Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00574

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00574

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/00147 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Э ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: гүйцэтгэсэн ажлын хөлс 45,450,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.. /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.. /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э ХХК-тай 5 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр М ХХК нь А сумын 7 дугаар багийн А гэдэг газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх, захиалагч Э ХХК нь ажлын хөлсийг 1 у/метр-т 170,000 төгрөгөөр тооцож нийт өрөмдлөгийн гүнээр тооцож нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон.

1.2 Гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 4 цооног буюу нийт 385 у/метр өрөмдсөн. Ажлын хөлс 65,450,000 төгрөг болсон бөгөөд хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 45,450,000 төгрөгийг төлөөгүй.

Иймд хариуцагчаас 45,450,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Э ХХК нь М ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. М ХХК нь гэрээний дагуу усны хайгуул судалгаа хийгээгүй, судалгаа шинжилгээний үндэслэлтэй өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээгүй. Үйлдвэрлэлийн зориулалттай цооног гаргаж, хүлээлгэн өгөөгүй.

2.2 Гэрээний 1.1-т зааснаар М ХХК нь уурхайн үйлдвэрийн хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийж, тогтоосон судалгаа шинжилгээндээ үндэслэн газрын гүний өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэд хийх, өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийг бүрэн хийж дуусгасны үндсэн дээр ус гаргах, гаргасан усны цооногийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь манай компанид ямар нэг усны ашиглалтын цооног, төсвийг хүлээлгэн өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь хэдий хэр гүнд уст цэг байгааг тогтоосон хайгуул, шинжилгээ, судалгааг үндэслэн тус хайгуулын дагуу хэдэн метр гүнд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх үүрэгтэй байснаас хэдэн метр гүнд өрөмдсөн нь тодорхойгүй.

2.3 Гэрээний 3.5-т зааснаар ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй тохиолдолд төлбөр олгогдохгүй. М ХХК нь ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуулаар 4 удаа цооног дутуу ухаж орхисон. Уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй, хайгуулын үндэслэлгүй, дутуу ажлыг хийснээс болж уст цэгээ гаргаагүй, захиалагчид хүлээлгэн өгсөн ажлын үр дүн байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 М ХХК нь гэрээний дагуу усны хайгуул судалгаа хийгээгүй, судалгаа шинжилгээний үндэслэлтэй өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээгүй. Усны хайгуулын судалгааны үр дүнгийн тайлан болон үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Мөн усны хайгуулын ажлыг Х ХХК-иар гүйцэтгүүлж, дүгнэлт гаргуулан, устай цэгийг тогтоосны үндсэн дээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар дүгнэлт гаргуулаагүй. Устай цэгийг тогтоолгүйгээр өрөмдлөгийн ажил хийсний улмаас өрөмдсөн цооногоос нь ус гараагүй.

Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т зааснаар ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, устай цэг заах, хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийх, устай цэг илэрсэн үед усны ундаргыг тодорхойлох ёстой байсан. М ХХК-ийн хувьд тус компанийн эзэмшил бүхий ашиглалтын талбайн хэмжээнд багтаан тэдний өөрсдийн зааж өгсөн газарт усны хайгуул хийж, зохих ус гарах хэмжээнд мэргэжлийн төвшинд өрөмдлөг хийсэн. Бидний өрөмдсөн цооногоос тухайн хариуцагчийн үйлдвэрийн үйл ажиллагааг хангах, ундарга тодорхойлох хангалттай хэмжээний ус гараагүй.

4.2 Гэрээнд үйлдвэрийн зориулалттай худаг гаргаж өгөх талаар тохиролцоогүй. Ус хангалтгүй газарт гүний худаг гаргана гэсэн ойлголт байхгүй. Харин гэрээний 4.4-т зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авснаас хойш аливаа эрсдэлийг дангаараа хариуцах үүрэгтэй. Мөн гэрээний 3.6-д зааснаар өрөмдсөний дараа ус гараагүй тохиолдолд төлбөр барагдуулахаар тохиролцсон.

4.3 Хариуцагч урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, ажлыг дуусгасны дараа хүлээн зөвшөөрч 10,000,000 төгрөг шилжүүлсэн ба 5,000,000 төгрөг илүү нэхэмжилж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 29,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,150,000 төгрөгийг, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 304,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажлыг захиалагчийн төлөөлөл болох хяналтын инженер ажилтай Г.Хын хяналтын доор зохих журмын дагуу хийж гүйцэтгэж хүлээлгэж өгч, акт үйлдсэн. Хэрэв уст цэгээс цаашаа гүнрүү өрөмдлөг хийх шаардлагагүй гэвэл захиалагчийн төлөөлөл болох хяналтын инженер ажилтай Г.Х ажлыг зогсоох боломжтой байсан. Мөн инженер Г.Йийн гэрчийн мэдүүлэгт хэдэн метр хүртэл өрөмдөж болох талаар мэдүүлсэн байхад түүний мэдүүлгийн тэмдэглэл дутуу бичигдсэнээс болж ийм эргэлзээ гарсан тул шүүх хуралдаанд гэрч асуусан хуралдааны видео бичлэгийг судлуулах болно.

6.2 Шийдвэрт цоног 4-т уст цэг тогтоосон гүн хүртэл өрөмдлөг хийж чадаагүй гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгоосныг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг үндэслэлгүй байна хэмээн шийдвэрлэж байсан. Харин уг хэргийг дахин шийдвэрлэхдээ уст цэгээс илүү гүн өрөмдсөн хэмээн ажлын хөлсийг хасаж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт хийсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч авах эрхтэй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 М ХХК нь гэрээний 5.2, 5.3-т заасныг зөрчсөн. Тодруулбал, М ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт болон хэргийн шүүх хуралдаан дээр ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуулын ажлыг Х ХХК-ийн ахлах инженер Г.Йтэй хэлэлцэж, хайгуул хийлгэсэн гэх боловч Х ХХК-ийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/143 дугаар албан бичгээрээ .. манай компани М ХХК-тай хамтран ажшлах гэрээ байгуулаагүй бөгөөд ...уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуулын ажлыг хийж гүйцэтгээгүй гэсэн. М ХХК нь хайгуулын ажлыг өөрсдөө биечлэн гүйцэтгээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн.

8.2 Г.Й ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийдэг мэргэжилтэн мөн эсэх, хийсэн гэх хайгуулын ажил нь холбогдох журам, стандартад нийцсэн эсэх, хайгуулын үр дүнгийн тайлангаа гаргасан эсэх зэрэг нь нотлогдоогүй. Нэхэмжлэгч нь хайгуул, судалгааны ажлыг хийлгүйгээр гүний өрөмдлөг хийсэн тул цооногоос ус гараагүй.

8.3 Хайгуулын цооног хүлээлцэх 2020 оны 09 дүгээр сарын 07, 08, 09, 10-ний өдрийн актууд нь гэрээний зорилго биелэгдээгүй буюу үйлдвэрлэлийн хэрэгцээний ус гаргаж чадаагүй болохыг нотолж байгаа. Харин энэ нь хариуцагч нэхэмжлэгчийн ажлын үр дүнг хүлээж авсан гэдгийг нотолж буй баримт биш. Иймд хариуцагч нь гэрээний 3.5-т заасны дагуу уст цэгийг тогтоогоогүй тул тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй гэж үзэж байгаа. Гэрээний зорилго биелэгдээгүй, үйлдвэрлэлийн хэрэгцээний устай цооног байхгүй байхад шүүхээс гэрээний зорилго биелэгдсэн, ажлын үр дүнг хүлээж авсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын 29,300,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.4 Гэрээний 6.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг хариуцагч нь буцаан шаардэх эрхтэй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Монголын алт ХХК-ийн инженер Г.Й нь тухайн хайгуулын 4,500,000 төгрөгтэй холбоотой ажилд туслалцаа, дэмжлэг үзүүлж, зөвлөх зорилгоор оролцсон. Уг хайгуулын ажиллагааг М ХХК-ийн зөвлөх инженер Х.А өөрөө гардаж, тухайн ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Мөн ВЭЗ-ийн аргаар уст цэгийг тодорхойлоход Г.Й туслалцаа үзүүлсэн.

9.2 Нэхэмжлэгчийн зүгээс өрөмдлөгийн ажлыг илүү гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Г.Хын удирдлага, хяналтад хайгуулын өрөмдлөгийн ажлыг хийж, акт үйлдсэн. Гуравдугаар ажлын хувьд ус гарсан тохиолдолд худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн хоёрдугаар ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ус гараагүй учраас бусад ажлыг хийж гүйцэтгэхээс татгалзсан. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар хайгуулын өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

9.3 Нэхэмжлэгч нь өрөмдлөгийн ажлыг метрээр хэмжиж, нэг бүрчлэн өрөмдлөгийг хийсэн. Мөн Г.Х инженерийг хамт байлцуулж, өрөмдлөгийг хийсний дараа акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Хайгуулын өрөмдлөгийг хийхэд заавал ус гаргаж өгнө гэх амлалтыг өгөөгүй. Учир нь, хайгуулын өрөмдлөг нь хэдэн метр өрөмдөж өгөхийг тохиролцож, уг хэмжээний дагуу өрөмдлөг хийж өгсөн. Мөн талуудын хооронд гэрээгээр тохиролцож, хийх ёстой ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсөө авч чадаагүй тул нэхэмжлэгч тал хохирч байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 45,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

3. М ХХК болон Э ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь захиалагч Э ХХК-ийн даалгаврын дагуу Рн аймгийн А сумын 7 дугаар багийн А гэх газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалдааг ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, устай тохиолдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төсвийг захиалагч болон гүйцэтгэгч тохиролцож хийхээр заасан. Мөн ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийх ажлын хөлсөнд хариуцагч нь 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, цахилгаан хайгуулаар заасан цэгт 150 мм-ийн диаметртэй өрөмдлөгийн хайгуул хийх нэг уртааш метр 170,000 төгрөг тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 3-6/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

5. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн цооног 4 дугаартай Хайгуулын цооног хүлээлцэх акт-аар ...79 метр уртааш өрөмдөх проектын дагуу 79 метр өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулын цооногийг булж, нөхөн сэргээж тэгшлэв гэж, 08-ны өдрийн цооног 5 дугаартай Хайгуулын цооног хүлээлцэх акт-аар ...136 метр уртааш өрөмдөх проектын дагуу 136 метр өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулын цооногийг булж, нөхөн сэргээж тэгшлэв гэж, 09-ний өдрийн цооног 6 дугаартай Хайгуулын цооног хүлээлцэх акт-аар ...95 метр уртааш өрөмдөх проектын дагуу 95 метр өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулын цооногийг булж, нөхөн сэргээж тэгшлэв гэж, 10-ны өдрийн цооног 1 дугаартай Хайгуулын цооног хүлээлцэх акт-аар ...75 метр уртааш өрөмдөх проектын дагуу 75 метр өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулын цооногийг булж, нөхөн сэргээж тэгшлэв гэж тус тус гүйцэтгэсэн ажлын талаар баримт үйлдсэн байна. /1хх 7-10/

5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

5.2 Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

5.3 Гэрээний 1.1 дэх хэсгийн агуулга, зорилго нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг тодорхойлсон байна. Үгийн шууд утга нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ус гаргах үүргийг шууд хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний гол тохиролцоог Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал ажил гүйцэтгэгч нь нэн тэргүүнд усны хайгуул судалдаа хийх, устай цэг зааж, өрөмдөх үүргийг хүлээсэн байх бөгөөд ус гаргах нь үндсэн үүрэгт хамаархааргүй байна. Иймд тухайн гэрээний хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ус гаргах нь ажлын үр дүн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ус гаргаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.4 Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ВЭЗ аргаар цахилгаан хайгуул хийж 4 цэгт өрөмдлөгө хийж цооног гаргасан нь гэрчийн болон Хайгуулын цооног хүлээлцэх акт-аар тус тус тогтоогдсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.5 Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг буюу нийт 20,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг бэлнээр төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна. /1хх 78-79/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний урьдчилгаанд 25,000,000 төгрөг төлсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

6.1 Хариуцагч нь гэрээнд заасан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг дээрх актаар хүлээн авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд хариуцагч нь ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6.2 Хайгуулын цооног хүлээлцэх акт-аар нэхэмжлэгч нь нийт 4 цооногийг нийт 385 метр өрөмдсөн буюу 65,450,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно. Талууд ажил гүйцэтгэх гэрээний төсвийг зохиогоогүй энэ талаар зохигчид маргаагүй.

6.3 Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь ВЭЗ аргаар усны хайгуулын судалгааг хийж, цооног тус бүрийг 30-120 метр өрөмдөхөд ус гараагүй тохиолдолд цааш ажлыг үргэлжлүүлэх шаардлагагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, талууд төсөв зохиогоогүй тул нэхэмжлэгч нь дээрх тохиолдолд ажлыг цааш үргэлжлүүлэх буюу ажлын төсвийн хэмжээ нэмэгдэх нөхцөл байдлыг захиалагчид мэдэгдэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг нийт 290 метрээр тооцож, ажлын хөлсийг 49,300,000 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчийн ажлын хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөгийг хасч, үлдэх 29,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 238,700 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 305,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН