Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02128

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02128

 

Б.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/03524 дугаар шийдвэртэй, Б.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э- НҮТББ-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.М- нь Э- НҮТББ-д 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эмчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй. Э- НҮТББ нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гаргаж, тухайн өдрөө л ажил хүлээлцүүлж ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээг анх туршилтын 3 сарын хугацаагаар байгуулаад цаашид шинэчилсэн гэрээг байгуулна гэсэн боловч гэрээ байгуулаагүй, гэрээний хувийг өгөөгүй, тухайн үед уншуулаад л гарын үсэг зуруулсан. Мөн цалинг 1,000,000 төгрөг болгож нэмнэ гэсэн боловч нэмээгүй, давхар бас эрүүл мэндийн хичээлийн цалинг тооцож олгоогүй. Тэрээр жирэмсэн бөгөөд эмчийн хяналтад орсон. Э- НҮТББ-ын захирлын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.М- удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сурагчдын биеийн болон өсөлтийн ерөнхий үзлэг хийж, хүүхдийн шүд болон сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийг тогтмол шалгаж, анги бүрд мэдээлэл өгч, эмчийн өрөөний тохижилт, бичиг баримтын эмх цэгцтэй байхад анхаарах, сурагчдыг үзсэн үзлэгийн дүнгээр өвчтэй хүүхдүүдийг тодорхойлох, эцэг эхэд нь тухайн хүүхдийн өвчний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, эмчлэх эрхийн лиценз сунгуулах арга хэмжээ авах үүрэг даалгавар өгсөн. Энэ үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр захирал сургуулийн ажилчдын ажил үүрэгтэй танилцаж, Б.М-н ажлын үр дүн хангалтгүй байна, төлөвлөгөө боловсруулан танилцуулж, төлөвлөгөө биелүүлж ажиллахыг шаардсан. Гэтэл Б.М- 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ямар нэгэн шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг дагуулан ирж сургууль дээр хэрүүл маргаан үүсгэн зүй бус үйлдэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Э- НҮТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6, 6.2.6.8-д тус тус заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг бypyy тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т тусгагдсан нөхцөлийг дopдyулсaн. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн урьдач нөхцөл бүрдсэн эсэхийг шалгах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цyцлах нөхцөлийr зааж өгсөн боловч тус нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тусгаж болохгүй юм. Харин шүүхийн хувьд хөдөлмөрийн гэpээний 6.2.6.6-д Ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэсэн заалтыг зөвхөн ноцтой зөрчилд хамаарах эсэхтэй холбоотой асуудлыг хянасан. Харин тухайн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан эхний урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа эсэхэд анхаарч хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн холбогдох хэсгийг хэрэглэжээ.

Mөн нэхэмжлэгч Б.М-н хувьд ажил, албан тyшaaлтaй нь xoлбorдyyлaн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн үйлдэл, эс үйлдэл байхгүй. Энэ талаар хэргийн материалд баримт авагдаагүй. Нэхэмжлэгч Б.М-д 2022 оны 03 дугаар сарын 17, 31-ний өдрүүдэд ажил үүрэгтэй холбогдуулан ямар ч үүрэг даалгавар өгөөгүй. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үүрэг даалгавар өгч байсан талаарх нотлох баримтаа бичгээр өгч, нотлох үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч Б.М-д өөрт нь бичгээр үүрэг даалгавар өгч байсан эсэх, хэдэн оны, хэдэн сард, ямар үүрэг даалгавар өгч байсан эсэх,тухайн үүрэг даалгавар нь ажил үүрэгтэй нь холбоотой эсэх, хэдий хугацааны дотор тухайн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, мэдэгдэх үүрэгтэй байсан эсэх, хэн үүрэг даалгавар өгсөн эсэх нь тогтоогдоогүй. Мөн ажлын гүйцэтгэл, биелэлттэй холбоотой гүйцэтгэлийн дутагдал, алдаа гаргаж байсан эсэх, тухайн зөрчил, гүйцэтгэлд сахилгын зөрчил оногдуулж байсан эсэх нь тогтоогдоогүй байна. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдож байна гэж бичсэн нь үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, өөр хуулийн холбогдох хэсгийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлaн хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 23 дугаартай Ажлаас халах тухай тушаалд захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслээгүй. Хэргийн материалд захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл авагдсан боловч албан ёсны шийдвэр нь авагдаагүй. Тухайн хуралд нэхэмжлэгчийг оролцуулж тайлбар аваагүй, тайлбар өгөх боломж нөхцөлийг олгоогүй. Харин тухайн зөвлөлд багтсан гишүүд өөрсдийн таамаглал, үзэмжээр саналаа хэлсэн байдаг. Тухайн тэмдэглэлд сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж тусгагдсан боловч сургуулийн ямар хэвийн ажиллагааг алдагдуулсан талаар баримт байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралд даргалагч шүүгч хариуцагчийн төлөөлөгчөөс Б.М-д үүрэг даалгавар өгсөн боловч удаа дараа биелүүлээгүй гэдгийг хэрэгт авагдсан ямар баримтаар нотолж байгаа вэ гэхэд Гэрч П.Ононгийн мэдүүлэг болон захирлын хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. Нэг талаас зөвлөсөн гэж байгаа боловч нөгөө талаас ажил мэргэжилтэй нь холбогдуулж хийх талаар үүрэг өгсөн. Үүрэг даалгаврын талаар эргэж танилцуул гэсэн боловч гаргаж өгөөгүй, Даргалагч шүүгч Б.М-д яг хугацаатай үүрэг даалгавар өгч хугацаандаа шалгасан талаарх баримт байна уу гэхэд хугацааны талаарх баримт байхгүй гэж хариулсан. Гэрч П.Ононгийн мэдүүлэг болон захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл нь 2022 оны 03 дугаар сарын 17, 31-ний өдөр үүрэг даалгавар өгснийг нотолж буй баримт биш. Тухайн өдрүүдэд бичгээр үүрэг даалгавар өгсөн талаар баримт хэрэг авагдаагүй. Мөн хугацаатай үүрэг даалгавар өгсөн баримт байхгүй, нотлохгүй байхад үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгах нэрийдлээр бусдыг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан мэдүүлэг, үгнүүд нь зохиомол, бодит байдалд нийцээгүй, таамаглал дэвшүүлсэн, бусдыг шүүн тунгаасан гэдэг нь харагдаж байна. Гэтэл шүүхийн зүгээс дээрх гэрчийн мэдүүлэг, хурлын тэмдэглэлээр гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Гэрч Ц.Жаал-Адьяасүрэн нь Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орсон, Ажил үүрэгтэй холбоотой маргаан байсан. Захирлын удирдлагын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгaвap бaйсaн гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнээс харахад, гэрчийн хувьд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу тухайн маргаан гардаг өдөр ажилд орж, ажиллаж эхэлсэн байна. Гэтэл өмнө захирлын зөвлөлөөс нэхэмжлэгчид ямар үүрэг даалгавар өгснийг мэдэж байгаа, тухайн хуpалд оролцож, үүрэг даалгаврыг өгч байсан мэтээр мэдүүлэг өгсөн нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэхгүй байна. Гэрч Д.Онон нь Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Б.М-г сургуулиар хашгирсан талаар та яаж мэдэж байна гэж асуухад дуугаар нь мэдэж байсан, Б.М-н дуу аль эсхүл н.Майцэцэгийн дуу гэдгийг та ялгаж байна уу? харсан уу, шинэ дуугаар нь Б.М- мөн гэж таамаглаж байна уу гэж асуухад Би Б.М- мөн байна гэж бодсон, Би тухайн мөчид маргасан талаар сайн мэдэхгүй байна. Шаардлага тавихад жаахан эгдүүцсэн юм болов уу гэж бодож байна", маргааны зүйл юу байсан талаар мэдсэн үү гэхэд би мэдэхгүй сонсогдоогүй гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Үүнээс харахад, гэрч Д.Онон нь сургуулийн коридорт нэхэмжлэгч сурагч нар луу хашгирсан гэж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын зөвлөлийн хурал болон гэрчийн мэдүүлэгт хэлдэг боловч нэхэмжлэгч Б.М-г хашгирсан гэдгийг дуугаар нь таамаглал дэвшүүлж хэлсэн байдаг. Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь коридорт гарч хүүхдүүд рүү хашгирсан үг, үйлдэл огт байхгүй гэж тайлбарладаг. Гэвч энэ талаар нотолсон сургуулийн коридорын бичлэг, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Гагцхүү сургуулийн ажилтан, сургуулийн захирлын эхнэрийн таамаглал байдлаар дэвшүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх шийдвэртээ дурдсан нь хэргийг тал бүрээс, бүрэн бодитой хянан үзээгүй гэдгийг харуулж байна.

Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 6.2.6.8-д Хамт ажиллагсадтайгаа аливаа шалтгаанаар хэрүүл, тэмцэл үүсгэсэн, бусдыг өдөөн турхирсан гэж заасан. Мөн тус гэрээний 6.2.6.19-д Ажилтан нь удирдах албан тушаалтнаас ажил үүргийнхээ хүрээнд тавьсан аливаа шаардлагыг биелүүлэхээс татгалзах болон зан хаpилцааны доrолдол гapгaж ажлын байранд таагүй уур амьсгал бүрдүүлсэн гэсэн зохицуулалтыг ноцтой зөрчилд тусгасан байдаг. Харин 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас халсан тушаалын 1-т Хамт олны дунд зүй бус уур амьсгал гаргаж, хэрүүл тэмцэл үүсгэсэн гэж үндэслэсэн. Хариуцагчийн гаргасан ажлаас халах тухай тушаалд тусгагдсан зүй бус уур амьсгал гаргаж гэсэн үйлдэл нь дээрх гэрээний 6.2.6.19-д хамаарах зөрчил байхад тушаалд хамаатуулан дурдсан нь үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.8-д тусгагдсан ноцтой зөрчлийн үйлдэл дундаас нэхэмжлэгч Б.М-г хамт олны дунд ... хэрүүл, тэмцэл үүсгэсэн гэсэн үйлдлийг гаргасан гэж үзжээ. Гэтэл нэхэмжлэгч нь ямар албан тушаалтантай, ямар шалтгааны улмаас хэрүүл хийсэн бэ гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй.

Энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд шүүхийн зүгээс ямар шалтгааны улмаас хэрүүл хийсэн гэдгийг анхаарах шаардлагатай байсан. Гэвч шүүх үүнийг анхаараагүй. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулиар тодорхойлсон тусгай гэрээний нэг төрөл. Иймд талууд ажил болон ажлын чиг үүрэгтэй холбоотой албан шаардлагыг тавих эрхтэй. Албан шаардлагыг тавьж буй нь хэрүүл тэмцэл биш тул гэрээний зөрчилд үл хамаарна. Нэхэмжлэгч Б.М-н хувьд захирал болон ажилтнуудтай хэрүүл, тэмцэл, зүй бус зан авир гаргасан үйлдэл, эс үйлдэл байхгүй. Харин 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүүхдүүдийн сургалтын гэрээ, түүний биелэлттэй холбоотой асуудлаар захиралтай орж уулзсан байдаг. Гэрч Б.Баярцэцэг нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ Маргаан юунаас болсон талаap мэдэхгүй. Б.М-, түүний нөхөр, эгчийн тавьж байсан шаардлага нь би хүүхдүүдийнхээ асуудлаар уулзмаар байна гээд миний ойлгосноор захирал Б.М-д үүрэг өгөн сургуулийн хүүхдийн эцэг эхийн үүднээс биш эмч хүнийхээ үүднээс энэ хүнтэй уулзахыг хүсэхэд нөгөө талаас хүүхдийнхээ асуудлын талаар уулзана, эмчийнхээ асуудлын талаар уулзахгүй гэж хэлсэн гэж дурдсан. Нэхэмжлэгч Б.М-н 3 хүүхэд хариуцагчийн сургуульд суралцдаг. Cypгyyльтaй бaйгyyлcaн сургалтын гэрээний дагуу сургалт болон хүүхдийн асуудлаар тус сургуулийн захиралтай уулзах, шаардлага тавих, санал солилцох бүрэн эрхтэй. Иймээс тус асуудлаар уулзсан. Гэхдээ уулзахдаа нэхэмжлэгч Б.М-н хувьд хэрүүл тэмцэл үүсгэсэн зүйл байхгүй юм. Харин түүний эгч н.Майцэцэг нь сургуулийн үйл ажиллагаа муу байгаа тaлaap Facebook-т коммент хэлбэрээр саналаа хэлснийг сургуулийн зүгээс Б.М-г бичиж, сургуулийн үйл ажиллагааг доголдуулсан гэж гүтгэж, буруутгасан. Иймд тухайн асуудлын үнэн бодитой байдлыг илчлэх үүднээс сургуулийн захирлын чиглэлийн дагуу эгчийгээ авч ирж уулзуулсан байдаг. Гэтэл энэхүү асуудлыг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн асуудал гэж үзэж, хоёр өөр гэрээний асуудлыг хольж шийдвэрлэсэн. Үүнийг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй.

Сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 173/20 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дотоод журмын 10.7 дугаар зүйлд хөдөлмөрийн ноцтой зөрчлийг тоочих зарчмын дагуу тусгасан. Дотоод журмын 10.7.14-т хэл ам, хэрүүл маpгaaн, cөpөг хандлага удаа дараа гаргаж олны эв нэгдэлд муугаар нөлөөлсөн бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар шууд цуцлахаар тусгажээ. Гэтэл дотоод журмын 10.7.14 дэх заалт нь хөдөлмөрийн гэрээний 6.2.6.8-д заасантай зөрчилдөж байна. Учир нь хөдөлмөрийн дотоод журамд удаа дараа гаргасан бол гэж заасан байхад хөдөлмөрийн гэрээнд зөрчлийн тоог үл харгалзан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тогтоосон байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалт дахь зөрчилдөөнийг анхаарч, дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Б.М-н хувьд өмнө нь ёс зүйн болон зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн талаар шийтгэл авч байгаагүй. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ямар хэрүүлийг хэн гэдэг ажилтантай үүсгэж, өдөөн турхирч, тэмцэл үүсгэсэн нь тодорхойгүй. Камерын бичлэгт үзлэг хийсэн баримтаар болон гэрчийн мэдүүлэгт энэ талаар нотлогдоогүй. Харин ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэж танхайраагүй гэдгийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 09 дүгээр сapын 13-ны өдрийн зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогддог. Шүүхийн хувьд энэхүү нотлох баримтад дүгнэлт өгөөгүй. Харин нэхэмжлэгчийн хувьд сургуульд хэрүүл маргаан үүсгэж танхайрсан талаар зөрчлийн тopryyль оногдуулсан шийдвэр, эсхүл шүүхийн шийдвэр байхгүй. Иймээс энэхүү зөрчлийн хэргийг хаасан үйлдэл нь хууль бус. Гэтэл шүүхийн зүгээс тус нотлох баримтыг үнэлэхдээ хууль ёсны эсэхэд анхаараагүй, нэхэмжлэгчийн буруутай гэдгийг тогтоосон гэсэн aryyлraар дүгнэсэн нь үндэслэлгүй.

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хариуцагчийн зүгээс нотлох баримтaaр гаргаж өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын зөвлөлийн хуралд сypгyyлийн захирал, сургалтын менежер, нягтлан бодогч, зөвлөх багш, эрх зүйч-захирлын туслах нар оролцсон. Тухайн хурлаар хэлэлцсэн асуудал нь нэхэмжлэгчийн сургууль дээр ирж, зүй бус үйлдэл гаргаж сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тухай байсан. Нэгдүгээрт тухайн нотлох баримт нь нотлох баримтын үнэн зөв байх шаардлагыг хангаагүй. Учир нь тухайн захирлын зөвлөлийн хуралд суух эрхгүй хүмүүс суусан. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.16-д Захирлын дэргэдэх зөвлөлд дараах aлбан тушаалтныг оруулна. Үүнд: Сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, нягтлан бодогч, эцэг эх, сурагчдын төлөөлөл гэж заасан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын зөвлөлийн хуралд эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эцэг эх, сурагчдын төлөөлөл оpoлцоогүйгээс гадна оpoлцох эpxгүй этгээд болох захирлын зөвлөх, захирлын туслах нар оролцсон. Түүнчлэн дотоод журмын 2.10-д Хурал, зөвлөгөөн, шуурхай асуудлын үед захирлын туслах албан тэмдэглэл хөтөлж, холбогдох хүмүүсээр гарын уcar зуруулж, зохих ажилтанд цаасаар ба цахимаар хувийг илгээж бичиг хэрэгт архивлана гэж заасан. Гэтэл тухайн хурлын тэмдэглэлийг захирлын туслах бус нягтлан бодогч хөтөлсөн. Мөн тухайн хурлын тэмдэглэл нь албан бланк дээр хэвлэгдээгүй, албан хэргийн хөтлөлтийн журамд заасны дагуу албан тоот, дугаар байхгүй байна. Мөн тэмдэглэл хөтөлсөн нягтлан бодогч нь тухайн хуралд саналын эрхтэй оролцож, шийдвэрийг дэмжсэн нь үндэслэлгүй байна. Иймээс дээрх бичмэл нотлох баримтыг үнэн зөв гэж үзэхгүй. Харин захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл бус харин ажилтнуудын тухайн өдөр болсон үйл явдлын талаарх ярьсан тэмдэглэл гэж үзэж байна. Түүнчлэн тухайн хурлаар нэхэмжлэгч нь сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан эсэх талаар шийдвэр гараагүй. Иймээс хариуцагчийн зүгээс тухайн асуудлыг тогтоолгох зорилгоор цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж, шалгуулсан боловч тогтоогдоогүй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03524 дугаартай шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч талаас гэрч Б.Гүенболор мэдүүлгийг үндэслэн Б.М-н эгч нь тус сургуулийн сургалтын чанарын талаар цахим нийтлэл бичсэн бөгөөд тухайн нийтлэлтэй холбогдуулан сургуулийн удирдлагын зүгээс түүний эгчийг дуудсаны дагуу очиж, сургуулийн удирдлагатай тус сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ талаар уулзахыг хүсэхэд хүлээн авч уулзаагүйгээс хэрүүл маргаан үүссэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь сургуулийн орчинд хэрүүл маргаан үүсгэсэн зохимжгүй байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна гэж дурдсан. Энэхүү дүгнэлт нь хэн ямар зөрчлийг гaргасан, юуны улмаас тухайн зөрчил үүссэн талаарх үйл баримтыг шүүхийн зүгээс үнэлж, тогтоогоогүй гэдгийг харуулж байна. Тухайн маргааны нэхэмжлэгчийн эгч болох н.Майцэцэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд захирал болон ажилтнуудтай хэрүүл тэмцэл үүсгэсэн, танхайрсан, ёс зүйн зөрчил гаргасан, хүүхдүүд рүү хашгирсан үйлдэл байхгүй.Энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Э- HYTББ нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 188/22 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичгээр Ц.С-ад, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09/23 тоот албан бичгээр М.М-д итгэмжлэл олгож, тухайн албан бичигт захирал болох Г.Б- гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулжээ. Хэpгийн матеpиалд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн захирал тушаалд Г.Б-ийг томилжээ. Тухайн 17 дугаартай Удирдах зөвлөлийн даргын тушаалын баталгаажуулах хэсэгт удирдах зөвлөлийн дарга Э.Д- гарын үсэг зурж баталгаажуулсан гэж байгаа боловч тухайн тушаал дээрх Э.Д- гэсэн нэрийн ард -г гэсэн байдлаар бичиглэл хийгдсэн байна. Энэхүү бичиглэлийн агуулга нь тухайн албан бичигт Удирдах зөвлөлийн дарга Э.Д- нь гарын үсэг зураагүй харин төлөөлж өөр этгээд зурсан гэдгийг илэрхийлж байгаа болно. Иймээс хууль ёсны дагуу гарын үсэг зурах эрхтэй этгээд гарын үсэг зураагүй гэж үзэж байна. Мөн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай тушаалд Г.Батбилэгийг Гүйцэтгэх захирлаар томилоогүй харин захирлаар томилжээ. Төрийн бус байгyyллагын туxай xyyлийн 12 дyгаар зүйлийн 12.2.1-т yдиpдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхтэй, мөн хуулийн 12.3 дахь хэсэгт Гүйцэтгэх захирлын эдлэх эрх... зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна гэж тус тус зохицуулжээ.

Э- НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар Г.Б-ийг албан ёсоор томилоогүй байна; хоёрдугаарт, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай Удирдах зөвлөлийн даргын тyшаалд Удирдах зөвлөлийн дарга Э.Д-гийн гарын үсгийг өөр этгээд төлөөлөн зурсан байх тул хүчингүй байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг НҮТББ-ыг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд олгосон байх тул тус итгэмжлэл нь хүчингүй, төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж тайлбар, хүсэлт гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, мөн зүйлийн 64.2.1-т заасныг тус тус зөрчсөн тул тус итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov.mn сайтад нэвтрэн орж үзэхэд Эрин эверест интернешнл сургууль НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар хэн нэгнийг томилсон тухай мэдээлэл байхгүй. Мөн хэргийн материалд авагдсан нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдээгүй. Харин төлөөлөх эрхтэй этгээдээр удирдах зөвлөлийн дарга Э.Д- тэмдэглэгдсэн байна. Иймээс захирал Г.Б- итгэмжлэл олгох бус харин удирдах зөвлөлийн дарга Э.Д- итгэмжлэл олгох бүрэн эрхтэй этгээд байна. Гэтэл шүүхийн зүгээс үүнд анхаараагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэх захирлаар томилогдоогүй этгээд нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан нь байгууллагыг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд тушаал гаргасныг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Сахилгын ноцтой зөрчлийг талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд тусгах ёстой. Талуудын тохиролцсоны дагуу Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Үүний дагуу байгууллага өөрийн онцлогт тохирсон сахилгын ноцтой зөрчлийг тооцож, түүний дагуу хариуцлага тооцсон. Иймд зөрчил тус бүр удаа дараа сахилгын шийтгэл оногдуулснаар ноцтой зөрчилд тооцно гэх тайлбар үндэслэлгүй. Удаа дараа үүрэг даалгавар өгч байсан нь хурлын тэмдэглэл, сиди, бичлэг зэргээр нотлогдож байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь үүрэг даалгавар өгөхдөө тушаал гаргаж, гардуулж байгаагүй, жирэмсэн гэж гадуурхаж, ажлаас халсан гэж маргаж байсан атлаа өнөөдөр өөр тайлбар гаргаж байна.

Тушаал нь захирамжилсан баримт бичиг тул заавал хурлын тэмдэглэлийг үндэслэж бичих шаардлагагүй. Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан. Мөн гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлтэй бөгөөд гэрч Ц.Жаал-Адьяасүрэн нь тухайн үед акттай байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орж ирсэн. Гэрч П.Ононгийн хувьд эрх бүхий байгууллага хууль сануулж, хуулийн хүрээнд мэдүүлэг өгсөн тул хууль бус нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Ямар ч шалтгаантай байснаас үл хамааран сургуулийн орчинд хүүхдүүдийн өмнө энэ сургууль дампуурах гэж байгаа, ямар ч хөтөлбөргүй гэж хэлсэн нь зүй бус үйлдэл мөн. Гүйцэтгэх захирал гэж бичээгүй тул эрх бүхий албан тушаалтан гэж үзэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Албан ёсны тушаал, шийдвэр гарч, тамга дарж баталгаажуулсан тул дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Э- НҮТББ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 16/

3. Э- НҮТББ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай Ажлаас халах тухай тушаалын 1 дэх заалтаар ...тус байгууллагад Эмч албан тушаалтай Бүүвэйхүү овогтой Мандухай нь хамт олны дунд зүй бус уур амьсгал гаргаж, хэрүүл тэмцэл үүсгэсэн, мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6, 6.2.6.8-д заасан үндэслэлээр Б.М-г ажлаас нь чөлөөлжээ. /хх 32/

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан байхыг шаарддаг.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.8-д Хамт ажиллагсадтайгаа аливаа шалтгаанаар хэрүүл, тэмцэл үүсгэсэн, бусдыг өдөөн турхирсан бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон ба нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтаар тогтоогдож байна.

Тухайлбал, гэрч П.Ононгийн шүүхэд өгсөн ...Б.М- нь коридорт байсан хүүхдүүдэд хашхирсан. Энэ сургууль дампуурч байгаа ямар ч хөтөлбөр байхгүй, ажиллагаа байхгүй, ийм сургуульд та нар сурч байна гэсэн мэдүүлгээс үзэхэд сурч боловсрох эрхээ эдлэн суралцаж байгаа хүүхдүүдийн дунд ташаа мэдээлэл тараах, ёс зүйгүй авир гаргасан зохисгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх. 83/

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр П.О, Ц.Ж, Б.Б нараас Эрүүгийн хууль сануулан, гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримт болох бөгөөд гэрчийн мэдүүлгээр ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагч байгууллагын тушаал үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Харин анхан шатны шүүх Э- НҮТББ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас халах тушаалд дурдагдсан Б.М- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар баримтаар тогтоогдохгүй байхад ажил, албан тушаалтай нь холбогдуулсан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хөдөлмөрийн маргаанд хариуцагч байгууллагаас гаргасан тушаалд дурдагдсан үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд уг тушаалыг үндэслэлтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас халах тушаалд Б.М- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэл тогтоогдоогүй боловч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэл тогтоогдсон тул түүнийг ажлаас халсныг буруутгахгүй.

6. Нэхэмжлэгч талаас ажилтан Б.М- жирэмсэн болохоо ажил олгогчид мэдэгдээгүй гэж тайлбарлаж байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх зохицуулалт ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хамаарахгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

7. Г.Б- нь тухайн сургуулийн эрх бүхий албан тушаалтан биш гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудад сургуулийн захирал Г.Б- гэж гарын үсэг зурж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэр гаргаж байгаа үйл баримт нь Г.Б-ийг эрх бүхий этгээд гэж үзнэ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх  Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/03524 дугаар хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Б.М- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР