Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02140

 

 

2022 12 19 210/МА2022/02140

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02856 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 238,200,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээгээр А ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр, зээлээр нийлүүлэх, Б ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх, хугацаа хожимдуулсан хоног тутам алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хангуулахаар тохиролцож Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 11 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан боловч худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 165,340,000 төгрөг, алданги 82,670,000 төгрөг, нийт 248,010,000 төгрөгийн үүрэг үүссэн. Талууд хоорондоо тооцоо нийлэх үед алдангийг 0.2 хувиар тооцохоор тохиролцсон ба нэхэмжлэлийн шаардлагыг буруу тооцоолсон байсан тул нэхэмжлэлийг багасгаж, гэрээний үлдэгдэл төлбөрт 158,800,000 төгрөг, алданги 79,400,000 төгрөг, нийт 238,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ байгуулснаас хойш Б ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж тухай бүрд нь төлбөрөө төлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал болон хүнд нөхцөл байдлын улмаас сүүлийн 2-3 жилийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сараас эхлэн үүргийн зөрчил үүссэн. Үүний улмаас Б ХХК нь аж ахуй нэгжүүдэд тогтоосон хугацаандаа газрын тос нийлүүлэх боломжгүй болсон. Энэ нь тус гэрээний 9.1-т заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас хамаарч гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул алданги 79,400,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн Б ХХК нь гэрээний төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан нь дансны хуулга, санхүүгийн төлбөр төлж байсан. Иймд үндсэн төлбөр 158,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 79,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэг 158,800,000 төгрөг, алданги 79,400,000 төгрөг, нийт 238,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байр 11 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006748 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,419,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 1,419,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1 Б ХХК цар тахлаас өмнө буюу 2019 онд нийт 403,700,000 төгрөгийн төлбөр төлсөн. Энэ нь санхүүгийн төлбөр төлсөн баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Ковид-19 цар тахлын үеэр төрийн эрх бүхий албан байгууллагаас хөл хорио тогтоож, хүнд нөхцөл байдал үүсээд байгааг гэрээний талууд мэдэж байсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл заасан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэдгийг мэдсээр байж илтэд өндөр үнийн дүн бүхий алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй.

4.2 Б ХХК-ийн ерөнхий захирал Х.Бүбүбегим тухай бүрд нь алдангийг төлөхгүй, тооцохгүй байх талаар мэдэгдэж байсан. Тооцоо нийлсэн актад алданги тусгагдаагүй байхад нэхэмжлэгч илт өндөр үнийн дүн бүхий алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байгааг шүүх харгалзаж үзээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг харгалзан шүүх алдангийг багасгах боломжтой. Гэвч шүүх ковид-19 цар тахлын нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал байсаар байхад харгалзан үзээгүй нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь авч үзээгүй. Баян зам тээвэрчдийн холбооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/22-183 дугаартай албан бичигт 2020 оны 01 дүгээр сараас эхлэн БНХАУ-д цар тахал гарснаас үүдэн Цагаан хад гаалийн бүсэд их хэмжээний нүүрс овоорч, 230 км уртын тээвэр болон тээврийн дагалдах бизнес, сэлбэгийн худалдаа, шатахуун түгээх станц зогсонги байдалд орсон тухай дурдсан байдаг. Гэвч шүүх дээрх байгууллагын албан бичгийг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаагүйд гомдолтой байна. Учир нь тус бичигт Б ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулдаг шатахуун түгээх станц нь уртын тээврүүдийн замд байрлаж шатахуун түгээдэг ба хөл хорио тогтоосноор үйл ажиллагаа эрхлэхэд хүнд нөхцөл байдалтай тулгарсныг дурдсан юм. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхээр хангаж, алдангид төлүүлэхээр шийдвэрлэсэн 79,400,000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарласан. Давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд талуудад нэн даруй мэдэгдэх ёстой гэх заалтыг хариуцагч тал хэрэгжүүлээгүй. Манай зүгээс 2020 оны 04 дүгээр сард сүүлийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Баян зам тээвэрчдийн холбооноос ирүүлсэн 2021 оны 02 дугаар сараас эхэлж тээвэр зогссон гэх агуулга бүхий албан бичиг байх боловч давагдашгүй хүчин зүйл бий болсон гэдгийг тогтоохгүй. Алдангийг багасгах эсэх асуудлыг шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Алдангийг багасгаагүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 158,800,000 төгрөг, алданги 79,400,000 төгрөг, нийт 238,200,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба мөнгөн хөрөнгийн шаардлагаас хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.1 Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч Б ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

3.2 Мөн хариуцагч Б ХХК нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байр, 11 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалуулж, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нэхэмжлэгч А ХХК-тай байгуулсан ба тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болжээ /хх 20-23/.

 

4. Хариуцагч гэрээний дагуу үндсэн төлбөрт 158,800,000 төгрөг төлөх талаар маргаагүй.

 

5. Гэрээний 7.5-д Худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөр, тээврийн хөлсийг гэрээний 2.10-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж заасан талуудын тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн.

 

5.1 Иймд нэхэмжлэгч А ХХК нь гэрээнд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийлүүлэлтийн үнийг төлөх үүргийн зөрчлийг хариуцагч үүсгэсэн, гэрээний 2.10-т зааснаар мөн хугацаанд хамаарах төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр дотор гүйцэтгэх байсантай холбоотойгоор алдангийг шаардсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 тоот тогтоолоор шинэ короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлжээ.

Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалын хавсралт Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж-ийн 3-т заасан шинэ короновирусын халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох нөхцөл байдал Өмнөговь аймагт бий болсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

5.2 Түүнээс гадна хариуцагч Б ХХК нь ковид-19 цар тахал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэнтэй холбоотойгоор алданги төлөх үндэслэлгүй гэх агуулгаар гомдол, тайлбар гаргаж байх боловч цар тахлын нөхцөл байдал хариуцагч компанийн бизнесийн үйл ажиллагаа болон эдийн засгийн байдалд хэрхэн, яаж нөлөөлсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээгүй байсан бөгөөд Баян зам тээвэрчдийн холбооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн а/22-183 тоот албан бичиг нь уг нөхцөлийг тодорхойлохгүйгээс гадна уг албан бичигт дурдсан 2021 оны 2 дугаар сараас эхлэн худалдааны үйл ажиллагаа зогссон талаарх үйл баримт нь хариуцагчийн гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой байсан 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарахгүй.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэх зохицуулалтыг хэрэглэх зайлшгүй нөхцөл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийг дээрх зохицуулалтыг хэрэглээгүй гэж буруутгахгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт ишлэл /footnote/ хэрэглэсэн нь Монгол улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батласан Шүүхийн шийдвэр боловсруулах журам-д нийцэхгүйг дурдаж цаашид энэ алдааг гаргахгүй байхыг анхааруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,348,950 төгрөгөөс 554,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 794,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Т.БАДРАХ