Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00637

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/00217 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тын холбогдох,

 

Гэм хорын хохиролд 26 620 482 985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Энхтуяа, өмгөөлөгч А.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-д 2003.03 дугаар сараас эхлэн Тын буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан. Татварын маргаан таслах зөвлөлд 2005 онд хандсан боловч хүлээж аваагүй тул 2006 оноос эхлэн 6 удаа Иргэний хэргийн шүүхэд гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018.04.30-ны өдрийн 182/Ш32018/04033 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстойг зааж  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Тын удирдах дээд байгууллага болох Сангийн яаманд хандсан, Сангийн яам 2018.05.31-ний өдөр 4-2/3399 дугаартай албан бичгээр "... Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл” гэх хариу өгсөн тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн.

Нэхэмжлэгч нь 2003 оноос Мөрөөдлийн ханд нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байсан. Тус бүтээгдэхүүн нь сэтгэц судлал, наркологийн төвийн 2001.03.05-ны өдрийн 20 тоот клиник туршилтын дүгнэлт, түүний дэргэдэх эрдэм шинжилгээний зөвлөлийн хурлын 2001.03.05-ны өдрийн 01 дугаартай протокол, 2001.03.29-ний өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлуудаар эмчилгээний үр нөлөө нь баталгаажсан эмчилгээ, сувилгааны бүтээгдэхүүн гэж дүгнэгдсэн. Бүтээгдэхүүний найрлагад цэвэршүүлсэн шимийн архи түүхий эдээр ордог. Гэтэл 2003 оны 03 дугаар сараас Татварын ерөнхий газар нь Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүнийг шимийн архи хэмээн онцгой албан татвар төлөх ёстой гэсэн үндэслэлээр худалдаанаас хурааж эхэлсэн. Шимийн архи гэж үзсэн ч тухайн үед шимийн архинд онцгой татвар ногдуулах хуулийн зохицуулалт байгаагүй. Энэ талаар 2003 оны 04 сараас эхлэн Татварын албаны холбогдох албан тушаалтнуудад хандсан ч алдаагаа залруулахгүй тус компанийн 2013.12.15-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэд 2004.01.14-ний өдөр 1/40 дугаартай албан бичгээр ...Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх боломжгүй... гэсэн хариуг өгч борлуулалтыг бүр мөсөн зогсоосон.

Тын даргын дээрхи шийдвэр нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журмыг ноцтой зөрчиж байгааг Тын дарга болон холбогдох албан тушаалтнуудад удаа дараа тайлбарлан мэдэгдэж байсан. Энэ заалтуудаар онцгой албан татвар оноох болон хувь хэмжээг нь тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд л байдаг бөгөөд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Засгийн газарт онцгой татвар түүний хувь хэмжээг тогтоох эрх олгогдоогүй. Компани 2004.03.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Татварын албанд хандаж  “Онцгой татвартай худалдая” гэж хүссэн боловч Сэлэнгэ аймгийн татварын алба нь 2004.03.26-ны өдөр 111 дугаартай албан бичгээр онцгой татвартай худалдах боломж гаргаж өгөөгүй. Тухай үед мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий хуульд заасныг зөрчиж Татварын ерөнхий газар нь борлуулалтыг зогсоож улмаар зээлийн барьцаанд хөрөнгөө алдаж, бүтээгдэхүүнээ устгуулж дампуурахад хүргэсэн.

Татварын Ерөнхий газар 2005.01.31-ний өдөр 4/122 дугаартай албан бичгээр “Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүнд онцгой албан татвар оноох үндэслэлгүй болно..." гэсэн шийдвэр гаргасан нь өөрийнхөө алдаатай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн болохыг баталсан.Эдийн засгийн хөгжлийн яамны 2013.10.02-ны өдрийн 2/1960, Сангийн яамны 2014.03.31-ний өдрийн 8-1/1586 дугаартай албан бичгүүдэд "... татварын байгууллагын алдаатай дүгнэлтээс шалтгаалан тус компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан ..." болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2004.01.14-ний өдөр 1/40 тоот шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг  2018.11.07-ны өдрийн 697 дугаартай шийдвэрээр тогтоосон. Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо  Иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг зааж өгсөн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2018.08.16-ны өдрийн 5216 дугаартай захирамжийн дагуу хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК хэрэгт шинжээчээр оролцож дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд устгасан 19,5 тонн буюу 39 000 ширхэг Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 253 500 000 төгрөг,  заасан нөхцөл байдал, М ХХК-ийн 2003 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд жил бүр олох байсан орлогын өнөөгийн зах зээлийн үнэлгээ 24 652 901 882 төгрөг, зээлийн өрөнд алдсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, газрын эзэмших эрхийн өнөөгийн зах зээлийн үнэ 1 714 081 103 төгрөг гэж хохирлын хэмжээг тооцож гаргасан. Иймд Тын даргын гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч М ХХК-д учруулсан 26 620 482 985 төгрөгийн хохирлыг Таас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд Үндэсний Тын даргын 2004.01.14-ний өдрийн №1/40 тоот албан тоотыг хууль бус болох түүний улмаас учирсан хохирлыг өнөөдрийн Тын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс гаргуулахаар нэхэмжлээд байгаа нь хууль бус юм. Хариуцагч нь тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан эсвэл төр байна. Шийдвэрийг 2004 онд Үндэсний татварын албаны дарга буюу хуулиар бүрэн эрх нь олгогдсон удирдах албан тушаалтан гаргасан байх бөгөөд тухайн албан тушаалтан 2017 онд нас барсан. Жинхэнэ хариуцагч нь одоогийн Тын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эсхүл тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтан, төрийн  аль нь тодорхойгүй байна.

Мөн хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан.  Түүнчлэн хохирлын хэмжээ хэт их байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан Таас 19 536 252 703 (арван есөн тэрбум таван зуун гучин зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга долоон зуун гурав) төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 7 084 230 282,9 (долоон тэрбум наян дөрвөн сая хоёр зуун гучин мянга хоёр зуун наян хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөгийн шаардлагыгхэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 66 630 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 66 630 165 төгрөгийг эхний ээлжинд М ХХК-аас гаргуулж улсад, хариуцагч Таас улсын тэмдэгтийн хураамжинд 97 839 214 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцээгүй.

Шүүх Татварын байгууллага ч мөн адил хохирогч байтал тухайн албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас учирсан хохирлыг хэрхэн яаж гаргуулахыг орхигдуулан шийдвэрлэсэн. Татварын албаны буруутай үйлдлээс болоогүй нь илт байгаа. Шүүх хохирлыг тооцохдоо хууль тогтоомжид нийцүүлээгүй. Ирээдүйд олох байсан орлого нь нотлогдоогүй байхад тооцоолж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК нь М ХХК-ний нэмж мэдүүлсэн тайлан буюу хууль бусаар олсон орлогын тайланг ирээдүйд олох ёстой байсан орлогын эх үүсвэр болгон тооцоолсон.Тухайн иргэн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан орлого нь өөрөө хуулиар хамгаалагдах ёсгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.2-д Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно гэж заасан байтал энэ тухай огт авч хэлэлцээгүй. Нэхэмжлэлд дурдсан ирээдүйд олох байсан орлогыг ил тодын тайлан, банкны зээлийн дунджаар тооцон тогтоосон нь хуульд нийцэхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хувь хүн хуулийн этгээдэд нуун дарагдуулсан орлогоо ил болгон тайлагнах боломж олгосон бөгөөд ингэж тайлагнаж буй орлого нь хуулийн дагуу олсон орлого биш бөгөөд нотлох баримт болгон ашиглахгүй байхаар зохицуулсан байтал тайлангийн дүнд үндэслэн ирээдүйд олох байсан орлогыг тооцоолон гаргасныг хуульд нийцэж буй мэтээр шийдвэрлэсэн нь хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд зааснаар гэм хорын хохирлыг тухайн үед эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг болон тухайн цаг үед олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргийг тодорхойлж өгсөн байтал шүүх ирээдүйд олох байсан орлого хэмээн үзэж хэдэн зуу дахин нэмэгдүүлэн тооцоолж хуулийн хязгаарыг хэтрүүлэн хэрэглэн шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь Татварын Ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 26 620 482 985 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч 26 620 482 985 төгрөгийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1. 2005 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр акт гаргаж устгасан 19,5 тонн буюу 39 000 ширхэг “Мөрөөдлийн ханд” бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 253 500 000 төгрөг /1хх-59-60/

2. 2003 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг хүртэл олох байсан орлого 24 652 901 882 төгрөг /1хх-59-60/

3.Зээлийн өрөнд алдсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар эзэмших эрхийн үнэ 1 714 081 103 төгрөг /1хх-59-60/ гэжээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “2003 оны 3 сараас эхлэн “Мөрөөдлийн ханд” бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдох ёстой гэсэн үндэслэлээр худалдан борлуулахыг Таас хориглож, улмаар асуудлыг шийдвэрлэж өгөхгүй удааснаас 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 19,5 тонн буюу 39 000 ширхэг “Мөрөөдлийн ханд” бүтээгдэхүүнийг акт гаргаж устгасан. Бүтээгдэхүүний борлуулалт саатаж, устгагдсанаас тус аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй, үйлдвэрийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж, газар эзэмших эрхээ зээлийн өрөнд алдсан. Төлбөрийн чадваргүй болж ирээдүйд олох байсан орлогоо алдсан” гэж тодорхойлжээ. /1хх-1-3/

 

“Мөрөөдлийн ханд” бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдох ёстой гэсэн үндэслэлээр худалдан борлуулахыг Таас хориглосон, 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 тоот албан бичгийг / 1хх-12 / Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн 697 тоот шийдвэрээр илт хууль бус акт болохыг тогтоожээ.

 

Мөн 2005 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн актаар 19,5 тонн буюу 39 000 ширхэг “Мөрөөдлийн ханд” бүтээгдэхүүн устгагдсан үйл баримт тогтоогджээ. / 1хх-23-35 / Энэхүү бүтээгдэхүүнийг устгасантай холбоотой баримт бичиг, дээрх хууль бус акт болох албан бичиг зэргийг харьцуулан үзвэл хариуцагч байгууллагын албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас нэхэмжлэгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжгүй болж, гэм хор учирсан байх боломжтой юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн гэм хорыг Таар арилгуулахаар, хохирол нөхөн төлөхийг шаарджээ. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх тухай хуулиар тогтоосон журмыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан тооцоо, тоо бүртгэл, урлаг , утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд  хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээч томилдог. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд уг хуульд заасан журмыг баримтлахаар заасан.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шинжилгээг  шүүхийн шинжилгээний бус байгууллагаар хийлгэх бол уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах зэрэг урьдчилсан журмыг биелүүлэх шаардлагатай юм. Гэтэл энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхээс томилогдоогүй, дээрх хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх нь тодорхой бус шинжээчийн дүгнэлт гэх баримтыг анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт гэж үнэлэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцэхгүй болжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл болон бусад холбогдох заалтуудыг баримталсан эсэхийг хянах боломжгүй, тухайн иргэний хэргийг шийдвэрлэж буй шүүгчийн захирамжаар томилогдоогүй этгээдийн гаргасан тооцооллыг тухайн хэргийн шүүхийн шийдвэрт үнэлсэн нь дээрх баримтыг шинжээчийн дүгнэлт, нотлох баримтын эх сурвалж гэж үзэх боломжгүй болгожээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар .”шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлэх юм. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т заасан эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг хянах боломжгүй болжээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан гэх 5 шинжээчийн нэгийг дуудан ирүүлж гэрчээр асуусан нь эргэлзээтэй болжээ. /2хх-125-150/

 

Шүүхийн шийдвэр нь таамагт үндэслэж болохгүй юм. Шинжээчийн гаргасан сурах бичиг болон сургалтаар заасан аргачлал гэх тооцоололд тулгуурлан олох ёстой байсан орлогыг тодорхойлсныг гэм хорын хохирлыг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд үл нийцнэ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй. Хэрэв шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт буюу дахин шинжилгээ хийж болохоор хуульд зохицуулсан. Гэтэл өөр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан уг баримтыг үндэслэн иргэний хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар, дахин шинжилгээ хийлгэх боломжгүй болно.

 

Зохигчид олох байсан орлого, хөрөнгийн ирээдүйн үнэ цэнэ, эд хөрөнгийн алдагдал гэсэн ойлголтуудаар маргасан байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох юм. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасан хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан тул энэ хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан байгууллага хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой гэж маргасан байна. Анхан шатны шүүхээс талуудын маргасан үйл баримт тус бүрийг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

 

Тын дарга Д.Занданбат гэж байхад, дэд дарга Б.Заяабал итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгийг томилсон шалтгаан, тухайн үеийн үнэлгээгээр 549 300 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгч 68 980 000 төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн шалтгаан энэ нь гэм хорын хохиролд хамаарах эсэх, Татварын ерөнхий газар 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр холбогдох бүтээгдэхүүнд онцгой татвар оноох үндэслэлгүй талаар хариу өгснөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой хохирол тооцсон шалтгаан, хохирлын хэмжээ, хохирол хариуцагч байгууллагын албан тушаалтны гэм буруутай үйлдлийн шалтгаант холбоо зэрэг үйл баримтыг тодруулах нь зүйтэй юм. /1хх177-181, 235-240/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч Тын давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД