Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00127

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00283 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 684 дүгээр магадлалтай,

Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Н.Б, Д.Б нарт холбогдох,

Хохиролд 78 486 217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, хариуцагч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүдханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Э миний бие Ноовойн Баясгалан, Дарамбазарын Болор нарт залилуулсан бөгөөд Эрүүгийн шүүхээр гэм буруутайг тогтоож, 168 000 000 төгрөгийн хохирол барагдуулсан. Бусад гэм хорыг иргэний журмаар нэхэмжлэхээр Эрүүгийн шүүх хуралдаануудын тэмдэглэл болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, шийдвэрт тодорхой тусгасан. Үүнд:

Шүүх хуралдааны явцад өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг байгаа болохыг тэмдэглэж, зохигчид зөвшөөрцгөөсөн байдаг. Мөн миний бие Голомт банкны 1105064319 тоот хугацаагүй хадгаламжид байсан мөнгийг авч, хариуцагч нарт өгч залилуулсныг эрүүгийн шүүхээс тогтоосон. Эрүүгийн хэргийн гэм хороос үүдэлтэй олох ёстой байсан орлого нөхөн төлөхөд 45 360 000 (дөчин таван сая гурван зуун жаран мянга) төгрөг нь хугацаагүй хадгаламжаа татаж аван алдсаны хохирлоос тооцсон болно. Сарын хүү 0.6 хувь болно. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн Эрүүгийн шүүх хуралдаануудад оролцох, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад оролцохоор өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалан явсаар нийт 19 029 349 төгрөгийн замын зардлыг нэхэмжилж байна. Иймээс иргэний зөрчигдсөн эрх сэргээн, гэм хорыг арилган, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ноовойн Баясгалан, Дарамбазарын Болор нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 000 000 төгрөг, эрүүгийн хэргийн хохирлоос үүдэлтэй олох ёстой байсан орлого буюу банкны хүүд 47 310 000 төгрөг, Япон улсаас Монгол улсын хооронд 8 удаа ирж буцсан замын зардал 19 176 217.86 төгрөг, нийт 78 486 217.86 төгрөгийн нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэгт: Би Б.Эээс мөнгө авсан нь үнэн. Гэхдээ 2 шатны улсын прокурор энэ хэрэг маргааныг иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэсэн үндэслэл гаргасан. Би нэхэмжлэгч Б.Этэй урд нь 6 удаа бизнес эрхлэхдээ 200 000 000 төгрөгийн ашиг өгсөн. Зургаа дахь удаагийн бизнес нь тээврийн бизнес байсан. Би Б.Э эгчид хоёулаа ашгаа хувааж авах талаар санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Энэ бол хүчингүй гэрээ тийм учраас залилан мэхэлсэн гэж буруутгасан. Эрүүгийн шүүх бол намайг гэрээгээр халхавчилж залилан хийсэн байна гэж шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд урдны бизнесийн үлдэгдэл 12 000 000 төгрөг, хадгаламжаас олох ёстой байсан орлого 47 310 000 төгрөг, замын зардал 19 176 217 төгрөг нийт 78 486 217.86 төгрөг гаргуулна гэсэн байна. Би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Э нийт 8 удаа ирсэн гэж байна. 8 удаагийн ирсэн явсан гэх зардлыг би хүлээн зөвшөөрөхөд эргэлзээтэй байна. Яагаад гэвэл 2010 оноос хойш байнга Монгол Японы хооронд ирдэг, буцдаг байсан. Эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой хэдэн удаа ирсэн, ямар үндэслэлээр ирсэн, буцсан талаар ямар нотлох баримтаар нотолсон бэ? гэдэг нь эргэлзээтэй байна. Иргэний шүүх бол нотлох баримтын хүрээнд хэрэг шийднэ.  

Хоёрдугаарт: 12 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгөө урдны бизнесийн үлдэгдэл гэсэн байна. Урд нь бид хоёр нийлж нийт 6 удаагийн бизнес эрхэлсэн. 6 удаагийн бизнесийн яг аль бизнесийн үлдэгдэл 12 000 000 төгрөг бэ? Ямар нотлох баримтын хүрээнд энэ мөнгийг гаргаж ирсэн бэ? гэдгийг асууж тодруулмаар байна. Энэ талаар тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэгт миний өгсөн мөнгийг, авчихаад тэрийг аваагүй гэсэн байна. Нотлох баримтаа гаргаж ирвэл хүлээн зөвшөөрье гэж миний өгсөн тодорхой хэмжээний мөнгийг хүчингүй болгож байсан. Тийм учраас энэ 12 000 000 төгрөгийн нотлох баримтаа гаргаж ирээд энэ мөнгийг авах ёстой гэж бодож байна.

 Гуравдугаарт: 47 310 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. 47 310 000 төгрөгийн хүүг ямар үндэслэлтэй нэхсэн бэ? Б.Этэй гэрээ байгуулсан боловч надад Гэрэлтуяа, Наранбаатар нарын данснаас мөнгө орж ирсэн. Энэ хүн 168 000 000 төгрөгийг дансанд хадгалж байсан гэдэг нь дансны хуулгаас харагдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх бодитой дүгнэлт гаргаж өгнө үү гэв.

 Хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүдханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Гэрэлтуяа, Н.Б нар нь хамтран ажиллахаар 4 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулж байхад Д.Б тухайн газар байгаагүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй. Нүүрс тээвэрлэх гэрээтэй холбоотойгоор Д.Б нэг ч төгрөг Б.Эээс аваагүй. Тухайн үед Мандал даатгал ХХК-д ажиллаж байсан. Мэнд Ирмүүн Тулга ХХК-ийг Д.Б үүсгэн байгуулсан боловч дээрх зээлийн гэрээг байгуулахаас өмнө 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уг компанийн эрхийг нотариатаар баталгаажуулж Цолмонд бүрэн шилжүүлсэн байсан нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Эрүүгийн Хэргийн Шүүх Хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг ЭХХШТХ-ийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Б.Эээс Н.Бгийн авсан мөнгөнөөс Д.Б гэр бүлийн хэрэгцээнд нэг ч төгрөг зарцуулаагүй.

 Иймд Б.Эийн Д.Бт холбогдуулан нэхэмжилсэн 78 486 217.86 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00283 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Бгаас 1 832 738 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 653 479.86 төгрөгийг, хариуцагч Д.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550 397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 44 274 төгрөгийг гаргуулж Б.Эд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 684 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах 4 үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон буюу Б.Болорыг цагаатгасан болохоос эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс чөлөөлөөгүй, Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхээс хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчээс шаардан оногдуулсан, гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй буюу Н.Бгийн гэмт хэрэг хийхдээ ашигласан “Зээлийн гэрээг” хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн төдийгүй, энэхүү гэрээний үр дагаварт хууль зүйн дүгнэлт өгсөн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нэхэмжлэгч болон хариуцагчдын гарган өгсөн “шүүхийн архив хуулбар үнэн” дардас дарсан нотлох баримтууд нь албан ёсны нотлох баримтанд тулгуурлаж шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 684 тоот шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

  1. Магадлалын хянавал хэсэгт “ ...ямар гэрээнээс үүдэлтэй ямар хэмжээний үүргийн харилцаа үүссэнийг тодорхойлох боломжгүй юм.” гэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.-т “Иргэн Д.Гэрэлтуяа, хариуцагч Н.Б нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй 180 000 000 төгрөгийн №01 дугаартай “Зээлийн гэрээг”-г байгуулсан байна. /2дугаар хх-ийн 236 дугаар тал/ ”, “... Хавтас хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ нь иргэн д.Гэрэлтуяа, Н.Б нарын хооронд хийгдсэн байх тул нэхэмжлэгчээс урд бизнесийн үлдэгдэл тооцоо 12 000 000 төгрөг гаргуулах шаардлага баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэсэнтэй агуулгын хувьд зөрчилдөж байна.
  2. Мөн давж заалдах гомдолд дурдсан “Гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй” гэх буюу хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүй гэсэн агуулгатай гомдолд давж заалдах шатны шүүхээс хариу, дүгнэлт огт өгөөгүй юм.
  3. Тэмдэгтийн хураамж үндэслэлгүй ногдуулсан гэх гомдолд давж заалдах шүүхээс мөн л хариу өгөөгүй мөртлөө Магадлалдаа давж заалдах журмаар гаргасан гомдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа нь хууль хэрэглээний болон логик талаасаа буруу шийдвэр юм.
  4. Эрүүгийн хавтаст хэргээс авагдсан материалууд хүчин төгөлдөр бус гэсэн гомдолд ямар ч хариу болон дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны бэлтгэл шатанд Эрүүгийн хэргийн хавтаст хэргийг татан авчруулах хүсэлт гаргасан боловч шүүгч татгалзсан байдаг. Эрүүгийн хэрэгт авагдсан материалууд нь бараг бүхэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, хариуцагчийн учруулсан гэм хорыг тогтооход бодитой үндэслэл болох байсан. Гэвч шүүгч татгалзсан учраас нэхэмжлэгч өөрөө БЗДЭХАШШ-ээс хавтаст хэргээс зарим баримтуудыг татаж аван шүүхэд гаргаж өгсөн. Учир нь тухайн үед эрүүгийн хэргийн хавтаст хэрэг нь Эрүүгийн хэргийн төв архивт шилжүүлэгдээгүй байсан. Хариуцагч хавтаст хэргээс мөн адил хуулбарлан шүүхэд хүргүүлсэн байдаг. 

БЗДЭХАШШ-ийн Тамгын хэлтсээс Эрүүгийн хавтаст хэргээс хуулбарлан авч Иргэний шүүхэд ирүүлсэн “шүүхийн архив хуулбар үнэн ” дардас дарсан эдгээр хуулбарууд нь бүхэлдээ албан ёсны бус бөгөөд шүүхээс эдгээр баримтуудыг үнэлсэн нь албан ёсны нотлох баримтанд тулгуурлаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Учир нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Шүүхийн архивын ажиллах журам батлах тухай” 03 дугаар тогтоолын 8.3.-т “Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр “хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.”, 8.4.-т “Баримтыг шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 30 хүртэл хоногийн хугацаатайгаар түр шилжүүлнэ. Хугацаа дууссан тохиолдолд шүүхээс ирсэн хүсэлтийн дагуу сунгаж болно.” Гэж зааснаас үзэхэд Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нэхэмжлэгч болон хариуцагчдын гаргасан өгсөн “Шүүхийн архив хуулбар үнэн” дардас дарсан нотлох баримтууд нь албан ёсны нотлох баримтанд тулгуурлаж шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр шүүгч Эрүүгийн хэргийн хавтаст хэргийг татан авчруулах нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаар шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим хангагдаж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага бүрэн хангагдахаар байсан. Хууль болон шүүхийн захиргааны дээд байгууллагаас тогтоосон журамд заасан арга хэлбэрээр бэхжүүлэгдээгүй, гэрчлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргасан, цугларсан, бүрдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Иймд дээрх гомдлыг хянан үзэж, иргэний хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э нь Н.Б, Д.Б нарт холбогдуулан 78 486 217 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч  маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Бгаас 1 832 738 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг болон хариуцагч Д.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ: “...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэж тайлбарлажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Н.Б нь залилан мэхэлж 180 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 168 000 000 төгрөгийг бэлнээр авч, урьд зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийг гэрээний үнийн дүнд оруулж бичсэн. Бэлнээр авсан 168 000 000 төгрөгт эрүүгийн хариуцлага хүлээсэн, энэ мөнгөө буцааж өгсөн, одоо үлдэгдэл 12 000 000 төгрөг, эрүүгийн гэм хороос үүдэлтэй олох байсан орлого буюу 168 000 000 төгрөгийн хүү 47 310 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад оролцож өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахаар удаа дараа Япон улсаар ирж очсон замын зардал 19 176 217 төгрөг, нийт 78 486 217 төгрөгийн хохирол учирсан...” гэжээ.

Хариуцагч Н.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй...” гэж, хариуцагч Д.Б: “...Н.Б, Б.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанд би оролцоогүй, Н.Бгийн авсан мөнгөнөөс гэр бүлийн хэрэгцээнд нэг ч төгрөг зарцуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д.Гэрэлтуяа, Н.Б нар “Зээлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр зээл өгөгч Н.Гэрэлтуяа нь 180 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээл авагч Н.Б гэрээгээр тохирсон хугацаанд зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Зээлдүүлэгч Н.Гэрэлтуяа нь нэхэмжлэгч Б.Эийн дүү бөгөөд гэрээний зүйл болох 168 000 000 төгрөгийг Б.Э зээлдэгч Н.Бд шилжүүлсэн талаар маргаагүй, үлдэх 12 000 000 төгрөгийг Б.Э, Н.Б хоёрын өмнөх бизнесийн үлдэгдэл мөнгө байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Бг бусдад өр төлбөртэй, бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Эд их хэмжээний хохирол \168 000 000 төгрөгийн\ учруулсан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Быг цагаатгасан үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх хариуцагч Д.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 497 дугаар зүйлийн 497.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Д.Б нь нэхэмжлэгчид гэрээгээр болон гэрээний бус үүрэг хүлээгээгүй байна.

  1. Н.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлогод 47 310 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн 168 000 000 төгрөгийг өөрийн хадгаламжийн данснаас авч хариуцагчид өгсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч энэ талаар шийдвэрт гомдол гаргаагүй болно.

  1. Эрүүгийн гэмт хэргийн улмаас Япон-Монгол улсын хооронд онгоцоор 8 удаа ирж очсон замын зардал 19 176 217 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Япон улсад амьдардаг бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 8 удаа Япон улсаас Монгол улсад ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 19 176 217 төгрөгийн зардал гаргаж хохирсон гэжээ.

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцах үүрэгтэй, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтад зохицуулсан.

Хариуцагч Н.Б Б.Эийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул тэрээр өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагаас нэхэмжлэгчийн нэг удаагийн ирж очих замын зардал 1 832 738 төгрөгийг хариуцагчаас гаргаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Шүүх нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

  1. Харин Зээлийн гэрээний үүргийн дагуу шаардсан 12 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй байна.

Нэхэмжлэгчийн “...12 000 000 төгрөг нь талуудын өмнөх бизнесийн төлбөрийн үлдэгдэл тооцоо...” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй боловч тухайн үлдэгдэл тооцоог нотлосон баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаж байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 26 дугаар талд авагдсан эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлд Н.Бгийн: “...Б.Э эгчтэй ярьж 180 сая төгрөг зээлж авахаар болсон. Ингээд ...Хас банкны дансаар дамжуулан 168 000 000 төгрөг өгсөн үүнээс 12 000 000 төгрөг нь хохирогч Б.Э бид хоёрын урьдын бизнесийн үлдэгдэл мөнгө байсан. Ингээд нийт 180 сая төгрөг болсон” гэх мэдүүлэг тусгагджээ.

Дээрх тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан ба зохигч хамтарч бизнес эрхэлдэг байсан, үлдэгдэл 12 000 000 төгрөгийг тооцоонд оруулж Зээлийн гэрээ байгуулсан байна нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3.-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх хуулийн үндэслэл байна.

Ингэж тохиролцсноор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д зааснаар зохигчийн өмнөх бизнесийн харилцааны үүрэг дуусгавар болох тул үлдэгдэл тооцоог баримтаар нотлохыг шаардсан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Гэрээнд зохигч өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан, гэрээний 12 000 000 төгрөгт холбогдох хэсэг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг зөрчөөгүй.

Үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцно.

Хариуцагч Н.Бгийн эрүүгийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар тэрээр 12 000 000 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иймд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэл 12 000 000 төгрөг, замын зардал баримтаар тогтоогдсон 1 832 738 төгрөг, нийт 13 832 738 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Хоёр шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваарилахдаа хуулийг зөв хэрэглээгүй алдаа гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, бусад шаардлага гэрээний бус үүрэг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах шаардлага байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдлоо.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж төлөхөөр, 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр тус тус зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч нь 12 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлж, бусад шаардлагад хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө. Энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хувааж хариуцуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 550 381 төгрөг төлсөн байхад магадлалд нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн гэж буруу дүгнэснийг тэмдэглэж, дээрх хураамжийг буцаан олгох үндэслэлгүй тул улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зөв байна.

Харин нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх боловч гомдлын заримыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг нөхөж гаргуулах шаардлагагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 684 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00283 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Н.Бгаас 13 832 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч Д.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...44 274 төгрөгийг” гэснийг “...227 114 төгрөгийг” гэж, “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 323 283 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын 2 дахь заалтыг “Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаярын гомдлын заримыг хангасугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                                    ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД