Б-н гарын мөн эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас Г.Б-т орон сууцтай холбоотой ямар нэгэн итгэмжлэлийг олгоогүй гэж маргасан.
Мөн хэрэгт авагдсан 2020/118 тоот албан бичигт зурсан гарын үсэг нь хариуцагч Ж.С зурсан гэж хүлээн зөвшөөрсөн боловч уг албан бичгийг гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2020 оны 7 сарын 29-нд илгээсэн, 2020/136 тоот албан бичгийг хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй, 144 тоот албан бичгийг хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй, 2020/172 тоот албан бичгийг хүлээн аваагүй, гарын үсгээ зураагүй, шуудангийн баримт нь эх хувь биш хүлээн аваагүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.2-д “талуудын аливаа мэдэгдэл нь бичгээр байх бөгөөд а/мэдэгдлийг хөлслөгчид хандан урдчилсан төлбөрт шуудангаар илгээх эсвэл дор дурдсан хаягаар гардан хүргүүлнэ.
Хаяг: Улаанбаатар, Х дүүрэг, 1-т байрлах, Монгол улс дахь К яам
б/мэдэгдлийг хөлслүүлэгчид хандан, урьдчилсан төлбөрт шуудангаар илгээх, эсвэл дор дурдсан хаягаар гардан хүргүүлнэ.
Хаяг: Улаанбаатар, Х дүүрэг 0 тоот хаягт байрлах Ж.С” гэсэн хаягаар нь дээрх албан бичгүүдийг хүргүүлсэн гэсэн.
Гэвч зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйл болох орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаараа маргаагүй бөгөөд гэрч Г.Б-ын “...Ахмэд, С хоёр ажилтай завгүй байсан. Ахмэдээс түлхүүрийг нь авчих байраа орж шалгая гэж С хэлсэн. Ахмэдтэй уулзаж байрны түлхүүрийг авч С-д өгсөн. Тэгээд Солонго очиж үзээд байрыг шалгаад их асуудалтай байна гэж хэлсэн. ...С ч хэлсэн, А. ч бас аппликейшнээр залгаж хэлсэн. Уулзаж хүлээлцэх цаг гэж тохирсон. Хоёулаа амжихгүй түлхүүрийг нь авчих гээд хүлээж авсан. А нь өөрөө өгсөн, түлхүүрийг аваад С.-д өгсөн” гэж мэдүүлсэн, орон сууц нь хариуцагчийн өмчлөлд түүний эзэмшилд ашиглалтад байгаа талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй тул орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь орон сууцанд хариуцагч нь засвар хийсэн, эд зүйлс авч тавьсан гэж тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д “хөлслүүлэгч нь өөрийн зардлаар дээврийн бүрээсийг засварлах, зүлэг хадах, мастер унтлагын өрөөний ариун цэврийн өрөөний шүршүүр, жорлонгийн таглаа, том өрөө гал тогооны өрөөний хоорондох шилэн хаалтыг шинээр суурилуулах ба эвдэрсэн жорлонгийн таглааг солих, салсан паркетыг дахин наалуулах ажлыг хийнэ” гэж харилцан тохиролцжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйл болох орон сууцыг хүлээлгэн өгсөн байх тул гэрээнд зааснаар барьцаа болох 4 200 ам.долларыг хариуцагч нь буцаан өгөх үүрэгтэй болно.
9.Хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцыг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй буюу гражийн хаалга эвдэлсэн, мотор нь ажиллахгүй болсон, хаалгыг уяагаар тогтоож дахин ашиглах боломжгүй болсон тул хаалгыг бүхэлд нь солих шаардлагатай, хаалганы үнэ 14 608 000 гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь энэ талаар хариуцагч нь мэдэгдэж байгаагүй, гражийн хаалга эвдэрсэнд буруугүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Ти энд Жи ХХК-ийн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичигт “...гражийн хаалгыг бүхэлд нь солих боломжтой ба гражийн хаалганы үнэ 14 608 000 төгрөг болно”, 22/093 дугаартай нэхэмжлэх, үнийн саналыг маягтад “гражийн хаалга нийлүүлж угсрах ажлын урьдчилгаа төлбөр, үнийн санал LPU-40 ахуйн зориулалттай гражийн хаалга 14 608 000 төгрөг” гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээний 6.2с “/хөлслөгч нь орон сууцыг засварлахаас татгалзсан эсвэл энэ гэрээний 6-р зүйлийг дагаж мөрдөөгүй бол хөлслүүлэгч нь орон сууцыг засварлах эсвэл хувийн өмчийн бүх эд хогшил, тоноглол, нэмэлтийг арилгахыг гуравдагч этгээдэд зөвшөөрөл олгох эрхтэй боловч үүрэг хүлээхгүй. Үүний дагуу гарсан бүх зардлыг хөлслөгч хариуцах бөгөөд засварын ажил дуусах хүртэл хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг үргэлжлүүлэн түр эзэмшиж байсан гэж үзнэ. Хөлслүүлэгч нь үндэслэл бүхий түрээс болон хөлслөгчийн үйл ажиллагааны улмаас учирсан бусад бодит хохирлыг хөлслөгчөөс шаардах эрхтэй”, мөн 1.3-д заасан “...хөлслөгч, хөлслөгчийн гэр бүл, хөлслөгчийн гэрт зочилсон хүмүүсээс шалтгаалж орон сууцад гэмтэл учирсан тохиолдолд хөлслөгч нь барьцаанаас хохирлоо төлж, үүгээр хязгаарлахгүй хариуцлага хүлээнэ” гэж заасан, хариуцагчийн төлөөлөгч нь нотлох баримтаар гражийн эвдэрсэн хаалгын гэрэл зургийг шүүхэд ирүүлсэн боловч гражийн хаалга эвдэрсэн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг хариуцагч нь нотлоогүй болно.
Мөн Орон сууц хөлслөх гэрээний 4.3-д “хөлслүүлэгчээс хөлслөгч бичгээр мэдэгдэл хүлээн авснаас хойш 1 сарын дотор хөлслөгч нь орон сууцанд учруулсан бүх доголдол, эвдрэл гэмтлийг арилгана” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь орон сууцны түлхүүрийг хүлээн авч, эвдрэл гэмтэл байгаа эсэх, гражийн хаалга эвдэрсэн эсэх талаар мэдэгдэж байсан талаар баримтаар нотлоогүй, гэрч Г.Б болон хариуцагч Ж.С нар нь нэхэмжлэгчтэй харилцаж байсан аппликейшн байгаа гэсэн боловч холбогдох боломжгүй устгагдсан байгаа гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлэх хаягийг мэдэхгүй байсан гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 11.2.а-д нэхэмжлэгчийн хаягийг нь тусгасан байх тул мэдэгдэх боломжгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-д “дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно” гэж заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Иймд хариуцагч Ж.С-оос барьцаа 4 200 ам.доллар буюу 11 996 304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол улс дахь К яаманд олгож, хариуцагч Ж.С-ийн нэхэмжлэгч Монгол улс дахь К яаманд холбогдуулан гаргасан гражийн хаалганы үнэ 14 608 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг шүүхэд ирүүлсэн тул ам.долларын ханшийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн 2 849,12 төгрөгөөр тооцсон болно. /4 200х2 849,12=11 996 304төгрөг/
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 411 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 230 990 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206 411 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 233 дугаар зүйлийн 233.2-т тус тус зааснаар хариуцагч Ж.С-оос орон сууц хөлслөх гэрээний барьцаа 11 996 304 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол улс дахь К яаманд олгож, хариуцагч Ж.С-ийн нэхэмжлэгч Монгол улс дахь К яаманд холбогдуулж гаргасан эвдэрсэн гражийн хаалганы үнэ 14 608 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Монгол улс дахь К яамны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 206 411 төгрөг, хариуцагч Ж.С-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 990 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-оос 260 411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол улс дахь К яаманд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН