Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00638

 

 

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00262 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК, Э.Б нарт холбогдох,

 

Хохиролд 6 061 949 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч Э.Б, түүний өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК-аас 2009 оны 07 сард 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үнийг төлсөн сууцаа  шилжүүлээгүй, төлсөн мөнгийг ч буцаан олгоогүй тул шүүхэд хандаж, 2010 оны 12.20-ны өдрийн 1231 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас 60 441 940 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэлгүй, төлбөрийг төлөхөөс санаатай зайлсхийдэг байсан. Энэ 9 жилийн хугацаанд маш ихээр хохирсон, 2016 оны 06 сард бие эрс муудаж БНХАУ-ын Бээжин хотод маш яаралтай хагалгаанд орох болсон. Энэ үед Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан бөгөөд Д ХХК-ийн төлбөл зохих мөнгөн дүнгийн 31 550 615 төгрөг үлдсэн байсан үед харилцан тохиролцож, 30 000 000 төгрөг  болгож, Э.Б үнийн дүнд тохирсон автомашиныг 2016.08.20-ны өдөр Япон Улсаас оруулж ирж өгөхөөр  тэмдэглэл үйлдэн, гарын үсгээр баталгаажуулсан. Э.Б  тэтгэврийн зээлээ аваад эмчилгээгээ хийлгэ, дараа нь машинаа зараад авсан зээлээ төл гэж хэлээд зээл авахуулсан юм. Хаан банкнаас  зээл авч Бээжин явж 2016.07.13-ны өдөр эхний хагалгаанд, 2016.07.23-ны өдөр 2 дахь хагалгаанд орж, зөвхөн эмчилгээний зардалд 123 928 юань төлж 2016.07.27-ны өдөр эмнэлгээс гарч 2016.07.29-ний өдөр Монголд буцаж ирсэн. Түүний дараа Д ХХК-ийн захирал Э.Бгаас тохирсон ёсоор автомашинаа авах гэж холбогдоход мөнгийг  өгөөгүй. 2017 оны 07 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хэрэг үүсгүүлэн шалгуулахад 2 хоногийн дараа 12 800 000 төгрөг өгөөд үлдсэнийг нь нэн даруй өгнө гэж хэлээд хэргээс мултарсан. Энэ хугацаанд бие улам муудаж 2017 оны 11 сараас нээлттэй хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлт гарсан. Хэрэв Д ХХК, Э.Б нь анхнаасаа 2 өрөө орон сууцаа надад худалдана гэж 40.000.000 төгрөг аваагүй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн, 30 000 000 төгрөгөө төлсөн, зээл авахуулаагүй байсан бол эхнэр бид 2 олон зээл авч банкинд удаан хугацаагаар хүү төлж, хохирсон дээрээ нэмж хохирох шаардлагагүй байсан. Д ХХК, Э.Б нь 30 000 000 төгрөгөө тохирсон хугацаандаа өгөөгүй буюу 2016.07.05-ны өдрөөс эхлэн зээлээ төлж дуусгасан 2018.06.19-ний өдрийг хүртэл Хаан банкнаас зээлсэн мөнгөний хүү 6 034 849 төгрөг, шүүхэд хандахын тулд нотариатаар баримт батлуулсан 6 100 төгрөг, баталгаат орчуулгаар орчуулга хийлгэсэн 17 000 төгрөг, архивын лавлагаа авахад төлсөн 4 000 төгрөг, нийт 6 061 949 төгрөгийг Д ХХК-иас болон Э.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 өрөө байраа 40 сая төгрөгөөр худалдах гэрээ хийсэн. Гэвч нэхэмжлэгч 40 сая төгрөгөө 60 сая болгон буцаан авсан. 2011 оны 2 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Аавынхаа байрыг зарж 2013 оны 04 дүгээр сард 15 сая төгрөг өгч байсан. 2015 онд нэг удаа автомашин өгөх гэхэд аваагүй. Шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн үед А.А, бид гурав уулзаж ярьсан зүйлсээ тэмдэглэж тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэлийн гол утга нь миний бие өөрийн найз н.Доржнямбуугаас 2016.02.20-ны өдөр Япон улсаас орж ирэх автомашиныг зээлээр авч А.Аийн төлбөрт 30 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, эсвэл хэд хэдэн автомашин өгөхөөр тохиролцож А.А нь тухайн автомашиныг зах зээлийн үнээр бодож авна гэсэн. Эхний ээлжинд өгч байхаар Тоёота сента /Toyota sienta/ маркийн автомашиныг зах зээлийн ханш нь 9 500 000 төгрөгийг машиныг 9 000 000 төгрөгөөр тооцож аваач гэхэд А.А авахгүй гэсэн. Хариуцагч Э.Б хариуцлагаа хүлээж, санаачлага гаргасан боловч А.А тохиролцоо хийсний дагуу автомашинаа аваагүй. Хариуцагч төлбөрийг төлж дуусгасан ба нэхэмжлэгч өөрөө тохиролцсон зүйлээсээ буцаж байсан. А.А нь Хаан банкнаас авсан зээлийн хүүгээ өөрөө төлөх үүргийг хүлээсэн, Э.Б болон Д ХХК нар нь дээрхи гэрээний үүрэгт хамааралгүй, эдгээр үйл явдлуудын хооронд гэм хор учирсан гэх шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан Э.Бгаас 2 990 532 төгрөгийг гаргуулж А.Ат олгож, нэхэмжлэгчийн 3 071 417 төгрөгийн болон Д ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд 62 798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 111 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу банкнаас зээл авч түүнийгээ өөрийн эд хөрөнгөөр төлөх үүрэг хүлээсэн байхад уг зээлийн хүүг Э.Бгаар төлүүлж байгаа нь үндэслэлгүй. Гэм хорын хохирол бол уг зээлийн гэрээний үүрэгтэй шалтгаант холбоотой байх ёстой. Гэм хорын хохирол нь хууль бус үйлдлийн улмаас учирсан байхыг шаарддаг бөгөөд хариуцагчийг хууль бус үйлдэл гаргаагүй болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон байхад энэ байдлыг шүүх анхааралгүй гэм хорын хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх Э.Б болон А.Аийн эхнэр Д.Цэцгээ нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, тохиролцоо явагдаагүй байхад түүний нэрээр авсан зээлийн хүүг төлүүлж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагчийн нэрийг буруу бичсэн алдаа гарсныг залруулсан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “Д” ХХК, Э.Б нараас хохиролд 6 061 949 төгрөг /зээлийн хүү 6 034 849 төгрөг, нотариатын зардалд 6 100 төгрөг, баталгаат орчуулгад төлсөн 17 000 төгрөг, архивын лавлагаа 4 000 төгрөг/ гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-1-27, 28, 30, 71-87, 91/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Д” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу 32 000 000 төгрөгийн авлагатай байсан. Тус компанийн захирал Э.Бтай 31 550 615 төгрөгийн авлагаа нэхэмжлэгч 30 000 000 болгон багасгаж, Э.Б нь 30 000 000 төгрөгөөр тооцон 2016 оны 08 дугаар сарын 20-ны үед автомашин өгөхөөр тохиролцсон ч заасан хугацаанд тээврийн хэрэгслээ өгөөгүй. Биеийн байдал муудаж банкнаас хүүтэй зээл авч эмчилгээнд явснаар зээлийн хүү төлж хохирсноо төлүүлнэ” гэж тодорхойлсон. /хх-10-11/

 

Зохигчид дараах үйл баримтад маргахгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн бие 2016 оны 6 сард эрс муудсан. Энэ үед нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-иас 31 550 615 төгрөгийн авлагатай байсан. Талууд 30 000 000 төгрөгт тохирсон автомашиныг 2016 оны 08 дугаар сарын 20-ний үед оруулж ирж төлбөрийг барагдуулахаар бичгээр тохиролцсон. Нэхэмжлэгч эхнэрийн хамт удаа дараа зээл авч, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “Хаан банк” ХХК-д хүү 6 034 849 төгрөг төлсөн, нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хагалгаанд орохоор Бээжин явж 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Монголд ирсэн. 2016 оноос 2018 оны 01 дүгээр сар хүртэл 9 удаагийн зээл авч, хүү төлсөн. /хх-22, 25/ “Д” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд тэр нь Э.Б болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон./ хх-48/

 

Хариуцагч Э.Б нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны үеэр 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй япон машин өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн Цагдаад хандсан үйл баримт, 2017оны 7 сард цагдаад шалгагдах үедээ хариуцагч нэхэмжлэгчид 12 800 000 төгрөг төлсөн үйл баримт, “ 30 000 000 төгрөгт үнэлж өгөх гэсэн  машин нь 20 000 000 төгрөгийн машин байсан. Шахаа хийх гэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байдал, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон гэж үзнэ. /хх-111/ Хариуцагч нь үүргээ хугацаандаа биелүүлсэн, хоёр удаа машин санал болгосон гэдгээ нотолж чадаагүй. Хариуцагч нь 30 000 000 төгрөгт машин өгч чадаагүй харин 2016 оны 11 дүгээр сард 4 000 000, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 500 000, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300 000, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4 138 000 төлж дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ./ хх-11, 12/

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч  хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт нь зөвхөн гэрээний төдийгүй гэрээний бус бүх үүрэгт хамаарах юм. Хариуцагч Э.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ, тэр дундаа төлбөр авагчтай тохиролцсон хугацаа, үүргээ зөрчсөн, энэхүү үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь зээл авах шаардлага үүсч, зээлийн хүү төлж , эд хөрөнгийн алдагдалд орсон гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй. Иймд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчсөн хариуцагч Э.Бгаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 990 532 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулах нь зүйтэй байна.

 

Хохиролд буюу нэхэмжлэгчийн төлсөн зээлийн хүүд 2 990 532 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэрт хариуцагч Э.Бгийн нэрийг “Б” гэж буруу бичсэн, мөн “Монгол улсын Иргэний хууль”, “Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “ гэж хуулийн нэрийг буруу бичих зэргээр хууль зүйн техник алдагдуулсныг тэмдэглэж залруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 2 990 532 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 071 417 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Д” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Монгол Улсын” гэснийг хасч, “Э.Бгаас” гэснийг “Э.Бгаас” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 798 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД