Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/шш2022/02856

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/02856

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П  ХХК-д холбогдох,

Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 248.010.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь П  ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 248.010.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М  болон П  ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20/019 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээгээр М ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр, зээлээр нийлүүлэх, П ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх, хугацаанд хожимдуулсан алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн. Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 21/019 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу үүргийг хангуулахаар тохиролцож Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Манай компанийн зүгээс П  ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан боловч худалдан авагч тал дээрх үүргээ гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 248.010.000 төгрөгт хүрсэн байна. Иймд хариуцагчаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20/019 тоот гэрээний үндсэн төлбөр 165.340.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл алданги 82.670.000 төгрөг, нийт 248.010.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  хариу тайлбартаа: 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 248.010.000 төгрөгийг П  ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн байна. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20/019 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш П  ХХК нь Иргэний хуулийн 236.1.1-т заасны дагуу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж тухай бүрд нь төлбөрөө төлж байсан. Үүнд: 2019 онд дараах байдлаар нийт 403.700.000 төгрөгийн мөнгөн гүйлгээ хийгдсэн байна. Үүнд. 6 дугаар сард 14.000.000 төгрөг, 8 дугаар сард 88.700.000 төгрөг, 9 дүгээр сард 68.000.000 төгрөг, 10 дугаар сард 120.000.000 төгрөг, 11 дүгээр сард 63.000.000 төгрөг, 12 дугаар сард 50.000.000 төгрөг. 2020 онд дараах байдлаар 3 сард 48.844.400 төгрөг, 4 сард 165.000.000 төгрөг, нийт 213.844.400 төгрөг тус тус төлсөн. Энэ нь санхүүгийн төлбөр төлсөн баримт, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл нэхэмжлэгч М  ХХК нь худалдан авагч талыг гэрээнд заасан төлбөрөө огт төлөөгүй мэтээр үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 165.340.000 төгрөг дээр 82.670.000 төгрөгийн алданги тооцож, нийт 248.010.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 82.670.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч худалдан авагч тал дээрх үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн гэж үзэж алданги 82.670.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаанааас болоогүй гэдэг нь дараах байдлаар тогтоогдож байна. П  ХХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй нь гуравдагч нөхцөл байдал буюу гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал болон хүнд нөхцөл байдлын улмаас шалтгаалж байгаа нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сараас эхэлсэн Ковид-19 цар тахалтай шууд холбоотой юм. Үүний улмаас П ХХК нь гуравдагч этгээдэд гэрээгээр нийлүүлэх ёстой байсан аж ахуй нэгжүүдэд тогтоосон хугацаандаа газрын тос нийлүүлэх боломжгүй болсон юм. Энэ нь тус гэрээний 9.1-т гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэдэгт...тахал болон бусад байгалийн үзэгдэл, хүнд нөхцөл байдал гэдэгт ... төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, экспорт, импортын хориг, хил гааль хаах зэргийн улмаас энэхүү гэрээ биелэгдэх боломжгүй болох эсвэл зохих ёсоор биелүүлэх боломжгүй байхыг ойлгоно. гэж заасны дагуу алданги 82.670.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж болно. Мөн Иргэний хуулийн 232.8-т анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Учир нь манай П ХХК нь гэрээний төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан нь Хаан банкны дансны хуулга, Голомт бакны дансны хуулга, санхүүгийн төлбөр төлж байсан баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 248.010.000 төгрөгөөс үндсэн төлбөр 165.340.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 82.670.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1.398.000 төгрөг болон 70.200 төгрөг тус тус төлсөн баримт, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, М  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, талуудын хооронд байгуудагдсан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20/019 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, иргэн Х.Б  иргэний үнэмлэхний хуулбар, П  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрмийн хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21/019 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний хуулбар, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байр 11 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, М  ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 650/021, мөн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 016/022 дугаартай өр төлбөр барагдуулах тухай П ХХК-д явуулсан албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт, алданги бодох тооцоолол, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, М  ХХК-иас иргэн Б.Х  олгосон итгэмжлэл зэргийг хавсарган ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П  ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлд үүссэн алдангийн тооцоо, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт, тооцооны баримтын жагсаалт зэргийг ирүүлсэн байна.

4. Хариуцагч талаас П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хариу тайлбар, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20/019 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, иргэн Т.Э  иргэний үнэмлэхний хуулбар, М  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 48.844.400 төгрөг шилжүүлсэн баримт, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 50.000.000 төгрөг шижлүүлсэн баримт, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 35.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шатахууны орлогын баримт, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 48.844.400 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 35.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 50.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай мемориалын баримтууд, П  ХХК-ийн 5079034567 тоот дансны хуулга, Х.Б  5011155060 тоот дансны хуулга, мөн түүний 5011434189 тоот дансны хуулга, П  ХХК-ийн 5079034567 тоот дансны хуулга, П  ХХК болон М ХХК-ийн худалдах, худалдан авах түлшний тооцоо, П  ХХК-иас иргэн Г.Г  Д.Б  нарт олгосон итгэмжлэл, Д.Б  иргэний үнэмлэхний хуулбар, Баян зам тээвэрчдийн холбооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/22-183 дугаар тодорхойлолт, П  ХХК-иас Н.Б  олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 20/019 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21/019 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүн хариуцагчид нийлүүлэх, хариуцагч үнийг төлөх, гэрээг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байхаар тохиролцжээ[1].

3. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээ нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн нэрлэгдсэн боловч гэрээний агуулга, тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр буюу шатахууны үнийг шаардах эрхтэй байна.

Түүнчлэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21/019 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ[2] байгуулагдаж, хариуцагч нь гэрээний үүрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол,  0 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг[3] барьцаалсан, тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

4. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд дараах өөрчлөлт орсон байгаа, өөрөөр хэлбэл, гэрээний төлбөр 158.800.000 төгрөг бөгөөд үүний алданги нь 79.400.000 төгрөг, нийт 238.200.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн бөгөөд шүүх энэхүү шаардлагын хүрээнд дараах дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Нэхэмжлэгч талаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх П  ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлд үүссэн алдангийн тооцоо болон тухайн өдөр хариуцагчийн төлөөлөгч Х.Б  гарын үсэг зурж баталгаажуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа[4] гэх баримтуудыг ирүүлсэн бөгөөд тухайн баримтаас үзэхэд П  ХХК нь 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд 337.307.636 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан, ингээд 158.800.000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэл үлдсэн талаар тооцож ирүүлсэн байна.

Тухайн тооцооны баримтад дурдсан П ХХК-ийн төлбөр төлсөн талаарх үнийн дүн нь хариуцагч талаас ирүүлсэн төлбөрийн баримт, дансны хуулга[5] зэрэгтэй тохирч байгааг дурдах нь зүйтэй.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  нь Манайх үндсэн төлбөр 158.800.000 төгрөг үлдсэн эсэх талаар маргахгүй. Харин цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хил гааль хаагдсанаас болж үйл ажиллагаа доголдож манайх төлбөрийн боломжгүй байсан. Үүнийг Баян зам тээвэрчдийн холбооны албан бичгээс харж болно. Мөн гэрээний 9.1-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд хамаарч байгаа тул алдангийг хасаж, үндсэн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж маргасан.

Баян зам тээвэрчдийн холбооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/22-183 дугаартай албан бичигт 2020 оны 1 дүгээр сараас эхлэн БНХАУ-д корона цар тахал гарснаас үүдэн Цагаан хад гаалийн бүсэд их хэмжээний нүүрс овоорч, 230 км уртын тээвэр болон тээврийн дагалдах бизнес, сэлбэгийн худалдаа, шатахуун түгээх станци зогсонги байдалд орсон[6] гэсэн агуулгатай байх бөгөөд энэхүү баримтад дурдсан үйл баримт нь 2019 оны гэрээний биелэлттэй холбоогүй, нөгөө талаар ямар гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал тохиолдсон нь баримтаар тогтоогдоогүй болно.

Талууд гэрээний 9.3-т Энэхүү гэрээний 9.1-д заасан нөхцөл байдал үүссэн үед гэрээ биелэгдэх боломжгүй болсон бол талууд бие биедээ нэн дариуй бичгээр мэдэгдэнэ гэж заасан байх ба уг нөхцөл байдал үүссэн талаар хариуцагчаас нэхэмжлэгчид ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй байна.

Нөгөө талаар, хариуцагчийн төлөөлөгч Х.Б  нь хэргийн 26-30 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, жагсаалт, алданги тооцсон тооцоолол зэрэг баримтуудад гарын үсэг зурахдаа зөвхөн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө хэмээн тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь алдангийг Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас хамаарсан хэмээн маргах боловч хэрэв энэхүү цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн бол нэхэмжлэгч талд энэ талаар бичгээр мэдэгдсэн зүйлгүй байгаагаас гадна 2020, 2021 онуудад тооцоо нийлсэн актуудад гарын үсэг зурахдаа үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байсан зэргээс үзэхэд гэрээний 9.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийг алдангийн хэмжээнээс чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 232.8-т Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэснийг тухайн тохиолдолд хэрэглэхэд зөвхөн Баян зам тээвэрчдийн холбооны албан бичгийг үндэслэх боломжгүй, мөн гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу, зөрчлийн цар хүрээ, ноцтой байдал буюу эдийн засгийн чадавхийн хувьд хүнд нөхцөл байдал тохиолдсон байхыг ойлгох бөгөөд хариуцагчийн хувьд үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй тул анзын хэмжээг шүүх багасган шийдвэрлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч П ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний үүрэг 158.800.000 төгрөг, алданги 79.400.000 төгрөг, нийт 238.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгож, мөн хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 00 дүгээр байр 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдввэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.419.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 1.419.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч П  ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний үүрэг 158.800.000 төгрөг, алданги 79.400.000 төгрөг, нийт 238.200.000 /хоёр зуун гучин найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 00  дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.419.150 /нэг сая дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 1.419.150 /нэг сая дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

 


[1] Хэргийн 10-13, 46-53 дугаар тал,

[2] Хэргийн 20-22 дугаар тал,

[3] Хэргийн 23 дугаар тал,

[4] Хэргийн 26-30, 88, 100-102 дугаар тал,

[5] Хэргийн 57-73 дугаар тал,

[6] Хэргийн 90 дүгээр тал,