Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 110/2017/0042/З |
Дугаар | 70 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 70
Ш.Ш-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн
Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас халах тухай” 28, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,928,797 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0764 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Нэхэмжлэгч Ш.Ш-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ш-аас Алтанцөгц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас халах тухай” 28, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7.928.797 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0764 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хагас дутуу үнэлэн буруу дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4. Хариуцагч С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 тоот захирамж нь тухайн үед хүчин төгөлдөр байсан гэдгийг шүүх хуралдаан дээр өөрөө хүлээн зөвшөөрөөд тайлбарласаар байхад 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 28 тоот захирамжийг хууль ёсны гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь ажлын цагаар архи уусан гэх зөрчилд нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр арга хэмжээ тооцсон мөртлөө мөн зөрчлөөр дахин арга хэмжээ авсан нь буруу байна.
5. Шүүхүүд “Хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 20 хувиар буруулах арга хэмжээ авсны дараа буюу мөн зөрчилд 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 28 дугаар захирамжаар ажлаас нь халах арга хэмжээ авсан байна” гэж дүгнэж Б/23 тоот захирамжийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1/132 дугаар захирамжаар хүчингүй болгосныг дурдсан байна. Энэ захирамжийг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байх үед нь хүчингүй болгосонд дүгнэлт хийгээгүй байна. Нөгөөтэйгүүр 1/132 тоот захирамжийн үндэслэл болон 2 дахь хэсэгт “Энэ захирамж гарсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдэж, хүргүүлсүгэй” гэснийг бодвол энэ захирамжийг анхан шатны шүүхийн шүүгчийн захиалгаар гаргаж, нотлох баримтаар ирүүлсэн гэж үзэхээр байна. Хэрэв хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 тоот захирамж буруу гарсан гэж үзвэл “Ажлаас халах тухай” 28 тоот захирамж гарахаас өмнө хүчингүй болгох байсан байлаа.
6. Шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэснийг зөрчиж гаргасан захирамжийг дэмжсэн нь харамсалтай байна. Миний бие нэг жилийн дараа эргэж орох бол 28 тоот захирамжид “Ажлаас халах” гэж гарчигласнаас гадна “Захирамжлах” хэсэгт “ажлаас халсугай” гэсэн болохоор мэдээж нэг жилийн дараа эргэж төрийн албанд ороход хүндрэлтэй байгааг анхаараагүй байна. Зөвхөн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 тоот захирамжид дүгнэлт хийх байсан. Тийм учраас шүүх сүүлд гарсан 28 тоот захирамжид дүгнэлт хийж, нэхэмжлэгч миний эрхийг дордуулсан байжээ.
7. Хариуцагч С.Б нь Б/23 тоот захирамжийг гаргах үед нь сумын Засаг даргын Тамгын газрын нийт ажилчдын хурлаар оруулан хэлэлцэж, хамтын зарчмаар шийдвэрлэсэн мөртлөө дараа нь хамт олны шийдвэрийг хөсөрдүүлэн ашиг сонирхлоор 28 тоот захирамж гаргасан асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй байна.
8. Шүүхүүд дахиад нэг дүгнэлт хийхдээ ... Ш.Ш намайг “Ажлаас халах тухай” 28 тоот захирамж нь хэлбэрийн хувьд буруу боловч Захиргааны актын агуулга нь зорилгодоо нийцсэн тул буруу хууль хэрэглэсэн. Захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангахгүй байгаа нь Захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүхүүд зориуд буруу дүгнэсэн байжээ.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэсэн байх тул 28 тоот захирамж хэлбэрийн хувьд ч хуулийг буруу хэрэглэсэн эрх зүйн зөрчилтэй байх тул хүчингүй байх ёстой байлаа.
10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “Захиргааны акт нь хэлбэр, утга агуулгын илэрхий алдаатай бол илт хууль бус болох” талаар заасан бол энэ зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг нь илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэсэн заалтуудыг шүүхүүд анхаарч хэрэглээгүй байна. Тийм учраас шүүхүүд Захиргааны ерөнхий хуулиар тогтоож өгсөн хэм хэмжээнээс хэтрүүлэн эсрэгээр дүгнэлт хийж, хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг буруу хэрэглэснийг дэмжиж, нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан байжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг насан туршид ажил, амьдралгүй болгож, төрийн албанаас бүрмөсөн халсан мэтээр утга, агуулгын алдаатай захирамж гаргасан байжээ. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан хуулийг буруу хэрэглэснийг тайлбарлахын оронд зөвхөн “гомдлыг хүлээн авахааргүй байна” гэх утгаар магадлалын үндэслэлд тусгаад өнгөрсөн байжээ. Хариуцагч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 88 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг хэрэглэснийг бодвол 28 тоот захирамжийг гаргахад мөн хэрэглэсэн баймаар юм. Анхан шатны шүүх өөрөө Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн талаар нотлох баримт шаардахад хариуцагч талаас ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
11. Шүүхүүд нэхэмжлэгч Ш.Ш-т “Сахилгын шийтгэл ногдуулсан Б/23 тоот захирамж нь анхнаасаа биелэгдээгүй. Ш.Ш нь уг захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийг биечлэн эдлээгүй болох нь тогтоогдсон” гэж намайг хорих ялтай мэтээр тайлбарласан байна. Би 2017 оны 2 дугаар сарын цалинг мөн сарын 21-нээс урьд бүрэн авсан. 3 сард цалин бодогдоогүй байдлаас болж энэ захирамж биелэгдээгүй болохоос Б/23 тоот хүчин төгөлдөр захирамж тухайн үед Засаг даргын Тамгын газрын санхүүд хүргүүлсэн байсныг ня-бо Г гэрчилж байна.
12. Иймд давж заалдах шатны шүүх дээрх гомдлын тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хуулийн хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн 0060 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 0764 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
14. Хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “шүүх хуралдааныг түдгэлзүүлэх тухай” хүсэлт үндэслэлгүй тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг тэмдэглэж байна.
15. Нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх явцад ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн нь тогтоогдсон, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”; Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох; Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн Тавын 5.4.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа... хэрэглэх, ... бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх” гэснийг тус тус зөрчсөн ноцтой зөрчил тул хариуцагч маргаан бүхий актаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль ёсны талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.
16. Хэдийгээр хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд эхэлж албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан боловч уг шийтгэлийг хэрэгжүүлээгүй байхдаа зөрчлийн шинж байдлыг харгалзан маргаан бүхий актаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэл оногдуулсан, улмаар өмнөх сахилгын шийтгэлээ хүчингүй болгосон тул бодит байдал дээр нэг зөрчилд давхар хариуцлага оногдуулсан гэж үзэхээргүй талаар шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймээс “нэг зөрчилд давхар шийтгэл оногдуулсан” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 4, 5-д заасан/ нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.
17. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг /төрийн албанд 1 жилийн хугацаанда эргэж орох эрхгүйгээр/ үндэслэсэн нь актын агуулгаас тодорхой харагдах ба уг захирамжийг “Ажлаас халах тухай” гэж гарчигласан нь нэхэмжлэгчийг төрийн албанаас хугацаагүй халагдсан гэх үндэслэл болохгүй. Иймд “миний бие нэг жилийн дараа эргэж төрийн албанд ороход хүндрэлтэй байгааг шүүхүүд анхаараагүй, миний эрхийг дордуулсан” гэсэн /Тодорхойлох хэсгийн 6-д/ гомдол үндэслэлгүй.
18. Мөн маргаан бүхий актыг “Ажлаас халах” тухай гэж гарчигласан нь захиргаанаас засаж болох илэрхий буюу хэлбэрийн алдаа тул үүний улмаас захирамжийг бүхэлд нь үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8, 9-д заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу уг алдааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа бол хариуцагчаас алдаагаа засахыг шаардах эрхтэй болохыг дурдаж байна.
19. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар сахилгын шийтгэлийг хүлээлгэх эсэх нь хариуцагчийн дангаар шийдвэрлэх бүрэн эрх тул “Тамгын газрын нийт ажилчдын хурлаар оруулан хэлэлцэж, хамтын зарчмаар шийдвэрлэсэн мөртлөө дараа нь хамт олны шийдвэрийг хөсөрдүүлэн 28 тоот захирамж гаргасан асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг /Тодорхойлох хэсгийн 7-д/ хангах боломжгүй.
20. Нэхэмжлэгч нь шүүхэд маргаан бүхий актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн “илт хууль бус” захиргааны актад хамаарах зүйл, заалтыг зааж шүүхүүд эдгээрийг анхаарч хэрэглэсэнгүй гэх гомдол /Тодорхойлох хэсгийн 10-т/ үндэслэлгүй.
21. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан бусад үндэслэл нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
22. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0764 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ