Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/00684

 

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00283 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б, Д.Б нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 78 486 217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нарт залилуулж, улмаар гэм хорын хохиролд 168 000 000 төгрөг төлөгдсөн. Бусад  хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхээр эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, шийдвэрт тодорхой тусгасан. Үүнд:

 

Эрүүгийн шүүх хуралдааны явцад өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэл 12 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгчийн хугацаагүй хадгаламжид байсан мөнгийг хариуцагч нар авч залилсан тул олох ёстой байсан орлого 47 310 000 төгрөгийг / хугацаагүй хадгаламжийн хүүгээр/ тооцсон. Хугацаагүй хадгаламжийн сарын хүү 0,6 хувь юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан нийт 19 176 217 төгрөгийн  зардлыг нэхэмжилж байна. Иймээс иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн гэм хорыг арилгаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нараас 78 486 217 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс мөнгө авсан нь үнэн. Залилан мэхэлсэн гэж эрүүгийн шүүхээс буруутгасан. Эрүүгийн шүүх гэрээгээр халхавчилж залилан хийсэн гэж  үзсэн.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь замын зардлыг хүлээн зөвшөөрөхөд эргэлзээтэй. 12 000 000 төгрөг нэхэмжилсэн нь яг аль бизнесийн үлдэгдэл, аль гэрээний үүрэг болох нь нотлох баримтын хүрээнд тодорхойгүй байна. 47 310 000 төгрөгийн хүү нэхэмжилсэн үндэслэл тодорхойгүй. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан боловч надад Б.Гэрэлтуяа, н.Наранбаатар нарын данснаас мөнгө орж ирсэн. Энэ хүн урд нь 168 000 000 төгрөгийг дансанд хадгалж байсан гэхээр дансны хуулгаас харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.02.06-ны өдөр Б.Гэрэлтуяа, Н.Б нар нь хамтран ажиллахаар 4 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж байхад Д.Б тухайн газар байгаагүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй. Нүүрс тээвэрлэх гэрээтэй холбоотойгоор Д.Б нэхэмжлэгчээс мөнгө аваагүй. Мэнд Ирмүүн Тулга ХХК-ийг Д.Б үүсгэн байгуулсан боловч дээрх зээлийн гэрээг байгуулахаас өмнө 2015.01.16-ны өдөр уг компанийн эрхийг Цолмонд бүрэн шилжүүлсэн байсан нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Эрүүгийн шүүх Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Н.Бгийн авсан мөнгөнөөс Д.Б гэр бүлийн хэрэгцээнд мөнгө зарцуулаагүй. Иймд Б.Эийн Д.Бт холбогдуулан нэхэмжилсэн 78 486 217 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Бгаас 1 832 738 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 653 479.86 төгрөгийг, хариуцагч Д.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550 397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 44 274 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас Б.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь УДШ-ээс Б.Быг цагаатгасан болохоос эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс чөлөөлөөгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхээс хуульд заагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчээс шаардан ногдуулсан. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас бүрэн чөлөөлөгдөх ёстой. Гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй. Д.Гэрэлтуяа, Н.Б нарын хоорондын   зээлийн гэрээ гэх баримт нь эрүүгийн хэргийн гол нотлох баримт юм.  Зээлийн гэрээ  гэх нотлох баримт нь гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон иргэний эрх зүйн хэлцэл. Гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон  зээлийн гэрээг хүчин төгөлдөр мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн хавтаст хэргийг татан авчруулах хүсэлт гаргасан боловч татгалзсан. Нэхэмжлэгч өөрөө эрүүгийн хэргээс хуулбарлан авч шүүхийн архивын дардас дарсан баримтуудыг шүүхэд өгсөн нь  бүхэлдээ албан ёсны бус, шүүхээс эдгээр баримтыг үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Б, Д.Б нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг, эрүүгийн хэргийн хохирлоос үүдэлтэй олох ёстой байсан орлого 47 310 000 төгрөг, гэм хорын хохиролд 19 176 217 төгрөг нийт 78 486 217 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2, 67, 2-рхх-38/

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, талуудын тайлбараар хариуцагч Н.Б нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь тогтоогдсон.  /1-р хх1-2, 36-46, 67, 2-р хх24-28, 38/.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “ гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг, хариуцагч нарт залилуулсан 168 000 000 төгрөгийг “Голомт банк” ХХК-ийн хадгаламжийн данснаас гаргасан тул хадгаламжийн хүү буюу олох ёстой байсан орлогод  47 310 000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор  Японоос Монголд  ирж очсон замын зардалд 19 176 217 төгрөг гэж тодорхойлжээ. /1-р хх1-2/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргах, нотлох үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч нь өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “Н.Бгийн эрүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдоно” гэж тайлбарлах боловч дээрх баримтаас талуудын хооронд ямар гэрээнээс үүдэлтэй ямар хэмжээний үүргийн харилцаа үүссэнийг тодорхойлох, тогтоох боломжгүй юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж хэлцэл байгуулсан, үүргийн эрх зүйн харилцаа үүссэн буюу хариуцагч нь нэхэмжлэгчид 12 000 000 төгрөгийг өгөх үүрэгтэй гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй, талууд өмнө нь гэрээ байгуулж байсан гэх эргэлзээгүй баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /2-р хх110-116/

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас “Голомт банк” ХХК-д хадгалуулж байсан мөнгөндөө хугацаагүй  хадгаламжийн хүүгээр тооцон олох ёстой байсан орлого 47 310 000 төгрөгийг гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “..,банкны хугацаагүй хадгаламжийг цуцалж 168 000 000 төгрөгийг хариуцагч нарт өгч залилуулсан” гэх боловч дээрх байдлаар буюу банкинд хадгаламжтай байсан, уг хадгаламжаасаа авч хариуцагч нарт мөнгө шилжүүлсэн гэх нөхцөл байдлыг нотолж чадаагүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул дээрх хохирлыг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй гэж шууд дүгнэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүй нотолсон гэж үзэх боломжгүй юм. Дээрх хохирлыг эрүүгийн гэмт хэргээс улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Голомт банк” ХХК-ийн хүүгийн талаарх тодорхойлолт нь тухайн нэхэмжлэгчид шууд хамааралтай буюу нэхэмжлэгч нь тухайн үед өөрийн хүүгийн орлого авах боломжтой хугацаатай хадгаламжаа цуцалж, хариуцагч нарт мөнгө шилжүүлснийг  эргэлзээгүй нотлохгүй юм.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан нислэгийн тиз болон бусад зардлыг тодорхойлохоор нэхэмжлэгчийн гаргасан баримт нь тухайн хохирол учруулсан үйл баримттай шууд шалтгаант холбоотой, хамааралтай болох нь тогтоогдоогүй, мөн хэнд хамаарах нь тодорхойгүй баримтууд гаргасан, нислэгийн тийзүүд нь хариуцагч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарсан зардал гэдгийг эргэлзээгүй нотлохгүй юм. Хэрэгт авагдсан баримтаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э биечлэн оролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд бусад эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон тухай  баримтгүй байна. /хх-53-55/ Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн Японоос Монголд зорчсон нэг удаагийн зардлыг гаргуулсан нь үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүхээс хариуцагч Б.Бын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД