Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00355

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00355

 

Э.R, А.+ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/03133 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.R,

Нэхэмжлэгч: А.+

Хариуцагч: Б.-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 24,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.R, А.+, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д., хариуцагч Б.-, хариуцагчийн өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э.R, А.+ бид 2019 оны 5 дугаар сард Б.-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн. Б.- нь гэрээнд заасан хугацаанд орон сууцанд оруулж өгөөгүй бөгөөд орон сууцанд очиход өөр хүмүүсийг оруулсан байсан. Тухайн орон сууц нь Б.-д холбогдолгүй орон сууц байсан.

Улмаар хариуцагчаас мөнгөө буцааж авахаар 2020 оны 2 дугаар сард тооцоо нийлэх гэрээ байгуулсан. Гэвч мөнгийг буцаан өгөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд тооцоо нийлэх гэрээний дагуу хариуцагч Б.-гаас үндсэн төлбөр 16,350,000 төгрөг, алданги 8,175,000 төгрөг, нийт 24,525,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2019 оны хавар 4 сард Э. нь ...нэхэмжлэгч нарын 8 хувийн зээлийг нь хөөцөлдөх гэж байгаа, надад тамга тэмдэг байдаггүй. Танай компанийн тамга тэмдэг дараад гэрээ байгуулж дансаар чинь энэ хоёр хүнээс урьдчилгааг нь аваад зээл бүтвэл м.кв тутамд 50,000 төгрөг өгнө гэж харилцан тохиролцсон тул өөрийн дансаараа уг мөнгийг авч, Э. ын данс руу шилжүүлсэн.

2.2 Миний бие нэхэмжлэгч нарт ямар ч өр төлбөргүй. Төлбөр барагдуулах гэрээг тухайн үеийн прокурор оройн цагаар намайг дуудан гэрээ байгуул, чи өг, чиний дансаар орсон хэмээн хэлсэн тул аргагүйн эрхэнд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.-гаас тооцоо нийлэх гэрээний үүрэгт 16,350,000 төгрөг, алданги 8,175,000 төгрөг, нийт 24,525,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.R, А.+ нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.R, А.+ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.-гаас 280,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.R, А.+ нарт олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Миний танил Э. 2019 оны 04 дүгээр сард Э.R, А.+ нарыг дагуулан ирж ...8 хувийн зээлийг нь хөөцөлдөх гэж байгаа, надад тамга тэмдэг байдаггүй, танай компанийн тамга тэмдэг дараад гэрээ байгуулж дансаар чинь энэ хоёр хүний урьдчилгаа төлбөрийг авъя гэсэн. Зээл бүтвэл м.кв тутамд 50,000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон тул би зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нар нь урьдчилгаа төлбөрөө төлсөн дариуд би Э. ын данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Би Э. д залилуулсан. Үүнээс болж нэхэмжлэгч нар цагдаад гомдол гаргаж уг асуудлыг шалгуулсан бөгөөд цагдаагаас мөнгийг миний данс руу анх шилжүүлсэн гэдэг үндэслэлээр намайг дуудаж мэдүүлэг авч байсан. Тухайн үед цагдаа нар яллагдагчаар татлаа гэх зэргээр хэлсэн тул би арга буюу зөвшөөрч нэхэмжлэгч нартай Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан.

4.2 Би аваагүй мөнгөнийхөө төлөө эрүүгийн хэрэгтэн болохгүйн тулд арга буюу төлбөрийг төлнө гэж бичиж өгсөн. Түүнээс би эдгээр хүмүүсээс мөнгийг нь аваагүй. Бидний хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Төлбөр барагдуулах гэрээг би хүсэл зоригийнхоо дагуу байгуулаагүй.

Уг мөнгөтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байсан тул эрүүгийн хэргийг нотлох баримтаар татуулах хүсэлтийг би шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх эрүүгийн хэрэг маргаан энэ хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хэргийг нотлох баримтаар татаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх, эсхүл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Э. гэх хүнтэй гэрээний харилцаа үүссэн гэж ярьж байна. Ийм зүйл хэзээ ч болоогүй. Буянт өргөө экспресс ХХК гэж байдаг бөгөөд тухайн компанийг Б.- эзэмшдэг. Э. гэх хүн нь тухайн компанийн ажилтан. Тухайн үед Б.-тай гэрээ байгуулаад явж байсан. Буянт өргөө экспресс ХХК-д мөнгөө шилжүүлээд явж байсан. Шалгаад үзэхээр нөгөө байр нь бүүр өмнө нь өөр хүний өмч байсан. Б.- гэдэг хүн ямар нэгэн байдлаар зуучлалын гэрээ хийгээгүй. Буянт өргөө экспресс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.- худалдах, худалдан авах гэрээ хийгээд залилсан гэдэг байдлаар цагдаад гомдол гаргасан. Э. гэх хүнд гомдол гаргаагүй. Хэргийн материалд авагдсан хэрэг бүртгэлтийг хаах тухай Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолд хэнд яаж холбогдуулж гомдол гаргасан нь тодорхой байгаа.

5.2 Тухайн шүүх хуралдаанд хүсэлтүүдийг хангаагүй гэж мөн тайлбартаа хэлж байна. Энэ шүүх хурал 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр хойшилж, 2022 оны 10 дугаар 31-ний өдөр хуралдсан. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд Б.- хэд хэдэн хүсэлт гаргасан. Өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх тухайн хүсэлтийг нь хангасан. Шүүхээс ...та өөрийнхөө дасны хуулгыг өөрөө банкнаас очоод авах бүрэн боломжтой. Цагдаатай холбоотой баримтуудаа өөрөө цуглуулах үүрэгтэй гэж тайлбарлаж өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон шүүх хуралдаанд Б.- болон түүний өмгөөлөгч ирээгүй. Бид 15 орчим минут хариуцагч тал ирэхийг хүлээсэн. Э. гэдэг хүнд мөнгө өгсөн бол иргэний журмаар нотлох баримтуудаа цуглуулаад Э. аас нэхэмжлэх бүрэн боломжтой. Бид нар Буянт өргөө экспресс ХХК буюу Б.- гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Ямар нэгэн байдлаар энэ гэрээг хүчилж, гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Нотариат дээр очиж байгаад өөрийнх нь санал хүсэлтээр байгуулсан тул давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

2. Нэхэмжлэгч Э.R, А.+ нар нь хариуцагч Б.-д холбогдуулан 24,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нарын зүгээс 2019 оны 05 дугаар сард нийт 20,750,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4. Хариуцагч нь дээрх 20,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Rэд буцаан төлөх талаар талууд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баталгаа гаргах нь гэх баримт үйлдсэн байна. Уг баримтад Бү овогтой - миний бие 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Энхтайван овогтой Rтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2019 оны 06 дугаар сарын 17-нд Э.R нь гэрээгээ цуцлах хүсэлт гаргасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байрны урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр баталгаа гаргав. Хэрэв заасан хугацаанд Э.Rийн дансанд шилжүүлэхгүй бол зохих ёсны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэж заажээ. /хх 29/

4.1 Улмаар талууд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр төлбөр төлөгч Б.- нь төлбөр авагч Э.Rэд гэрээ байгуулагдах өдрийн байдлаар нийт 20,750,000 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд уг төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулах үйл баримт тус тус тогтоогдсон байна. /хх 7-8/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо хийлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд заасан тооцоо нийлэх гэрээгээр талууд ажил хэргийн харилцаанаас үүссэн олон төрлийн шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар нэг тооцоог гаргаж тохиролцох бөгөөд уг ажил хэргийн харилцаа нь нэг удаагийн биш олон удаагийн үйлдэл байдаг.

6. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу тэдний хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч 20,750,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу нэхэмжлэгч нарт төлөх үүрэг үүссэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 466 дугаар зүйлийн 466.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчилнө.

6.1 Нөгөөтээгүүр, уг хэлцлийг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд хариуцагчийн ...Төлбөр барагдуулах гэрээг тухайн үеийн прокурор оройн цагаар намайг дуудан гэрээ байгуул, чи өг, чиний дансаар орсон хэмээн хэлсэн тул аргагүйн эрхэнд гэрээ байгуулсан гэх татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

7.1 Хариуцагч нь 20,750,000 төгрөгөөс 4,400,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд төлж, үлдэх 16,350,000 төгрөгийг төлөөгүй байх тул анхан шатны шүүх хариуцаагчаас дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.2 Талууд гэрээний 4.2-т алдангийн талаар харилцан тохиролцсон байх тул анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги 8,175,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

8. Хариуцагч нь нэхэмжлэгч нараас шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь гэрээний дагуу нэхэмжлэгч нарт төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн ...мөнгийг Э. ын данс руу шилжүүлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газарт хянагдаж буй 190502735 дугаартай мөрдөн шалгах ажиллагааны хэргээс Б.-гаас д мөнгө шилжүүлсэн тухай баримтыг гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хариуцагч уг баримтыг өөрөө гаргаж өгөх боломжтой гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас алданги гаргуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээгүй хувьд оновчгүй болсон байх тул уг зүйл, хэсгийг хасна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/03133 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.-гаас 24,525,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.R, А.+ нарт олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН