Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/шш2022/03133

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2022/03133

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй, 

Нэхэмжлэгч: А.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х-д холбогдох,

24.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э  А. , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Э , А.Э  нар хариуцагч Б.Х  холбогдуулан 24.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Э.Э , А.Э  бид 2019 оны 5 дугаар сард Б.Х  байр худалдан авах гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн. Хариуцагч Б.Х гэрээнд заасан хугацаанд байранд оруулж өгөхгүй утсаа авахгүй болохоор нь байрандаа очсон боловч өөр хүмүүсийг оруулсан байсан. Гэвч тухайн байр нь Б.Х холбогдолгүй байр байсан. Бид хариуцагчаас мөнгөө буцааж авахаар 2020 оны 2 дугаар сард тооцоо нийлэх гэрээ гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймд тооцоо нийлэх гэрээний дагуу хариуцагч Б.Х үлдсэн төлбөр 16.350.000 төгрөг, алданги 8.175.000 төгрөг, нийт 24.525.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Х  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны хавар 4 сард Э.П  нь нэхэмжлэгч нарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах миний үйл ажиллагаа явуулдаг оффис дээр дагуулж ирсэн бөгөөд Надаас байр авч байгаа юм. Би 8 хувийн зээлийг нь хөөцөлдөх гэж байгаа, надад тамга тэмдэг байдаггүй. Танай компанийн тамга тэмдэг дараад гэрээ байгуулж дансаар чинь энэ хоёр хүнээс урьдчилгааг нь авах гэсэн юм. Надад туслаач гэсэн. Зээл бүтвэл м.кв тутамд 50.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд өөрийн дансаараа уг мөнгийг авч Э.П  данс руу шилжүүлсэн. Энэ асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст надад холбогдуулан гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас уг мөнгийг миний цааш шилжүүлсэн нь нотлогдож хэрэг хаагдсан болно. Энэ тухай холбогдох хэргийн материалыг Баянгол дүүргийн Прокурорын газраас авч шалгаж үзэж болно гэж үзэж байна. Энэ 2 хүнд би ямар ч өр төлбөргүй болно. Төлбөр барагдуулах гэрээг тухайн үеийн Прокурор залуу оройн цагаар намайг дуудан Гэрээ байгуул, чи өг, чиний дансаар орсон хэмээн хэлсэн тул аргагүйн эрхэнд гэрээ байгуулсан болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 280.575 төгрөг төлсөн баримт, Э.Э Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот төлбөр барагдуулах гэрээний хуулбар, А.Э  иргэний үнэмлэхний хуулбар, Э.Э  иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1000 дугаар хэрэг бүтгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, Б.Х  2019 онд гаргасан Баталгаа гэх баримтыг тус тус ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч Б.Х холбогдуулан гаргасан 24.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Э , А.Э нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Талуудын хооронд 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаар төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч Б.Х гэрээ байгуулсан өдөр 3.500.000 төгрөг төлөх, 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1.400.000 төгрөгийг, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 450.000 төгрөгийг, нийт 20.750.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Э , А.Э нарт төлөх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нар хариуцагчаас гэрээний дагуу төлбөрийг шаардах эрхтэй байх ба хариуцагч нь 20.750.000 төгрөгөөс 4.400.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбар гаргаж, үлдэх 16.350.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

4. Түүнчлэн Гэрээний 4.2-т Төлбөр төлөгч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож, төлбөр авагчид төлнө хэмээн тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги 8.175.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

5. Мөн хэрэгт хариуцагч Б.Х  2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Баталгаа авагдсан ба уг баримтаас үзэхэд Б.Х  нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Э.Э  орон сууц захиалгын гэрээ байгуулж 20.000.000 төгрөг хүлээн авсан талаар дурдаад уг гэрээгээ цуцлахаар болсон тул 20.000.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буцаан шилжүүлэх баталгааг гаргаж өгсөн байна.

Улмаар уг баталгаанд дурдсан үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хандан гомдол гаргасан, уг гомдлыг цагдаа, прокурорын байгууллага хянан, шалгаад 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 1000 дугаартай тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт ирсэн.

6. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Намайг Баянгол дүүргийн Прокурор залуу оройн цагаар дуудан төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулсан гэх боловч энэ талаарх гомдлоо холбогдох хуулийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн эсэх, ямар хариу өгсөн болох нь тогтоогдоогүй бөгөөд хуулийн байгууллагын ажилтан, ажлын бус цагаар, дарамт учруулж хүч хэрэглэн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх асуудлаа холбогдох байгууллагад хандан шалгуулах эрх нь нээлттэй.

Харин энэхүү хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

7. Иймд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Х  төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 16.350.000 төгрөг, алданги 8.175.000 төгрөг, нийт 24.525.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э  А.Э  нарт олгож шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Э , А.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х  280.575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э , А.Э  нарт олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Х  тооцоо нийлэх гэрээний үүрэгт 16.350.000 төгрөг, алданги 8.175.000 төгрөг, нийт 24.525.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э  А.Э нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******, А.Э  нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х  280.575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э, А.Э  нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА