Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/03255

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/03255

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

  Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш  ХХК нь хариуцагч Н-т  холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/0  дугаар шийдвэрээр Л ХХК-д 340.304.100 төгрөгийг Ш ХХК-иас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамжид дурдсан графикт хугацаандаа төлбөрөө төлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4-92/11227 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдсэн. Ингэж биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 18642309630106 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэх хангуулахаа мэдэгдсэн. Манай компани цар тахалын улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй, тус шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж гараагүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13526 дугаар мэдэгдлээр дээр дурдсан газрыг 2.906.904.462 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Улаанбаатар хотын 1 дүгээр зэрэглэлийн бүсэд оршин газрыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн ханшаар тухайн газар 2 сая ам долларын үнэлгээтэй байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13526 дугаар мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 18642309630106 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг 2.906.904.462 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00488 дугаар шийдвэрээр Л ХХК-д 340.304.100 төгрөгийг Ш  ХХК-иас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ш  ХХК-д удаа дараа төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй бөгөөд тус компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 18642309630106 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17290499/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17290499/06 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Ш ХХК-д хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар  С ХХК-ийг шинжээчээр томилоход шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 2.906.904.462 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгчид уг хөрөнгийн үнэлгээг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13526 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээтэй танилцуулж, гарын үсэг зуруулсан. Гэвч нэхэмжлэгч нь уг хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар 7 хоногийн дотроо шүүхэд гомдол гаргаагүй, уг хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын хүсэлттэй төлбөр төлөгч Ш  ХХК-д холбогдох 340.304.100 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хурааж, битүүмжилсэн төлбөр төлөгч Ш  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 18642309630106 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрын үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон эрх бүхий этгээд зах зээлийн үнэлгээгээр 2.906.904.462 төгрөг болохыг тогтоосон. Энэхүү үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан бөгөөд ямар нэгэн зөрчил гараагүй. Харин ч нэхэмжлэгч Ш  ХХК нь хөрөнгүүдээ нуун дарагдуулж, 5 жил шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай явагдаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 сая ам долларын үнэлгээтэй гэж дурдсан байна. Гэвч энэхүү нөхцөл байдлыг тогтоосон баримт байхгүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зах зээлийн үнэлгээнд хүрч байна гэж бидний хувьд үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13526 дугаар мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00488 дугаар захирамж, талуудын хооронд 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ зэргийг ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/12 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн газрын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4-92/15116 дугаар мэдэгдэл, Ш ХХК-иас Ч.О  олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Ч.А  оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагч талаас иргэн Д.М , Д.М нарт олгосон итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/847 дугаар тушаалын хуулбар, 17290499 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбар, иргэн Д.Э лгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Х  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Ц  олгосон итгэмжлэл, Б.Ц лгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш  ХХК нь хариуцагч Н-т  холбогдуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Ш ХХК-д холбогдох 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17290499 дугаар бүхий Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргээс үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00488 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Ш  ХХК-иас 340.304.100 төгрөгийг гаргуулж Л ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17290499/04 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор Т  ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 18642309630106 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг битүүмжилж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17290499/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хураажээ.

Ингээд талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах мэдэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-92/12740, 4-92/12739 дүгээр мэдэгдлээр 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр авагч Х  ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 226 дугаар албан бичгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг 340.304.100 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа ирүүлсэн, харин төлбөр төлөгч Ш ХХК болон үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч Т  ХХК-иас ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/188 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор С  ХХК-ийг томилж, тухайн шинжээчид холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулан тэмдэглэл үйлдсэн нь хуульд нийцсэн.

С ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр Т  ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 18642309630106 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг 2.906.904.462 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний тайланг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13525, 4-221/13526 дугаар мэдэгдлээр Ш  ХХК болон Т  ХХК-ийн төлөөлөгч Б.О  тухайн өдрөө танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл мөн хөтлөгдсөн байна.

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь тус шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд таарсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, гомдлоо төлбөр төлөгч хугацаандаа гаргасан гэж үзлээ.

Хэргийн 48-73 дугаар талд авагдсан С ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Үнэлгээний олон улсын стандартын дагуу орлогын, өртийн, жишиг үнийн хандлагыг тус тус ашигласан талаар дурдсан, тухайн үнэлэгдэж буй хөрөнгөтэй шинжээч очиж танилцсан, тухайн хөрөнгийн шинж байдал, орчны байдал, давуу болон сул тал, цар тахалын нөлөөллийг тус тус дурдсан буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

Мөн шинжээч нь дээрх үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудтай танилцсан, ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй гэдэг батаглгаагаа гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан, манай газар хотын 1 дүгээр зэрэглэлд байрлах учир 1 метр квадрат нь 2.000 ам доллараар үнэлэгдэнэ хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримт болон тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Түүнчлэн үнэлгээний тайланд ойролцоо орших, нэг дүүрэгт байрлах газруудын мэдээллийг албан ёсны цахим сайтаас авч, харьцуулан үзсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

5. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н  холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА