Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00366

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/03088 дугаар шийдвэртэй

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдуулан гаргасан

Ажил гүйцэтгэх гэрээий үүрэгт 198,975 ам.доллар буюу 566,879,775 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, засварын төлбөр, илүү материалын үнэ болох 282,498,299 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:С ХХК нь Х ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК нь **, 52 айлын орон сууцны 1 барилгын 1,840 м.кв бүхий хөнгөн цагаан цонх, хаалга, хаалтыг үйлдвэрлэн суулгах, “Х ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах үндсэн ба туслах материал, зардал, гаалийн татварыг бүрэн хариуцах, бүтээгдэхүүн хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 45 хоногт багтаан 160,080 ам.долларын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Бид гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн ба “Х ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 4,211 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 8,113 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 7,504 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3,248 ам.доллар, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3,437 ам.доллар, порчикний ажлын хөлс 917 ам.доллар буюу нийт 27,430 ам.доллар төлсөн. Бид үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан ч “Х” ХХК нь төлөөгүй учир ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 132,650 ам.доллар, алданги 66,325 ам.доллар /1 хоногийн алданги 663.25 ам.доллар ба 800 хоногт 530,600 ам.доллар боловч хуульд нийцүүлэн/ нийт 198,975 ам.доллар буюу 566,879,775 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү.

Х ХХК нь төлбөр төлсөн гэх боловч гүйлгээний утга болон шилжүүлсэн мөнгө нь тодорхойгүй. Хариуцагч нь манайд мөнгөө шилжүүлж өөрсдөө материалаа авч өгөөд манай компани гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн ба барилгыг улсын комисс хүлээн авсан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2 жил гэж гэрээнд заасан бөгөөд хариуцагч нь өдийг хүртэл төлбөр нэхэмжлэхгүй явсан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хуульд заасан 6 сарын хугацаагаар тооцоод хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариу тайлбар гаргах боломжгүй. Цонхны хувьд тухай бүрд нь засаад янзлаад явсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлал болон сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Манайх 2015 онд Т ХХК-тай тохиролцон дээр дурдсан ажлыг гүйцэтгүүлэхээр материалыг нь гаргах, хөлс төлөхөөр тохирсон. Т ХХК нь Хятад улсаас цонхны материал байнга оруулж ирдэг учир харилцагч компаниасаа материал авахыг санал болгосныг бид хүлээн авч БНХАУ-ын талд 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд нийт 1,131,500 юанийн төлбөр шилжүүлсэн. Тухайн цонх үйлдвэрлэх материалыг Т ХХК нь Монгол улсад оруулж ирээд өөрийн үйлдвэр дээр буулгасан. Мөн “Т” ХХК-тай гэрээ байгуулсан ч тэдний хүсэлтээр “С ХХК-тай гэрээ байгуулсан. Манай компани 2015 оны 7 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 179,503,433 төгрөг төлснийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дутуу бичжээ. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3,800,000 төгрөг, порчикийн ажлын хөлс 917 ам.долларыг “Т ХХК-ийн данс, захирал н.Ж болон нябо н.Агийн дансанд шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь ажлыг хугацаандлаа гүйцэтгээгүй, ажил хүлээлцсэн актыг үйлдээгүй байна. Мөн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан тул ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2.257.89 төгрөгөөр тооцвол гэрээний төлбөр 160,080 ам доллар нь 361,443,031 төгрөг болж, бид 179,503,433 төгрөг төлсөн ба 181,939,498 төгрөг үлдсэн бөгөөд 3 тасалгаат цонхны дутуу хийсэн салхивчийн материал ба дагалдах тоноглолыг гаргуулах ёстой.

Нэхэмжлэгч нь ажлын хөлс шаардаагүй ба цонхны материалыг 1 барилгаар бус 2 барилгын цонхны материалын үнийг манайхаар төлүүлснээс нэхэмжлэгчийн үйлдвэрт байгаа цонхны материалын тал нь буюу 119,320.44 юанийн материалыг манай барилгад хэрэглэж, үлдэх 635,919.34 юанийн материал, дагалдах хэрэглэл нэхэмжлэгчид үлдсэн. Энэ талаар тухайн үед ярилцаад бид материалаа авах, эсвэл нэхэмжлэгч ажлын хөлсөнд тооцон заримыг нь авахыг ойлголцсон. Бид одоо ч 635,919.34 юанийн материалаа аваагүй, нэхэмжлэгч буцааж өгөөгүй. Иймд илүү материалын үнэ 635,920 юань буюу 278,698,299 төгрөг, мөн чанарын шаардлага хангаагүйн улмаас үүссэн өнөөдрийг хүртэлх засварын төлбөр болох 3,800,000 төгрөг буюу нийт 282,498,299 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 232 дугаар зүйлийн 232.4зааснаар хариуцагч Х ХХК-иас 472,398,388 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 94,481,387 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х ХХК-ийн нэхэмжлэгч С ХХК-иас 282,498,299 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэдмэгтийн хураамжид нэхэмжлэгч С ХХК-ийн төлсөн 2,992,350 төгрөг, хариуцагч Х ХХК-ийн төлсөн 1,570,441 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2,519,942 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс талууд акт үйлдээгүй байх тул алдангийг 50 хувийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.6-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн авах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүчээр гарын үсэг зуруулах боломжгүй тул алдангийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт захиалагч ямар нэгэн зүйл хийсэн тохиолдолд гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн тоног төхөөрөмжөө бартердаж, тухайн компани нь дампуурах шатандаа явж байна. Хүнд нөхцөлд байхад 2,500,000 төгрөгөөр бодож өгөх гэж байсан орон сууцыг өгөөгүй. Гэтэл тухайн орон сууц нь өнөөдрийн байдлаар 4,800,000 төгрөгийн үнэтэй болсон. Талууд 2016 онд гэрээ байгуулж, 2017 онд гэрээг сунгаж, нэхэмжлэгч ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгасан. Гэтэл хариуцагч нь олдоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжилсан. Хариуцагч шүүх хуралдааныг 13 удаа хойшлуулж, нэхэмжлэгчийг маш их хохироож байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргаж ажлын дутагдлыг буцааж нэхэмжилсэн ба хариуцагч нь давхар цонх хийгээгүй гэж тайлбарлаж байгаа ч бид гэрээгээр зохицуулан ажлаа хийж гүйцэтгэж, комисст хүлээлгэн өгсөн. “М” ХХК-ийн харилцаа холбоогоор нь дамжуулан материалаа захиалсан гэж тайлбарласан. Тухайн байгууллага нь материалыг авчирч, “С” ХХК-д өгснийг “С” ХХК нь тухайн материалаар ажлыг гүйцэтгэж өгсөн.

Хоёр корпусын материал авчирсан гэх боловч тухайн асуудлыг нотлох баримт байхгүй. Тухайн хоёр корпусын материалыг “С” ХХК-д хүлээлгэж өгсөн болох нь тодорхойгүй. Хэрэгт авагдсанаар уг ажлыг хийж байх үед “М” ХХК-аар давхар Хөвсгөл аймагт амралтын баазын цонхыг хийлгэсэн. Хариуцагч нь “М” ХХК-тай харилцаа хамааралтай бөгөөд тухайн үед давхар цонх хийлгүүлж байсан гэдгийг н.Отгонбаатар хэлсэн. Хариуцагч нь 27,430 ам.долларыг төлсөн бөгөөд манай зүгээс мөнгөн дүнгээр авсан зүйлүүдээ нэгтгэж авсан гэж тайлбарласан. Гэтэл “Х” ХХК нь “М” ХХК-аар тухайн үед ажил даалгаж хийлгэсэн бөгөөд төлбөрийг нь оролцуулж нэмсэн гэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэний хуульд зааснаар ажил хүлээлцэх акт үйлдээгүй бөгөөд хугацаандаа ажлыг хүлээлцэж өгөөгүй тохиолдолд алдангийг шаардах эрхээ алдана гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2016 оноос хойш 45 хоногийн дотор ажил гүйцэтгэх тал өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэж, чөлөөлж өгөөгүй. Анхан шатны шүүхээс алдангийг шаардах эрхээ алдсан байгааг анхаарч үзээгүй Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар ажлыг ямар байдлаар яаж хүлээлцэх талаар заасан. Нэхэмжлэгч талаас тухайн үүргээ биелүүлсэн талаар нотолж чадаагүй

 Шүүх хэргийн баримтуудыг дүгнээгүй, маргааны зүйлийг олж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн эсэх, хариуцагчийн нийлүүлсэн материалын үнэ, энэ нь илүү гарсан эсэх, харилцан тооцвол хариуцагчид үүрэг байгаа эсэх нь маргааны зүйл болсон. Гэрээний 2-р хавсралтын 4.2-т "...календарийн 45 хоногт гүйцэтгэлийг бүрэн дуусгаж хүлээлгэн өгнө" гэсэн заалт хэрэгжээгүй. Нэхэмжлэгч 2015 онд цонх хийх материалын захиалгийг 52 айлын 1 орон сууцаар тооцох байтал 52 айлын 2 орон сууцны буюу 2 дахин их материал захиалуулсан, мөн цонх хийхдээ 3 хавтас бүхий цонхны 2 талын хавтсыг нээгдэх хавтастай хийх байтал 1 хавтас нээгдэхээр хийж материалыг хэмнэсэн нь тогтоогдсон. Нийт материалын 62 хувийг авч үлдэн тус материалаараа цар тахлын үед үйлдвэрлэл явуулсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Манай компанийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг шүүх огт үнэлээгүй ба санхүүгийн баримтыг хэрхэн яаж үгүйсгэснээ шүүх шийдвэртээ тусгаагүй бөгөөд нэхэмжлэгч нь няцааж мэтгэлцээгүйг шүүх анхаарсангүй. Нэхэмжлэгч нь цонхны шилийг өөрөөсөө гаргаж, ажлын хөлсний хамт 160,080 ам.доллар авах байсан ба үүнээс 701.530 юанийн материал “С” ХХК-д үлдсэн байгааг шүүх анхаарсангүй, энэ тооцоог нэхэмжлэгч маргаагүй.

Нэхэмжлэгч “С” ХХК нь ажлыг зургийн дагуу хийгээгүй чанаргүй хийснийг тогтоолгохоор барилгын шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисонбөгөөд нэхэмжлэгч нь ажлаа хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн, мөн илүү гарсан материалыг буцааж өгөх үүргээ зөрчсөн тул анз шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд алдангийг төлөх үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээий үүрэгт 198,975 ам.доллар буюу 566,879,775 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч засварын төлбөр, илүү материалын үнэ болох 282,498,299 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2.1. “С” ХХК болон“Х” ХХК-иуд нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “С” ХХК нь **52 айлын орон сууцны 1 барилгын нийт 1,840 м.кв бүхий хөнгөн цагаан цонх, хаалга, хаалтыг үйлдвэрлэн суулгаж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч “Х” ХХК нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

2.2. Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

3. Талууд хариуцагчийн шилжүүлсэн материалаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэхэмжлэгч нь материалын зарцуулалтыг хариуцагчид тайлагнасан болон шилжүүлсэн материалаас үлдсэн (эсхүл дутсан) бол үлдэгдэл материалын хэмжээ, түүний үнийг харилцан тооцсон эсэх талаар маргасан байна.

 

3.1. Нэхэмжлэгч “гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээд захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн, захиалагч тал гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 27,430 ам.долларыг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй” гэх,

хариуцагч “нэхэмжлэгч цонхны материалыг захиалахдаа 1 барилга бус 2 барилгын цонхны материалын тооцоо гаргаж, манай байгууллагаар төлүүлсэн, нэхэмжлэгчийн үйлдвэр дээр цонхны материалаас 635,919.34 юанийн материалын болон дагалдах хэрэгсэл үлдсэн, талууд тухайн үед ярилцаад бид материалаа авах, эсвэл нэхэмжлэгч ажлын хөлсөнд тооцож авах талаар ярилцсан боловч бидэнд үлдэгдэл материалыг өгөөгүй” гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргажээ.

 

3.2. Зохигчдын гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд хариуцагчийн нийлүүлсэн материалын болон тухайн материалаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлж, үлдэгдэл (эсхүл дутсан) материалын хэмжээ, үнийг эргэлзээгүй тогтоосон баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, тухайн асуудлаар шинжээч томилуулахаар хариуцагч талаас 2021 оны 11 дүгээр сарын 24, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт нь зохигчид өөрсдөө нотлох боломжгүй буюу тусгай мэдлэг шаардагдах агуулгатай байхад шүүх хүсэлтийг хүлээж аваагүй нь үндэслэл муутай болжээ. Зохигчдын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн агуулга, түүний тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл мэргэжлийн шинжээч томилж маргааны үйл баримтыг тогтоох ажиллагаа хийх шаардлагатай, уг нөхцөл байдлыг тодруулснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үндэслэл болсон хэргийн үйл баримтыг бүрэн, зөв тогтоосноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээр байна.

 

 3.3. Мөн хэргийн 14 дүгээр талд авагдсан “Ажил гүйцэтгэх гэрээний тооцоо” гэх баримтыг нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг нотолсон баримт, гүйцэтгэсэн ажлын тайлан гэж тодорхойлжээ. Тус баримт нь зохигчдын гэрээгээр тохиролцсон ажил тус бүрийн төсөвт өртөг, гэрээний нийт дүнг илтгэсэн санхүүгийн баримтын агуулгатай байна. Талууд гэрээний 2.2-т заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээлцэхээр заасан ба гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч актаар хүлээн аваагүй, авахаас татгалзсан гэж нэхэмжлэгч тайлбарласан бол ажлын үр дүнгийн тайланг нэхэмжлэгч ирүүлээгүй гэж хариуцагч тайлбарлажээ.

 Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийн шилжүүлсэн материалыг нэхэмжлэгч нь цонх, хаалга, хаалт хийхэд бүрэн ашигласан эсэх, материалын зарцуулалтын талаархи тайланг хэлэлцсэн байдал тогтоогдоогүй, үүргийг харилцан шаардсан эсэхийг шүүх талуудаас тодруулж, мэтгэлцүүлэх замаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэхээр байна. Захиалагч буюу “Х” ХХК-ийн шилжүүлсэн материалыг гүйцэтгэгч буюу “С” ХХК зориулалтын дагуу ашиглаж цонх, хаалга, хаалт хийж ажил гүйцэтгэж дууссаны дараа материал илүү гарч үлдсэн эсэх, түүний үнийн дүнг тодорхойлох нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байна.

 

4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдолтой нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа, дүгнэлтийг хийгээгүй, талуудыг мэтгэлцүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/03088 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 630,360 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 2,519,942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

 

                                           ШҮҮГЧИД                                          Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                      Э.ЭНЭБИШ