Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/03088

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүргийн 5-262Б тоотод байрлах, С ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүргийн 01 тоотод байрлах, Х ХХК /РД:******* /-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198 975 ам.доллар буюу 566 879 775 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүргийн 01 тоотод байрлах, Х ХХК /РД:******/-ийн,

Нэхэмжлэгч: Б дүүргийн  5-262Б тоотод байрлах, С ХХК /РД:*****/-д холбогдох

Засварын төлбөр, илүү материалын үнэ болох 282 498 299 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198 975 ам.доллар буюу 566 879 775 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Х ХХК-тай 032016 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр тус компанийн Улаанбаатар хот, Х дүүрэг, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй K” хотхоны 14 давхар, 52 айлын  орон сууцны 1 барилгын нийт 1840 м.кв бүхий хөнгөн цагаан цонх, хаалга, хаалтыг үйлдвэрлэн суулгаж өгөхөөр тохиролцсон. Гэрээний хавсралтаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүтээгдэхүүний үндсэн ба туслах материал, зардал, гаалийн татварыг Х ХХК бүрэн хариуцаж, манай компани бүтээгдэхүүн хүлээн авсан өдрөөс хойш календарийн 45 хоногт багтаан 160 080 ам.доллараар гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон юм. Ингээд бид гэрээнд заасан ажлыг хийн гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Харин Х ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 4211 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 8113 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 7504 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3248 ам.доллар, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3437 ам.доллар, порчикний ажлын хөлс 917 ам.доллар буюу нийт 27 430 ам.доллар төлсөн. Бид Х ХХК-иас үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлж барагдуулахгүй байна. Иймээс манай компани Х ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөрөө гэрээний 2.3-т заасан алдангийн хамт гаргуулж авахаар шүүхэд хандаж байна. 2020 оны 5 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй хэрэг хэрэгсэхгүй болсон. Ийнхүү Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Х ХХК-г эрэн сурвалжлуулж, хаягийг олж тогтоон нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Иймд Х ХХК-иас №032016 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 132 650 ам.доллар, алданги 66 325 ам.доллар /алданги 1 хоногт 663.25 ам.доллар, хугацаа хэтэрсэн 800 хоног-530,600 ам.доллар байх боловч Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэв/, нийт 198 975 ам.доллар /1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2021.03.24-ний өдрийн Монгол банкны долларын ханш 2849 төгрөг х 198 975 ам.доллар/ 566 879 775 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хариуцагч нь төлбөр төлсөн гээд байгаа боловч гүйлгээний утга болон шилжүүлсэн мөнгө нь тодорхойгүй байна. Х ХХК нь манай компанид мөнгөө шилжүүлээд өөрсдөө материалаа авч өгөөд үүний дагуу манай компани ажил гүйцэтгэх гэрээгээр ажлаа хийсэн. Цонхны засвартай холбоотой асуудал бас айл өрхүүд гомдол гаргаад байгаа гэж байна. Ажлаа хийж гүйцэтгээд хүлээлгэн өгөөд барилгыг улсын  комисс хүлээн авсан байхад сүүлд нь ингэж ярих нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан зүйл нь хууль зүйн болон бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй нэхэмжлэл байна. Учир нь 2015 онд М  ХХК-тай тохирч, Хан Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хан хийлс хотхонд 14 давхар 52 айлын орон сууц бүхий барилгад цонх хийлгэх ажлыг гүйцэтгүүлэх, материалыг манайх гаргах, хөлс төлөхөөр тохирсон. М  ХХК нь Хятад улсаас байнга цонхны материал оруулж ирдэг тул харилцагч компаниасаа материал авахыг санал болгосон, энэ талаар үйлдвэрийн танилцуулга, үнийн санал, барааг ачсан баримтыг ирүүлсэн бөгөөд бид саналыг хүлээн авч БНХАУ материал нийлүүлэгч талд 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 649 000 юань, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 67 500 юань, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 170.00 юань, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 245 000 юань тус тус шилжүүлж нийт 1 131 500 юаны төлбөрийг шилжүүлж тухайн материалыг цонх үйлдвэрлэх М  ХХК барааг тээвэрлүүлж Монголд оруулж ирээд өөрийн үйлдвэр дээр буулгасан. Мөн бид анх 2015 онд М  компанитай гэрээ байгуулсан бөгөөд захирал Ж, менежер А нар 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирээд гэрээгээ С ХХК-тай байгуулж өгөөч, манай охин компани, ингэх шаардлага гарлаа, бусад юм өөрчлөгдөхгүй юм чинь гэж гуйхаар нь С ХХК-тай гэрээ байгуулсан. С ХХК гэрээ байгуулсан ч М  компанийн менежер А-тай байнга бидэнтэй хэвийн харьцаж байсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ манай компаниас төлсөн мөнгийг дутуу бичиж дурдсан байна. Манай компаниас 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 49 176 250 төгрөг буюу 25 000 ам долларыг урьдчилгаа болгож, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 4.211 ам доллар буюу 8 381 506 58 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 8.113 ам доллар буюу 19 998 788 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 35 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 7.504 ам доллар буюу 18 499 452 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3 248 ам доллар, 7 887 987.68 төгрөг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3.437 ам доллар 8 501 214 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7 000 000 төгрөг. Энэ нь нийт 179 503 433 төгрөг төлсөн болно.

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3 800 000 төгрөг, порчикийн ажлын хөлс гэж 917 ам доллар буюу 2 268.44 төлсөн болно. Эдгээр мөнгийг М  ХХК, С ХХК-ийн заасан этгээдэд буюу М  ХХК-ийн данс, захирал н.Ж болон нябо н.А-гийн дансанд шилжүүлсэн. н.Ариунаа нь байнга манайхтай харьцаж ажлын байран дээр ирж байсан атлаа шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргасан нь ямар санаа зорилготой болохыг мэдэхгүй байна. С ХХК-тай урьдчилгаа 27 000 ам.долларыг авсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь М  ХХК-д шилжүүлсэн уг мөнгийг зөвшөөрсөн байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар манайх материалаа гаргах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлж, нийт 1 131 500 юаниар материалаа худалдан авсан, уг материалыг С ХХК авсан тул ажлаа гүйцэтгэсэн нь харагдана. Манайх материалаа өгөөгүй бол нэхэмжлэгч ч ажлаа гүйцэтгэх боломжгүй юм. Гэрээнд зааснаар М  ХХК материалыг буулгаснаас хойш 45 хоногийн дотор цонхыг хийж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтэрч хийж өгсөн. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 224.2, 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алддаг тул нэхэмжлэгч нь хүү анз шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь манай барилгын 52 айлын цонхыг хийж гүйцэтгэсэн. Барилгыг ашиглалтад оруулж, орон сууцыг худалдан авагч нарт хүлээлгэн өгснөөс хойш цонхны гомдол маш их ирсэн. Нэхэмжлэгч нь баталгаат хугацаанд засч өгнө гэсэн боловч хэлэхээр ирдэггүй, бид гомдол чирэгдэл гаргуулахгүйн тулд өөрсдөө хүнээр засварлуулж зардлыг нь гаргаж байсан. Нэхэмжлэгч нь ийм шалтгаанаар ажлын хөлсөө шаардаагүй өдий хүрсэн. Нэхэмжлэгч тал нь өнөөдрийг хүртэл ажил хүлээлгэн өгсөн актыг үйлдээгүй байна. Мөн талууд Монгол улсын нутагт ажил гүйцэтгэх гэрээг ам.доллароор байгуулсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэсэн заалтыг зөрсөн байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан тул энэ өдрийн Монгол Банкны нэг ам доллартай харьцах төгрөгийн ханш 2 257.89 төгрөг байсан тул гэрээний дагуу төлөх 160 080 ам доллар нь 361 443 031 төгрөг болно. Үүнээс бид 179 503 433 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 181 939 498 төгрөг үлдэх бөгөөд 3 тасалгаат цонхны дутуу хийсэн салхивчийн материал ба дагалдах тоноглолыг гаргуулах ёстой. Нэхэмжлэгч нь ажлын хөлс шаардаагүй өөр нэг шалтгаан бол нэхэмжлэгч нь цонхны материалыг захихдаа 1 барилга бус 2 барилгын цонхны материалын тооцоо гаргаж, манайхаар төлүүлсэн болон зургийн даалгавараар 3 тасалгаат цонхны хоёр талд салхивч хийх ёстой байхад зөвхөн нэг талд нь салхивч хийж нэг талын салхивчийн материал болон дагалдах тоноглолын зардлыг завшсан. Мөн манай барилгын хажууд орон сууцны барилга барьж буй С ХХК-ийн захиралтай М  ХХК-ийн захирал өөрөө ярилцаж цонх хийлгэх талаар ярьж байсан, тэгээд цонхны бүх мөнгийг манай компаниар төлүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн үйлдвэр дээр байгаа цонхны материалаас тал нь буюу 376 260 22 юанийн материал, түүнд дагалдах хэрэглэл 119 320.44 юанийн материалыг манай барилгад хэрэглэгдсэн, үлдэх 635 919.34 юанийн материалын болон дагалдах хэрэглэл нэхэмжлэгч талд үлдсэн байсан. Тийм учраас энэ талаар тухайн үед ярилцаад бид материалаа авах, эсвэл нэхэмжлэгч ажлын хөлсөд тооцоод заримыг нь авах гарц байгааг аль аль нь ойлголцсон. Нэхэмжлэгч нь одоог хүртэл бидэнд материалын тооцоо өгөөгүй бөгөөд хүн явуулж шалгуулахад хэрэглэсэн байсан. Үүний нэг жишээ нь М ХХК-ийн барилгын 1 давхарт манай материалыг хэрэглэсэн байсан ба энэ тооцоог нэхэмжлэгчийн менежер Ариунаа над руу имайлээр явуулж байсан баримт байгаа. Одоо болтол бид материалаа аваагүй, нийт 635 919.34 юанийн материал нэхэмжлэгч компани буцааж өгөөгүй юм. Иймд нэхэмжлэгчид 635 919.34 юанийн материал үлдсэн, манайх ажлын хөлсөд 181 939 498 төгрөг үлдэх бөгөөд 215 398 599 төгрөг шилжүүлсэн тул манайх ажлын хөлс төлөх үүрэг байхгүй, харин үлдсэн материалын үнийг шаардах эрхтэй байгаа болно.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. С ХХК нь Х ХХК-иас төлбөр гаргуулах шаардлага гаргасан. М  компанид шилжүүлсэн 25 000 ам.доллар нь манай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, манайх энэ мөнгө дээр маргаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн манай компаниас баримт гаргуулах хүсэлтийг дэмжихгүй байна. Нийт 18 499 452 төгрөг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 7 867 997 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр  7 000 000 төгрөг, нийт 179 308 4333 төгрөгийг төлсөн н.Ж болон н.Арнарын дансанд төлж байсан. Энэ гэрээнд заасны дагуу цонхыг 2 давхар хийсэн байсан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т заасны дагуу нэхэмжлэгч тал хүү анз алданги авах эрхгүй. Энэ цонхны талаар айл өрхөөс гомдол ирж байгаа. Нийт 52 айлын цонх шилийг хийсэн байсан. Тухайн компани нь  анхнаасаа 3 давхар цонх хийх байсанаас 2 давхарыг хийсэн. Үүгээр 54 айлын цонх хийх байсанаас 52 айлын цонх хийсэн нь өөрөө гэрээ зөрчсөн гэж үзэж байна гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

С ХХК нь Х ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Х дүүрэг, 11 дүгээр хороо, Хаан хийлс хотхоны 14 давхар бүхий 52 айлын орон сууцны цонх, хаалгыг 45 хоногт багтаан хийж өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд анх М  ХХК гэх нэрээр гэрээ хийсэн боловч дараа нь С ХХК болгон нэрээ өөрчилсөн байдаг. Уг барилгад 1 блок буюу 14-н давхар, 52 айлын цонхны материалын зардал буюу 119 320 юань үнэ бүхий цонхны тоноглол, 376 260 юань үнэ бүхий цонхны төмөр нийт 495 580 юаны зардал гарах байсан боловч, 2 блок барилгад хэрэглэгдэх буюу 1 дахин илүү цонхны материалын үнэ буюу нийт 1 131 500 юаныг манай компаниар төлүүлэн БНХАУ-аас захиалуулан авчруулсан байдаг. Иймд анх хууран мэхлэх замаар М  ХХК гэх нэрээр гэрээ хийсэн, завшсан барааны үнэ болох 635 920 юань буюу 278 698 299 төгрөг мөн чанарын шаардлага хангаагүйн улмаас үүссэн өнөөдрийг хүртэлх засварын төлбөр болох 3 800 000 төгрөг буюу нийт 282 498 299 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х ХХК нь хариу тайлбартаа маргаж байгаа зүйлийг сөрөг нэхэмжлэл болгосон байна. Тухайн асуудлаар талууд үндсэн нэхэмжлэлийн хүрээнд маргаж, үгүйсгэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн ажил гүйцэтгэх гэрээний заалтан дээр 2 жилийн хугацаа гэж заасан байгаа. Гэрээний асуудал бол өдийг хүртэл төлбөр нэхэмжлэхгүй явсан байдаг. Цонхны хувьд тухай бүрд нь засаад янзлаад явсан. Тухайн байрыг улсын комисс хүлээж авсан. Бид үлдэгдэл хөлсийг төлөх талаар уулзаж, би хүртэл өөрөө очиж уулзаж байсан. 2020 оны 7 сард анх нэхэмжлэл гаргасан тэгэхэд хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан улмаас нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Дараа нь хуулийнхаа дагуу эрэн сурвалжлуулж 2021 онд 3 сард нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр ажил хүлээлгэж өгөөгүй гэж ярьж байна. Тухайн үедээ гарыг нь өчиж байгаад гарын үсэг зуруулаагүй. Хэрвээ зуруулж аваагүй байсан бол улсын комисс үүнийг хүлээж авахгүй байсан гэдэг асуудал үүснэ. М  гэх компанийг манайхтай хольж оролцуулж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Хуулинд зааснаар 6 сарын хугацаагаар тооцоод сөрөг нэхэмжлэлд тусгайлан хариу тайлбар гаргах боломжгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-ийн дүрэм, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С ХХК-иас Л.Г-д олгосон итгэмжлэл, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2016 оны №32016 тоот гэрээний хавсралт, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016 оны №32016 тоот гэрээний хавсралт, №32016 тоот Ажил гүйцэтгэх гэрээний тооцоо, 2021 оны 03 дугаар сарын 24-ний Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2019/10378 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2020/02217 дугаар шүүхийн шийдвэр, 2021 оны 03 дугаар  сарын 22-ны өдрийн 27л1-3/1152 тоот Х дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр  хэлтэс /хэргийн 3-19-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 046/21 тоот Х ХХК-иас О.Бд олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 47/021 тоот Х ХХК-иас О.Бд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Joydan CMH70 бэлдэц /aluminum profile/, Joydan CMH70 тоноглол /accessories/ гэх хүснэгтэн баримт, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Алтан түрүү карт руу гуйвуулга хийх төлбөрийн даалгавар, 2107 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Алтан түрүү карт руу гуйвуулга хийх төлбөрийн даалгавар, 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Алтан түрүү карт руу гуйвуулга хийх төлбөрийн даалгавар, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Алтан түрүү карт руу гуйвуулга хийх төлбөрийн даалгавар, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн орлогын ордер, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0001643 тоот Бэлэн мөнгөний орлогын баримт, Ш.О-ын эзэмшлийн 5753****8449 тоот дансны хуулга, Mon Ar руу чат бичсэн зургийн хуулбар, Mon Ari руу чат бичсэн зургийн хуулбар, Ш.О-рын эзэмшлийн 5*****088449 тоот дансны хуулга,  2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 070/21 тоот Х ХХК-иас О.Бд олгосон итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Я.Б-ын Х ХХК-д гаргасан өргөдөл, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б.Б-ын Х ХХК-д гаргасан гомдол, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х.Ц-ын Х ХХК-д гаргасан гомдол, Э.Э-ийн гаргасан хариу тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хятад хэл дээр хүснэгтэн баримт, Ляонин хөнгөн цагаан барилгын систем гэсэн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны акт,  Joydan CMH70 бэлдэц /aluminum profile/ гэх хятад хэл дээрх хүснэгтэн баримт, Монголиан тайм скүэр хотхоны “Үйлчилгээтэй 52 айлын орон сууц”-ны ажлын зураг, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Кассын зарлагын баримт, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Гадаад  гуйвуулгын маягт, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0001642 тоот Бэлэн мөнгөний орлогын баримт, гэрэл зураг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 56/022 тоот Х ХХК-ийн хариу тайлбар, Цонхны хүснэгтэн үзүүлэлт, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/95 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар /хэргийн 22, 26-48, 50-59, 60-65, 74, 80-82, 84-89, 102-111, 128-129, 140-144, 149, 150-154, 173-180-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.А, С.Д нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авч тэмдэглэлийг хавсаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ж.О-ын гар утас, O****[email protected] цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 113-115, 130-136, 145-147-р хуудас/-ийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлээс 472 398 388 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 94 481 387 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 198 975 ам.доллар буюу 566 879 775 төгрөг гаргуулахаар шаардсан. 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч С ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй, хийсэн ажил нь доголдолтой, зургийн дагуу гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй тул алданги шаардах эрхгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгчийг хууран мэхлэх замаар М  ХХК гэх нэрээр гэрээ хийсэн, төсвийг нэмэгдүүлэн завшсан барааны үнэ болох 635 920 юань буюу 278 698 299 төгрөг, хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас засварын төлбөр болох 3 800 000 төгрөг, нийт 282 498 299 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагчтай гэрээг байгуулсан, захиалан авчирсан материалаар нь захиалсан ажлыг нь хийж гүйцэтгэсэн, ажлыг хүлээлгэн өгч, улсын комисс орон сууцыг хүлээн авсан, доголдлыг тухайн бүрт нь засаж өгч байсан, зургийн дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн гэж няцаасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Х ХХК нар нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №032016 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч С ХХК нь захиалагч Х ХХК-ийн захиалгын дагуу Улаанбаатар хот, Х дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй К хотхоны 14 давхар 52 айлын орон сууцны 1 барилгын нийт 1,840 м.кв бүхий хөнгөн цагаан цонх, хаалга, хаалтыг үйлдвэрлэн суулгаж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэлийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

7.Талуудын маргааны зүйл нь ажлын хөлс төлөх эсэх, гүйцэтгэлийг хүлээн авсан эсэх, хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар байна, гэрээ байгуулсан талаар маргаагүй байна.

 

8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигч талууд гэрээг байгуулсан талаараа маргаагүй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь гэрээг М  ХХК-тай хийсэн боловч дараа нь С ХХК болсон гэсэн боловч зохигч талууд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй, гэрээний дагуу Х хотхоны 14 давхар, 52 айлын орон сууцны 1 барилгын цонх, хаалганы ажлыг С ХХК нь хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, 2016 оны №032016-р тоот гэрээний хавсралт№1, хавсралт№4 болон гэрч Д.А, С.Д нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэв.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хийсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, акт үйлдээгүй гэж маргасан бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Х дүүрэг, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй K хотхоны 14 давхар 52 айлын орон сууцны 1 барилгын нийт 1,840 м.кв бүхий хөнгөн цагаан цонх, хаалга, хаалтыг үйлдвэрлэн суулгаж хүлээлгэн өгөх бөгөөд нэхэмжлэгч уг ажлыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №2019/95 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэв.

Учир нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтэд “...Нийслэлийн Х дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан М ХХК, Х ХХК-ийн захиалгатай өндөр төвөгшилтэй ангиллын 13 автомашины дулаан зогсоол бүхий үйлчилгээтэй зоорьтой 14 давхар 52 айлын орон сууцны хүчин чадал бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалттай барилга байгууламж ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан” гэсэн байх бөгөөд уг орон сууцыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон, иргэд оршин сууж байгаа талаар хариуцагчийн төлөөлөгч нь маргаагүй болно.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нь төлөх үүрэгтэй болно.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д “талууд гүйцэтгэлийн хэмжээ, хугацаа болон төлбөрийн нөхцөлийг энэ гэрээний Хавсралт№1-д заасны дагуу харилцан тохиролцов” гэсэн байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2016 оны №032016-р тоот гэрээний хавсралт№1-д “...цонх /хаалга/ хаалтын ажлын хөлс материал Jordon70, нийт 1 840 м.кв нийт үнэ 101 200 ам.доллар, шилэн пакет материал 4мм зузаантай 3 давхар энгийн шилтэй, нийт 1 840 м.кв, нийт үнэ 58 880 ам.доллар, дүн 160 080 ам.доллар”, мөн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016 оны №032016-р тоот гэрээний хавсралт№4-д төлбөрийн нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа №032016 тоот Ажил гүйцэтгэх гэрээний тооцоонд “гэрээний дүн 160 080 ам.доллар, төлбөр төлсөн хэмжээ 27 430 ам.доллар, үлдэгдэл төлбөр 132 650 ам.доллар” үлдэгдэлтэй байгаа гэсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2016 оны №032016-р тоот гэрээний хавсралт№1-ийн 3.1-д “бартерт 100 хувь ашиглалтанд орсон орон сууцны 1 м.кв бодож 106 м.кв орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө” гэж тохиролцсон боловч ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул үлдэх хөлс 132 650 ам.доллар буюу 377 919 850 төгрөгийг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 66 325 ам.доллар буюу 188 959 925 төгрөг, нийт 566 879 775 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь ажлын хөлсөнд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2016 оны №032016-р тоот гэрээний хавсралт№1-ийн 3.1-д заасан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй талаараа маргаагүй боловч нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 27 430 ам.доллараас гадна 179 503 433 төгрөгийг төлсөн, нийт 215 398 599 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь ажлыг хийж гүйцэтгэхдээ зургийн дагуу хийгээгүй, 2 хавтсаар нээгддэг байхад 1 хавтсаар нээгддэг хийж материал хэмнэсэн 635 920 юанийг буцаан өгөөгүй, ам.долларын ханшийг 2016 онд гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцно гэж мэтгэлцсэн.

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 4.6-д “гүйцэтгэгчийн гүйцэтгэлийг захиалагч өдөр өдөрт нь нэг бүрчлэн шалгаж актаар хүлээн авч, цаашдын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, өөрийнхөө хяналт, хамгаалалтад авах үүрэгтэй” гэсэн үүргээ хариуцагч нь биелүүлээгүй, 2016 оны №032016-р тоот гэрээний хавсралт№1, хавсралт№4-ийн 2.6-д “нийт цонх /хаалга/ хаалтын 950 м.кв-ийг 3 давхар шилээр, 890 м.кв-ийг 2 давхар шилээр тус тус хийнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын аль нь 3 давхар, аль нь 2 давхар шилээр хийгдсэн, мөн 2 хавтсаар биш 1 хавтсаар нээгддэг талаарх баримтгүй, хариуцагч нь ажлын хөлсөнд 179 503 433 төгрөгийг төлсөн талаарх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

9.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгчийг илүү материал захиалан авчруулсан, зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй хэмнэсэн 635 920 юанийн бараа материалыг буцаан өгөөгүй тул хэмнэж ашигласан бараа материалын үнэ 278 698 299 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан боловч 2016 оны №032016-р тоот гэрээний хавралт№1, 4-ийн 2.1-д “бүтээгдэхүүний үндсэн ба туслах материалын /хаягдлын 10 хувийн запастай/ төлбөр, замын зардал, гаалийн татварыг захиалагч бүрэн хариуцаж гүйцэтгэгчид нийлүүлэх”-ээр, 2.2, 2.5-д хаалганд тавигдах даацын татуургын брэнд загвар, цонх хаалга хаалтын дулаалгын хөөсийг худалдан авч өгөхөөр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д “ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх”-ээр заасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь 1 131 500 юаны бараа материалыг захиалан авчирсан, илүү гарсан 635 920 юаний бараа материалыг буцаан өгөөгүй гэсэн боловч үлдэгдэл 635 920 юаний бараа материал байгаа талаар баримтаар нотлоогүй, талууд материалын зарцуулалтын талаар тайлан үйлдээгүй гэж тайлбарласан.

Мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангаагүй, цонхыг доголдолтой угсарч, суурилуулсан гэрээнд зааснаар цонх, хаалга, хаалтыг 3 давхар шилээр хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй доголдолтой гэдгийг саяхан мэдсэн бөгөөд энэ талаар оршин суугчдаас байнга гомдол гаргадаг, доголдлыг өөрсдийн зардлаар засаж янзалсан болох нь иргэдийн өргөдөл хүсэлтээр болон доголдлыг засахад гарсан зардлаар нотлогдох тул завсарын зардалд төлсөн 3 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой талаар мэдэгдэж байгаагүй, гэрээнд зааснаар нийт цонх /хаалга/ хаалтын 950 м.кв-ийг 3 давхар шилээр, 890 м.кв-ийг 2 давхар шилээр тус тус хийж гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаж байсан тул улсын комисс хүлээн авсан гэж маргасан.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй бөгөөд хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 350.1.7-д зааснаар “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах”-аар заасан.

Гэвч 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №2019/95 дугаартай дүгнэлтэд барилгыг зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн гэж дүгнэсэн, хэрэгт авагдсан Хаан банкны завсарын зардал гарсан гэх дансны хуулгаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгасан гэж үзэх боломжгүй, мөн оршин суугч нарын тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-д “ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан, хариуцагч нь ажлыг хүлээн авснаас хойш буюу догодлыг илрүүлснээс хойш гомдлын шаардлага гаргаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэгтэй тул  хариуцагчаас нэхэмжлэгчид хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 132 650 ам.доллар буюу 377 919 850 төгрөгийг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги 66 325 ам.доллар буюу 188 959 925 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зохигч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.3-д “төлбөрийг хугацаандаа төлөөгүй болон бартераар хийсэн байрны гэрчилгээг гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр тохирсон боловч хариуцагч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, ажлаа гэрээгээр тохирсон хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул алданги шаардах эрхгүй гэж мэтгэлцсэн, мөн зохигч талууд хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний 2.2-д “гүйцэтгэгч гүйцэтгэлийг бүрэн дуусмагц ажлын 3 хоногт багтан 7.6-д заасан захиалагчийн төлөөлөгчид Хавсралт№2 загварын актаар хүлээлгэн өгнө” гэж харилцан тохиролцсоноор акт үйлдээгүй байх тул хариуцагчаас алдангийн 50 хувийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 132 650 ам.доллар, алдангийн 50 хувь болох 33 162 ам.доллар /66 325:2=33 162/, нийт 165 812 ам.доллар буюу 472 398 388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 94 481 387 төгрөгийг болон хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан илүү материалын үнэ, завсарын зардал нийт 282 498 299 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний ажил гүйцэтгэх гэрээний 2.2-д “төлбөрийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцно гэж харилцан тохиролцоно” гэж зааснаар нэхэмжлэгч гадаад валют буюу ам.долларын ханшийг тооцсон байх тул хариуцагчийн гэрээ байгуулсан үеийн ханшаар тооцно гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар /2021.03.26-ны өдрийн 1ам.долларыг 2 849,86 төгрөгөөр/ тооцсон болно.  

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 2 992 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 519 942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 570 441 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь  зүйтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 472 398 388 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94 481 387 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х ХХК-ийн нэхэмжлэгч С ХХК-д холбогдуулж гаргасан илүү материалын үнэ, засварын зардал болох 282 498 299 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 2 992 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 519 942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 570 441 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

          

 

 

                                      ДАРГАЛАГЧ                            Д.ХУЛАН