Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

   2019 оны 01 сарын 29 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00217

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “МА” ХХК /РД:2632179/, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 1-р баг, Дэлгэрхаан дэнж 1 тоот

 

Хариуцагч: ТЕГ/РД:6097898/, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, С.Данзангийн гудамж 4А

 

илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохиролд 26.620.482.985,9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, Г.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, иргэдийн төлөөлөгч Л.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “МА” ХХК-д 2003 оны 03 дугаар сараас эхлэн ТЕГбуруутай үйл ажиллагаанаас болж их хэмжээний хохирол учирсан. Татварын маргаан таслах зөвлөлд 2005 онд хандсан боловч татварын акт дүгнэлттэй холбоотой асуудал биш байна гээд хүлээж аваагүй тул энэ үеэс хойш буюу 2006 оноос эхлэн 6 удаа Иргэний хэргийн шүүхэд гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргасан. Хамгийн суүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/Ш32018/04033 дугаартай шүүгчийн захирамжаар “...холбогдох албан тушаалтан болон Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэсэн...” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймээс бид ТЕГудирдах дээд байгууллага болох Сангийн яаманд хандсан боловч Сангийн яам нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 4-2/3399 дугаартай албан бичгээр "...Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг тогтоох эрх хэмжээ тус яаманд байхгүй тул Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл...” гэх хариу өгсөн тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн.

Манай “МА” ХХК нь 2003 оноос “МХ” нэртэй эмчилгээний үр нөлөө нь батлагдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байсан. Тус бүтээгдэхүүн нь гарал үүсэл, нэр томьёо, эмчилгээний шинж чанар, үйлдвэрлэлийн технологиороо дарс болон архинаас тэс өөр, сэтгэц судлал, наркологийн төвийн 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 тоот клиник туршилтын дүгнэлт, түүний дэргэдэх эрдэм шинжилгээний зөвлөлийн хурлын 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай протокол, 2001 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хүний эмийн зөвлөл”-ийн хурлуудаар эмчилгээний үр нөлөө нь баталгаажсан эмчилгээ, сувилгааны бүтээгдэхүүн юм. Манай бүтээгдэхүүний найрлаганд цэвэршүүлсэн шимийн архи түүхий эдээр ордог болохоос биш шимийн архи гэж тооцогдохгүй юм. Гэтэл 2003 оны 03 дугаар сараас эхлэн ТЕГнь “МХ” бүтээгдэхүүнийг маань шимийн архи хэмээн онцгой албан татвар төлөх ёстой гэсэн үндэслэлээр худалдаанаас хурааж эхэлсэн. Шимийн архи гэж үзсэн ч тухайн үед шимийн архинд онцгой татвар оногдуулах хуулийн зохицуулалт байгаагүй.

Энэ тухай 2003 оны 04 сараас эхлэн Татварын албаны холбогдох албан тушаалтнуудтай биечлэн уулзаж хөөцөлдсөн боловч тэд алдаагаа залруулахгүй тус компанийн 2013 оны 12 сарын 15-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэнд 2004 оны 01 сарын 14-ний өдөр 1/40 дугаартай албан бичгээр “...МХ бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх боломжгүй...” гэсэн хариуг өгч хуулбарыг орон нутгийн татварын албанд явуулснаар борлуулалтыг бүр мөсөн зогсоосон. ТЕГдаргын дээрхи шийдвэр нь тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл “...Монгол улсын татвар нь улсын болон орон нутгиин татвараас бүрдэнэ..." 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг “...Улсын их хурал, Засгиин газраас хувь хэмжээг нь тогтоосон Монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг улсын татвар гэнэ...” 16 дугаар зүйл “...Онцгой татвар нь улсын татварт хамаарна...” 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг “...мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь хэмжээг Улсын Их хурал тогтооно...” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байгааг компаний зүгээс ТЕГдарга болон холбогдох албан тушаалтнуудад удаа дараа тайлбарлан мэдэгдэж байсан. Энэ заалтуудаар онцгой албан татвар оноох болон хувь хэмжээг нь тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд л байдаг бөгөөд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Засгийн газарт онцгой татвар түүний хувь хэмжээг тогтоох эрх олгогдоогүй байна.

Компани хүнд байдалд орсон тул 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 05 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Татварын албанд хандаж “...Онцгой татвартай худалдая...” гэж хүссэн боловч Сэлэнгэ аймгийн татварын алба нь 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 111 дугаартай албан бичгээр “...Шимийн архинд онцгой татвар ногдуулах хувь хэмжээ тогтоогдоогүй байна...” гээд онцгой татвартай худалдах боломж гаргаж өгөөгүй. Тухай үед мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд "...Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчим баримтлана...” гэж заасаар байхад ТЕГнь манай борлуулалтыг зогсоож улмаар зээлийн барьцаанд хөрөнгөө алдаж, бүтээгдэхүүнээ устгуулж дампуурахад хүргэсэн. Нэгэнт бүх хөрөнгөө зээлийн барьцаанд алдаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгуй болсноос устгахаас өөр аргагүй байдалд хүрч, компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хойно ТЕГ2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4/122 дугаартай албан бичгээр “... МХ бүтээгдэхүүнд онцгой албан татвар оноох үндэслэлгүй болно..." гэсэн шийдвэр гаргасан нь өөрийнхөө алдаатай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж байгаа юм. Мөн Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яамны 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/1960, Сангийн яамны 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8- 1/1586 дугаартай албан бичгүүдэд "... Татварын байгууллагын алдаатай дүгнэлтээс шалтгаалан тус компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан ..." болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн. Маргаан бүхий асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4033 дугаартай захирамжийг хүлээн авснаас хойш компанийн зүгээс 2018 оны 06 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...ТЕГдаргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн “МА” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд 697 дугаартай шийдвэрээр Үндэсний ТЕГдаргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1/40 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосон. Мөн ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэйг зааж өгсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5216 дугаартай захирамжийн дагуу хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК хэрэгт шинжээчээр оролцож дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтэнд заасан нөхцөл байдал, хохирлын хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож гаргасан болно. Үүнд:

1. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр акт гаргаж устгасан 19.5 тонн буюу 39000 ширхэг “МХ” бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 253.500.000 төгрөг, 2. “МА” ХХК-ийн 2003 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд жил бүр олох байсан орлогын өнөөгийн зах зээлийн үнэлгээ 24.652.901.882,9 төгрөг, 3. Зээлийн өрөнд алдсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, газрын эзэмших эрхийн өнөөгийн зах зээлийн үнэ 1.714.081.103 төгрөг болж байна.

Иймд ТЕГдаргын гаргасан илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч “МА” ХХК-д учруулсан 26.620.482.985,9 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч ТЕГгаргуулан нэхэмжлэгч “Мон- Апи” ХХК-д олгож өгнө үү.

 Нэхэмжлэлийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.2-ыг үндэслэн гаргаж байгаа болно гэв.

 

Хариуцагч ТЕГитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний ТЕГдаргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1/40 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлсэн байх бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлд Үндэсний ТЕГдаргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1/40 тоот албан тоотыг хууль бус болох түүний улмаас учирсан хохирлыг өнөөдрийн ТЕГдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс гаргуулахаар нэхэмжлээд байгаа нь хууль бус юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу “...захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж заасан заалт, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан эсвэл төр хариуцан арилгахаар байна. Маргаан бүхий шийдвэрийг 2004 онд Үндэсний татварын албаны дарга буюу хуулиар бүрэн эрх нь олгогдсон удирдах албан тушаалтан гаргасан байх бөгөөд тухайн албан тушаалтан 2017 онд нас барсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь одоогийн ТЕГдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эсхүл тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтан, төр болох эсэхийн аль нь тодорхойгүй байна.

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3.-Д “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу нэхэмжпэгч үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн хохирлын хэмжээ хэт их байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүх нэхэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0697 дугаар шийдвэр, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-аас гаргасан шинжээчийн дүгнэлт, “МХ” бүтээгдэхүүний чанар стандартын шаардлага хангасан болон шинэ бүтээлийн патентийн гэрчилгээ, Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эмгэг-мансуурал судлалын төвийн дэргэдэх эрдэм шинжилгээний секторын 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаар хурлын протокол, мөн өдрийн Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн МХ бүтээгдэхүүний клиник туршилтын дүгнэлт, Ургамлын гаралтай хүнсний стандартчиллын ДХ-ны 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, Эмийн үндэсний зөвлөл Хүний эмийн салбар зөвлөлийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №а/011 дүгээр хурлын тэмдэглэл, Эрүүл мэндийн яамны 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №6/3558 тоот албан бичиг, Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № 128 тоот албан бичиг, бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ, МА компанийн шагнал урамшуулал авч байсантай холбоотой баримтууд, “МХ” бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэн борлуулахаар төсөл боловсруулан “Зоос банк” ХХК-аас зээл хүссэн, авсан, зээлийн төлөлтийн талаарх баримтууд, бусад газруудтай хамтран ажиллах талаар байгуулж байсан гэрээнүүд, компаниас Татварын ерөнхий газарт хандаж байсан болон тэдгээрийн хариу албан бичгүүд, ТЕГдаргын 2004 оны 01 сарын 14-ний өдөр 1/40 дугаартай албан бичиг, Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яамны 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/1960, Сангийн яамны 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8- 1/1586 дугаартай албан бичгүүд, “МХ” бүтээгдэхүүнийг устгалд оруулсан тухай акт, тайлан болон бичгийн бусад баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч МА ХХК нь ах дүү Г.Бүрэнжаргал, Г.Энхтуяа нарын хоёр гишүүнтэй, зөгийн аж ахуй эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр 1998 онд байгуулагдсан, үйл ажиллагааны чиглэл нэмэгдэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жимс жимсгэнийн ургамал боловсруулах, газар тариалан, мал аж ахуй, гадаад дотоод худалдаа эрхлэх болсон компани байна. Уг компани Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нэгдүгээр багт 59,400 м.кв газар бүхий зөгийн аж ахуйн цогцолбор барилга, тоног төхөөрөмжийг өмчилж эзэмшиж байжээ. Тус аж ахуй “МХ” нэртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж байсан байна. Компаний “МХ” бүтээгдэхүүн 2002 онд “Дархан-түншлэл 2002” үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн” номинацид шалгарсан, 2003 онд мөн бүтээгдэхүүн Сэлэнгэ аймгийн “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр шалгарсан, “хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн” болсон, МА компани “Хэрэглэгчдийн найдвартай түнш” цол өргөмжлөл хүртэж байжээ.

Компанийн “МХ” бүтээгдэхүүний найрлагад цэвэршүүлсэн шимийн архи түүхий эдээр ордог байсан байх ба  Мөрөөдөл нэртэй шимийн архинд компанийн үүсгэн байгуулагч Г.Энхтуяа 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №1539 дугаар шинэ бүтээлийн патент авсан, Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эмгэг-мансуурал судлалын төвийн дэргэдэх эрдэм шинжилгээний секторын 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаар хурлын протокол, мөн өдрийн Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн МХ бүтээгдэхүүний клиник туршилтын дүгнэлтээр хүний биед элдэв харш нөлөө үзүүлэхгүй харин бие махбодийг сэргээж, эрүүл мэндийг дэмждэг болох нь тогтоогдсон байна. Тухайн бүтээгдэхүүн нь архи бус, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүн болох нь Ургамлын гаралтай хүнсний стандартчиллын ДХ-ны 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, Эмийн үндэсний зөвлөл Хүний эмийн салбар зөвлөлийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №а/011 дүгээр хурлын тэмдэглэл, Эрүүл мэндийн яамны 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №6/3558 тоот албан бичиг, Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № 128 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвөөс уг бүтээгдэхүүнд бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг 2003 онд олгосон байсан байна.

Компани үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зөгийн аж ахуйн 59.400 м кв газар бүхий цогцолбор барилга, тоног төхөөрөмжөө барьцаалж Зоос банкнаас 2002 оны 12 сарын 19-нд 64.000.000 сая төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдэн авч, хуваарийн дагуу 2003 оны 1-3 саруудын зээлийн төлбөрөө тогтмол төлж явсан байна. Компани тухайн үед Мандалхангай ЗБН, Монхангай Трейд ХХК, Түвшинтэгш ХХК, Улаанзалаат ХХК, Доня ХХК, Энх-Арвижих ХХК, Алтансүйх дэлгүүр, Хишиг минимаркет дэлгүүр, БиБиБи ХХК, Хэрлэн ээж ХХК, Хойд Ундарга ХХК, Санбилэг ХХК, Цэнтрейд компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээг хийж ажиллаж байсан харагдаж байна.

Гэтэл 2003 оны 3, 4 дүгээр сараас татварын байгууллага “МХ” бүтээгдэхүүнийг шимийн архи гэж үзэн хураан авч, худалдуулахгүй болсон байна.

Энэ талаар нэхэмжлэгч холбогдох газруудад, Сэлэнгэ аймгийн татварын алба, Татварын ерөнхий газарт хандаж байсан байдлууд тогтоогдож байна.

2003 оны 12-р сард ТЕГдаргад хандаж, ТЕГдарга 2004 оны 1 сарын 14-ний өдөр 1/40 тоот албан бичгээр “...МХ бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх боломжгүй...” гэсэн хариуг өгч хуулбарыг орон нутгийн татварын албанд явуулснаар “МХ” бүтээгдэхүүний борлуулалтыг бүр мөсөн зогсоосон байна.

2004 оны 3 сарын 21-нд МА компани Сэлэнгэ аймгийн татварын албанд шимийн архинд тооцох татварыг төлж бүтээгдэхүүнийг худалдах талаар хүсэж албан бичиг хүргүүлж байсан боловч уг газар 2004 оны 3 сарын 26-нд шимийн архины онцгой албан татварын хувь хэмжээ  тогтоогдоогүй байна гэсэн хариуг өгч, мөн бүтээгдэхүүнийг татвартайгаар худалдах боломжийг ч олгохгүй байжээ. Энэ үед МА компани “МХ” бүтээгдэхүүнийг Солонгос улсад экспортлох талаар Их Монгол компанитай хамтран ажиллах гэрээг 2004 оны 3 сарын 5-нд, 2004 оны 4 сарын 1-нд Япон улсад гаргах талаар хамтран ажиллах гэрээг Асашёорюү сантай хийж байсан байна.

МА компанийн банкны зээлийн төлөлт доголдож, улмаар тэд 2004 оны 9 сарын 3-нд иргэн Г.Наранчимэгээс аж ахуйн цогцолбор барилга, тоног төхөөрөмжөө барьцаалан 72.4 сая төгрөг зээлдэж, Зоос банкны 69.000.000 төгрөгийн зээлийг төлсөн байна. Зоос банкинд МА компани нийтдээ үндсэн зээлийн 64.000.000 төгрөг, хүү торгуульд 42.093.000 төгрөгийг төлжээ. Компани бусдаас авсан зээлээ төлж чадахгүй байсаар 2004 оны 12 сарын 13-нд барьцааны эд хөрөнгө болох 59.400 м.кв газар бүхий зөгийн аж ахуйн цогцолбор барилга, тоног төхөөрөмжөө зээлийн өрөнд өгч, компанийн дүрмийн сандаа хэмжээг нь багасгасан өөрчлөлт оруулсан байна.

Татварын байгууллага 2005 оны 1 сарын 3-ны өдрийн 4/122 тоот албан бичгээр “МХ” бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах үндэслэлгүй тухай компанид мэдэгдсэн байна. Гэвч компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн удаан хадгалснаас чанарын шаардлага хангахгүй болсон байсан тул 2005 оны 4 сарын 11-нд аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, СХЗ төвийн экспертийг байлцуулж 39.000 ширхэг буюу 19.5 тн “МХ” бүтээгдэхүүнийг устгасан байна. Компанийн үйл ажиллагаа зогссоноос төлбөрийн чадваргүй болж, зээл авах барьцааны хөрөнгөгүй болсон байжээ. Компанийн нэг гишүүн Г.Бүрэнжаргал нь зүрхний хавхлагын дутагдал, тархины цус харвалт, тархины судасны бөглөрөлт оноштойгоор 2005 оны 1 сарын 18-ны өдрөөс өвчний группт орж, улмаар эмчлэгдэхгүй байсаар 2012 оны 3 сарын 28-ны өдөр нас барсан байна. Хоёр дахь гишүүн Г.Энхтуяа 2005 оны 3 сарын 25-ны өдрөөс тархины цус хомсрох харвалт, дараах үлдэц, зүүн талын саа оноштойгоор мөн хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, эмчлүүлсэн ба одоо мэргэжлийн эмчийн хяналтад байдаг байна. Г.Энхтуяа компанийг өв залгамжлалаар хүлээн авсан нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

2008 оны 5-р сараас компани дахин үйл ажиллагаа явуулахаар болсон боловч татварын өртэй, 2013 оны 11 сарын 15-нд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тус компаний “Байгалийн амин дэмүүд” төсөл 150 сая төгрөгөөр дэмжигдсэн байх боловч барьцааны хөрөнгө дутагдалтайгаас банкны шалгуурыг давалгүй компани зээл авч чадаагүй байна. Г.Энхтуяа нь 2015 онд Төрийн банкнаас тэтгэврийн зээл авч байсан нь тогтоогдож байна.

МА компани татварын байгууллага хууль бус ажиллагаа явуулсныг тогтоолгох, гэм хор нэхэмжилсэн нэхэмжлэлийг 2006-2018 оны хооронд 7 удаа шүүхэд гаргасан боловч тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, хэргийн харъяалал зөрчсөн гэж хүлээн авахаас татгалзагдаж байжээ.

Өөрийн барьцааны хөрөнгийг зээлийн өрөнд өгснөөс хойш 2004 онд Сэлэнгэ Хангай компанитай хамтран ажиллахаар түүний үл хөдлөх эд хөрөнгийг МА компани нэр дээрээ авч, зээл авах ажлыг хйих гэсэн боловч тус үл хөдлөх эд хөрөнгүүд нь банкны зээлийн барьцаанд байснаас маргаан үүсэж боломжгүй болж байжээ.

МА компани Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 6 дугаар сард гомдол гаргаж, шүүх 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 697 тоот шийдвэрээр ТЕГдаргын 2004 оны 1 сарын 14-ний өдрийн 1/40 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, хохирлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжээчээр Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийг томилж, компанид учирсан гэх хохирлын хэмжээг тогтоолгоход татварын байгууллагын худалдуулаагүй, удаан хадгалснаас чанарын шаардлага хангахгүй болж устгагдсан “МХ” бүтээгдэхүүнийг одоогийн зах зээлийн үнээр 253.500.000 төгрөг, компанийн олох байсан орлогыг компанийн үйл ажиллагаа зогсож орлого олж чадаагүй 2003 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл хугацаагаар тооцон 24.652.901.882,9 төгрөг, зээлийн өрөнд  өгсөн аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар 1,714,081,103 төгрөг гэж тус тус тогтоожээ.

Нэхэмжлэгч МА компани ТЕГхууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээгээр тооцон 26.620.482.985,9 төгрөгийг ТЕГнэхэмжилжээ. Энэ нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр акт гаргаж устгасан 19.5 тонн буюу 39000 ширхэг “МХ” бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 253.500.000 төгрөг, “МА” ХХК-ийн 2003 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд жил бүр олох байсан орлогын өнөөгийн зах зээлийн үнэлгээ 24.652.901.882,9 төгрөг, зээлийн өрөнд алдсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, газрын эзэмших эрхийн өнөөгийн зах зээлийн үнэ 1.714.081.103 төгрөгөөс бүрдсэн байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2 буюу төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна гэж заасныг үндэслэж байна.

Хариуцагч ТЕГнь шүүхийн шийдвэрээр илт хууль бусад тооцсон захиргааны актыг 2004 онд Үндэсний ТЕГдарга буюу хуулиар бүрэн эрх нь олгогдсон удирдах албан тушаалтан гаргасан, тухайн албан тушаалтан нас барсан, мөн түүнчлэн нэхэмжпэгч үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй байна, хохирлын хэмжээ ийм их байх үндэслэлгүй гэж маргаж байна.

ТЕГдаргын буруутай шийдвэр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 697 тоот шийдвэрээр шийдвэрээр тогтоогдсон, үүний улмаас МА компанид хохирол учирсан гэж үзнэ. Эдийн засгийн хөгжлийн яамны 2013 оны 10 сарын 22-ны өдрийн 2/1960, Сангийн яамны 2014 оны 3 сарын 31-ний өдрийн 8-1/1586 тоот албан бичгүүдээр "... Татварын байгууллагын алдаатай дүгнэлтээс шалтгаалан МА компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан ..." болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн байна.

МА компани “МХ” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж, үйлдвэрлэлээ өргөтгөн зээл авч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байх явцад татварын байгууллага тус бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах ёстой гэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдуулалгүй компанийн үйл ажиллагааг зогсоосон, худалдахаар үйлдвэрлэгдсэн байсан их хэмжээний “МХ” бүтээгдэхүүн удаан хугацаанд хадгалагдсанаас муудаж устгагдсан, улмаар орлдогогүй болсноос компани зээлээ төлөх боломжгүй болж, нэг зээлээр нөгөөг төлөх гэж явсаар барьцааны хөрөнгөө зээлийн өрөнд алдсан, мөн компани бусадтай хамтарч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн арга хэмжээг авч байсан боловч үр дүнтэй болоогүй, 2005 онд нэг гишүүн өвдөж эмчлэгдэхгүй явсаар 2012 онд нас барсан, нөгөө гишүүн мөн 2005 онд цус харваж саажилттай болж, мэдрэлийн эмчийн хяналтад орсон, түүнчлэн шүүхэд татварын байгууллагын буруутай шийдвэрээс болж учирсан гэх гэм хор, хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх гэж удаа дараа хандаж байсан боловч хүлээн авч шийдвэрлээгүй зэргээс нэхэмжлэгч хохирлын асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй явсан байдал тогтоогдож байна.

Шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн багийг ахалж дүгнэлт гаргасан Д.Ганхуягийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, хохирлын үнэлгээг хэрхэн гаргасныг яриулсан болно.

Шүүх дараахь байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

а) 0.5 литрээр савлагдсан, нэг бүр нь 2900 төгрөгөөр борлуулагдаж байсан 39.000 ширхэг МХ бүтээгдэхүүнийг 2004 оны 4 сарын 11-нд устгасан хохирлыг бүтээгдэхүүнийг устгасан үеийн ханшаар тооцож 113.100.000 төгрөг

б) онцгой албан татвартай гэж “МХ” бүтээгдэхүүнийг худалдуулалгүй, компанийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон 2003 оны 5-р сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл компанийн олох байсан орлогыг тодорхойлохдоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажилласан шинжээчдийн ашигласан томьёог ашиглан гаргав. Уг томъёогоор жил бүрийн тогтмол орлогын ирээдүйн үнэ цэнэ, жилийн капиталчлах буюу хорогдуулах хувийг ашиглаж, компаний жилд олох байсан орлогыг хэдий хугацаанд олох байснаар тооцоолж гаргаж байна. Компанийн жилийн орлогыг гаргахдаа тухайн үед борлуулахаар бодитой үйлдвэрлэсэн байсан бүтээгдэхүүний үнэ 113.100.000 төгрөг болон цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр авсан зээлийн төсөлд төлөвлөж тусгасан “МХ” бүтээгдэхүүний жилийн орлогын 348.000.000 төгрөгийн дунджаар бодож, 230.550.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн болно. Ингэж тооцвол:

  төгрөг болж байна.

 

в) Компанийн үйл ажиллагаа доголдож, зээлийн төлбөр төлөгдөхгүй байснаас зээлийн төлбөрт алдсан 59.400 м.кв газартай зөгийн аж ахуйн цогцолбор барилга, тоног төхөөрөмжийн үнийг “Лэндс” компанийн үнэлсэн үнэлгээ буюу 1,714,081,103 төгрөгөөр тооцлоо. Барилга, тоног төхөөрөмжийн элэгдэл тооцогдож үнэлгээнээс хасагдсан байна.

Нийт 19.536.252.703 төгрөг ТЕГМА компанид олгогдох, нэхэмжлэгчийн 7.084.230.282,9 төгрөгийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болов.

Нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 66.630.200 төгрөгийг төлж, үлдсэнийг төлүүлэхийг хойшлуулах хүсэлт гаргасан байсныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба энэ шийдвэрээр нөхөн төлүүлж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд оногдохыг хариуцагчаас нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

                        Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан ТЕГ19.536.252.703 (арван есөн тэрбум таван зуун гучин зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга долоон зуун гурав) төгрөгийг гаргуулж “МА” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 7.084.230.282,9 (долоон тэрбум наян дөрвөн сая хоёр зуун гучин мянга хоёр зуун наян хоёр төгрөг ерэн мөнгө) төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 66.630.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 66.630.165 төгрөгийг эхний ээлжинд “МА” ХХК-аас гаргуулж улсад, хариуцагч ТЕГулсын тэмдэгтийн хураамжинд 97.839.214 төгрөгийг гаргуулж “МА” ХХК-д олгосугай.

 

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   И.АМАРТӨГС

 

                                                                                              Ж.БАЙГАЛМАА