Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

   2019 оны 02 сарын 12 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00262

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Ж.Байгалмаа, П.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А. А

 

Хариуцагч: “ДЮӨ” ХХК

Хариуцагч: Э.Б

 

гэм хорын хохиролд 6.061.949 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А, хариуцагч, хариуцагч “ДЮӨ” ХХК-ийн төлөөлөгч Э.Б, иргэдийн төлөөлөгч Т.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие анх 2009 оны 07 сард “ДЮӨ” ХХК-аас 50 м.кв талбайтай 2 өрөө “Орон сууц худалдан авах’’-аар худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг орон сууцны үнийг 100 хувь төлсөн боловч “ДЮӨ” ХХК нь 2 өрөө орон сууцаа гэрээний дагуу шилжүүлээгүй, мөн төлсөн мөнгийг буцаан олгоогүй тул шүүхэд хандаж, 2010 оны 12 сарын 20-ны өдрийн 1231 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас 60.441.940 төгрөгийг нэхэмжлэгч надад олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэрийг сайн дураар биелүүлэлгүй, төлбөрийг авахаар шаардахад байнга бултаж зугатан, удаа дараа намайг хууран мэхэлж, тэр ч байтугай хуурамч бичиг баримт бүрдүүлэн компаниа дампууруулах зэргээр янз бүрийн арга хэрэглэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр төлбөрийг төлөхөөс санаатай зайлсхийдэг байсан.

Энэ 9 жилийн хугацаанд миний бие орон гэр ч үгүй, айлын гэр түрээслэн хашаанд нь гуйж амьдарч, мөнгөө ч авч чадалгүйгээр маш ихээр хохирсон бөгөөд энэ байдлаас болж 2016 оны 06 сард миний бие эрс муудаж, унадаг өвчтэй болж, явж чадахаа больсон, үүнээс шалтгаалан хүзүүний 2 талын гүрээний 2 судас буюу тархины судас хоёулаа 90 хувь хаагдсан учир хэвтэрт орж, 3-р эмнэлгийн эмч нарын шийдвэрээр, БНХАУ-ын нийслэл Бээжин хотод маш яаралтай хагалгаанд орох болсон.

Энэ үед Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан бөгөөд “ДЮӨ” ХХК-ийн төлбөл зохих мөнгөн дүнгийн 31.550.615 төгрөгийн авлага надад үлдээд байсан үед Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч н.Даваадорж шийдвэр гүйцэтгэх газрын 400 тоот өрөөнд “ДЮӨ” ХХК-ийн захирал Э.Б болон намайг дуудан уулзуулж, миний нөхцөл байдал, өвчний талаар танилцуулж, шүүхийн шийдвэрийг хурдан төлж барагдуулах талаар харилцан ярилцсан. Харилцан тохиролцсоны дүнд 31.550.615 төгрөгийн авлагаа би 30.000.000 болгон буулгаж, Э.Б бэлэн мөнгө байхгүй гээд энэ үнийн дүнд тохирсон автомашиныг 2016 оны 08 сарын 20-ны өдөр Япон Улсаас оруулж ирэн надад шилжүүлэхээр харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэн, гарын үсгээр баталгаажуулсан. Тухайн үед Э.Б “та тэтгэврийн зээлээ аваад эмчилгээгээ эхлээд хийлгэ, би тэр хугацаанд машинаа оруулж ирээд таньд шилжүүлэхээр та зараад 30.000.000 төгрөг болгож аваад, авсан зээлээ төл” гэж хэлээд зээл авахуулсан юм.

Ингээд би өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр хоёулаа тэтгэврийн зээл “Хаан банк” ХХК-аас зээлж аваад 2016 оны 07 сарын 10-ны өдөр эхнэрийн хамтаар Бээжин явж 2016 оын 07 сарын 13-ны өдөр эхний хагалгаанд, 2016 оны 07 сарын 23-ны өдөр 2 дахь хагалгаанд орж, зөвхөн эмчилгээний зардалд 123.928 юань төлж 2016 оны 07 сарын 27-ны өдөр эмнэлгээсээ гарч 2016 оны 07 сарын 29-ний өдөр Монголд буцаж ирсэн.

Түүний дараа “ДЮӨ” ХХК-ийн Захирал Э.Бгаас тохирсон ёсоор автомашинаа авах гэж холбогдоход мөн л олон жил намайг хуурч, худал ярьж, мэхэлж байсан аргаараа надтай харьцаж, автомашин ч өгөөгүй, мөнгийг минь ч өгөөгүй, “зээл ав гэхээр чинь хүүтэй зээл авчихсан шүү дээ” гэж хэлэхэд ч тоолгүй, өвчтэй намайг маш ихээр хохироосон. Би бүр Э.Бд “чи нэн яаралтай 13.000.000 төгрөг олоод өгөөч, өндөр хүүтэй зээлээ эхний ээлжинд дарах хэрэгтэй байна, үлдсэнийг нь би хүлээж байя гэж гуйгаад ч нэмэргүй, огт миний мөнгийг өгөх шинжгүй байсан ба “За миний дүү! Ахынх нь амьдрал их хүнд байна шүү, орон байр ч үгүй, тэтгэвэр ч үгүй, хаана хэнийд хэрхэн яажшуухан, юу идэж ууж амьдарч байгааг үз, хар, шалга” гээд ч мөнгийг минь өгөөгүй юм. Аргаа бараад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч н.Даваадоржид хандаж “ДЮӨ” ХХК, Э.Б та бид хоёрыг олон жил хуурч мэхэллээ, одоо 3 дахь удаагаа цагдаад хандаж шалгуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу 2017 оны 07 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хэрэг үүсгүүлэн шалгуулахад 2 хоногийн дараа 12.800.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь өнөө, маргаашийн дотор буюу наадмаас өмнө өгнө гэж худлаа хэлээд хэргээ хаалгуулж, хэргээс мултарсан.

Энэ хугацаанд орон байргүй, тав тухгүй амьдарч, дээр нь сэтгэл санаа хямарч, хөдөлмөрийн чадваргүй тэтгэврийн хөгшин би тэтгэврийн ч орлогогүй, байнга “ДЮӨ” ХХК, Э.Бгаас мөнгөө нэхсээр байгаад миний бие улам л муудаж 2017 оны 11 сараас зүрхний хэм алдагдаж, зүрхний баруун талын гол судас бөглөрч, зүүн талынх нь олон судас нарийсан нээлттэй хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлт гарсан. Ингээд зүрхний зүүн талын судсанд 6 сетка тавиулж, баруун талын судасны бөглөрлөө 3 удаа сэтлүүлж өрөмдсөн боловч цоолж чадаагүй, одоо заавал нээлттэй хагалгаанд орж бөглөрсөн судасны оронд хиймэл судас залгахаас өөр аргагүй болоод байна. Анх “ДЮӨ” ХХК, Э.Бд орон байр авах гэж насаараа цуглуулсан мөнгөө алдсанаас болж, дээр нь Э.Бгийн “зээл авчих би 30.000.000 төгрөгөнд автомашин өгнө, тэр автомашиныг зараад зээлээ төлж хаалгаарай” гэж хэлснээс болж зээл авч, өрөнд орж миний амьдрал өдрөөс өдөрт маш хүнд хэцүү болж байна. 2019 оны 11 сар хүртэл эхнэр бид 2 тэтгэврийн зээлтэй, ямар ч орлого байхгүй, өр өглөг ихтэй, энэ нөхцөл байдлаас болж өвчин зовлон тохиолдоод амьдрахад хэцүү болоод байна.

Насаараа үнэнч шударгаар төрийн албанд зүтгэж тэтгэвэртээ гарсан миний амьдралыг там болгосон хүн нь “ДЮӨ” ХХК, захирал Э.Б юм. “ДЮӨ” ХХК нь одоо үйл ажиллагаа явуулдаггүй, надаас яаж мөнгө авахыг чинь харнаа гэсэн байдлаар ханддаг. Уг нь төлбөрийн чадвартай хүн юм.

Хэрэв “ДЮӨ” ХХК, Э.Б нь анхнаасаа 2 өрөө орон сууцаа надад худалдана гэж надаас насаараа хураасан 40.000.000 төгрөгийг минь аваагүй бол, мөн дараа нь шүүхийн шийдвэр гарч “ДЮӨ” ХХК, Э.Бгаас надад мөнгө олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн бол, эсвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад 30.000.000 төгрөгөө төлчихсөн бол, бас надаар зээл авахуулаагүй байсан бол эхнэр бид 2 олон зээл авч банкинд удаан хугацаагаар хүү төлж, хохирсон дээрээ нэмж хохирох шаардлагагүй байсан.

“ДЮӨ” ХХК, Э.Б нь 30.000.000 төгрөгөө тохирсон хугацаандаа өгөөгүй буюу 2016 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн зээлээ төлж дуусгасан 2018 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл Хаан банкнаас зээлсэн мөнгөний хүү 6.034.849,65 төгрөг, шүүхэд хандахын тулд нотариатаар баримт батлуулсан 6.100 төгрөг, баталгаат орчуулгаар орчуулга хийлгэсэн 17.000 төгрөг, архивын лавлагаа авахад төлсөн 4.000 төгрөг, нийт 6.061.949 төгрөгийн гэм хорыг надад учруулсан байна. Иймд дээрх гэм хорын хохирлыг “ДЮӨ” ХХК-иас болон Э.Бгаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч “ДЮӨ” ХХК-ийн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 өрөө байраа 40 сая төгрөгөөр худалдах гэрээ хийсэн. Гэвч нэхэмжлэгч 40 сая төгрөгөө 60 сая болгон буцаан авсан. 2011 оны 2 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Аавынхаа байрыг зарж 2013 оны 04 дүгээр сард 15 сая төгрөг өгч байсан. 2015 онд нэг удаа автомашин өгөх гэхэд аваагүй. Энэ үед Ичинхорлоо шийдвэр гүйцэтгэгч байсан. Шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн үед А.А, бид гурав уулзаж ярьсан зүйлсээ тэмдэглэж тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэлийн гол утга нь миний бие өөрийн найз н.Доржнямбуугаас 2016 оны 02 сарын 20-ны өдөр Япон улсаас орж ирэх автомашиныг зээлээр авч А.Аийн төлбөрт 30.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, эсвэл хэд хэдэн автомашин өгөхөөр тохиролцож А.А нь тухайн автомашиныг зах зээлийн үнээр бодож авна гэсэн. Эхний ээлжинд өгч байхаар Тоёота сента /Toyota  sienta/ маркийн автомашиныг зах зээлийн ханш нь 9.500.000 төгрөгийг машиныг 9.000.000 төгрөгөөр тооцож аваач гэхэд А.А авахгүй гэсэн. Хариуцагч Э.Б хариуцлагаа хүлээж, санаачлага гаргасан боловч А.А тохиролцоо хийсний дагуу автомашинаа аваагүй. Хариуцагч төлбөрийг төлж дуусгасан ба нэхэмжлэгч өөрөө тохиролцсон зүйлээсээ буцаж байсан. А.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Хаан банкнаас зээлсэн мөнгөний хүү гэж тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн зохицуулалтаар А.А нь Хаан банкнаас авсан зээлийн хүүгээ өөрөө төлөх үүргийг хүлээсэн байгаа бөгөөд Э.Б болон “ДЮӨ” ХХК нар нь дээрхи гэрээний үүрэгт хамааралгүй, эдгээр үйл явдлуудын хооронд гэм хор учирсан гэх шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.Аийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон өвчний түүх, эмнэлгийн үйлчилгээ авахдаа төлж байсан бэлэн мөнгөний орлогын баримтууд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хаан банк” ХХК-ийн А.А болон түүний эхнэр Д.Цэцгээ нарыг зээл авсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь “ДЮӨ” ХХК, Э.Б нарт холбогдуулан өөрт учирсан хохирол болон бусад зардалд 6.061.949 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч орон сууцыг өгөөгүй ба мөнгийг буцаан өгөх болсон боловч тохиролцсон хугацаанд өгөөгүй, бие эрүүл мэнд нь муудаж банкнаас зээл авч эмчлүүлсэн, банкинд зээлийн хүү төлж хохирсон нь “ДЮӨ” ХХК-ийн захирал Э.Бтай холбоотой тул тэднээс хохирлыг нэхэмжилнэ гээд эмчлүүлэхээр зээл авсан 2016 оны 07 сарын 05-ны өдрөөс төлбөр төлөгч өрөө төлж дууссан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүүгээр хохирлын хэмжээг тогтоожээ.

 

Нэхэмжлэгч 2009 онд хариуцагч “ДЮӨ” ХХК-иас 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ хийж, мөнгийг төлсөн боловч хариуцагч орон сууц олгоогүй, улмаар нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шүүхэд хандан, шүүх 2010 оны 12 дугаар сард хариуцагч “ДЮӨ” ХХК-иас нэхэмжлэгчид 60.441.940 төгрөгийг гаргуулж олгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өрөө хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 4.148.800 төгрөгийг төлснөөр дуусгавар болгожээ.

 

            Хариуцагч нэхэмжлэгчид төлөх төлбөрийг барагдуулсан, тэрээр урьд төлбөрт автомашин өгөхийг санал болгох зэргээр төлбөрийг барагдуулах талаар хариуцагч санаачлага гаргаж байсан, нэхэмжлэгч тохирсон ёсоор автомашиныг төлбөртөө аваагүй, улмаар банкнаас зээл авсан нь компанийн болон Э.Батнасангийн буруу биш, А.А нь “Хаан банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг өөрөө хариуцах үүрэгтэй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           

            Нэхэмжлэгч 2016 оны 6, 7 дугаар сараас эхлэн өвдөж, Тархины судасны битүүрэл оноштойгоор Бээжин хотын эмнэлэгт хагалгаанд орж, эмчилгээний зардалд 123.928 юань зарцуулсан, 2017 оны 11 дүгээр сард зүрхний судас бөглөрч, стент тавиулж эмчилгээ хийлгэсэн, мөн 2018 оны 2 дугаар сард Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байдлууд тогтоогдож байна.

 

            2016 оны 6 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч А.А 5 удаа, түүний эхнэр Д.Цэцгээ 4 удаа тус тус Хаан банкнаас тэтгэврийн зээл авсан байх ба гэрээнүүдээс харахад дараагийн зээлийг урьд авсан зээл дээр нэмэх байдлаар авч байсан байна. А.А, Д.Цэцгээ нар эхнэр нөхөр мөн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч өвдсөн үе буюу 2016 оны 06 дугаар сараас хариуцагчаас төлбөр төлүүлэх ажиллагааг идэвхтэй хөөцөлдсөн байдал харагдаж байна. Энэ талаар хариуцагчийг шийдвэр гүйцэтгэгч дуудаж байсан мэдэгдэл, уулзаж тэмдэглэл хөтөлсөн байдлууд байна.

 

            Нэхэмжлэгч хариуцагч Э.Б өөрийг нь зээл аваад эмчилгээндээ явж бай гэж хэлсний дагуу зээл авч эмчилгээ хийлгэсэн гэдэг, хариуцагч Э.Б зээл ав гэж хэлээгүй гэдэг боловч нэхэмжлэгчийн эмчилгээнд явна гэж хэлж байсныг хүлээн зөвшөөрдөг, түүнчлэн А.А, Э.Б нар шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнд 2016 оны 06 дугаар сард уулзаж, мөн оны 8 дугаар сарын 20 гэхэд төлөгдөөгүй төлбөр болох 30.000.000 төгрөгийн үнэнд дүйцэх автомашиныг авч өгөхөөр тохиролцож тэмдэглэл үйлдсэн байх ба энэ нь А.Аийг өвдөж эхлэх үед энэ тухай яриа болж байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

 

Нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн үетэй тохирох үед авсан зээлийн хүүг хариуцагч Э.Бгаар нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна. Аийн 4.688.800 төгрөгийг 14 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан /2016 оны 7 дугаар сар/, Цэцгээгийн 7.429.200 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан /2016 оны 7 дугаар сар/, мөн Цэцгээгийн 3.767.600 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 7 сар 21 хоногийн хугацаатай авсан /2017 оны 11 дүгээр сар/ зээлүүдийн хүү болох нийт 2.990.532 төгрөгийг хариуцагч Э.Бгаас гаргуулж, үлдсэн нэхэмжлэл болон компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Мөн талууд хэрэгт шаардлага хангасан нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй тул орчуулга, нотариатын болон архивын лавлагаа авсан зардлыг нэхэмжлэгч нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

            1. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан Э.Баас 2.990.532 төгрөгийг гаргуулж А.Ат олгож, нэхэмжлэгчийн 3.071.417 төгрөгийн болон “ДЮӨ” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 62.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 111.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                              П.БОЛОРМАА