Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00183

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00183

 

 

********** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, Б.Цэнгэл, түүний өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00488 дугаар шийдвэрээр ********* ХХК-д 340,304,100 төгрөгийг ********** ХХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамжид дурдсан графикт хугацаандаа төлбөрөө төлж чадаагүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4-92/11227 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдсэн. Ингэж биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэх хангуулахаа мэдэгдсэн. Манай компани цар тахлын улмаас үйл ажиллагаагаа явуулаагүй, тус шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж гараагүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13526 дугаар мэдэгдлээр дээр дурдсан газрыг 2,906,904.462 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Улаанбаатар хотын 1 дүгээр зэрэглэлийн бүсэд оршин газрыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн ханшаар тухайн газар 2,000,000 ам долларын үнэлгээтэй байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13526 дугаар мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг 2,906,904,462 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00488 дугаар шийдвэрээр ********* ХХК-д 340,304,100 төгрөгийг ********** ХХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ********** ХХК-д удаа дараа төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй бөгөөд тус компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17290499/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17290499/06 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч ********** ХХК-д хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилоход шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 2,906,904,462 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгчид уг хөрөнгийн үнэлгээг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-221/13526 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээтэй танилцуулж, гарын үсэг зуруулсан. Гэвч нэхэмжлэгч нь уг хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотроо шүүхэд гомдол гаргаагүй, уг хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-ийн тайлбарын агуулга: Манай байгууллагын хүсэлттэй төлбөр төлөгч ********** ХХК-д холбогдох 340,304,100 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хурааж, битүүмжилсэн төлбөр төлөгч ********** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Тэлмэний дулааны цахилгаан станц ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрын үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон эрх бүхий этгээд зах зээлийн үнэлгээгээр 2,906,904,462 төгрөг болохыг тогтоосон. Энэхүү үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан бөгөөд ямар нэгэн зөрчил гараагүй. Харин ч нэхэмжлэгч ********** ХХК нь хөрөнгүүдээ нуун дарагдуулж, 5 жил шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай явагдаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2,000,000 ам.долларын үнэлгээтэй гэж дурдсан байна. Гэвч энэхүү нөхцөл байдлыг тогтоосон баримт байхгүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зах зээлийн үнэлгээнд хүрч байна гэж бидний хувьд үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *************** холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтыг тогтоосон тодорхой нотлох баримт бидэнд байхгүй бөгөөд олох боломжгүй байсан тул 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд өмгөөлөгчөөс учир байдлыг тайлбарлан энэ газрыг зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж чадахуйц өөр шинжээчээр дахин үнэлгээ хийлгэх талаар хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн.

Улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан, манай газар хотын 1 дүгээр зэрэглэлд байрлах учир 1 метр квадрат нь 2,000 ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримт болон тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг харьцуулан судлах баримт шүүхэд ирүүлээгүй" гэх дүгнэлт нь үндэслэлгүй.

Хэдийгээр объект нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдсэн боловч хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн зах зээлийн бодит үнэ ханш талаас нь дүгнэлт гаргах боломжтой, шинжээч томилох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгч талаас харьцуулан судлуулах баримт гаргаж өгөх ямар нэгэн боломж байхгүй учир шүүхээс шинжээч томилж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгож өмнө шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар нотлуулахыг хүссэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас хаан ББСБ ХХК-ийн тайлбарын агуулга: Уг нэхэмжлэлийг гаргахдаа үнэлгээтэй холбоотой процесс, журам зөрчигдсөн талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой, ойлгомжтойгоор дүгнэлт гаргасан. Тухайн хөрөнгийн 1 м.кв талбайг нь шинжээчийн зүгээс 2,906,904 төгрөгөөр үнэлсэн асуудлыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх байдлаар нэхэмжлэгчийн зүгээс маргасан. Анхан шатны шүүх нь шинжээч томилох хүсэлтийг хүлээж аваагүй нь тухайн нэхэмжлэлийг нотлох гэж байгаа асуудлаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримтаа өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Тухайн газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тохиолдолд түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах боломжтой байсан. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн боловч манай зүгээс уг хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн үйл явдал нь үнэлгээний тухай хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй. Үнэлгээ нь олон улсын стандарт болон Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээний аргачлалуудыг хийж, зах зээлийн үнэлгээг гаргасан гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч *************** холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00488 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ********** ХХК-аас 340,304,100 төгрөг гаргуулж ********* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3.б. Хариуцагч байгууллага нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04244 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Тэлмэний дулааны цахилгаан станц ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр битүүмжилж, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх. 30-31, 37/

3.в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиолцоогүй тул хариуцагч байгууллагаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6/188 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайланд Тэлмэний дулааны цахилгаан станц ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, нэгж талбарын 000000000 дугаартай, 1749 м.кв талбай бүхий газрыг 2,906,904,462 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь энэ хэргийн маргааны зүйл болжээ. /хх. 44-73/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан, уг газар хотын 1 дүгээр зэрэглэлд байрлах учир 1 м.кв нь 2,000 ам.доллараар үнэлэгдэнэ гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй.

6.а. Шинжээч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохдоо үнэлэгдэж байгаа хөрөнгийн байршил, өмчлөх, эзэмших эрх, нэгж талбайн үнэ, худалдааны үнэ, зориулалт, шугам сүлжээ, шийдлүүд, газар дээрх бусад барилга байгууламж байгаа эсэхийг харьцуулан тооцоолон гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

6.б. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ тогтоох ажиллагааг хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон бөгөөд шүүх дахин шинжээч томилох замаар дахин үнэлгээ тогтоохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх нотлох баримтыг шүүхийн журмаар бус өөрөө гаргах боломжтой тул шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхих нь хуульд нийцжээ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР