Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/03635

 

 

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/000000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....,

Хариуцагч: ...,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 331,000,000 /гурван зуун гучин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., М....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э....,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.... /ШТЭД-..../

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч М....г төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.... нь ... аймаг, ... сум, ... баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй 144 айлын орон сууцны А блокны 1 дүгээр орцны 1, 4, 7, 27, 33, 34, 38 тоот, 2 дугаар орцны 37, 44 тоот нийт 9 ширхэг орон сууцыг худалдан авахаар ... ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу төлбөрийг дараах байдлаар бэлнээр төлсөн. Үүнд: 78 дугаар гэрээнд 23,936,000 төгрөг, 79 дүгээр гэрээнд 23,936,000 төгрөг, 80 дугаар гэрээнд 23,936,000 төгрөг, 81 дүгээр гэрээнд 23,936,000 төгрөг, 82 дугаар гэрээнд 25,080,000 төгрөг, 83 дугаар гэрээнд 25,080,000 төгрөг, 84 дүгээр гэрээнд 16,520,000 төгрөг, 85 дугаар гэрээнд 16,520,000 төгрөг, 86 дугаар гэрээнд 28,584,000 төгрөг, нийт 207,528,000 төгрөгийг бэлнээр хариуцагч талд хүлээлгэн өгсөн байна. Гэрээний дагуу бэлэн мөнгө хүлээлгэн өгсний дараа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан нь мэдэгдсэн. Хариуцагчийн тухайн үед амаар өгсөн тайлбараар орон сууц ашиглалтанд орсон ч банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосны дараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлийн байгууллагаас гарах эрх үүснэ гэсэн учир зохигчдын хооронд маргаан үүсэж, гэрээнүүдийг өөрчилж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1 сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай Зээлийн гэрээ болгон байгуулж, үүргийг үүргээр сольсон.

2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээний барьцаа болгож хариуцагч нь Т.... гэх хүний өмчлөлийн ... дүүргийн ... хороо, Зайсан стадион оргил гудамж, ...байрны 13 тоот хаягт байрлах 91,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан М....гийн нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгү байсан учир 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр М....д шилжүүлсэн уг орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт тооцохоор тохиролцсон. Гэвч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоол гарч, М....гийн шилжүүлэн авсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн мөн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Хариуцагч ... ХХК-ийн захирал А.... нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... хороолол, .. байрны 88 тоот хаягт байрлах 107 м.кв, 3 өрөө орон сууцыг М....д шилжүүлж өгөхөөр баталгааг бичгээр гаргаж өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, түлхүүр ч өгөөгүй. Харин УБО ... улсын дугаартай ... маркийн автомашиныг шилжүүлэн өгч барьцаанд тавьсан боловч Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу 69,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Иймд хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардахдаа уг 69,000,000 төгрөгийг хасч тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээний 2.1-д зааснаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, 2.4-т зааснаар 1 сарын зээлийн хүү 20,000,000 төгрөг ба гэрээний хугацаа 5 сарын хүү 100,000,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нэг ч удаа зээлийн хүү төлж байгаагүй тул зээлийн хүүнд төлөх ёстой 100,000,000 төгрөгөөс автомашины үнэ 69,000,000 төгрөгийг хасч тооцсон. Ингээд үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 31,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 331,000,000 төгрөгийг ... ХХК-иас шаардаж байна.

Бид ... гэх хувь хүнээс шаардаагүй бөгөөд хуулийн этгээдийн захирал хэн байхаас үл хамаарч ... ХХК-ийг хариуцагчаар татаж байгаа. ... ХХК хуулийн этгээдээр бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа учир уг компанийн эрх үүрэг дуусгавар болоогүй бөгөөд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал солигдсоноор эрх үүрэг дуусгавар болохгүй. Хариуцагч байгууллага зээлийн гэрээ байгуулсан гэрээ хэлцэл манай байгууллагад байхгүй учраас хариуцахгүй гэж тайлбарладаг. Энэ нь тухайн компанийн дотоод зохион байгуулалтын асуудал. Хариуцагчийн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний дүнг бодитоор шилжүүлж байж тооцно гэж байна. Гэтэл талууд 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээгээ өөрчилсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт хүсэл зоригийнхоо илэрхийллийг хожим хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан. Хавтаст хэргийн 86 дугаар хуудаснаас 91 дэх талд авагдсан баримтаар ... ХХК-д 207,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн болох нь нотлогдоно. ... ХХК санхүүгийн тамгаа дараад холбогдох хүн нь гарын үсгээ зураад нотлох баримтын шаардлага хангасан баримт бий. Зээлийн гэрээний үүрэгт манайх мөнгөн хөрөнгөө шилжүүлсэн гэж үзэж байгаа. Уг орон сууц эрхийн зөрчилтэй байсан гэх талаар хариу тайлбартаа дурдсан байдаг. Орон сууц эрхийн зөрчилтэй байсан учир талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар өмнөх үүргийг солиод зээлийн гэрээ байгуулсан. ... гэх хувь хүнтэй гэрээ байгуулсан, ... тайлбар, баталгаа гаргахдаа өөрөө барьцаа зээл нь хуулийн этгээдийн өмч биш гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Зээлийн гэрээнд ... ХХК тамга тэмдэг дарсан. ... тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй учир хүсэл зоригоо илэрхийлээд явах боломжтой. Мөн компанийн гүйцэтгэх захирал тухайн компанийг санхүүжүүлэх үүрэг хүлээдэг. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлын тухайд 2016 онд зээлийн гэрээ байгуулагдаж 3 жилийн хугацаанд шаардах эрх нь дууссан гэдэг. Гэтэл зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгож худалдах худалдан авах хэлцлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоосон. Хавтаст хэргийн 20 дугаар хуудаснаас 25 дугаар талд Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоол байгаа. Уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан үл хөдлөх эд хөрөнгийг хангасан үл хөдлөх эд хөрөнгө хүчин төгөлдөр бус болсон бол зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг уг цаг хугацаанаас шинээр бий болсон гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 57 дугаар хуудаст байгаа 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн барьцаа хөрөнгөд шилжүүлэн авсан ... авто машиныг бусдад шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлийн гэрээний барьцаанд авсан учир үүнээс хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах үеийг хүртэл тоолбол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж байгаа. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 331,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Т.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

... ХХК-ийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр иргэн Ц.... гэрээ байгуулж шилжүүлэн авсан. Ц.... нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм. Миний бие нь иргэн Ц....гийн компанийн нягтлангаар ажиллаж байсан. ... ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.... 2017 оны 12 дугаар сарын 31-нд иргэн Ц....д зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж авсан. Ц.... захирал гадаад томилолтоор явахаар болсон тул компанийг 2017 оны 12 дугаар сарын 050-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.... миний нэр дээр шилжүүлсэн. Тус компани нь ...д 144 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А....тэй уулзаж ... ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 2 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А....д 100 хувь шилжүүлсэн. Гэтэл А.... нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй, бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа. Тус компани нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй, өр төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Төлбөрийн чадваргүй, санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй. Иргэн М.... нь ... ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А....тэй 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан тухай гэрээ хэлцэл, бичиг баримт тус компанид байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа. Хариуцагч байгууллага болон нэхэмжлэгч нарын хороонд нийт 200,000,000 төгрөгийг өгч авалцах талаар хүсэл зоригийн илэрхийлэл буюу 200,000,000 төгрөгийг ... ХХК авч хэрэглэх хүсэлт зориг байгаагүй. Зээлийн гэрээ байгуулахад талуудын хүсэл зориг, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн илэрхийлэл байх ёстой. Хариуцагч байгууллагад уг хүсэл зориг байхгүй. Үүнээс гадна мөнгийг шилжээгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдэгчийн эзэмшил ашиглалтад тодорхой хэмжээний хөрөнгийг бодитоор шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд зээлийн дүн, хүү, хугацааг заасан. Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт зээл олгох нөхцөл бий. Үүнд зээлийн гэрээ байгуулагдсан огноо болох 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мөнгийг дансаар олгоно гэж тусгасан. Зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу ... ХХК-ийн дансанд мөнгө бодитоор шилжээгүй. Хэдийгээр нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу өмнө байгуулсан орон сууц захиалгын гэрээг өөрчилж, зээлийн гэрээ болгосон, өмнө байгуулсан үүргээ сольсон гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд өмнө орон сууц захиалгын гэрээ байгуулж, түүнийг зээлийн гэрээ болгож өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь тухайн зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхол байгаагүй. Үүнээс гадна орон сууц захиалгын гэрээний төлбөр болон зээлийн дүн зөрүүтэй байна. Орон сууц захиалгын гэрээ, зээлийн гэрээний хугацаа 7 хоногийн хугацаатай. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 9 орон сууц захиалгын гэрээг нэг дор байгуулсан. Зээлийн гэрээг үүнээс 7 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Орон сууц захиалгын гэрээг авч үзэхээр нийт 9 орон сууцын 1 метр квадратыг нь 400,000 төгрөгөөр тооцож, бэлэн мөнгөний баримт үйлдсэн байдаг. Ингэж тооцохоор орон сууцын үнэ нийт 207,528,000 төгрөг болж байна. Гэтэл зээлийн гэрээнд 200,000,000 төгрөг гэж тусгасан байдаг. Хэрэв үнэхээр үүргийг сольсон бол яагаад зээлийн гэрээнд уг зээлийн гэрээний үүргийн 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн болно эсвэл 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн болно гэх байдлаар тусгах байсан боловч тусгаагүй. Иймд өмнө байгуулсан гэрээний үүргийг сольсон гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагатай 9 орон сууц захиалах гэрээг байрны 1 метр квадратыг 400,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн эсэхийг манай зүгээс үгүйсгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон. Орон сууц захиалгын гэрээний үүрэг гэх байдлаар шаардах юм бол бидний зүгээс энэ гэрээг хүчин төгөлдөр бус, бэлэн мөнгөний 9 баримт тус бүрд гарын үсгүүд нь өөр байдаг гэх нөхцөл байдлуудыг тодруулж, тухайн хэрэг маргаанд оролцох боломжтой. Манай зүгээс зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр зээлийн гэрээний нэг тал нь ... ХХК биш. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ... ХХК-иас нэг ч удаа зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаагүй. Зээлийн асуудлаар зээлдэгч М.... болон ... нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотойгоор бие биедээ баталгаа, тайлбар гаргаж өгдөг. Үүнийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Тухайн тайлбар болон баталгаа зэргээс харвал зээлдэгч М...., зээлдэгч ... юм гэж тайлбарлаж байдаг. Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... ХХК ...гийн тайлбар байдаг. ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ... 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг ажиллаж байсан бөгөөд үүнээс хойших хугацаанд ... компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болж, 2017 оны 12 дугаар сараас ... болсон. Тэр зээлийн гэрээний баталгаа, тайлбар гэх баримтад ... ХХК-ийн хөрөнгө байдаггүй. Харин ...гийн өөрийнх нь эзэмшлийн өмчлөлийн хөрөнгүүд, ...гийн найз гэх Орхонбаатарын эд хөрөнгийг барьцаанд тавьсан байдаг. Эдгээр нөхцөл байдлаас харахад зээлийн гэрээний нэг талыг ...г гэж харж байгаа бөгөөд ... ХХК-тай хамааралгүй. Үүнээс гадна зээлийн гэрээний үүргийг шаардах хугацаа дууссан нөхцөл байдал хэрэгт ач холбогдолтой. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааг заасан. Зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа учраас энэхүү харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа яригдана. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс зээлийн буцаан шаардах үүрэг үүсэж бөгөөд энэ үеэс зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Уг хугацаанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн учраас зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Үүнээс гадна хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон зогссон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийг ... ХХК хариуцахгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч талаас орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууж шилжүүлэх үүрэг хүлээж байсан. Уг үүргийнхээ дагуу үүргийн харилцаагаа солиод зээлийн гэрээ болгож өөрчилсөн гэдэг боловч энэ хоёрын хооронд шалтгаант холбоо, хамаарал байхгүй. Үүрэг сольсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож чадахгүй байна. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн бие даасан гэрээнд нь мөнгө шилжүүлэх хугацааг тодорхой заасан байхад мөнгийг дансаар бодитоор шилжүүлсэн зүйл байхгүй тул зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэрэв үнэхээр 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзвэл зээлийн гэрээний тал буюу зээлдэгч нь ... ХХК хуулийн этгээд байх боломжгүй. Харин ... байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж байна. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх бий болсон үеэс тоолно гэж заасан. Шаардах эрх бий болсон үе нь зээлийн гэрээний үүргийг сүүлд төлөх үе. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан эсвэл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ... ХХК-д магадгүй ...д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг шаардаж, эрэн сурвалжлуулах байдлаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан зүйлгүй. ... ХХК-ийн зүгээс М....д уг 200,000,000 төгрөгийн үүргийг ингэж биелүүлж байна. Ийм зүйл өгч байна, ийм хөрөнгийг өгч байна гэх мэтээр баталгаа гаргаж, хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Харин ...гийн зүгээс баталгаа гэх нэртэй тайлбар гаргасан байдаг. ...гийн гаргаж байгаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тайлбар байна. Хэрэв зээлийн гэрээг ... өөрөө хүлээн зөвшөөрч байна гэвэл тасалдсан хугацаанаас хойш мөн л 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Эдгээр нөхцөл байдлын хүрээнд зээлийн үүргийг ... ХХК буюу хуулийн этгээд хариуцах боломжгүй. Харин ... хариуцаж, түүнээс хэдэн төгрөгийг шаардах эсэх асуудал яригдана. ... М.... нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байвал хүү алданги авах эрх нээлттэй болно. ... ХХК-тай байгуулсан гэрээний хувьд бодитоор мөнгө шилжээгүй, үүргийг сольсон гэх үйл баримт, шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд байхгүй. Иймд ... ХХК-иас зээлийн гэрээний үүргийг шаардах боломжгүй. Барьцаа тавьсан гэдгийг 7 хоногийн дараа мэдсэн гэдэг. Иргэний хуульд зааснаар худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой мэдээллийн үнэн зөвийг Улсын бүртгэлээс авах боломжтой. Улсын бүртгэлд барьцаа бүртгэгдсэн байсан бол гэрээ байгуулсан гэдгийг яагаад мэдээгүй вэ? Үүнийг мэдэх нь худалдан авагчийн үүрэг. Иймд орон сууц захиалгын гэрээ нь магадгүй Орхонбаатартай адилхан барьцааны гэрээ байх боломжтой. Иймд ... ХХК 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш. Зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор: 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ /хх-5/, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дүгээр шийдвэр /хх-7-10/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ... дүгээр магадлал /хх-11-19/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/003... тогтоол /хх-20-25/, иргэн А....гийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн баталгаа /хх-55/, М....гийн Зээлдэгч ... овогтой ...д баталгаа гаргах нь гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-57/, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ ..., 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86 /хх-58-85/, Д....гээс ...д 69,000,000 төгрөг шилжүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн баримт /хх-86/, ... ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-86-90/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлохоор: 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-100/, мөн өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ /хх-101/, мөн өдрийн ... ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр /хх-102/, ... ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-125/, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ /хх-126/, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-127/, ... ХХК-ийн дүрэм /хх-128-133/, ... ХХК-ийн 2016.01.01-2017.12.31 хугацааны Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /хх-134-138/, ... ХХК 144-н айлын орон сууц А блок, 1-р орц жагсаалт /хх-139-142/, ... ХХК-иас бусад худалдан авагчидтай байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, мөн төлбөр төлсөн баримтууд /хх-143-180/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх М....гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч М.... шаардах эрхийн үндэслэлээ: ... ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, төлбөрийг бэлнээр төлсөн боловч гэрээний зүйл болох орон сууцнууд банкны барьцаанд барьцаалагдсаныг мэдсэнээр гэрээний үүргийг Зээлийн гэрээ болгон өөрчилж үүргээ сольсон. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 207,528,000 төгрөг төлж, хариуцагчаас 7,000,000 төгрөгийг бэлнээр буцаан төлж, үлдсэн 200,000,000 төгрөгт Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 100,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөг шаардах эрхтэйгээс зээлийн төлбөрт тооцож авсан автомашины үнэ 69,000,000 төгрөгийг хасаад 331,000,000 төгрөгийг ... ХХК-иас гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ... ХХК нь М....тэй зээлийн гэрээ байгуулаагүй, Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийг сольсон гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй, хэрэгт нотлох баримтаар гаргасан гэрээнүүд хоорондоо шалтгаант холбоогүй, Зээлийн гэрээний мөнгийг ... ХХК-д шилжүүлээгүй учир гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 207,528,000 төгрөг төлсөн гэдэг нь мөн хангалттай нотлогдогдохгүй, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

4.Зохигчид Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, М....тэй ... ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байсан А.... Зээлийн болон Орон сууц захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулж, тэдгээр гэрээнүүдэд тус компанийн тамга дарагдсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин тухайн Зээлийн гэрээг М.... нь ... ХХК-тай, эсхүл тус компанийн гүйцэтгэх захирал байсан А....тэй байгуулсан эсэх, зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн эсэх, Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нийт 207,528,000 төгрөг бодитоор төлөгдсөн эсэх, уг гэрээний үүргийг Зээлийн гэрээ болгон өөрчилсөн эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан.

5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай ... дугаар гэрээнүүд, А....гийн гар бичмэл бүхий баталгаа, М....гийн гар бичмэл бүхий баталгаа, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, ... ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ... ХХК-ийн дүрэм, ... ХХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Худалдаа хөгжлийн банк ХХК дахь харилцах дансны хуулга, ... хотхоны Орон сууц захиалгаар бариулах гэрээтэй захиалагчдын судалгаа, ... ХХК-ийн зарим захиалагч нартай байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээнүүд болон төлбөрийн хуваарь, төлбөр төлөлтийн баримтууд /2014, 2015, 2016 онууд/ зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

5.1.... ХХК нь ... аймгийн ... сум, ... баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт ... нэртэй 144 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, 2014 оноос захиалагч нартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулан, 2014 онд 1 м.кв талбайг 1,000,000 төгрөг, 2015 онд 1 м.кв талбайг 1,150,000 болон 1,350,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, төлбөрийг компанийн Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот харилцах дансаар хүлээн авахаар гэрээнд тусган хүлээж авдаг байсан байна.

5.2.Хариуцагч ... ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдаж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд А...., 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ц.... нар бүртгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Т.... итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байна.

5.2.Тус компанийн захирлаар А.... ажиллах хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч М.... нь ... ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 9 ширхэг орон сууц захиалан бариулахаар тохиролцож, гэрээнүүдийг бичгээр байгуулжээ. Эдгээр гэрээнүүдээр:

5.2.1.Орон сууц захиалгаар бариулах ... тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 1 давхрын 3 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 23,936,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.2.Орон сууц захиалгаар бариулах ... тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 7 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 23,936,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.3.Орон сууц захиалгаар бариулах ... тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 27 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 23,936,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.4.Орон сууц захиалгаар бариулах ... тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 38 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 23,936,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.5.Орон сууц захиалгаар бариулах ... тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 1 давхрын 4 тоот дахь 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 25,080,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.6.Орон сууц захиалгаар бариулах №83 тоот гэрээгээр А блокны 2 дугаар орцны 1 давхрын 37 тоот дахь 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 25,080,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.7.Орон сууц захиалгаар бариулах ... тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 9 давхрын 33 тоот дахь 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 16,520,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.8.Орон сууц захиалгаар бариулах ....тоот гэрээгээр А блокны 2 дугаар орцны 2 давхрын 44 тоот дахь 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 16,520,000 төгрөгөөр (1 м.кв талбай 400,000 төгрөг);

5.2.9.Орон сууц захиалгаар бариулах .. тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 9 давхрын 34 тоот дахь 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 28,584,000 төгрөг (1 м.кв талбай 400,000 төгрөг)-өөр тус тус захиалж, гүйцэтгэгч ... ХХК нь орон сууцнуудыг 2016 оны 4 дүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч М.... төлбөрийг гүйцэтгэгчийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

5.3.Талууд гэрээний хавсралтаар төлбөр төлөх график гаргаж, захиалагч графикийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд графикаар төлбөрийг нэг удаа 100 хувь төлөхөөр тогтоож, уг хүснэгтэд төлбөрийг төлсөн гэж бичсэн ба гарын үсэг зурагдаагүй байна.

5.4.Захиалагч М.... 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ... ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримтуудаар 9 удаагийн төлбөрт нийт 207,528,000 төгрөг төлсөн тухай баримт үйлдэгдэн, захиалагч байгууллагын Санхүүгийн тэмдэг дарагдаж, нягтлан бодогч болон мөнгө тушаагч нар гарын үсэг зурсан байна.

5.5.Хариуцагч ... ХХК-иас гаргасан ... хотхоны Орон сууц захиалгаар бариулах гэрээтэй захиалагчдын судалгаанд нэхэмжлэгч М.... бүртгэгдээгүй, тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь гэрээнд заагдсан харилцах дансанд М....гээс орон сууцны төлбөр ороогүй байна.

5.6.Дээрх ... дугаар бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд байгуулагдсанаас хойш 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр М.... нь ... ХХК-ийн захирал ... овогт ...гийн ...тэй Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 5 сарын хугацаатай 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дансаар олгох, зээлийн хүү сарын 10 хувь байх, тохирсон хугацаанд зээлийн хүүг сар бүрийн 29-нд төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь Хаан банкны ... тоот дансанд зээлдэгч төлөх, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцон, гэрээнд М...., ... ХХК-ийн захирал А.... нар гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдан, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

5.7.Зээлийн гэрээ байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр М...., Т.... нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Т.... нь ... дүүргийн ... хороо, Зайсан стадион оргил гудамж, ...байрны 13 тоот хаягт байрлах 91,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг М....д 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлөхөөр тохиролцон, гэрээний талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрээг баталгаажуулжээ.

5.8.Дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай М....д холбогдуулан гаргасан Т....ын нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн магадлалаар уг Худалдах, худалдан авах гэрээг болон М...., Х.... нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний зүйлийн өмчлөгчөөр Т....ыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

5.9.Мөн Зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр М....гээс Зээлдэгч ... овогтой ...д баталгаа гаргах нь гэх гар бичмэлээр ...2019.03.29-ны өдөр байгуулсан 200,000,000 зээлийн барьцаанд ... УБО ... маркийн автомашин болон .... Дүүргийн 1 дүгээр хороо, ... гудамж ...байрны 13 тоот орон сууцыг зохих журмын дагуу өмчлөлдөө шилжүүлж авсан. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход өмчлөлийг буцаан шилжүүлж өгөхийг баталж байна. М..... Баталгаа гаргасан зээлдүүлэгч гэх баталгааг бичиж, гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлжээ.

Улмаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А....гээс М....д хандан Миний бие М....гээс авсан зээлийн өглөгөнд ХУД, 15-р хороо, ... гудамж, ... хорооллын ...-р байрны ...тоот 107 мкв 3 өрөө байрыг түлхүүрнүүдийн хамт хүлээлгэн өгөв. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг БСБ-ын барьцаанд тавьсан байгаа бөгөөд тухайн зээлийг 2017 оны 12-р сард хааж, барьцааг чөлөөлөн улсын бүртгэлийн гэрчилгээг танай нэр дээр шилжүүлэн өгөх болно. Баталгаа гаргасан: Зээлдэгч А...... гэх баталгааг бичсэн байна.

5.10.Мөн 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр М.... нь Д.... гэх иргэнтэй Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, худалдан авагч Д....д ... маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 69,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, төлбөрийн нөхцлийг гэрээнд төлбөр бүрэн төлөгдөж дууссан болно гэж тусган, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг гэрээний төлбөр 69,000,000 төгрөгийг Дамдиндоржийн ...гээс н....гийн Хаан банк дахь ... данс руу гэрээ байгуулагдсан өдөр Машины үнэ ...гээс ...д гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. М.... болон ... ХХК нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай 9 гэрээний дагуу нийт 9 ширхэг орон сууцыг ажил гүйцэтгэгч ... ХХК нь 2016 оны 4 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд тухайн гэрээ ямар үндэслэлээр биелэгдэх боломжгүй болсон нь тодорхой бус, хэрэгт энэхүү үйл баримтыг тогтоосон баримт авагдаагүй байна.

7.Тодруулбал: Нэхэмжлэгч талын зүгээс гэрээний зүйл болох орон сууцнууд банкны барьцаанд байсан учир гэрээ биелэгдэх боломжгүй болж, гүйцэтгэгчээс 7,000,000 төгрөгийг захиалагчид буцаан төлж, уг гэрээний үүргийг Зээлийн гэрээний үүргээр сольсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэл болон тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна. Мөн Зээлийн гэрээнд тухайн өөрчлөгдсөн гэх Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний нөхцөл, биелэгдэх боломжгүй болсон үндэслэл, уг гэрээний үүргийг өөрчилсөн талаар дурдаагүй байна.

8.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болох ба нэхэмжлэгч тал хуулийн энэ зохицуулалтад заасны дагуу Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ биелэгдэх боломжгүй болсны улмаас гэрээгээ дүгнэж, уг гэрээний үүргийг Зээлийн гэрээний үүрэг болгон сольсон гэж тайлбарласан.

Гэтэл Зээлийн гэрээнд өмнөх гэрээний талаар тусгайлан заагаагүй ба Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг талууд дүгнээгүй, Зээлийн гэрээнд 200,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дансаар олгоно хэмээн тусгасан ба Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний гүйцэтгэгч талд төлбөр шилжүүлэх Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот ... ХХК-ийн дансанд шилжүүлээгүй болох нь тус компанийн дансны хуулгаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

9.Түүнчлэн зээлийн гэрээнд ... ХХК-ийн тамга дарагдсан байгаа боловч уг гэрээг М...., А.... нар байгуулсан гэж үзэхээр байна. Учир нь гэрээг хоёр иргэн байгуулж байгаагаар, мөн хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн баталгааг ... ХХК бус, харин иргэн А.... нь тус компанийг төлөөлөх эрхгүй байх үедээ өөрийгөө зээлдэгч гэж тодорхойлон, уг зээлийн барьцаанд ... дүүргийн ... хороо, ... хороолол дахь .. байрны 88 тоот дахь орон сууцыг М....д түлхүүрийн хамт хүлээлгэн өгч, уг орон сууц банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа, 2017 оны 12 дугаар сард багтаан зээлийг төлж барьцааг нь чөлөөлж, гэрчилгээг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэхээ илэрхийлэн баталгаа гаргасан байна. Иймд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ нэхэмжлэгч М.... болон А.... нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэн, ... ХХК тухайн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан 331,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

10.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Маргаан бүхий зээлийн гэрээ 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаатай байгуулагдсан. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг энэ үеэс тооцож эхэлнэ. Нэхэмжлэгчийн зүгээс уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, иргэн Т....ын өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн авч, зээлийн төлбөр төлөгдөөгүй учир 2018 онд бусдад худалдан борлуулсан боловч Т....ын гаргасан нэхэмжлэлийн дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тэдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг Т....ын өмчлөлд үлдээсэн учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс Зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн тайлбарлаж байна.

11.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.2 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заажээ.

Иргэн Т.... нь нэхэмжлэгч М....д холбогдуулан маргаан бүхий Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой бус, харин тэдний хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн М...., Х.... нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу энэ үйл баримтыг дахин дүгнэх, нотлох шаардлагагүй тул нэхэмжлэгч М.... Зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

12.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,158,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 331,000,000 /гурван зуун гучин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай М....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,158,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА