Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00279

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03635 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

331,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч А- нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны А блокны 1 дүгээр орцны 1, 4, 7, 27, 33, 34, 38 тоот, 2 дугаар орцны 37, 44 тоот нийт 9 ширхэг орон сууцыг худалдан авахаар “Б” ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дугаар 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт 207,528,000 төгрөгийг бэлнээр хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу бэлэн мөнгө хүлээлгэн өгсний дараа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан нь мэдэгдсэн.

Хариуцагчийн тухайн үед амаар өгсөн тайлбараар орон сууц ашиглалтанд орсон ч банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосны дараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлийн байгууллагаас гарах эрх үүснэ гэсэн учир зохигчдын хооронд маргаан үүсэж, гэрээнүүдийг өөрчилж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1 сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлийн гэрээ болгон байгуулж, үүргийг үүргээр сольсон. Зээлийн гэрээнд зээлдэгч зээлээ эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

1.2. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний барьцаа болгож хариуцагч нь Т.Отгонбаатарын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан стадион оргил гудамж, 30 дугаар байрны ** тоот хаягт байрлах 91,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан А-гийн нэр дээр шилжүүлсэн ба гэрээгээр А-д шилжүүлсэн уг орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт тооцохоор тохиролцсон. Гэвч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоол гарч, А-гийн шилжүүлэн авсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

1.3. Хариуцагч “Б” ХХК-ийн захирал В- нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хороолол, 19 дүгээр байрны 88 тоот хаягт байрлах 107 м.кв, 3 өрөө орон сууцыг А-д шилжүүлж өгөхөөр баталгааг бичгээр гаргаж өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, түлхүүр ч өгөөгүй. Харин УБО 12-** улсын дугаартай Nissan Patrol маркийн автомашиныг шилжүүлэн өгч барьцаанд тавьсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу 69,000,000 төгрөгөөр бусдад худалдсан.

1.4. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгож худалдах, худалдан авах хэлцлийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоосон. Уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон бол зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг уг цаг хугацаанаас шинээр бий болсон гэж үзнэ. Мөн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн барьцаа хөрөнгөд шилжүүлэн авсан Ниссан Патрол авто машиныг бусдад шилжүүлсэн учир үүнээс хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах үеийг хүртэл тоолбол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

1.5. Үндсэн зээл 200,000,000 төгрөг, 5 сарын хугацааны зээлийн хүү 100,000,000 төгрөгөөс автомашины үнэ 69,000,000 төгрөгийг хасч тооцсон. Иймд үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 31,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 331,000,000 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр В-, Г- нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Г- нь “Б” ХХК-д хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг В-д буцаан өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж шилжүүлэн авсан. Г- нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм. Г- захирал гадаад томилолтоор явахаар болсон тул компанийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Д-мын нэр дээр шилжүүлсэн.

Тус компани нь Дарханд 144 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан В-тэй уулзаж “Б” ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч В-д 100 хувь шилжүүлсэн. Гэтэл В- нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй тул Цагдаагийн байгууллагаар түүнийг эрэн сурвалжлуулж байгаа.

2.2. Тус компани нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй, өр төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Төлбөрийн чадваргүй, санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй. Иргэн А- нь “Б” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч В-тэй 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан тухай гэрээ хэлцэл, бичиг баримт тус компанид байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Хариуцагч байгууллага болон нэхэмжлэгч нарын хороонд нийт 200,000,000 төгрөгийг өгч авалцах талаар хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт зээл олгох нөхцөл бий. Үүнд зээлийн гэрээ байгуулагдсан огноо болох 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мөнгийг дансаар олгоно гэж тусгасан. Зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу “Б” ХХК-ийн дансанд мөнгө бодитоор шилжээгүй.

2.4. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 9 орон сууц захиалгын гэрээг нэг дор байгуулсан. Зээлийн гэрээг үүнээс 7 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Орон сууц захиалгын гэрээг авч үзэхээр нийт 9 орон сууцын 1 метр квадратыг нь 400,000 төгрөгөөр тооцож, бэлэн мөнгөний баримт үйлдсэн байдаг. Ингэж тооцохоор орон сууцын үнэ нийт 207,528,000 төгрөг болж байна. Гэтэл зээлийн гэрээнд 200,000,000 төгрөг гэж тусгасан байдаг. Хэрэв үнэхээр үүргийг сольсон бол яагаад зээлийн гэрээнд уг зээлийн гэрээний үүргийг 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн, эсвэл 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн болно гэх байдлаар тусгаагүй. Иймд өмнө байгуулсан гэрээний үүргийг сольсон гэж үзэх боломжгүй.

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагатай 9 орон сууц захиалах гэрээг байрны 1 метр квадратыг 400,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн эсэхийг манай зүгээс үгүйсгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон. Орон сууц захиалгын гэрээний үүрэг гэх байдлаар шаардах юм бол бидний зүгээс энэ гэрээг хүчин төгөлдөр бус, бэлэн мөнгөний 9 баримт тус бүрд гарын үсгүүд нь өөр байдаг гэх нөхцөл байдлуудыг тодруулж, тухайн хэрэг маргаанд оролцох боломжтой. Манай зүгээс зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа.

2.6. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш “Б” ХХК-аас нэг ч удаа зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаагүй. Зээлийн асуудлаар зээлдэгч А- болон В- нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотойгоор бие биедээ баталгаа, тайлбар гаргаж өгдөг. Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн В-гийн тайлбар байдаг. “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар В- 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг ажиллаж байсан бөгөөд үүнээс хойших хугацаанд Г- компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болж, 2017 оны 12 дугаар сараас Д-м болсон.

Зээлийн гэрээний баталгаа, тайлбар гэх баримтад “Б” ХХК-ийн хөрөнгө байдаггүй. Харин В-гийн өөрийнх нь эзэмшлийн өмчлөлийн хөрөнгүүд, мөн түүний найзын эд хөрөнгийг барьцаанд тавьсан байдаг. Иймд зээлийн гэрээний нэг тал нь В- бөгөөд “Б” ХХК-д хамааралгүй.

2.7. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс зээлийн буцаан шаардах үүрэг үүсэх бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн учраас зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон зогссон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд “Б” ХХК 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш. Зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Б” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 331,000,000 төгрөг гаргуулах тухай А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,158,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь Дарханд барьсан 144 айлын орон сууц нь эрхийн зөрчилтэй байсан талаар маргадаггүй бөгөөд маргаагүй үйл баримтыг тогтоогдсон үйл баримт гэж үзнэ. Дархан-Уул аймгийн Дархан суманд “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууц нь нэгэнт эрхийн зөрчилтэй байсан учир талууд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ болгон өөрчилсөн. Иймд талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар өмнөх үүргийн харилцааг сольсон.

Зээлийн гэрээнд өмнөх гэрээний талаар тусгайлан заах шаардлагагүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлд өмнөх гэрээний талаар заавал тусгайлан заахаар хуульчлаагүй.

4.2. Түүнчлэн зээлийн гэрээнд “Б” ХХК-ийн тамга дарагдсан байгаа боловч уг гэрээг А-, В- нар байгуулсан гэж үзэхээр байна...” гэж шүүх дүгнэжээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч “Б” ХХК нь хүсэл зоригоо илэрхийлэн тамга дарсан байна. В- нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийг өөрчилж зээлийн гэрээ болгосон учир гэрээний нэг тал нь “Б” ХХК юм.

4.3. Зээлийн гэрээний барьцаа болгож өөрийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолно.

Нэхэмжлэгч А- нь хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В-гээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 200,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 12-** УБО улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход өмчлөлийг буцаан шилжүүлж өгөхөөр баталгаа гаргасан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байсан учир хариуцагчийн шилжүүлэн өгсөн тухайн автомашиныг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 69,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан. Дээрх хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тоолж үзвэл нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Зээлийн гэрээний харилцаа нь В- болон А- нарын хооронд байгуулагдсан гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ байдаг боловч зээлийн гэрээг хэнтэй байгуулсанаас үл хамаарч, талуудын хүсэл зориг, үүрэг хүлээсэн этгээд, төлбөр төлөгч зэргээс хамаарч зээлийн гэрээний талуудыг тодорхойлох боломжтой. Өөрийн нэр дээрх үл хөдлөх, автомашиныг барьцаанд тавьж, шилжүүлснээс В- нь зээлийн гэрээний харилцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй.

5.2. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ нь зээлийн гэрээнээс 7 хоногийн өмнө байгуулагдсан. “Б” ХХК, А- нарын хооронд орон сууц захиалгаар бариулах харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэх н.Отгонбаатар тайлбартаа “...А-, В- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, тус зээлийн гэрээний барьцаа болгож, миний байрнаас гадна “Б” ХХК-ийн 9 байрыг барьцаанд тавьсан...” гэсэн байдаг. Орон сууц захиалгын гэрээ нь барьцаанд тавих зорилгоор байгуулагдсан гэрээ гэж үзэж байна.

5.3 Талуудын хооронд зээлийн гэрээг өмнө амаар байгуулж, дараа нь барьцаа хэлбэрээр байгуулагдсан. Бэлэн мөнгөний баримтад зурагдсан А-гийн гарын үсэг нь хэрэгт авагдсан бусад баримтад зурагдсан гарын үсэгнээс өөр байдаг. Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дагаж дуусах бөгөөд барьцааны гэрээ, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан зээл 200,000,000 төгрөг, хүү 31,000,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 331,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Б” ХХК болон А- нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай 9 гэрээ байгуулж, “Б” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны А блокны дараах орон сууцыг 2016 оны 04 дүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгөх, А- нь

- 78 тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 1 давхрын 3 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 23,936,000 төгрөг,

- 79 тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 7 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 23,936,000 төгрөг,

- 80 тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 27 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 23,936,000 төгрөг,

- 81 тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 2 давхрын 38 тоот дахь 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 23,936,000 төгрөг,

- 82 тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 1 давхрын 4 тоот дахь 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 25,080,000 төгрөг,

- 83 тоот гэрээгээр А блокны 2 дугаар орцны 1 давхрын 37 тоот дахь 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 25,080,000 төгрөг,

- 84 тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 9 давхрын 33 тоот дахь 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэ 16,520,000 төгрөг,

- 85 тоот гэрээгээр А блокны 2 дугаар орцны 2 давхрын 44 тоот дахь 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэ 16,520,000 төгрөг,

- 86 тоот гэрээгээр А блокны 1 дүгээр орцны 9 давхрын 34 тоот дахь 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэ 28,584,000 төгрөг, нийт 207,528,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /хх 58-85/.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр А- нь “Б” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар 9 гэрээний төлбөрт 207,528,000 төгрөгийг төлсөн баримт үйлдэгдсэн, тухайн баримтад байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаж, нягтлан бодогч болон мөнгө тушаагч нар гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид худалдах, худалдан авах гэрээний үнэ төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй /хх 86-90/.   

Мөн “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хугацаанд В-, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртлэх хугацаанд Г-, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртлэх хугацаанд Д-м бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна /хх 29, 125/.

“Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээнд заасан 9 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй.

 

4. “Б” ХХК болон А- нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А- нь 200,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч компани тохирсон хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон /хх 5/.

 

4.1. Зээлийн гэрээнд 200,000,000 төгрөгийг дансаар олгохоор тохиролцсон ч “Б” ХХК-ийн дансанд шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгчийн гэрээний үнэд авсан мөнгөн хөрөнгийг буцааж өгөөгүй нөхцөл байдлыг харгалзан үзвэл талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, буцаан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэх нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Иймд зохигч нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэг 207,528,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг 200,000,000 төгрөгт шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Уг гэрээг В- нь “Б” ХХК-ийг төлөөлж байгуулсан болох нь талуудын урьд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ, А-гээс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК нь бэлэн мөнгөний орлогын баримтаар 207,528,000 төгрөгийг хүлээн авсан, В- нь тухайн цаг хугацаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан зэргээр нотлогдоно.

 

4.2. Харин зээлийн гэрээнд талууд “Орон сууц захиалгаар бариулах тухай” 9 ширхэг гэрээний үүрэгтэй холбоотой нөхцөл байдлыг дурдаагүй нь талууд үүрэг сольсон гэж дүгнэхгүй гэсэн анхан шатны шүүх буруу дүгнэсэн байна.  

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.4-т зааснаар үүрэг сольсноор худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болжээ.

 

4.3. Зээлийн гэрээг нэхэмжлэгч нь иргэн В-тэй байгуулсан ба “Б” ХХК-тай байгуулаагүй гэх дүгнэлтүүд үндэслэлгүй.

 

5. Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээ 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлдүүлэгчийн зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч өөрийн өмчлөлийн мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, зээлдэгч хүлээн авсан нь хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх, мөн гэрээнд заасан тохиолдолд хүү төлөх хариу үүргийг тус тус хүлээнэ.

 

5.2. Зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр зээлийн хүү шаардах эрхээ алдсан байна.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн 200,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн өмчлөгч юм. Хэдийгээр нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй болсон ч тэрээр өөрийн өмчлөлийн 200,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд бусдын өмчлөлийн зүйлийг хариуцагч өмчлөх эрх үүсэхгүй юм.

 

5.3. Нэхэмжлэгч 12-** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан тул үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасахыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

5.4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 200,000,000 төгрөгөөс дээрх 69,000,000 төгрөгийг хасч, үлдэх 131,000,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэв.

 

6. Иймд хариуцагчаас 131,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Үүнтэй холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/03635 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 812,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,812,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Т.БАДРАХ