Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/03524

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 17 өдөр

    Дугаар 102/ШШ2022/03524

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... байр,  .... тоот хаягт оршин суух, З овогтой Б-гийн М /РД:хх/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... гудамж, ... хорооллын зүүн талд байрлах “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ /РД: хх/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, М.М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

            Нэхэмжлэгч Б.М болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.М нь Нийслэлийн ерөнхий боловсролын “Э сургууль” НҮТББ-д 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эмчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй болно. “Э сургууль” НҮТББ нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 82.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6, 6.2.6.8 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгон тушаал гаргаж, тухайн өдрөө л ажил хүлээлцүүлж ажлаас халсан. Энэ шийдвэрийг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. Тус сургуулийн зүгээс тушаалыг өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээг эхлээд туршилтын 3 сарын хугацаагаар байгуулаад цаашид шинэчилсэн гэрээг байгуулна гэсэн боловч гэрээ хийгээгүй, гэрээний хувийг ч өгөөгүй, тухайн үед уншуулаад л гарын үсэг зуруулсан. Мөн цалинг 1,000,000 төгрөг болгож нэмнэ гэсэн боловч нэмээгүй, давхар бас эрүүл мэндийн хичээлийн цалинг тооцож олгоогүй. Тэрээр жирэмсэн бөгөөд эмчийн хяналтад орсон. Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ-ын захирлын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 80 дугаар зүйлийн 80.4-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Б.М удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сурагчдын биеийн болон өсөлтийн ерөнхий үзлэг хийж, хүүхдийн шүд болон сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийг тогтмол шалгаж, анги бүрд мэдээлэл өгч, эмчийн өрөөний тохижилт, бичиг баримтын эмх цэгцтэй байхад анхаарах, сурагчдыг үзсэн үзлэгийн дүнгээр өвчтэй хүүхдүүдийг тодорхойлох, эцэг эхэд нь тухайн хүүхдийн өвчний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, эмчлэх эрхийн лиценз сунгуулах арга хэмжээ авах үүрэг даалгавар өгсөн. Энэ үүргийг биелүүлэхгүй байсан тул 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захирал Б сургуулийн ажилчдын ажил үүрэгтэй танилцаж, Б.М-ийн ажлын үр дүн хангалтгүй байна, төлөвлөгөө боловсруулан танилцуулж, төлөвлөгөө биелүүлж ажиллахыг шаардсан. Гэтэл Б.М 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ямар нэгэн шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг дагуулан ирж сургууль дээр хэрүүл маргаан үүсгэн зүй бус үйлдэл гаргасан. Б.М-ийн гаргасан энэ ноцтой зөрчлийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.М-г ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Б.М-ийн гаргасан ноцтой зөрчил нь Хөдөлмөрийн  гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6.6, 6.2.6.8 дахь хэсэгт хамаарна гэж үзсэн. Б.М-г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорохойлолт, Б.М-ийн эрүүл мэндийн тодорхойлолт, “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн .. дугаартай ажлаас халах тухай тушаал, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай ажилд авах тухай тушаал,

“Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ-ын тушаал танилцуулсан тухай тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам, Б.М-ийн хөдөлмөрийн гэрээ, захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ-ын захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай ажилд түр хугацаагаар томилох тухай тушаал, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлж, Б.Б, Ц.Ж, П.О, Б.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.М-д сургуулийн удирдлагаас үүрэг даалгавар өгөөгүй бөгөөд сургуулийн чанар муу болохыг бичсэн Б.М-ийн эгчийн цахим нийтлэлийн улмаас талуудын хооронд маргаан үүссэн, энэ маргаан нь Б.М-ийн ажил үүрэгтэй хамааралгүй. Мөн ажил олгогч жирэмсэн эмэгтэйг ажлаас халахгүй байх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх хуулийн заалтыг тус тус зөрчсөн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Б.М нь хамт олны дунд зүй бус уур амьсгал гаргаж, хэрүүл тэмцэл үүсгэсэн, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            4.1.Ажил олгогч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилтан Б.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2. “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ -ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  дугаартай “Ажлаас халах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9., 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6, 6.2.6.8-д заасныг үндэслэн тус байгууллагад эмч албан тушаалтай Б овогтой М нь хамт олны дунд зүй бус уур амьсгал гаргаж, хэрүүл тэмцэл үүсгэсэн, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас халсан гэсэн үндэслэлийг заажээ.

 

5. Талууд ажил олгогчоос ажилтанд үүрэг даалгавар өгсөн эсэх, ажилтан аливаа шалтгаанаар хэрүүл, тэмцэл үүсгэсэн, бусдыг өдөөн турхирсан үйлдэл гаргасан эсэх талаар маргаж байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М хамт олны дунд зүй бус уур амьсгал гаргаж, хэрүүл тэмцэл үүсгэсэн болох нь гэрч П.О-ийн мэдүүлсэн “Б.М коридорт гаран хүүхдүүд рүү хашгирсан. Энэ сургууль дампуурч байгаа ямар ч хөтөлбөр байхгүй, ажиллагаа байхгүй ийм сургуульд та нар сурч байна. Бараг битгий сураарай гэж хэлсэн нь коридороор маш тод сонсогдсон” гэх,

гэрч Ц.Ж-гийн мэдүүлсэн “2022 оны  04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийж байсан. Б.М эгч, гэр бүлийн хүн гурвуулаа орж ирсэн. Нарийн бичгийн өрөөнд ажлаа хийж байхад нилээн ууртай ширүүн бухимдалтай байсан. Хэлэх хэлэхгүй үгийг гурвуулаа ээлжилж ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан. Өрөөнөөс гарч коридорт хүүхдүүдээ энэ сургууль дампуурч байгаа сургууль шүү гэж хэлж байгаа нь ханын цаанаас тод сонсогдсон. Нилээн ууртай хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Сургуульд дээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэж бодож суусан” гэх,

гэрч Б.Б-ийн мэдүүлсэнТэр өдөр өөрийн ажлыг хийгээд сууж байхад гаднаас Б.М, эгч нь нөхөр нь орж ирээд  захирлын өрөөнд ороод захирлын өрөөнд юу болсон талаар би сайн мэдэхгүй. Гэхдээ дундуур ороход Б.М эгч бичлэг хийсэн байдалтай, уур амьсгал ширүүн байсан. Маргаан юунаас болсон талаар мэдэхүй. Б.М, түүний нөхөр, эгчийн тавьж байсан шаардлага нь би хүүхдүүдийнхээ асуудлаар уулзмаар байна гээд миний ойлгосноор захирал Б.М-д үүрэг өгсөн, сургуулийн хүүхдийн эцэг эхийн үүднээс биш эмч хүнийхээ үүднээс энэ хүнтэй уулзахыг хүсэхэд нөгөө талаас хүүхдүүдийнхээ асуудлын талаар уулзана, эмчийнхээ асуудлын талаар уулзахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хариуцагч байгууллагын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, сургуулийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

8. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зөрчлийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Б.М-д холбогдох олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж танхайрсан гэх зөрчлийн хэргийг “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн .. дугаартай ажлаас халах тухай тушаалаар Б.М-д шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 106 тал/

 

9. Ажил олгогч сургуулийн захирал Г.Б нь ажилтан Б.М-д 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлын тайлан болон цаашид хийх ажлын төлөвлөгөө гаргаж танилцуулах үүрэг даалгавар өгсөн болох нь сургуулийн захирлын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар сургуулийн захирал Г.Б-ээс “Би өчигдөр өдөр эмчийг дуудаж өмнө нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байсан учир ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар сануулж маргааш ажлын тайлан болон цаашид хийх ажлын төлөвлөгөөг эргэж танилцуулахыг үүрэг болгосон. ... Хийсэн ажлын тайлан, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуул гэж үүрэг даалгавар өгсний хариуд М эмч нөхөр, эгчийн хамт сургууль дээр ирж, ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж, үймээн самуун үүсгэж байгаа нь байж боломгүй үйлдэл байна. Эмч тэгээд өмнө хийсэн ажлын тайлан, ирэх улиралд хийх ажлын төлөвлөгөөг өгсөн үү А багшаа?” гэхэд Г.А, Ц.Ж “өгөөгүй” гэж,

Зөвлөх багш П.О-оос “ ... эмчээр ажиллаж байсан М-тай 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажилтай нь танилцах зорилгоор уулзаж, .... доорх ажлын зөвлөгөө өгсөн. Үүнд: Сурагчдын биеийн болон өсөлтийн ерөнхий үзлэг хийж, хүүхдийн шүд болон нүдний ерөнхий үзлэг хийх шаардлагатай, сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийг тогтмол шалгаж, анги бүлэг бүрээр шалгасан дүнгээ гаргаж мэдээлж байх, эмчийн өрөөний тохижилтод анхаарах, бичиг баримтын эмх цэгцтэй хадгалах, хариуцлагатай хандах, сурагчдыг үзсэн үзлэгийн дүнгээр ямар нэгэн өвчтэй, суурь өвчтэй хүүхдүүдийг тодорхойлон, эцэг эхэд нь  мэдэгдэн зөвлөгөө өгч байх, эмчлэх эрхийн лицензээ даруй сунгуулах, эс бөгөөс эмчээр ажиллах боломжгүй гэдгийг хэлж зөвлөсөн. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн захирал Г.Б дуудаж уулзан, ажил төрөлтэй нь танилцаад хангалтгүй байгаа талаар сануулж, маргааш нь уулзахаар тохиролцсон. Дахин уулзахдаа хийсэн ажлынхаа тайлан, хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулах үүргийг өгсөн, маргааш хамт М-тай уулзана шүү гэж надад хэлсэн. Гэтэл өглөө 10 цагийн үед М нь ирэхдээ нөхөр, төрсөн эгчийнхээ хамт сургууль дээр ирж, захирлын өрөө болон нарийн бичгийн өрөөнд бөөн бужигнаан, хэрүүл үүсгэсэн. Ямар учраас тэгж дайрч орж ирээд, хашгирч, хүн болгоныг доромжлон, хэрүүл өдөж, үймээн үүсгэснийг ойлгоогүй байна” гэж тус тус хэлэлцсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

10. Нэхэмжлэгч талаас гэрч Б.Г-ын мэдүүлгийг үндэслэн Б.М-гийн эгч нь тус сургуулийн сургалтын чанарын талаар цахим нийтлэл бичсэн бөгөөд тухайн нийтлэлтэй холбогдуулан сургуулийн удирдлагын зүгээс түүний эгчийг дуудсаны дагуу очиж, сургуулийн удирдлагатай тус сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ талаар уулзахыг хүсэхэд хүлээн авч уулзаагүйгээс хэрүүл маргаан үүссэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь сургуулийн орчинд хэрүүл маргаан үүсгэсэн зохисгүй байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна.

 

11. Хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ болон Б.М нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6-д “Ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн”, 6.2.6.8 “Хамт ажиллагсадтайгаа аливаа шалтгаанаар хэрүүл, тэмцэл үүсгэсэн, бусдыг өдөөн турхирсан” байдлыг тус тус ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

 

13. Ажил олгогчийн зүгээс ажилтан Б.М-г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс гадна хамт олны дунд зүй бус уур амьсгал гаргаж, хэрүүл тэмцэл үүсгэсэн зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан явдлыг буруутгах боломжгүй байна. 

 

14. Нэхэмжлэгч талаас ажилтан Б.М жирэмсэн болохоо ажил олгогчид мэдэгдээгүй гэж тайлбарлаж байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх зохицуулалт ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хамаарахгүй байна.

 

15. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх боловч уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын Э сургууль” НҮТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ