Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/02942

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймаг, 206 тоотод байрлах, М ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  дүүрэг, 604 тоотод байрлах, Э ХХК /РД:******** /-д холбогдох

Гүйцэтгэсэн ажлын хөлс 45 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 604 тоотод байрлах, Э ХХК /РД:******** /-ийн

Нэхэмжлэгч: Б аймаг, 206 тоотод байрлах, М ХХК /РД:*******/-д холбогдох

Гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 45 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Э ХХК-ийн захирал Б.С-тэй ажил гүйцэтгэх 5 дугаартай гэрээгээр Цэнгэл сумын 7 дугаар багийн Цэнгэл гэдэг газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх. Үүнд ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөг хийж устай тохиолдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төслийг захиалагч, гүйцэтгэгч тохиролцсон гэрээний дагуу цахилгаан хайгуулын ВЭЗ-ийн аргаар МАК ХХК-ийн цахилгаан хайгуулын отрядын инженер техникийн ажилчид хайгуул хийхэд 6 цагт ус гарах цэг заасны дагуу тус цэгүүдийн 4 цэгт хайгуулын өрөмдлөгийн цахилгаан хайгуулаар заасан хэмжээнд өрөмдөхөд маш бага устай гарсан тул үлдсэн 2 цэгт захиалагчтай тохиролцож хайгуулын ажлыг зогсоох болсон юм. Хайгуул хийсэн цэгүүдэд захиалагчийн төлөөлөл хяналтын инженер Г.Н байнга газар дээр хяналт тавьж хайгуул хийсэн цооног болгонд хайгуулын цооног хүлээлцсэн акт үйлдэж хүлээн авсан болно. Хайгуулын өрөмдлөгийн ажлын хөлсийг 1 у/метр-т 170 000 төгрөгөөр тооцож нийт өрөмдлөгийн гүнээр гэрээний дүнг тооцохоор гэрээ байгуулсан тул нийт 4 цооногийг бүгд 385 у/метр өрөмдсөн хөлс 65 450 000 төгрөг гарсан үүнээс захиалагч тухайн үед санхүүгийн боломж бага байгаа тул урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөгийг өгч үлдэгдлийг 2020 оны 11 сард багтаан өгөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл болох 45 450 000 төгрөгийг олгохгүй өдий хүрлээ. Иймд гэрээний дагуу Э ХХК-иас 45 450 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан өгнө үү гэсэн.

 

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О хариу тайлбартаа: Э ХХК нь Монгол улсын уул уурхай, хайгуул, хүнд үйлдвэрийн салбарт өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулан, төр болон хувийн хэвшлийн олон байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж, улсад болон орон нутагт шинээр ажлын байр бий болгон улсын төсөвт хэдэн зуун сая төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг тушааж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж ирсэн салбартаа тэргүүлэгч байгууллагын нэг юм. Манай компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7-р багийн Цэнгэл нэртэй газарт алтны уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус үйл ажиллагааныхаа хүрээнд нэн шаардлагатай хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийлгүүлж, тогтоогдсон цэгт хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийлгүүлж ус гаргуулан авах ажлыг хийх болсон. Уг ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлэхээр манай компани М ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан хамтран ажилласан. Гэтэл М ХХК нь гэрээний дагуу усны хайгуул судалгаа хийгээгүй, судалгаа шинжилгээний үндэслэлтэй өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээгүй бөгөөд манай компанид өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай цооног гаргаж хүлээлгэн өгөөгүй байгааг гэрээнд заасан дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Тус гэрээний 1.1-т гүйцэтгэгч М ХХК нь захиалагч Э ХХК-ийн даалгаврын дагуу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7-р багийн Цэнгэл гэдэг газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх. Үүнд: ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөг хийж, устай тохиолдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төсвийг захиалагч, гүйцэтгэгч тохиролцож хийнэ. Гэрээний тус заалтаас үзэхэд гүйцэтгэгч М ХХК нь уурхайн үйлдвэрийн хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийж, тогтоосон судалгаа шинжилгээндээ үндэслэн газрын гүний өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэд хийх, өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийг бүрэн хийж дуусгасны үндсэн дээр ус гаргах, гаргасан усны цооногийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч тал манай компанид ямар нэг усны ашиглалтын цооног, төсвийг хүлээлгэн өгөөгүй байгаа нь гэрээний үүрэг биелэгдээгүй болно. Учир нь нэхэмжлэгч компани нь хэдий хэр гүнд /хэдэн метр/ уст цэг байгааг тогтоосон хайгуул шинжилгээ судалгааг үндэслэн тус хайгуулын дагуу хэдэн метр гүнд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх үүрэгтэй байснаас хэдэн метр гүнд өрөмдсөн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн 01, 02, 03, 04, 05, 06 баримт нь хаанаас баталж гаргасан, хэрэгт ямар ач холбогдолтой баримт байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээний 3.5-т “ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй тохиолдолд гэрээнд заагдсан төлбөр олгогдохгүй” гэсэн байна. М ХХК нь ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуулаар 4 удаа цооног дутуу ухаж орхисон, уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй, хайгуулын үндэслэлгүй, дутуу ажлыг удаа дараа хийснээс болж уст цэгээ гаргаагүй, захиалагчид хүлээлгэн өгсөн ажлын үр дүн байхгүй байгаа нь гэрээний дээрх заалт биелэгдсэн гэж үзэхэд хүргэж байна. Мөн гүйцэтгэгч М” ХХК-ийн уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний ус гарган, цооног хүлээлгэн өгөөгүй, үр дүнгүй ажилтай холбоотойгоор манай компанийн хэвийн ажиллах цаг хугацаа алдан, өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орж банк санхүүгийн байгууллагаас авсан өр, зээл, хүү төлбөртэй холбоотой ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн.

 

3.Хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын МҮ-02**083  тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайд баяжуулах үйлдвэрийг барьж байгуулаад байгаа болно. Бид өөрийн баяжуулах үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай усны хайгуулыг хийлгэж, гүний усны эх үүсвэрийг олж тогтоож, үйлдвэрийн зориулалттай худаг гаргах зорилгоор Усны хайгуул судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага болох М ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр сонгон авсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр М ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан усны хайгуул өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээний дагуу манай компаниас урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг М ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн Цэнгэл нэртэй газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх, Үүнд: ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийж, усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног гаргах ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл М ХХК нь гэрээний дагуу усны хайгуул судалгаа хийгээгүй, судалгаа шинжилгээний үндэслэлтэй өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээгүй бөгөөд манай компанид өнөөдрийг хүртэл усны хайгуулын судалгааны үр дүнгийн тайлан болон үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба гүйцэтгэгч М ХХК нь усны хайгуулын ажлыг МАК ХХК-иар гүйцэтгүүлж, дүгнэлт гаргуулан устай цэгийг тогтоосны үндсэн дээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа ч ийм дүгнэлт гаргуулаагүй, устай цэгийг тогтоолгүйгээр өрөмдлөгийн ажил хийсний улмаас өрөмдсөн цооногоос нь ус гараагүй, үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж манай компанид хүлээлгэн өгөөгүй. Ийнхүү М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй манай компанийг хохироож байна. Иймд талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ урьдчилгаа төлбөрт Э ХХК-иас М ХХК-д төлсөн 25 000 000 төгрөгийг манай компанид буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.М ХХК-ийн захирал Х.Х сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ёсоор ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, устай цэг заах, хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийх, устай цэг илэрсэн үед усны ундаргыг тодорхойлох ёстой байлаа. М ХХК-ийн хувьд тус компанийн эзэмшил бүхий ашиглалтын талбайн хэмжээнд багтаан, тэдний өөрсдийн зааж өгсөн газарт усны хайгуул хийж, зохих ус гарах хэмжээнд мэргэжлийн төвшинд өрөмдлөг хийсэн болно. Бидний өрөмдсөн цооногоос тухайн компаний үйлдвэрийн үйл ажиллагааг хангах, ундарга тодорхойлох хангалттай хэмжээний ус гараагүй болно. Мөн гэрээнд үйлдвэрийн зориулалттай худаг гаргаж өгөх талаар тохиролцоогүй ба ус хангалтгүй газарт гүний худаг гаргана гэсэн ойлголт байхгүй. Харин гэрээний 4.4-д захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авснаас хойш аливаа эрсдэлийг дангаараа хариуцах үүрэгтэй байхаар заагдсан байгаа. Ажлын хөлсний талаар ч гэрээний 3 дэх хэсэгт тодорхой түвшинд хэлэлцэн тохирч уг хэсгийн 3.6-д өрөмдсөний дараа ус гараагүй тохиолдолд төлбөр барагдуулахаар болсон. Хариуцагч урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг, ажлыг дуусгасны дараа хүлээн зөвшөөрч 10 000 000 төгрөг шилжүүлсэн ба 5 000 000 төгрөг илүү нэхэмжилж байгаа нь далдуур ямар нэгэн бодлоготой байгаа нь тодорхой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

5.Нэхэмжлэгчээс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №6 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №1 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №4 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №5 тоот Хайгуулын цоног хүлээлцэх актууд, Rho-70,7 ом, Rho-42,7 ом, Rho-86,6 ом, Rho-406,0 ом, Rho-456,9 ом, Rho-427,6 ом гэх хэмжилзүйн үзүүлэлтүүд, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/01498 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2021/01498 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М ХХК-иас Ш.Д-д олгосон итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн М ХХК-ийн №48 тоот нэхэмжлэлийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн М ХХК-ийн №196 тоот албан бичгийн хуулбар, гэрэл зураг, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн М ХХК-иас Б.Муратад олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн М ХХК-иас Б.М-д олгосон итгэмжлэл /хэргийн 3-22, 25, 33, 37-39, 41, 51, 77-80, 106-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Э ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б.Э, М.О нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Э ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Монголын алт ХХК-ийн 02/143 тоот албан бичиг /хэргийн 26, 31-32, 65-68-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Г.А-ийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Э ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/21Б тоот Г.Н-рыг “Туршилтын хугацаанд ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/15Б тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Г.Н-ыг ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.Н-ыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 80-83, 90-99-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх  бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлээс 32 020 000 төгрөгийг нэхэмжлэлийг хангаж, 13 430 000 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож, нийт 65 450 000 төгрөгний ажил гүйцэтгэсэн боловч ажлын хөлсний урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлж үлдэх 45 450 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сард төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 45 450 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч М ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ВЭЗ-ийн аргаар хайгуул хийж, цооног өрөмдсөн боловч уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, дутуу хийж гүйцэтгэсэн, уст цэгээ гаргаагүй, хүлээлгэн өгсөн ажлын үр дүн байхгүй тул ажлын хөлсний үлдэгдлийг төлөхгүй гэж үгүйсгэсэн.  

4.Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх, ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийж, усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног гаргах ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл усны хайгуулын судалгааны үр дүнгийн тайлан болон үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25 000 000 төгрөгийг буцааан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн зааж өгсөн газарт усны хайгуул хийж,  мэргэжлийн төвшинд өрөмдлөг хийсэн боловч цооногоос тухайн компаний үйлдвэрийн үйл ажиллагааг хангах, ундарга тодорхойлох хангалттай хэмжээний ус гараагүй, гэрээнд үйлдвэрийн зориулалттай худаг гаргаж өгөх талаар тохиролцоогүй, усны хайгуул, өрөмдлөгө хийхээр тохирсон урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг, өрөмдлөг хийсний дараа 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй, мөн 5 000 000 төгрөгийг бэлнээр болон данснаар шилжүүлээгүй гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч Э ХХК, гүйцэтгэгч М ХХК нар харилцан тохиролцож, гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу Цэнгэл сумын 7 дугаар багийн Цэнгэл гэдэг газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх, үүнд ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөг хийж, устай тохиролдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төсвийг захиалагч, гүйцэтгэгч тохиролцож хийхээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал 20 хоногийн хугацаатайгаар байгуулжээ.

 

7.Талуудын маргааны зүйл нь ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар байна, гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй байна.

 

8.Зохигч талууд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд нь үр дүн гараагүй, үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул үлдэгдэл хөлсийг төлөхгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д “ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийх ажлын хөлс 4 500 000 төгрөг байна”, 3.2-д “цахилгаан хайгуулаар заасан цэгт 150 мм-ийн диаметртэй өрөмдлөгийн хайгуул хийх нэг уртааш метр 170 000 төгрөгт тооцож, нийт өрөмдлөгийн гүнээр гэрээний дүнг тооцож болно”, 3.3-д “урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө олгож, үлдэгдэл гүйцэтгэлийг ажил дууссаны дараа олгоно” гэж харилцан тохиролцжээ.

 

Зохигч талууд ажлын хөлс буюу хайгуулын өрөмдлөг хийсний төлбөр 385м өрөмдлөг хийсэн 65 450 000 төгрөгөөр тооцогдсон талаар маргаагүй бөгөөд уг төлбөрөөс 20 000 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-нд 10 000 000 төгрөгийг,  2020 оны 9 дүгээр саррын 04-нд 10 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ажлын хөлсөнд 5 000 000 төгрөгийг бэлнээр М ХХК-ийн захирал Х.Х-т хүлээлгэн өгсөн гэсэн боловч хариуцагч нь уг 5 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний 3.5-д “ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй тохиролдолд гэрээнд зааснаар төлбөр олгогдохгүй” гэж заасан, өрөмдлөгө хийсэн боловч ус гараагүй, уст цэг тогтоосон гүн хүртэл өрөмдөөгүй гэсэн.

Нэхэмжлэгч нь гэрээний 3.6-д “ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөөд ус гараагүй тохиолдолд төлбөрийг барагдуулна” гэж заасан уст цэг тогтоосон гүн хүртэл өрөмдсөн боловч ус гараагүй, цооногийг актаар хариуцагч нь хүлээн авсан гэсэн.

Хэрэгт авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног№1-д “...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 75м уртааш м өрөмдөх проектын дагуу 75м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв”,

2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног№4-д “...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 79м уртааш м өрөмдөх проектын дагуу 79м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв,

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног №5-д “...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 136м уртааш м өрөмдөх проектын дагуу 136м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв”,

2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног№6-д “...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 95м уртааш өрөмдөх проектын дагуу 95м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв” гэсэн байх бөгөөд уг актанд хайгуулын цооногийг хүлээн авсан Э ХХК-ийн  хяналтын инженер Г.Н байлцсан гэжээ.

Нэхэмжлэгчээс гэрчээр Г.Н-ыг оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, шийдвэрлэсэн боловч гэрч Г.Н нь орон нутагт ажилладаг тул ирэх боломжгүй байсан, мөн хариуцагч нь Г.Н-ыг компанид ажиллаж байсан талаар маргаагүй тул хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Мөн хэрэгт авагдсан Г.Н-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2020 оны 7, 8, 9 сард Э ХХК нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан/,  Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №1/21Б дугаартай тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Г.Н нь Э ХХК-нд тус компанийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт байрлах Цагаан овоот орд дахь баяжуулах үйлдвэрт хяналтын инженерийн албан тушаалд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч нь ажлын үр дүн хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй, ВЭЗ-ийн аргаар хайгуул хийж уст цэг тогтоогдсон цооногийг өрөмдсөн болох нь хайгуулын цооног хүлээн авах актаар тогтоогдож байна гэж үзэв.

 

9.Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.3-д заасныг  зөрчсөн, усны хайгуул судалгаа хийгээгүй, уг ажлыг өөрөө хийж гүйцэтгээгүй, ВЭЗ-ийн аргаар хайгуулын судалгааг МАК ХХК-иар гүйцэтгүүлсэн, уст цэг тогтоосны үндсэн дээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч дүгнэлт гаргуулаагүй, устай цэгийг олж тогтоолгүйгээр өрөмдлөгийн ажил хийсний улмаас цооногоос ус гараагүй, үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж манай компанид хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.2-д “гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж дүрэм журам заавар стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй”, 5.3-д “ажлыг биечлэн гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хайгуулын судалгааг МАК ХХК-иар хийлгэсэн гэсэн боловч МАК ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02/143 тоотоор ирүүлсэн албан бичигт “...манай компани М ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бөгөөд Баян Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн Цэнгэл гэдэг нэртэй газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуулын ажлыг хийж гүйцэтгээгүй болно” гэсэн баримтаар, мөн гэрчийн мэдүүлгээр уг ажлыг өөрсдөө биечлэн гүйцэтгээгүй, усны ажлын хайгуул судалгаа хийгээгүй гэсэн.

Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээний 3.6-д зааснаар ус гараагүй боловч өрөмдлөгө хийсэн тул зардал гарсан, ВЭЗ-ийн аргаар хайгуул хийгдсэний дараа хайгуулын өрөмдлөгө хийсэн, өөрсдөө цооног хүлээлцэхэд байлцсан, ажлын зургийг танилцуулсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь ВЭЗ-ийн хайгуулыг Г.А-ээр хийлгэсэн гэж тайлбарласан, шүүх хуралдаанд гэрч Г.А “...ВЭЗ-ийн арга гэдэг нь Монголоор цахилгаан босоо бүсчлэлийн арга юм. Энэ арга нь газрын гүний тандан судалгаа хийдэг. Энэ аргыг усны хайгуулд ашигладаг. М ХХК-ийн гуйлтаар очиж энэ аргаар үзэж өгсөн. Би 6 цэгт ВЭЗ аргаар 250 метрийн гүн хүртэл боломжит хайгуулыг хийсэн. Өрөмдлөгийн зардлыг багасгах зорилгоор боломжит усны нөөцийн хайгуул хийсэн. ВЭЗ-ийн аргачлал 60-70 хувьтай гэж явдаг. Энэ арга нь тандалт судалгааны ажил учраас өрмөөр батлана, хийсэн ажлаа газар дээр нь зурж өгөөд гар зураг үйлдсэн” гэж мэдүүлсэн болно.

Мөн нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зургийг гэрч нь ВЭЗ-ийн аргаар хийсэн хайгуулын гар зураг мөн, тандалт судалгааны ажлыг хийж, хийсэн ажлаа газар дээр нь зурж өгөөд нэхэмжлэгчид өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд уг зургийн дагуу өрөмдлөгийн ажил хийсэн, уг ажилд хариуцагч талаас байлцсан болох нь цооног хүлээлцэх актаар тогтоогдож байх тул ажлыг хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэвч хэрэгт авагдсан цооног хүлээлцэх акт болон ВЭЗ-ийн аргаар хийсэн усны хайгуулын гар зургийг үндэслэн цооног№1, цооног№5, цооног№6-г талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д зааснаар уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөөд ус гараагүй тул өрөмдлөгийн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй, харин цооног№4-т гэрээний 3.5-д зааснаар уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй байна гэж дүгнэв.

Зохигч талуудын байгуулсан гэрээний 3.2-д зааснаар өрөмдлөгийн гүнээр тооцоход 306м /75+136+95/ өрөмдсөн байх тул нийт 52 020 000 төгрөг болох ба хариуцагчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг хасч, үлдэх 32 020 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсний үлдэгдэл 32 020 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 13 430 000 төгрөгийг болон хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 200  төгрөг, хариуцагч Э ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 318 050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 32 020 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 430 000 төгрөгийг, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 200  төгрөг, хариуцагч Э ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 318 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ХУЛАН